Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/MA2017/0494

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаарh221/МА2017/0494 

Улаанбаатар хот

 

 

 П.Энхмаагийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч П.Энхмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Үржинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Энхмаагийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 349 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд Т.Гантөмөр болон П.Энхмаа нарын хооронд шалгаруулалт явуулж ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасныг томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 2 агуулгыг дурдсан байна.

Үндэслэх хэсгийн 1-д “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Хяналтын газрыг тус тус бий болгосон” талаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн агуулгад дурдсан “Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Бүртгэлийн хяналтын хэлтэс нь зохион байгуулалтын бүтцийн хувьд тус бүртээ “газар”-ын зохион байгуулалтаар одоогийн бүтцэд байгаа ба эдгээр нь тус тусдаа өөрийн чиг үүргээ хэвээр хадгалан хэрэгжүүлэхээр батлагдсан тул миний Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн даргын албан тушаалд томилуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч ТЗ-9-өөр цалинжиж байсан тул түүнийг ТЗ-10 болгон томилох боломжгүй, ТЗ-9 буюу хэлтсийн дарга нь Засгийн газрын агентлагийн нэгжийг удирдах албан тушаалтан биш хэмээн хоёрдмол утга санаагаар тодорхойлжээ.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээших бусад албан тушаал хамаарна” гэж заасан.

Шүүгч нь ТЗ-9 албан тушаалд хамаарах албан хаагч шууд Ерөнхий газрын даргын удирдлага дор ажиллахгүй гэх мэтээр дүгнэсэн нь төрөөс хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр баримталж буй бодлого, зарчим, холбогдох дүрэм, эрх зүйн актад зааснаар хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит нь бусад нэгж, албан тушаалтнаас хараат бус, бие даасан байж төсвийн захирагчид шууд ажлаа тайлагнан ажиллана гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Миний бие улсын бүртгэлийн байгууллагад 16 жил, үүнээс сүүлийн 4 жил /2016 оны 3-р сарын 28-аас 08 дугаар сарын 26-ны хүртэлх хугацаанаас бусад хугацаанд/ Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн батлагдсан бүтцийн дагуу Ерөнхий газрын даргын болон дэд даргын шууд удирдлага дор ажиллаж, нэгжийн ажлаа хариуцан тайлагнаж ирсэн.

Тодруулбал, байгууллагын бүтэц, зохион байгуулалт хэрхэн батлагдсанаас хамаарч хэлтсийн дарга ямар албан тушаалтны өмнө ажлаа хариуцах асуудал яригдахаас биш харин шүүгчийн тайлбарлаж байгаагаар ТЗ-9 нь зохих салбар, хүрээний бодлого боловсруулах хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагын бүтцийн нэгжийг удирдах, бодлогын тодорхой чиглэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ажлын гүйцэтгэл, үр дүнг тэргүүн түшмэлийн өмнө буюу агентлагийн даргын өмнө хариуцдаг албан тушаалтан биш, харин ТЗ-10 нь дээрх албан тушаалтан мөн мэтээр тайлбарласан нь дэндүү явцуу, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2016 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Статистикийн байгууллагатай нэгтгэж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх үед өмнөх жилүүдэд Ерөнхий газрын даргын шууд удирдлага дор тус бүрдээ бие даан ажиллаж байсан Бүртгэлийн хяналтын хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсүүдийн чиг үүрэг, ажлын байрыг хэвээр нь хадгалж ажиллуулсан ч чиг үүргийг нь давхардуулан энэхүү 2 хэлтсийг нэгтгэн удирдаж байгаа мэтээр цоо шинээр 2 хэлтсийн нэрээс үг оруулан, Хяналт, шинжилгээ үнэлгээний газар гэгч /3-хан хүнтэй газар/-ийг байгуулж, даргаар нь ямар ч төрийн албаны шалгалт өгч байгаагүй, Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч байсан талаарх мэдээлэл нь огт байхгүй, бүртгэлгүй, Т.Гантөмөр гэгчийг тухайн албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүй шууд томилсон.

Энэ бүтэц, зохион байгуулалт удаан үргэлжлээгүй төдийгүй Улсын бүртгэлийн байгууллагыг статистикийн байгууллагаас салгаж Оюуны өмчийн газартай нэгтгэх үед албан тушаал нь байхгүй болсон.

Тодруулбал, Хяналт шинжилгээ, үнэлгээний газар нь 2016 оны 03 дугаар сарын 28-аас 2016 оны 08 дугаар сарын 26-ны хооронд тавхан сарын хугацаанд ажиллаад, уг газрыг бүтцээр татан буулгаж, газрын даргын албан тушаалыг нь байхгүй болгосон. Үүнийг бүтцийн өмнөх буюу одоогийн схемээс харьцуулан шинжилбэл илүү тодорхой байх болно.

Шинэ буюу одоогийн бүтцээр 2 хэлтсийг нэр томьёоны хувьд газар болгож, дээр нь давхардуулан бий болгосон байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний газрыг татан буулгасныг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын “Гурав. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар”-аас харж болно. 2013-2016 онуудад ч мөн Энэхүү тогтолцооны загвараар ажиллаж байсан болохыг тухайн үеийн бүтцийн схемээс харах боломжтой.

Гэтэл шүүгч зөвхөн нэр томьёог нь харж, Т.Гантөмөрийг ажлын байр албан тушаал нь байгаа мэтээр үзэж миний ажлын байран дээр энэ хүний нэр зааж сонгон шалгаруулалт явуулах талаар шийдвэр гаргаж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь судлан шинжлээгүй, шударга ёсыг бэхжүүлэх шүүхийн эрхэм зорилго, шүүгчийн үндсэн чиг үүргээ баримталсангүй.

Түүнчлэн Т.Гантөмөрийн ажлын байрны чиг үүргийн 50%-ийг бүрдүүлж байсан бүртгэлийн хяналтын чиг үүргийг яагаад өөрийн ажлын байрны чиг үүрэг гэж маргахгүй байгааг шүүх анзаарах ёстой байсан.

Үндэслэх хэсгийн 2-т “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын одоогийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолт болон миний ажиллаж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтыг харьцуулан судлан үзэхэд тус 2 ажлын байрны зорилго, зорилт, ажлын байранд тавигдах шаардлага зэрэг нь ижил байна. Өөрөөр хэлбэл, П.Энхмаагийн эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, тайлан дүгнэлтэд үндэслэн бодлогын хувилбар, санал зөвлөмжийг боловсруулж, удирдлагад бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргүүд шинээр байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны тодорхойлолттой агуулгын хувьд адил бөгөөд зөрүүгүй байна” гэж ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тухай дурдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн алба өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж маш тодорхой заасан.

Үүнийг Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан, эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн гаргасан үндэслэлээр миний ажлын байрны чиг үүрэг, зорилго, зорилт өөрчлөгдөөгүй хэвээр байна гэж дүгнэсэн мөртлөө хуульд зааснаар үргэлжлүүлэн ажиллуулах гэсэн хуулийн заалтыг баримтлалгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсний дагуу шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Үндэслэх хэсгээс харвал, шүүх миний ажлын байрыг цөөрсөн гэж огт үзээгүй, миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна гэдгийг нотлох баримтын хүрээнд үнэн зөв тогтоосон хэдий ч шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн Т.Гантөмөрийг томилохын тулд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь зориудаар ажлын байранд тавигдах шаардлагыг зөвхөн тухайн хүнд нь тааруулж /Жич: зөвхөн газрын даргын түвшинд ажиллаж байсан туршлагатай байх, ТЗ-10/ гэж тогтоосон нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4 дүгээр зүйлд “Ажлын байрны тодорхойлолтыг зөвхөн ажил эрхлэгчид нь тохируулахгүй, үндсэн чиг үүрэгт нь тохируулах” гэснийг зөрчиж байгааг ч шүүх анхаарах ёстой.

Үүнээс гадна нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг тодорхойлсоор байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулж шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь шүүхийн процессын хуулийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Энхмаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн даргын албан тушаалаас халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар байгууллагын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг томилохдоо намайг буцаан томилоогүй, ...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад миний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж тайлбарлан маргажээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “...урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд шилжсэн тул уг албанд томилуулах” гэж тодруулсан[1] байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан П.Энхмаа багтсан бол мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны дагуу албан хаагчдыг томилохдоо нэхэмжлэгч П.Энхмааг ямар нэгэн ажил албан тушаалд томилоогүй байна.

Хариуцагчаас энэ байдлаа “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газар нь Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хяналтын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй байсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хяналтын газар болон өөрчлөгдөж хэлтсийн даргын орон тоо хасагдсан учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон” гэж тайлбарласан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буюу нэхэмжлэгч захиргааны байгууллагын ямар шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн гэх эрхээ сэргээлгэхийг хүсэж байгааг тодруулах ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүйн улмаас нэхэмжлэгч нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрын нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/05 дугаар тушаал, эсхүл түүнийг ажил, албан тушаалд буцаан томилоогүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйн чухам алины улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүх “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолттой агуулгын хувьд адил, өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж дүгнэсэн атлаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд Т.Гантөмөр болон нэхэмжлэгч П.Энхмаа нарын хооронд шалгаруулалт явуулж ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасныг томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг тухайн чиг үүрэг шилжсэн албан тушаалд томилох, харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах ёстой.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхээс нэхэмжлэгч П.Энхмаагийн хамт сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн Т.Гантөмөр нь одоо Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа бол урьд нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байснаас гадна шүүх нэхэмжлэгчийг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаас өмнө түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шийдвэрлэж байжээ.

Иймээс шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, улмаар нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн аль нэмэгдэл баталгаагаар хангагдах, түүний албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, эсхүл тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн, албан тушаалын орон тоо нь хасагдсан аль нь болохыг тогтоосны үндсэн дээр тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнээс гадна шүүх нэхэмжлэлийн “...ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 349 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР 

            ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ  

                        ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН