Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00885

 

Н.Бат-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01398 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 900 дугаар магадлалтай,

Н.Бат-Очирын нэхэмжлэлтэй

Ц.Долгормаад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан, хариуцагч Ц.Долгормаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтанчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол болон 1 500 000 төгрөгөөс татгалзан, автомашины төлбөр 5 000 000 төгрөгийг Ц.Долгормаагаас нэхэмжилж байна. Маргааны зүйл болох 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашины өмчлөгч нь Н.Бат-Очир учир шүүхэд хүсэлт гаргаж нэхэмжлэгчээ жинхэнэ нэхэмжлэгчээр сольсон. Ц.Долгормаа нь уг автомашиныг Н.Бат-Очироос худалдан авсан нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашины төлбөрт 5 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна” гэсэн баримт, мөн өдрийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр тохиролцсон тухай баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн Автотээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар Н.Бат-Очир нь өөрийн биеэр Ц.Долгормаад шилжүүлсэн нь нотлогдож байдаг. Хариуцагч Ц.Долгормаа нь 2014 оны 07 дугаар сард итгэлцлийн үндсэн дээр Н.Бат-Очирын эзэмшлийн 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашиныг наадмаар унаж байгаад өгье гэж авсан. Ингээд наадмын дараа би машиныг чинь худалдаж авъя гээд авсан. Улмаар Ц.Долгормаатай нотариат дээр уулзаад төлбөрийг cap бүрийн 31-нд төлж барагдуулна гэсэн баримт үйлдсэн байдаг ч үүнээс хойш ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй байгаа учраас 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Барилгын ажлын хөлсийг Ц.Долгормаад бүрэн төлж барагдуулсан байгаа. Нэхэмжлэгч нар нь эхнэр нөхөр учир дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Н.Бат-Очир болон Ц.Долгормаа нар харилцан тохиролцож автомашиныг худалдсан учир автомашины үнэ 5 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Долгормаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд “Роял хаус” ХХК-ийн С, D блокийн барилга дээр заслын ажлыг хийж байсан “Арвин их сүмбэр” ХХК-д гэрээт ажилтан байсан. Тухайн үед би барилгын “С” блок дээр ажиллаж байгаад түүнийхээ ажлын хөлсөө авъя гэхэд Б.Алтанчимэг нь надад мөнгө алга байна. Байгаа нь энэ 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашиныг өгч, чи энэ машиныг ажлын хөлснийхөө оронд ав гэсэн юм. Би нэхэмжлэгч Б.Алтанчимэгтэй хийсэн ажлынхаа талаар тооцоогоо тулгая гэхэд ерөөсөө тулгадаггүй. Өөрөө гараараа дэвтэр дээрээ бичдэг тул түүнийг нь би хуулж авахад нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Наадмаар автомашиныг гуйж унасан нь үнэн, гэхдээ худалдаж аваагүй, ажлынхаа хөлсөнд өгсөн. Бид хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа. Гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө өгөөгүй. Цалин хөлсөө нэхэхэд Б.Алтанчимэгийн нөхөр нь буюу Н.Бат-Очир өөрөө авто тээврийн газар очиж ажлын хөлсөнд 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашиныг шилжүүлж өгсөн байдаг. Э.Бат-Очирт 5 000 000 төгрөг нэхэх үндэслэлгүй. Н.Бат-Очир нь зөвхөн автомашинаа шилжүүлж өгсөн хүн болохоос энэ хэрэгт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01398 дүгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Н.Бат-Очирын нэхэмжлэлтэй, Ц.Долгормаад холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэм хор, сэтгэл санааны хохиролд 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 900 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Н.Бат-Очирын нэхэмжлэлтэй, Ц.Долгормаад холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Ц.Долгормаагаас 5 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бат-Очирт олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...гэм хор, сэтгэл санааны хохиролд...” гэснийг “...сэтгэл санааны гэм хорын хохиролд...” гэж, “...холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 94 954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Бат-Очирын нэхэмжлэлтэй Ц.Долгормаад холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 1 500 000 төгрөг нийг 6 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг зөвшөөрөхгүй. Магадлалын хянавал хэсэгт “...талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Автотээвэрийн газрын үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн бүртгэлээр нэхэмжлэгч Н.Бат-Очир нь 77-84 УБН улсын дугаартай, “Ниссан Террано” маркийн 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашиныг Ц.Долгормаагийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.” гэж дүгнэсэн нь нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй бөгөөд харин ч хэргийн 7-р талд авагдсан “Б.Алтанчимэг, Ц.Долгормаа, А.Ганзориг нарын хооронд хийгдсэн УБН 77-84 улсын дугаартай машиныг 5 000 000 төгрөгеор тохиролцохоор тохиров. Ажлын хөлсний тооцоог 2 тал тулгаж бүрэн 100 хувь дууссан болно” гэсэн баримтаар автомашиныг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож өгч авалцахаар тохиролцсон нотлох баримт байхад энэ баримтыг бодитой эргэлзээгүй тухайн хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй ба нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна. Хариуцагч нь “Арвин их сүмбэр” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх 13/11 дугаартай гэрээг байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдргөөс эхлэн “ “Роял хаус” ХХК- ийн С, Д блокийн барилга дээр барилгын заслын ажил хийхээр тохирч 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ажлаа эхлэн хийсэн боловч ажлын хөлсийг өгөөгүй учраас ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлснөөс авах төлбөрөөс 5 000 000 төгрөгт тооцон маргааны зүйл болж буй 77-84 УБН улсын дугаартай “Ниссан Террано” маркийн автомашиныг өмчлөгч Н.Бат-Очир хариуцагчид шилжүүлсэн нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна” гэж автомашин шилжсэн эсэх асуудлаар маргаангүй байгаа зүйлд үнэлэлт өгсөн нь ойлгомжгүй. Нэг үйл баримтыг нотолсон 2 өөр нотлох баримтыг нэг өдөр үйлдсэн байхад аль нотлох баримтыг эрх зүйн үр дагавраар нь үнэлж байгааг давж заалдах шатны шүүх тодорхой заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 10.1-т заасныг зөрчиж шийдвэрт үндэслэл муутай өөрчлөлт оруулсанд гомдолтой. Хариуцагч нь хохирсон дээрээ улам хохирч байгааг анхаарч үзээгүй учраас талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах хүсэл зориг огт байхгүй зөвхөн ажлын хөлсөндөө автомашиныг өгч авахаар тохиролцон баримт үйлдсэн байдаг.

Нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлегч маргаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасныг зөрчсөн. Ер нь талуудын хооронд мөнгө өгч авалцах ямар ч эрх зүйн үр дагавар үүсээгүй, харин “Арвин их сүмбэр” ХХК-тай ажлын хөлсний тооцоо байсныг анхаарч үзэхийг хүсэж байна. Хийсэн ажлын хөлсөнд автомашиныг өгч авахаар тохиролцож өгч авсан байхад худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцсон мэт дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай. Дээрх 2 төрлийн нотлох баримтуудыг хэн бичээд хэний хүсэл зоригийг илэрхийлээд байгааг давж заалдах шатны шүүх зөв үнэлэх ёстой байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнэ 5 000 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй ба зохигчдын хооронд хийгдсэн ажлын хөлсөнд тооцож автомашин өгсөн үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Бат-Очир хариуцагч Ц.Долгормаагаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба гэм хор, сэтгэл санааны хохирол 1 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Б.Алтанчимэг болон Ц.Долгормаа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...“Ниссан Террано” маркийн 77-84 дугаарын машины төлбөрт 5 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна. Төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр 1 000 000 төгрөгөөр бэлнээр төлнө...” гэсэн бичгийн баримт нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэнийг нотолсон агуулгатай боловч мөн өдрийн, орой 11 цагийн үед Б.Алтанчимэг болон Ц.Долгормаа нарын хооронд байгуулагдсан “...УБН77-84 дугаартай “Ниссан Террано” машиныг 5 000 000 төгрөгөөр тохиролцохоор тохиров. Ажлын хөлсний тооцоог 2 тал тулгаж, бүрэн 100 хувь дууссан болно.” гэсэн баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд уг машиныг ажлын хөлсөнд тооцож авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна. Давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг харьцуулан, хуульд заасан журмаар үнэлээгүй нь буруу болжээ. /хх-3, 7/

Гэрээний талууд Б.Алтанчимэг, Ц.Долгормаа нар байхад нэхэмжлэгч Н.Бат-Очир нь уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгохдоо гэрээний зүйл болох машины өмчлөх эрх  өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй, Б.Алтанчимэг түүний эхнэр нь тул гэр бүлийн дундын эд хөрөнгөө захиран зарцуулсан гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо зөрчилгүй гэж үзнэ. Гэрээнд Т.Мөнхбадрах, А.Ганзориг нар гарын үсэг зурсан нь гэрээг байгуулсан гэдгийг гэрчилсэн утгатай байх ба эдгээр хүмүүс гэрээний талууд биш байв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг харьцуулан, ач холбогдолтой, тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 900 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Долгормаагаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.              

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА