Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2022/00521

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2022/00350/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, өөрийн байранд байрлах *******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: /-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч: ******* оролцуулан

3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболд /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №38 тоот гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хүүгүй, жил бүр 500,000 төгрөгөөр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр гэрээг байгуулан авсан байдаг. Гэвч одоог хүртэл тухайн төлбөрийг төлөөгүй байгаа тул гэрээнд заагдсаны дагуу анз тооцохоор 1,250,000 төгрөг болж байгаа тул үндсэн төлбөр, анз, нийт 3,750,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлага дэмжин оролцож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие ******* бага оврын тракторын гэрээ байгуулж зээл авсан. Миний бие ******* шаардлага болох 3,750,000 төгрөгийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж төлөхөөс татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Үүнээс харахаар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Гэрээний 3.2-д 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр төлж дуусгах үүрэгтэй байсан. Зээлдэгчээс зээлийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй байхад зээлийг хариуцсан, өр барагдуулах төрийн ажилтан зээлийг төлүүлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсний дагуу Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажилтан хариуцагч Г.ын гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс шаардах эрхтэй байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил зааснаар шаардах эрхийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд байна гэж үзэж байна. Дээрх хугацаанд шаардлага гаргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэснийг баримталж хуульд заасан үндэслэлээр татгалзаж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудад иргэн Г. болон ******* ажлын албаны хооронд 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бага оврын тракторын иж бүрдлийг авахаар гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөрийг 5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан дагуу гэрээний 3.3-д төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол 0,05 хувийн алданги тооцохоор талууд гарын үсэг зурж гэрээг байгуулан бага оврын тракторыг ******* ажлын албанаас иргэн Г.ад хүлээлгэн өгсөн байна. Гэрээний заагдсаны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа дууссаар байтал хариуцагч Г. нь үндсэн төлбөр, гэрээний дагуу алданги буюу анзыг төлж барагдуулаагүй нөхцөл байдал байгаа тул ******* нэхэмжлэл шүүхэд гаргасан байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн шаардах гурав жилийн хугацаа өнгөрсөн байгаа учраас төлбөрийг төлөхгүй байх үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж санал гаргаж байна. Иймээс гэрээний дагуу төлбөрийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулах байсан. Үүргийн гүйцэтгэлийн шаардах хугацаа нь 2020 онд дууссан байгаа. хуулийн зохицуулалт байгаа учраас ******* тухайн төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж 0,05 хувийн хувийн анз тооцож 1,250,000 төгрөгийг гаргуулах үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл заалтын дагуу ******* олгосон санхүүгийн түрээсийн гэрээний дагуу хөнгөлөлтэй зээл нь иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор төрөөс олгож байгаа энэ зээл нь төлөгдөж байж дараа дараагийн хүндээ хүрч байдаг төрийн үйлчилгээг хүргэж байгаа чухал үйл ажиллагаа нь байгаа. гэтэл тухайн үеийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа дууссан гэж үзэж байгаа нь дараа дараагийн иргэнд олгогдох хөнгөлөлттэй зээл авах боломжийг хааж үндэслэлгүйгээр хөрөнгө олж аваад төлөхгүй гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс алданги буюу анз 1,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээл 2,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас гаргаж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нь хариуцагч Г.ад холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Г. нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 068 тоот бага оврын трактор худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхэгийг авсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз 1,250,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг нь дээрх нэхэмжлэлийг шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Миний бие ХАА-н дэмжих сангийн шаардлага болох 3,750,000 төгрөгийг хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн төлөхөөс татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 068 тоот бага оврын трактор худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-ээр 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас Г. нар харилцан тохиролцож, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар, 5 жил буюу 60 сарын хугацаатай, гэрээний 3.3-т төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги хоногт төлөхөөр заажээ.

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хэдий зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч Г. үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэж тайлбарлажээ

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаас үзэхэд гэрээний үндсэн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан, 2020 оны 07 дугаар сарын 23-ний өдөр хуулийн энэхүү шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаар болон энэхүү зээлийг эргэн төлөх талаар мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгч байгаагүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2020 оны 6 дугаар сараас эхэлж ажиллаж байна. ...2020 оны 6 дугаар сараас хойш нэхэмжлэл гаргаад явж байна. Бүтцийн өөрчлөлтөөс болоод хугацаа алдсан байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэлээ гаргаад явж байсан байдаг. 2020 оноос эрчимжиж байгаа манай үндэслэл маань Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн мөнгө төр хохирч байна гэж үзэж байгаа... гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *******байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолоор бүтцийн өөрчлөлтөөс болоод хугацаа алдсан... гэсэн тайлбар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэсэнтэй нийцэхгүй бөгөөд өмнө нь энэхүү үйл ажиллагааг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хэрэгжүүлж байсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд 312 дугаар зүйлийн 312.1-т Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан 068 тоот гэрээ нь дээрх хуулийн шаардлага хангасан санхүүгийн түрээсийн гэрээ хийгдсэн гэж үзэв.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас 068 тоот бага оврын трактор худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-ний дагуу төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон төлөх үүрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Г.ад үүсэхгүй.

Иймд ******* ажлын албаны нэхэмжлэлтэй хариуцагч Г.ад холбогдуулан гаргасан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлйин 82.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан ******* ажлын албаны нэхэмжлэлтэй, Г.ад холбогдох 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС