2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1262

 

 

 

 

 

 

 

 

 

   2026            00           07                                          2026/ШЦТ/1262

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

            улсын яллагч Б.Одхүү, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2608 00000 0000 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчний 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Т овогт Өын Б /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дотоодын цэргийн 00 дугаар ангийн бэлтгэл хүчний ротын 1 дүгээр салаанд байлдагч цолтойгоор хугацаат цэргийн алба хааж байхдаа 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Дотоодын цэргийн 00 дугаар ангийн цэргийн байрны 1 давхрын цэргийн амрах байранд бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагч болох байлдагч А.Ттай “гар утастай гэдгийг хэлсэн” гэх асуудлаас өөр хоорондоо маргалдан, улмаар хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн байлдагч А.Тын зүүн гуяны гадна дунд хэсэгт 3 удаа хатгаж хүч хэрэглэсэн, мөн хүний эрүүл мэндэд нь зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлд заасан Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй байр сууринаас мэтгэлцэж оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь Дотоодын цэргийн 00 дугаар ангийн бэлтгэл хүчний ротын 1 дүгээр салаанд байлдагч цолтойгоор хугацаат цэргийн алба хааж байхдаа 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Дотоодын цэргийн 00 дугаар ангийн цэргийн байрны 1 давхрын цэргийн амрах байранд бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагч болох байлдагч А.Ттай “гар утастай гэдгийг хэлсэн” гэх асуудлаас өөр хоорондоо маргалдан, улмаар хайчаар байлдагч А.Тын зүүн гуяны гадна дунд хэсэгт 3 удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

  • Энэ нь Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх2-9),
  • Хохирогч А.Тын “...2026 оны 02 дугаар сарын 09-ний 20.00 цагийн үед ...казармдаа орж ирэхэд ...салааны захирагч, дэслэгч Б.Жавхлантөгс нь байлдагч *******тай ...******* шинэ цэргүүдээс “Бөөндөө юм авч иднэ” гээд мөнгө хураасан талаар ярьж байсан. Шинэ цэргүүд салаан захирагч, дэслэгч Г.Зд “Хал цэргийн байлдагч ******* юм авч иднэ гэж мөнгө хураагаад бид хэдэд юм авч өгөөгүй” гэж хэлсэн байсан. Би *******ыг гуйгаад байхаар нь ээжийнхээ Төрийн банкны картыг ...өгсөн байсан. Дэслэгч Б.Ж “Штаб дээр шинэ цэргийн ар гэрээс гомдол гарсан. Гялс үнэнээ хэлээд утсаа хураалга. Тэгэхгүй бол балрах гээд байна” гэж хэлсэн. Байлдагч ******* “Одоо угаасаа бид хоёрыг гар утастай гэдгийг мэдчихлээ. Чи гар утсаа гаргаж ирээд ээжийнхээ дансанд мөнгө орсон, гарсныг скрийншот хийгээд харуулчих” гэж хэлэхээр нь би өөрийнхөө “Самсунг, А-33” загварын гар утсыг дэслэгч Б.Жавхлантөгсөд гаргаж өгсөн. Мөн ******* өөрийнхөө гар утсыг гаргаж өгөөд оройн тоонд гарсан. Казармаас гарч байхдаа “Он жавуудаа хөлдөө чирээд арчаагүй лалар вэ” гэж *******д уурласан. Тоо дууссаны дараа орж ирээд *******тай казарм дотор маргалдсан. “Одоо яах вэ” гэж асуухад нь “Яахав дээ, маргааш загнуулж, шийтгүүлэх байх даа. Чамайг ямар хөгийн пизда вэ гэдгийг чинь мэдчихлээ” гэж хэлсэн. Би кителээ бариад эвхэж байсан чинь ******* халааснаасаа хайч гаргаж ирээд, зүүн гуяны гадна хэсэгт 3 удаа бүлсэн. Миний гуянаас цус гарч ирж байхыг хараад *******ыг зүүн гараараа түлхээд шууд эмнэлэг рүү гүйсэн. ...Би *******тай харилцан зодолдоогүй, биед нь гэмтэл учруулаагүй” гэсэн (хх15-17), мөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцийн гэм хорын хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-21),
  • Гэрч Г.Дын “...Би Дотоодын цэргийн 00 дугаар ангид бэлтгэл хүчний ротын 4 дүгээр салааны захирагч албан тушаал эрхэлдэг. 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би ротыг хариуцсан хариуцлагатай эргүүлээр хуваарьт томилгооны дагуу 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Оройн тооны дараа цэргүүдийг ил биеийн үзлэгт оруулахаар бэлтгэл ажлыг хангуулж ...2 давхар луу гарч 3, 4 дүгээр салааны цэргүүдэд үзлэгт бэлдэх талаар хэлж байтал 1 давхраас 1 дүгээр салааны нэг байлдагч гүйж ирээд “Байлдагч ******* байлдагч А.Тын гуя руу хайчаар зоочихлоо” гэж сандарсан байдалтай хэлсэн. Би 1 давхар луу гүйгээд очтол байлдагч А.Тыг эмнэлэг рүү оруулахаар цэргүүд аваад явчихсан, байлдагч ******* баруун гартаа төмөр хайч барьчихсан, айсан түгшсэн байдалтай, уйлчихсан байж байсан. Тэр үед би “Хайчаа нааш нь өг” гэж хэлээд байлдагч *******ыг тайвшруулж, хайчийг нь авсан. Түүний дараагаар хурандаа н.Нт байлдагч *******ыг уулзуулахаар хүлээлгэж өгөөд, бусад ...цэргүүдэд амар команд өгчхөөд ангийн эмнэлэг рүү орж, байлдагч *******ы биеийн байдлыг харахад ээлжийн сувилагч, дэд ахлагч Д.Отгонжаргал шархыг цэвэрлэж байсан” гэсэн мэдүүлэг (хх29-30),
  • Гэрч Б.Жийн “...Би Дотоодын цэргийн 00 дугаар ангид салааны захирагчаар ажилладаг. 2026 оны 02 дугаар сарын 09-ний ...оройн тоонд гарахын өмнө казарм руу ороод *******ы орны хажууд очоод “Чи яагаад харуулд гарч байсан цэргүүдээс мөнгө аваад байгаа юм. ...Чамайг авсан гээд гомдол ирээд байна” гэж хэлэхэд “Тэд нар өөрсдөө юм аваад өг гээд гуйгаад байсан юм” гээд, “Мөнгийг нь авсан юм бол яагаад өгөхгүй байгаа юм” гэхэд “Картад байгаа” гэсэн. ...Г.Зоригт надтай уулзах үед “Картад нь мөнгө байхгүй байсан” гэж хэлсэн байсан болохоор тэрийг нь хэлэхэд дуугарахгүй байхаар нь “Чи цэрэг яриулсан гар утсаа гаргаад ир, ...цэргүүд ******* ахын утсаар ярьсан гээд байна” гэхэд А.Б “...Би тийм утас, мөнгө аваагүй. А.Таа, чи мэдэж байгаа биз дээ. Утсаа гаргаж ирээд скрийншотыг нь харуул” гэхэд А.Т “Юун утас, би мэдэхгүй. Наад асуудал чинь надад ямар хамаатай юм. Чи өөрөө тэр утсаа гаргаж өг” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би “Та хоёр хэрэлдээд байлгүй, хоёулаа гар утсаа гаргаад ир” гэхэд А.Т ...эсрэг талын орны гудсан дороос “Самсунг, А-33” загварын утас гаргаж өгөх үед “Энэ хэний утас юм” гэхэд ...“Миний утас” гээд хүлээн зөвшөөрсөн. Дараа нь *******ыг “Утсаа өг” гэхэд өөрийнхөө гудсан доороос “Айфоне” маркийн гар утас гаргаж гар утас гаргаж өгөхөөр нь хурааж аваад ...яваад өгсөн” гэсэн мэдүүлэг (хх33-34),
  • Гэрч Э.Ёын “...Байлдагч *******, А.Т нар хоорондоо маргалдаад байх шиг болоод, ******* баруун талын өмдний халааснаасаа хайч гаргаж ирээд А.Тт хандан “Яг яаая гээд байгаа юм” гэж хэлээд гуя руу 2-3 удаа хайчаараа хатгачихсан. Тэгтэл А.Т гуяа бариад гүйгээд явчихсан. Байлдагч ******* гарандаа хайчаа атгаад “Ойртсоныг ална шүү” гээд байсан. Тэр үед хариуцлагатай жижүүр Г.Д орж ирээд, *******ыг тайвшруулаад гаран дахь хайчийг нь аваад, өөрийг нь дагуулаад гарсан” гэсэн мэдүүлэг (хх37),
  • Гэрч А.Нны “...Эргээд хартал байлдагч ******* хайч гаргаад ирчихсэн байлдагч Ө.Тын зүүн хөлийн гадна талын гуя хэсэг рүү 2-оос 3 удаа хатгаж байсан. А.Т шууд зугтааж орнуудын хаж талаар хана даган казармаас гарсан. ******* “Ойртох юм бол ална шүү” гэж хэлээд хайчаа гартаа атгасан чигээрээ зогсож байхад ангийн жижүүр, салааны захирагч нар орж ирэн гараас нь хайчийг нь салгаж, аваад явсан. ...Тэр хоёр оройн тоонд гарахаас өмнө А.Т нь *******ыг “Чи яагаад надад утас байгаа гэдгийг хэлчхэж байгаа юм” гэхэд ******* нь “Угаасаа баригдах нь ойлгомжтой шүү дээ” гэхэд А.Т “Надад утас байгаа гэдгийг барьж өглөө” гэх зэргээр маргалдаж байсан” гэсэн (хх45-46) мэдүүлэг болон хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан хайч, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн СХД0726/004 дугаартай “...А.Тын биед зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 3 удаагийн үйлдлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ. (хх59-60)

Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн гуя руу хайчаар хатгасан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж харилцан зөрүүгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийг шууд заасан буюу шүүгдэгчийн гэмт үйлдэл тогтоогдсон байна. 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

4. Шүүгдэгч талаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд харин цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт давхар зүйлчилж ирүүлснийг үндэслэлгүй гэж маргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг нэг үйлдэлтэй хэдэн хэдэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар хүний эрүүл мэндэд болон цэргийн албаны ашиг сонирхол, цэргийн дүрэмд давхар халдсан байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” бол гэмт хэрэгт тооцохоор зааж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Тус гэмт хэрэг нь тусгай субъект болох цэргийн алба хаагч нарт хамаарах хуулийн хориглолт байх ба цэргийн алба хаагчид хууль, дүрмээр хүлээсэн цэргийн дүрэм, цэргийн албаны ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдэл байдаг. Объектив талын хувьд харилцан зодолдсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл байх ба субъектив талын хувьд гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус үйлдлээ мэдэж, үйлдлийн хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.2-т “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.5-т “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгохоор тодорхойлсон.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.1-т “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ”,

Дотоодын цэргийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 31-т “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн”,

Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.3-т “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, 6.1.7-д “цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” нийтлэг үүргийг хүлээхээр заасан.

Мөн Цэргийн дотоод албаны дүрэмд зааснаар байлдагч нь тасгийн захирагчид захирагдах бөгөөд итгэмжлэн хариуцуулсан зэвсэг, техникийг чадамгай эзэмших, байлдаанд байнга бэлэн байлгах, захирагчийн өгсөн үүрэг тушаалыг ягштал биелүүлэх үүрэг бүхий цэргийн алба хаагч буюу шүүгдэгч, хохирогч нар нь цол эрэмбээр адилхан бие биедээ захирагдахгүй алба хаагч нар байна.

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах сайдын 2024 оны А200 тушаалаар батлагдсан “Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ын 4.1.1-т “хууль ёсыг үг, үйлдэл, ёс зүй болон зан суртахуунаараа эрхэмлэн дээдлэх”; 4.1.3-т “бусдын нэр төр, алдар хүнд, эмзэг мэдээлэл, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, батлан хамгаалах салбарын нэр хүндийг эрхэмлэх”; 5.1.11-т “ажлын байранд болон олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих, биеэ зөв авч явах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх”;

Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/41 дугаартай тушаалаар батлагдсан “Дотоодын цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн “3.1. Хугацаат цэргийн алба хаагч нь хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлан, үлгэр жишээгээр биелүүлж, хууль тогтоомж, Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдэд заасан хэм хэмжээг сахин биелүүлэхээс гадна дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. 3.1.1-т “сахилга баттай байж, аливаа хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон нөхрийгөө урьдчилан сэргийлэх, дутагдлыг нуун дарагдуулахгүй байх”; 3.1.2-т “эелдэг зан харьцаатай байж, биеэ зөв авч явах, бусдад үлгэрлэл үзүүлэх” гэж тус тус тодорхойлсон байна.

Дээрх зохицуулалтаас дүгнэхэд Дотоодын цэргийн 00 дугаар ангийн байлдагч *******ыг Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хугацаат цэргийн алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч гэж үзэх үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектэд хамаарч байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, мөн тэрээр хууль дүрмээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчсөн, хүний эрүүл мэндэд халдсан нь тогтоогдсон байна.

Тиймээс дотоодын цэргийн 00 дугаар ангийн Бэлтгэл хүчний ротын 1 дүгээр салааны байлдагч ******* нь Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн дотоод албаны дүрэм, Монгол Улсын Батлан хамгаалах сайдын 2024 оны А200 тушаалаар батлагдсан “Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/41 дугаартай тушаалаар батлагдсан “Дотоодын цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээг зөрчиж, бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагч болох байлдагч А.Тын зүүн гуя тус газарт хайчаар 3 удаа хатгаж хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн 28.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид ...бусад байдлаар хүч хэрэглэсэн” ийнхүү хэрэглэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан хайч нь ир үзүүртэй, төмөр хайч байх ба гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжид хамаарч байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа зэвсэг хэрэглэж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй ба гомдолгүй талаарх хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хэлэх зүйлгүй” гэжээ.

8. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

10. Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

Мөн бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа зэвсэг хэрэглэж хүч хэрэглэсэн үйлдэлд 1 жилээс 5 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон боловч нэг үйлдлээр хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, …бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүйг дурдаж байна.

11. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар торгох ялыг хорих ял шилжүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.  

 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайч, цус мэт улаан хүрэн өнгийн шингэнийг шингээн авсан хөвөн бамбай зэргийг устгуулахаар эд мөр устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа зэвсэг хэрэглэж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ял дээр торгох ялыг хорих ял шилжүүлэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 1 /нэг/ сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайч, цус мэт улаан хүрэн өнгийн шингэнийг шингээн авсан хөвөн бамбай зэргийг устгуулахаар эд мөр устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР