Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/019

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  2021/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2014004510441 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Вандан овогт Намжилын *******, 1ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /*******/,

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар //,

******* нь *******тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг Төрийн банк ХХК-д тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

******* нь *******тай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг Төрийн банк ХХК-д тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Вандан овогт Намжилын *******, ******* овогт *******гийн ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Вандан овогт Намжилын *******г хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссэн хугацаа, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт найман цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 багийн 7-701 тоотод байх газрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгон газрыг хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна.

Шүүх дүгнэлт хийхдээ “, нараас дээрх мөнгийг аваагүй үйл баримт болох үед өөр газар байсан талаар мэдүүлж байгаа боловч түүнийг эхнэр *******гийн хамт хохирогчоос мөнгийг аваагүй гэх нотлох баримт, болон шүүгдэгч өөрийгөө гэм буруугүй гэж нотолж чадаагүй” гэжээ. ******* нь өмнө шүүхэд эхнэр Р.*******гийн тооцооны бүртгэл хийдэг дэвтрийг гаргаж өгсөн баримт хэрэгт, шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг ба энэхүү баримт нь ******* ийн мөнгийг хүлээж авсан талаарх баримт байдаг байна. Шүүх дүгнэлт хийхдээ эд мөрийн баримтын талаар огт дурдаагүй бөгөөд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтгүй хэмээн шилжүүлсний улмаас цагаатгах талын нотлох баримт үгүй болж шүүгдэгчийн хувьд хуулиар олгогдсон эрх нь хязгаарлагдсан гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн дэвтрийг шүүхэд өгсөн байдаг. Тухайн дэвтэр дээр ******* авсан гэдэг. Миний үйлчлүүлэгчийн цагаатгах талын нотлох баримт нь байхгүй тул хэргийг дахин хянуулж өгнө үү гэв.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******н өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд иргэн ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн төлбөр 1.548.000 төгрөгийг Төрийн банк ХХК-д тушаалгүй хувьдаа завшиж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь  1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дүгээр талуудад авагдсан

“... Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны үед ямаагаа самнаж ноолуураа *******д өгсөн. Тэгээд ноолуурынхаа мөнгийг авч хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн төлөлтөө хийх гэхэд “Төрийн банк" хаасан байсан. Тухайн үөд *******гаас мөнгө авчихсан байсан. Тэгээд цаг орой болж “Чи маргааш миний зээлийн мөнгө хийчих үү” гэхэд “Тэгье” гэж хэлээд надаас 1.548.000 төгрөг өгсөн юм. Тэрний дараа Н Дапайгаас утас руу залгаж миний мөнгө хийсэн талаар асуухад надад “Мөнгө хийсэн” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа буюу ойролцоогоор 10 хоногийн дараа аймаг орж банкинд очиж дансаа шалгахад зээлийн мөнгө төлөгдөөгүй байсан...” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан “....2020 оны 05 дугаар сарын 15-ны үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын төвд *******тай таарч ноолуурын мөнгө авсан гэсэн. Тэр үед цаг орой болсон байсан. Банканд “Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл”-ийн мөнгө төлөх зорилготой байсан. Гэтэл банк хаасан учир зээлийн мөнгө төлж чадалгүй *******д төлөх мөнгө болох 1.548.000 төгрөг үлдээсэн. Тухайн үед манай нөхөр Батцэнгэл надтай энэ талаар утсаар ярьж зөвлөж би ч мөн “Үлдээчих” гэж хэлсэн юм. Тэгээд хоёр гурав хоногийн дараа *******гаас асуухад “Танай мөнгө хийсэн” гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өлзийт сумын “Төрийн банк” орж асуухад манай зээлийн мөнгө төлөгдөөгүй гэсэн. Тэр үед өөрийн данснаас мөнгө авч зээлээ төлж *******н гэрт очиход “Би мөнгө төлөөгүй хэрэглэсэн юм. Үдээс хойш данс руу чинь хийе” гэж хэлсэн...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн  165-166 дугаар талд авагдсан “... 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Батцэнгэл манай нөхөр *******тай хамт байхад Өлзийт сумд байх манай гэрт ноолуур авчирч өгсөн. Тэгээд мөнгө төгрөг авч явсны дараа буюу 3 хоногийн дараа Батцэнгэл ахин ноолуур авчирч өгсөн. Энэ үед би ганцаараа байсан ба надад Батцэнгэл 1.500.000 төгрөг үлдээж явсан тэр өдөр нь бүтэн сайн өдөр байсан юм. Ажлын өдөр болох нэг дэх өдөр хүүхдийн хадгаламж хийчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь төрийн банкинд очоод 1.500.000 төгрөг хийх гэхэд теллер нь аль дансанд хийх юм бол 2-3 хүүхдийн хадгаламжийн данс байна гэж хэлэхээр нь би Батцэнгэлийн утас руу залгахад утас нь холбогдоогүй болохоор мөнгө хийлгүй гарч ирсэн юм. Хэд хоног өнгөрсний дараа Батцэнгэл миний утас руу залгах үед учир байдлаа хэлж “хэд хоногийн дараа хийе” гэж хэлсэн. Ахин залгахад нь “би хэд хоногийн дараа хийе” гэхэд нь хэл амаар доромжилж өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь би машины үлдэгдэл мөнгөндөө авлаа гэж хэлээд өгөөгүй ийм зүйл болсон. Яг мөнгө авах үед нь ******* байгаагүй юм ...” гэх *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

“...*******гийн тооцооны бүртгэл хийдэг дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтгүй гэж шилжүүлсний улмаас цагаатгах талын нотлох баримт үгүй болсон...” гэх шүүгдэгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******н өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2 , 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

                дүгээр зүйлийн  1.1-т заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  2021/ШЦТ/318 дугаар шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                 Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД                                                     Л.НЯМДОРЖ

                                                                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ