Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Л.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А холбогдох  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.А

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  Б.М-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

-Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө  гэртээ унтаж байсан. Уг орой урд айлын Хүрлээ гэх залуутай шил архи хувааж уугаад согтоод унтсан байсан. Намайг унтаж байх үед манай гэрт Л.А хүмүүстэй ирж архи уусан юм шиг байна лээ. Тэгээд намайг ухаангүй унтаж байхад намайг зодсон гэсэн, би нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/

           -Гэрч М.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: А гэх залуу буцаж орж ирээд манай нөхрөөс гар утсаа өгч бай гээд гар утсыг нь авч хүн рүү залгаж байгаад Мөнхбулган ах руу гутал шидээд сэрээсэн юм. М сэрээд А чи над руу яагаад гутал шидэж байгаа юм бэ? гээд тэр хоёр юм ярьж байснаа гэнэт Амраа чи миний ээжийг янхан гэж хэллээ гээд зодоод эхэлсэн, нөхөр бид 2 салгах гээд дийлээгүй. Зодож байгаад гараад явсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаартай Б.М  биед тархи доргилт, 2 хацар, зүүн чихний дэлбээ, цээжний баруун талд зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 17  хуудас/,

 

-Л.А-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-03 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр  Б.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.М  намайг ухаангүй унтаж байхад зодсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/ хохирогчийн биед тархи доргилт, 2 хацар, зүүн чихний дэлбээ, цээжний баруун талд зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг тогтоосон 787 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

      Шүүгдэгч Л.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Б.М шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Л.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Л.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ