Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1810

 

МАГАДЛАЛ

 

2019.10.18                                                 Дугаар 1810                                    Улаанбаатар хот

“УБ М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “УБ М” ХХК-ийнн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МФ ББСБ” ХХК-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 405 144 647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.М,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “МФ ББСБ” ХХК-иас барилгын арматур, катанка зэрэг барилгын материал зээлээр авах хүсэлт гаргасны дагуу манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 447 554 530 төгрөгийн бараа материалыг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээний нэмэлтээр 37 531 230 төгрөгийг бараа материалыг тус тус нийлүүлсэн болно. 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.4-т зааснаар 447 554 530 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 6 хувааж төлөх үүргийг, Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.5-т зааснаар 37 531 230 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг 14 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээж, нийт 485 085 760 төгрөгийг манай компанид төлөх үүрэг үүссэн байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар “МФ ББСБ” ХХК 220 385 527 төгрөгийг төлсөн ба төлвөл зохих нийт үлдэгдэл 264 700 233 төгрөг үлдсэн байна. “МФ ББСБ” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 85 тоот албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, үлдэгдэл төлбөрийг 6 хувааж, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж дуусгахаар амалсан. Энэхүү албан бичигт нийт төлбөрийн үлдэгдэл 276 700 233 төгрөг болохыг дурьдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 12 000 000 төгрөгийг төлснөөс хойш дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй ба удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасныг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 264 700 233 төгрөгийг “МФ ББСБ” ХХК-иас гаргуулах шаардлага гаргаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д Гэрээний тохиролцсон хугацаанд гэрээний нийт төлбөр төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө. Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.7-д Энэхүү нэмэлт гэрээ нь талуудын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 16/2017 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэгэн адил хүчинтэй гэж тус тус заасны дагуу гэрээгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг “МФ ББСБ” ХХК хүлээсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.6-д хууль буюу гэрээнд заасан анзыг төлүүлэх, 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6-т хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн “МФ ББСБ” ХХК-иас 140 444 414 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас 0,3 хувиар тооцоход төлбөрийн дүнгээс тооцоход 140 444 414 төгрөг төгрөг болсон, гэрээний дагуу төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн дүнг багтаасан алдангийн дэлгэрэнгүй тооцоог хавсаргав. Иймд дээрх үндэслэлээр бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрт 264 700 233 төгрөг, алданги 140 444 414 төгрөг нийт 405 144 647 төгрөгийг “МФ ББСБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэрээний үндсэн дүн болох 264 700 233 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, компани нь “УБ М” ХХК-тай харилцан тохиролцон “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 304,38 тн, мөн оны 6 дугаар сарын 09-нд 25,66 тонн нийт 331,04 тонн арматур төмрийгхудалдан авах гол нөхцөл бүхий гэрээг байгуулсан талаар маргаан байхгүй болно. Дээрх гэрээний дагуу манай компанийг төлөөлөн төмөр хүлээн авах эрхийг “ЖЖ” ХХК-нд олгосон. Учир нь “ЖЖ” ХХК нь манай захиалгаар баригдаж байсан Баянзүрх дүүргийн 16-р хороо, “Да хүрээ гудамж” гэсэн хаягт байрлах 9 давхар 53 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул арматур төмөр хүлээн авах эрхийг “ЖЖ” ХХК, түүний захирал Ц.О-д олгосон байдаг, “УБ М” ХХК-наас энэ хугацаанд манай компани нь ямар ч төмөр хүлээн аваагүй бөгөөд төмрийг “ЖЖ” ХХК, түүнийг төлөөлөн Ц.О хүлээн авсан байдаг. “УБ М” ХХК-наас гэрээний дагуу авах нийт 331,04 тонн арматур төмрийг тухайн барилгад ашиглах ёстой байсан. “ЖЖ” ХХК нь барилга угсралтын ажлыг барилгын сууриас эхлэн 3,5 давхар хүртэл зөвхөн краказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүнээс цааш уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхээ больсон. Манай компанийн захиалгатай баригдаж байсан орон сууцны барилгын сууриас нь 3,5 давхар хүртэл “ЖЖ” ХХК-ийн хийсэн ажлыг тооцож үзвэл “Техникийн тодорхойлолт”-оор нийт 140.3 тонн арматур төмөр зарцуулагдсан үүний 48,9 тонн төмрийг манай компаний зүгээс бэлэн өгсөн зэрэг нөхцөл байдлаас харвал дээрх гэрээний дагуу авсан гэх арматур төмрөөс 91,4 тонн нь тус барилгад орсон байх боломжтой юм. “УБ М” ХХК-аас гэрээгээр авсан гэх 331,04 тонн арматур төмрийн 239,6 тонныг “ЖЖ” ХХК нь манай барилгад огт оруулаагүй, хэрэглэгдээгүй байдаг. Тухайлбал, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “УБ М” ХХК-иас 242,004 төгрөгийг 171 тонн арматур төмрийг “ЖЖ” ХХК авсан байх бөгөөд үүнийгээ “ЖЖ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.О-ийн “А Б” ХХК-аас “N00” ХХК-д дамжуулан зарсан зарлагын баримт, е-баримт бидэнд байгаа болно. Энэ мэтчилэн дээрх арматур төмрийг “ЖЖ” ХХК нь чухам ямар байдлаар хэдийд, хэдийг авч, хэрхэн зарцуулсан тухай бид юу ч мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс арматур төмрийг “Зээлээр худалдан, худалдан авах гэрээ” байгуулсан гэсэн үндэслэлээр манай компаниас төмрийн үнийг алдангийн хамт шаардаж байгаа нь үндэслэлгүй байх ба бидэнд бодитоор төмөр хүлээн авч байгаагүй, хүлээн авсан талаарх нотлох баримтууд байхгүй байх тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээний хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ үндэслэлээр манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж өөрсдөө аваагүй бүтээгдэхүүний үнэнийг төлөх график гаргаж өгсөн нь үнэн. Гэсэн ч энэ нь төмрийн үнийг “ЖЖ” ХХК-ийн зүгээс төлнө гэсэн учир бид баримтад гарын үсэг зурсан. Алдангид 140 444 414 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, алдангийг бодохдоо 2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд алданги бодсон байна. Гэвч талууд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээний үнийн дүнгийн эцсийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримт үйлдэж, 276 700 233 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд төлөх хуваарь гарган хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэг үгээр бол 2019 оны 03 дугаар сарын 29-ний дотор дээрх мөнгийг төлөх ёстой байсан. Мөн талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, алданги тооцох талаар огт тохиролцоогүй учир ингэж алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд төлөх өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “МФ ББСБ” ХХК-иас 405 144 647 төгрөгийг гаргуулж “УБ М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “УБ М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 183 674 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “МФ ББСБ” ХХК-иас 2 183 674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УБ М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа нийт 485 085 760 төгрөгийг манай компанид төлөх үүрэг үүссэн бөгөөд үүнээс 220 385 527 төгрөгийг төлсөн ба төлвөл зохих нийт үлдэгдэл нь 264 700 233 төгрөг үлдсэн, “МФ ББСБ” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 85 дугаар албан бичгээр хүсэлтээ гаргахдаа 276 700 233 төгрөгийн үлдэгдэлтэйгээ хүлээн зөвшөөрсөн.., 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 000 000 төгрөгийн төлсөн...” гэх байдлаар үндэслэлээ тайлбарладаг бөгөөд бодит байдал нь нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрч байгаа дүнгээр үлдэгдэл нь 264 700 233 төгрөг, үүнээс дараа нь төлөгдсөн гэх 12 000 000 төгрөгийг хасаж тооцвол 252 700 233 төгрөгийн үлдэгдэл байхад өөрөө зөвшөөрсөн гэх агуулгаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь буруу байх ба нэхэмжлэгчийн тайлбарласан хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар огт баримтанд тулгуурлаагүй гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн тооцооны баталгаа гэх баримтаар төлбөрийн үлдэгдэлийг 276 700 233 дүнгээр баталгаажуулсан, энэ баримт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэдэг. Хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийг 252 700 233 төгрөг гэж тооцвол алдангийн дүн түүний 50 хувь байх ёстой. Гэтэл шүүхээс хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан ХХ-20 талд авагдсан алдангийн дэлгэрэнгүй тооцоо гэсэн баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн нь буруу юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн НГ/-03/2017 дугаартай нэмэлт гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээний гол агуулга болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлжээ. Гэрээний талууд болох худалдагч буюу “УБ М” ХХК нь худалдан авагч тал болох “МФ ББСБ” ХХК-нд биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгсөнөөр хариу үүрэг болох төлбөр төлөхийг шаардах эрх үүсэхээр байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

“ЖЖ” ХХК нь итгэмжлэлийн дагуу татан авсан арматур төмрүүдийг “М Ф” ХХК-ийн барилгад бус өөр гуравдагч байгууллагад нийлүүлсэн ба үүний дүнд манай байгууллага ашиглаагүй арматурын төмөрт мөнгө төлж давхар хохирол хүлээгээд байгаа бөгөөд уг асуудлаар шүүхэд хандсан...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаснаас үзэхэд гэрээний зүйл болох арматур төмөр нь худалдан авагч талд бүрэн шилжиж ирээгүй, нэхэмжлэгч тал үүнийг мэдсээр байж төмрийн үнийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс энэ талааар огт дүгнэлт хийгээгүй байдаг. Түүнчлэн хэргийн оролцогч болох хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үйл баримт, үйл явдлыг мэдэж байгаа “ЖЖ” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч мөн л хүлээж аваагүй тухайн шүүгчийг уг иргэний хэргийг шударгаар шийдвэрлэж чадэх эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрж байсан болно. Хариуцагчийн өмгөөлөгч 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Ховд аймагт ажлаар явж байсан бөгөөд уг иргэний хэргийн шүүх хуралдааныг өмнө нь миний бие хурал давхцсан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулсан байдаг. Хэдийгээр миний бие хуралын тов мэдэгдсэн баримтанд гарын үсэг зураагүй байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хуралын товыг мэдсэн. Харин нэхэмжлэгч талын сүүлд шинээр гаргасан бичгийн нотлох баримттай танилцаагүй болно. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүйтэй холбогдуулан хэргийг шийдвэрлэж буй шүүгчээс нэг удаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хуульд заасан үндэслэлээр 2 удаа татгалзан гаргах хүсэлтийг амаар гаргасан боловч татгалзалыг хүлээн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “УБ М” ХХК нь хариуцагч “МФ ББСБ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 405 144 647 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын үнийн үлдэгдэл 264 700 233 төгрөгийг төлөөгүй, гэрээний 2.6-д зааснаар алданги тооцоход 140 444 414 төгрөг, бүгд 405 144 647 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Жужу” ХХК нь бараа материал хүлээн авсан тул бусдын өмнөөс төлбөр төлөх боломжгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь холбогдох стандартын шаардлага хангасан, ОХУ-д үйлдвэрлэсэн ТУ 14-1-5526-2006 стандарттай, А500 СП ангийн арматур, ГОСТ 30136-94 стандарттай Катанкыг хавсарт /бараа материал гэх/-д заасан нэр төрөл, тоо хэмжээгээр хариуцагчид нийлүүлэх, гэрээний нийт төлбөр 448 099 560 төгрөгийг хариуцагч нь гэрээний 2.4-т заасан хугацаанд хэсэгчлэн төлөх, нийт төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний гэхэд бүрэн төлсөн байх үүрэг хүлээжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь дээрх гэрээнд заасан бараа материалыг өөр этгээд хүлээн авсан тул гэрээний зүйлийн үнийг төлөхгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх гэрээнд заасан арматурыг “Жужу” ХХК нь худалдан авагчийг төлөөлөн авах талаар 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Иймд хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэгтэй юм.

Түүнчлэн талууд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдийг баталгаажуулсан байх ба хариуцагч нь 276 700 233 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч нь тооцоо нийлснээс хойш хариуцагчийн төлсөн 12 000 000 төгрөгийг хасч, 264 700 233 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл 264 700 233 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги тооцон, бүгд 397 050 349,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан “...хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчээс татгалзсан боловч хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...405 144 647...” гэсийг “...397 050 350...”, үлдэх 8 094 298,5 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...2 183 674...” гэснийг “2 143 202” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгийн хураамж 2 183 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЦОГТСАЙХАН

        ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                        М.НАРАНЦЭЦЭГ