Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1809

 

МАГАДЛАЛ

 

2019.10.18                                                 Дугаар 1809                                 Улаанбаатар

ХУД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01756 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХУД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭХБУТрест” ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 462 789 367 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Тус хэлтэстэй харилцагч “ЭХБУТрест” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй" мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн албан журмаар даатгуулна". Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ”. Мөн хуулийн 17.1.1-д “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээх” заалтуудыг зөрчин 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл    308 526 244.93 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 154 263 122.47 төгрөг, нийт                  462 789 367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсний улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т заасан “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай" тогтоолын 1 хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангаж зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл. алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар                            462 789 367.40 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 2-т заасныг баримтлан “ЭХБУТрест” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 462 789 367,40 төгрөг гаргуулан ХУД-ийн НДХт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 471 897 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн ХУД-ийн НДХ-ээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 484 тоотоор Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЭХБУТрест” ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар төлөөгүй байгаа 308 526 244 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 154 263 122 төгрөг, нийт 462 789 367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэж заасныг үндэслэн, шүүх хуралд оролцуулалгүй 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж 183/ШШ2019/01756 тоот шүүхийн шийдвэр гаргажээ. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 26 минутад нэр, албан тушаалаа ч хэлэлгүй ХУД-ийн шүүхээс ярьж байна аа хэмээн хэн нэгэн хүн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын 80114481 дугаар руу 9548**** дугаараас залгаж (Энэ тухай шүүхийн шийдвэрт дурьдсан байна) хурал 9 дүгээр сарын 21-нд болно оо гэж хэлжээ. Ямар хурал юуны тухай гэж асуух үед утас тасалдаж сүлжээ байхгүй болон ярих боломжгүй болсон байна. Учир нь Ц.Н нь энэ үед ээлжийн амралтаараа хөдөө явсан байдаг. Магадгүй Ц.Н-ын явж байсан хөдөө орон нутагт нь хэрэглэж байсан үүрэн телефоны утасны сүлжээ муу тул зарим үг хэллэгийг сайтар ойлгоогүй ч байсан болно. Ингээд сүлжээтэй газар очсон үедээ буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны 10 цаг 14 минутад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “...Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ...” гэж заасан дагуу тодорхойгүй хэлсэн хурлын нь талаар тодруулахаар 95486371 дугаар руу залгасан ч утсаа аваагүй байдаг. Хэрэв дээр дурьдсанчлан шүүх хурлын товыг тодорхой заасан шүүхийн мэдэгдэх хуудас бидэнд ирсэн бол шүүхэд гаргах тайлбараа шүүх хуралд зохих журмын дагуу гарган өгч хүсэлтээ албан ёсоор уламжлах байсан боловч ийм боломж олгосонгүй. “ЭХБУТрест” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийн барилга угсралтын ажил бөгөөд харамсалтай нь төрийн зарим байгууллагуудын алдаатай, харилцан ажиллагаагүй үйл ажиллагаа, улс төрийн тогтворгүй байдал зэргээс болон бид өнөөдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсөө төрөөс авч чадахгүй шүүхээр маргалдсаар 5-6 жил боллоо. Үүнээс болж тус компанийн үйл ажиллагаа доголдож, Нийгмийн даатгалд төлбөр төлөх битгий хэл ажилчидаа цалинжуулж ажилтай, орлоготой байлгах боломжгүй болоод удаж байна. Бид хуулийн дагуу төлөх ёстой татвар, хураамж, шимтгэлүүдийг төлөхгүй гэж маргахгүй бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. Бид Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын хууль болон бусад хуулийн хүрээнд 2015 он хүртэл төлөх ёстой бүх төлбөр шимтгэл татваруудыг цаг хугацаанд нь төлж, тайлан тооцоогоо гарган өгч төлөх ёстой бусад төлбөрүүдийг төлж ирсэнийг 2014 оны нийгмийн даатгалын жилийн эцсийн тайлангаас харж болно. Санхүү эдийн засгийн байдал хүндэрсэн ч бага гэлтгүй олсон орлогоосоо 2015-2019 оны хооронд төлөх ёстой 725 сая гаруй төгрөгнөөс бид боломжоороо 417 245 781 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна. “ЭХБУТрест" ХХК-ийн “Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр № ИТЗТБУ-2012/01 тоот “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ” (үнийн дүн 18 197 889 825 төгрөг), 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр № ИТЗТБУ-2012/02-З тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хуртэлх 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ" (үнийн дүн 8 739 498 905 төгрөг) байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч биднээс үл хамаарах шалтгаанаар уг төслүүдийн ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй нь байгаа юм. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “ЭХБУТрест" ХХК-д үүссэн хохирол болох газар шорооны нэмэгдэл ажил болон валютийн ханшийн зөрүүд нийт 10,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар хөндлөнгийн магадлан шинжээчийн дүгнэлт гарсан боловч Захиалагч тал уг асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж байснаас болж бид шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд, дэд станцийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Х, Эрчим хүчний сайд Ц.Д, Нийслэлийн засаг дарга С.А нарт үүрэг болгосон. 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16-р хуралдаанаар дээрхи асуудалтай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар (Э.С), Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (Б.М) нарт “ЭХБУТрест” ХХК-тай эвлэрч 4 000 000 000 төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдэх үүрэг өгөгдсөн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой “ЭХБУТрест” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай ажлуудыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Иймд уг маргаантай асуудлууд бодитоор шийдэгдсэн даруйд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж буй 308 526 244 төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой болох бөгөөд өнөөдрийн байдлаар асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул төлөх боломжгүй байна. Иймээс дээрхи нөхцөл шалтгаануудыг харгалзан маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж заасны дагуу “ЭХБУТрест” ХХК болон Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газартай холбоотой төлбөрийн маргааны асуудал шийдэгдтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх саналтай байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч ХУД-ийн НДХ хариуцагч “ЭХБУТрест” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 462 789 367,40 төлбөрийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч байгууллага давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн тооцоололд маргаагүй, харин хариуцагчийн төлөөлөгч компанийн үйл ажиллагаа доголдож, шимтгэлийг төлөх боломжгүй байгаа гэж тайлбарласан.

“ЭХБУТрест” ХХК нь татварын өр төлбөртэй болох нь “2015 оноос 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 12 дугаар сарын тайлан, 2019 оны 5 дугаар сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, уулзалтын тэмдэглэлүүд зэрэг баримтаар нотлогдож байна. Түүнчлэн уг өр төлбөрийг төлөх талаар хариуцагч байгууллагад 2017 оны 9 дүгээр сарын 14, 2018 оны 01 дүгээр сарын 05, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус шаардлага, мэдэгдэлүүдийг хүргүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хх 5-14, 6-28/

Хариуцагч “ЭХБУТрест” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ заасан хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагч байгууллагаас 462 789 367,40 төгрөгийг 308 526 244,93 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг алданги 154 263 122,47 төгрөгийн хамт/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “шүүх хуралд оролцуулалгүй хууль зөрчин шүүх хурал хийсэн” гэх боловч хавтаст хэргийн 38 дахь талд авагдсан “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тов мэдэгдэх тухай баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нын 80114481 дугаар залган, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болох хурлын товыг мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа тул давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Иймд шүүхээс хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуулийн дагуу мэдэгдсэн гэж үзнэ. Түүнчлэн, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “ЭХБУТрест” ХХК-ийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн байдлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 471 897 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

       ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                            М.НАРАНЦЭЦЭГ