Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 

 

М.Б, Д.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Л.М /зайнаас цахимаар/,

Яллагдагч: Д.Т /зайнаас цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч: Ю.Н /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/47 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Л.М-ын эсэргүүцлээр яллагдагч М.Б, Д.Т нарт холбогдох 1919002490115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Г овгийн М-ийн Б, Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн **** сумын * дугаар баг, Зэвсэгт хүчин гудамжны ** дугаар катежын * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Яллагдагч: Б овгийн Д-ийн Т, Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Соёлын төвд нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн ****** сумын * дугаар баг, Зэвсэгт хүчин гудамжны ** дугаар байрны * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокурорын яллах дүгнэлт болон шүүгчийн захирамжид яллагдагч нарын холбогдсон хэргийн тухайд: Яллагдагч Д.Т Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа яллагдагч М.Б-тэй бүлэглэж, 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн;”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх;”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх;” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. “ гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;” гэснийг тус тус зөрчиж, төрийн байгууллагад буюу Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 28,659,550 төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон,

 

Яллагдагч М.Б Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа яллагдагч Д.Т-тай бүлэглэж, 2018-2019 он хүртэлх хугацаанд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална” гээд 5.1.3-д заасан “жинхэнэ хэрэгжилтийн;”, 5.1.4-д заасан “үнэн зөв байх;”, 5.1.5-д заасан “хэмжигдэхүйц байх;” гэсэн зарчмуудыг мөрдөөгүй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэснийг, 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэснийг, 13.5-д заасан “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. “ гэснийг, 13.7-д заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө, өр төлбөр, бүх авлага, бүх орлогыг заавал бүртгэнэ.” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх;” гэснийг тус тус зөрчиж, төрийн байгууллагад буюу Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 26,819,100 төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон гэм хэрэгт тус тус холбогдсон гэж тусгажээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “...Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч нарыг гэм буруутай гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйг нарийн тогтоогоогүй, хохирлын талаар тооцоо хийгээгүй, яллагдагч нарын ямар үйлдлийн улмаас хэнд, хэдэн төгрөгийн хохирол, яаж учирсан нь ойлгомжгүй, хувьдаа хэдэн төгрөг завшсан нь тодорхойгүй, яллагдагчаар татаагүй хохирлын үнийн дүн дээр яллах дүгнэлт үйлдсэн зэрэг зөрчил илэрсэн” гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1919002490115 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 

хэргийг прокурорт очтол яллагдагч М.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,

 

захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Л.М эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Т, М.Б нарыг 2018 оноос 2019 оны хооронд Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэгт ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн болно. Мөн дээрх шүүгдэгч нарыг яллагдагчаар татсан зүйл анги нь хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба анх яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэн хохирлын хэмжээ өөрчлөгдөж түүний мөнгөн дүнг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж эрхийг хангасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” талаар заасан. Гэтэл шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татсан ба тухайн зүйл ангид зааснаар хүндрүүлэх нөхцөлтэйгөөр яллагдагчаар татаагүй, мөн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шалгах явцад дахин өөр гэмт хэрэг үйлдсэн талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарын яллагдагчаар татсан прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах болон нэмэлт оруулах шаардлагагүй гэж дүгнэж байна.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийг үйлдсэн байтал шүүгчийн захирамжид яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй дээрх хуулийн заалтад заасан агуулгад нийцээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй тодорхойгүй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах дүгнэлтийн хүрээнд биш шүүгдэгчид холбогдох хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэх талаар заасан тул шүүгдэгч Д.Т, М.Б нарт холбогдох Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/47 дугаартай шүүгчийн захирамжийг хянуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

            Яллагдагч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаргүй” гэв.

 

            Яллагдагчийн өмгөөлөгч Ю.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Т, М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/154 дугаартай яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлж улмаар энэхүү яллах дүгнэлттэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Прокуророос ямар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг вэ гэхээр яллагдагч Д.Т, М.Б нарыг тус бүрдээ 7,291,600 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл сая хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж гарсны дараа шүүхэд яллах дүгнэлт үйлдэж бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/154 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч Д.Түмэнжаргалын хохирлыг дүн  28,659,550 энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдлаар хохирлын дүн өссөн харагдаж байгаа. Яллагдагч М.Б-ийнх 26,819,100 төгрөг. Тухайн үед Сайншанд сумын Зүүнбаян багийн 7 дугаар цэцэрлэг тендер зарлаад аймаг дээр үйл ажиллагаа явуулаад 26,819,100 төгрөгөөр тендер зарласан. Ингээд энэ тендерийн ажиллагаа буруу болсонтой холбогдуулан энэ дүнгээр М.Б-ийг хохирол учруулсан гэж буруутгаад яллах дүгнэлт дээр оруулж  ирсэн байгаа.  Анх хэргийг буцаахад шаардсан 7,291,600 төгрөгийг нь гаргуулаач ээ, зүгээр л тендертэй холбоотой 26,819,100 төгрөг гараад байдаг. Тэгэхээр М.Б-ийн 7,291,600 төгрөгийг М.Т-тай дүйцүүлсэн гэж яллах дүгнэлт дээр дурдсан байдаг. Тэгвэл энэ дүнгээ хэрэгсэхгүй болгосон юм уу, бүр байхгүй болгочихсон юм уу. Миний ойлгосноор энэ 26,819,100 төгрөг дээр нэмэгдэж явахаар байгаа энэ нь их ойлгомжгүй, хэргээс энэ байдал харагддаггүй. Тэгэхээр эцсийн байдлаар цэцэрлэгээс нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан юм тэр нь өнөөдөр яг нарийн тогтоогдсон юм уу. Эцсийн байдлаар хэдэн төгрөгийн бараа материал авсан юм гэдгийг тогтоогооч ээ. Тэр дунд нь авах ёстой бараа материал ч байсан, авах ёсгүй бараа материал ч байсан. Авах ёсгүй материалаа аль хэдийн эдлээд ашиглаад одоо хүртэл хэрэглээд явж байгаа үүнийгээ хохирлын тоонд оруулж тооцсон байдаг. Энэ асуудлыг яах ёстой юм үүнийг шалгаж тогтоож байж л нэг мөр хэдэн төгрөгийн хохирол учирсан юм, ямар бараа материал авах байснаас ямар бараа материалыг нь авсан юм, хэчнээн төгрөгийн хохирол төлбөр гарсан юм гэдгийг нь тогтоох боломжтой. Энэ нь маш ойлгомжгүй байна гэж үзэж байгаа. Иймд хэргийг дахин шалган тогтоох шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна, тийм учраас захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх ба яллагдагч нарыг буруутгаж, яллаж байгаа гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, холбогдох нотлох баримтуудтай холбож, яллах дүгнэлтэд тусгаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг,заалтаар зүйлчлэгдэхийг тодорхой заах нь зүйтэй бөгөөд энэ нь яллагдагч нарын хууль бус ямар үйлдэл буюу тэдгээрийн хийсэн ямар үйлдэл, тухайн гэмт хэргийн шинжийг яаж хангаж байгааг яллах дүгнэлтэд тодорхой тусгасан гэж үзнэ.

 

Тухайлбал нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулсан гэх үйлдэл, мөн иргэн аж ахуйн нэгж байгууллагаас бараа материал худалдан авахдаа хуурамч баримт бүрдүүлсэн, мөнгийг бэлнээр гаргуулан авсан зэрэг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх талаар яллах дүгнэлтэд тусгаагүй байх ба яллах дүгнэлтэд яллагдагч нарын хууль зөрчиж, хийсэн ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг яаж хангаж байгааг тодорхойлж, дүгнээгүй учир шүүхээс гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “Авлига”-ын гэмт хэрэг буюу мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Харин яллах дүгнэлтэд яллагдагч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашигласнаас, өөртөө болон бусад хувь хүн, хуулийн этгээдэд тус тус ямар давуу байдал бий болгосныг,  хэн, хэнд эдийн болон эдийн бус ашигтай  ямар нөхцөл байдал бий болсныг болон яллагдагч нарын гэм буруутай ямар үйлдлийн улмаас аль цаг хугацаанд хичнээн хэмжээний хохирол, хэнд учруулсан талаар огт тусгаагүй байна.

 

Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдлийг л гэмт хэрэгт тооцдог учраас прокуророос яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг нотлох баримтад үндэслэн мөн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчилж, яллаж байгаагаа яллах дүгнэлтдээ зайлшгүй, тодорхой тусгах учиртай.

 

2. Яллах дүгнэлтэд яллагдагч М.Б-ийг, яллагдагч Д.Т-тай бүлэглэж 26819100 төгрөгийн, яллагдагч Д.Т-ыг, яллагдагч М.Б-тэй бүлэглэж 28659550 төгрөгийн хохирлыг Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт учруулсан гэснээс өөрөөр яллагдагч нарын аль үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг, яаж хангаж байгаа талаар тодорхойлж, дүгнээгүй нь прокурор хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох төдийгүй эдгээр нөхцөл байдлыг шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

3. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэргийн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй боловч яллах дүгнэлтэд тусгаснаар  яллагдагч нарыг бүлэглэж, 26819100 төгрөгийн, 28659550 төгрөгийн хохирол учруулсан гэсэн байх ба эдгээр хохирлын нийлбэр дүн 55478650 төгрөг байгаагаас дүгнэхэд энэхүү хохирол нь мөн хуулийн 2-т заасан “...их хэмжээний хохирол”-ын хэмжээг хангахаар ойлгогдож байх ба энэ нь “яллагдагчаар татах” тогтоолд зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл болохыг прокуророос  анхаараагүй байна.

 

            4. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг үндэслэлтэй, бүрэн тусгаагүй байх буюу яллах дүгнэлтийн хавсралтад “...яллагдагч нарын зүгээс хохирол нөхөн төлөгдөөгүй” гэсэн байх боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар цэцэрлэгт зориулж, худалдаж авсан бараа материал нь тухайн байгууллагын хөрөнгийн данс бүртгэлд тусгагдаж, бодит байдлаар тоологдсон байх төдийгүй зарим хөрөнгийг байхгүй байхад орлогоор бүртгэн авсан, дутуу тоологдсон хөрөнгийг нөхөж авчирч тоолуулсан болон аж ахуйн нэгжүүдээс бэлэн мөнгийг буцаан гаргахдаа авч үлдсэн 10 хувийг холбогдох этгээдээс төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг үндэслэлгүй гэж үзнэ.   

 

            Иймд эдгээр үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “Хэргийг прокурорт” буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/47 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.М-ын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч М.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА