Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00206

 

2023 04 25 156/ШШ2024/00206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

156/2024/00192/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ................тоотод байрлах, Х Б Х салбар,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О. нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Хүсэлт гаргагч Х Б Х салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.О ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Н.О , Б.Б нар нь Х Б ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ202045634544 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн хэрэглээний зээл аваад үндсэн зээлийн үлдэгдэл 3,644,135 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,672,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 260,026 төгрөг, нийт 7,576,191 төгрөг төлөөгүй байна. Ковидын нөхцөл байдлын улмаас 2 удаа зээлээ хойшлуулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5,400,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. Үндсэн зээлдэгч болох Н.О нь хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй бид нарт олдохгүй байгаа. Хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б.Б нь Н.О ын хамаатны эгч бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хөдөө мал маллаад амьдардаг. Б.Б нь Н.О ын авсан зээлээс авч хэрэглээгүй гэсэн тул банкны зүгээс зээл төлүүлэхээр тулган шаардахгүй байгаа. Н.О ын гэр бүлийн хүмүүс болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь Н.О ыг хот руу орсон бид нар холбоо барьж чадахгүй байна гэх тайлбарыг өгсөн. Иймд зээлдэгч Н.О ыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Х Б ХХК нь Н.О т холбогдуулан 7,576,191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.О нь оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай албан бичиг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.О ын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас тэдгээрийг эрэн сурвалжлах шаардлага үүссэн байх тул Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р баг, Дэлгэрхаанд оршин сууж байсан гэх, ... регистрийн дугаартай Н.О-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р баг, Дэлгэрхаанд оршин сууж байсан гэх, ... регистрийн дугаартай Н.О-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.О ыг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суух хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА