Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

 

С.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/48 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурор С.Ц-ийн эсэргүүцлээр яллагдагч С.Ц-д холбогдох 2119000000227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Ш овгийн С-ийн Ц, Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн **** сумын * дугаар баг, Дампилын *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Яллагдагч С.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Дорноговь аймгийн ***** сумын * дугаар баг, Мааньзавын ** дугаар байрны ** тоотод оршин суух Д.М-тай маргалдаж гараараа цээж хэсэгт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “... Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А нь 02/0317 дугаартай дүгнэлтээрээ хохирогчид учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ хохирогчид учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэж зөрүүтэй бичсэн. Шинжээчийн дүгнэлтийн “хүний биед хийсэн шинжилгээ” хэсэгт хохирогчийг “Д-ны М” гэж бичсэн байгаа нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл хохирогчийн биед гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр яллагдагч Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2119000000227 хэргийг прокурорт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж,

 

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Дээд шатны прокурор С.Ц эсэргүүцэлдээ: “...1. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А нь 2021.11.09-ний 02/0317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” хэсэгт хохирогч Д-ны М-ын нэрийг Д-ны М гэж бичсэн ч болсон хэргийн товч утгын хэсэгт “...Д.М-ын найз залуу С.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зодсон гэжээ ...”, шинжилгээнд ирүүлсэн зүйлс хэсэгт “...Д овогтой М-ыг өөрийн биеэр, амбулториор эмчлүүлэгсдийн карт...” шинжээчид тавьсан асуултын хэсэгт “...Д.Мөнхжаргалын биед гэмтэл учирсан эсэх...” дүгнэлт хэсэгт “...Д.М-ын биед баруун нүдний дээд зовхи, цээж, баруун бугалга, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэж тус тус бичсэн байгаа нь хохирогчийн биед учирсан гэмтлийг эргэлзээгүй тогтоосон байх ба харин шинжээч техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна.

            2. Мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А нь 2021.11.09-ний 02/0317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь заалтад “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэж тус тус бичиг техникийн алдаа гаргажээ. Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, ...үед гэмтлийн зэрэг тогтоохгүй. ...” гэсэн байх ба дүгнэлтийн хийгдсэн шинжилгээний хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, цээжний баруун дээд хэсэгт 12х8 см захаараа шаргалтсан хүрэн өнгийн, цээжний зүүн дээд хэсэгт 2х1,5 см шаргал өнгийн, мөн 4х3,5 см хөхөлбөр хүрэн өнгийн, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 5х1,5 см шаргал өнгийн, мөн 5х3х5 см хүрэн өнгийн цээжний зүүн доод гадна хэсэгт 4х2 см хүрэн өнгийн цус хуралттай. Баруун гарын алганы хэмжээ 17.9,5 см хэмжээтэй байв. ...” гэсэн байх ба энэ нь биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү байх тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах атал шинжээч Э.А нь “2.6-т зааснаар” гэж техникийн алдаатай бичсэн асуудлыг шинжээчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах замаар түүний алдааг зөвтгүүлэх бүрэн боломжтой юм.

            3.Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх ...дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана. ...” гэж заасан байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

            Иймд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.14-ний өдрийн 2021/ШЗ/48 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

            Прокурор Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Цэрэнсамбуу нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/48 дугаартай захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч Э.А нь 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 02/0317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хүний биед шинжилгээ хийсэн шинжээчийн хэсэгт хохирогч Д-ны М-ын нэрийг Д-ны М гэж бичсэн ч болсон хэргийн товч утга хэсэгт Д.М-ын найз залуу Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зодсон гэж шинжилгээ  хийсэн дүгнэлт хэсэгт Д овогтой М-ыг өөрийн амбулатороор эмчлүүлэгсдийн карт, шинжээчийн тавьсан асуулт зэрэгт Д.М-ын биед гэмтэл учирсан эсэх дүгнэлт хэсэгт хохирогчийн биед баруун нүдний дээд хэсэгт зовхи цээж, баруун бугалга, зүүн бугалгад цус хуралт тогтоогдлоо гэж бичсэн байгаа нь хохирогчийн биед учирсан гэмтлийг эргэлзээгүй тогтоосон байх ба харин шинжээч техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэж байна. Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч Э.А нь 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 02/0317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь заалтад Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тус тус бичиг техникийн алдаа гаргажээ. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д жижиг, биеийн нийт гадаргуун 1 хувиас илүүгүй зулгаралт цус хуралтын үед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байна. Дүгнэлт хийгдсэн шинжилгээний хэсэг газарт баруун нүдний дээд зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, цээжний баруун дээд хэсэгт 12х8 см хэмжээтэй захаараа шаргалтсан хүрэн өнгөтэй, цээжний зүүн дээд хэсэгт 8х5 см хэмжээтэй захаараа шаргалтсан хүрэн өнгийн, баруун бугалганы гадна дунд хэсэгт 2х1,5 см хэмжээтэй шаргал өнгийн, мөн 4х3,5 см хөхөлбөр хүрэн өнгийн, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 5х1,5 см шаргал өнгийн, мөн 5х3х5 см хүрэн өнгийн цээжний зүүн доод гадна хэсэгт 4х2 см хүрэн өнгийн цус хуралттай. Баруун гарын алганы хэмжээ 17.5,9 см хэмжээтэй байх ба энэ нь биеийн нийт гадаргуун 1 хувиас илүү байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах атал шинжээч Э.А нь 2.6-д зааснаар гэж техникийн алдаатай бичсэн асуудлаар шинжээчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах замаар түүний алдааг зөвтгүүлэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч дүгнэлтээ эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасан байдаг. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Цэрэнсамбуугийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Анх-Ирээдүйгээс  яллагдагч С.Ц-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Дорноговь аймгийн ***** сумын * дугаар баг Мааньзавын ** дугаар байрны ** тоотод оршин суух Д.М-ыг таарамжгүй харилцааны улмаас гараараа цээж хэсэгт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/40 дүгээр шүүгчийн захирамжаар “... яллагдагч С.Ц-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагатай...” гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр зааж, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “ ... шинжээч Э.А 02/0317 дугаартай дүгнэлтээрээ хохирогчид учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ хохирогчид учирсан гэмтлийг “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэж зөрүүтэй бичсэн, ... хохирогч Д.Мөнхжаргалын биед учирсан ...гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах эсхүл ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй байхаар 2 агуулгатай ойлгогдож ... хохирогчийн биед гэмтэл  учирсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна... ” гэсэн үндэслэлээр энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

Энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон прокурорын яллах дүгнэлтээр тогтоогдсон байх боловч энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Учир нь анхан шатны шүүх энэ үндэслэлээр өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан атлаа шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөн ийнхүү шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой байжээ.

 

Түүнчлэн прокурор эсэргүүцэлдээ “... Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А нь 2021.11.09-ний 02/0317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3 дахь заалтад “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэж тус тус бичиг техникийн алдаа гаргасныг шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар алдааг зөвтгүүлэх боломжтой...” гэсэн байх ба энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6.4-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэж болох боловч Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг залруулах талаар заагаагүй тул энэ тохиолдолд буюу шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй бол дахин шинжээч томилох нь зүйтэй.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилох ажиллагааг шүүх хийж болох тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийг захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл,  39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/48 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, Ерөнхий прокурор С.Ц-ийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч С.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ