Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарт холбогдох 201501070071 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                                              Ц.Баясай

           Улсын яллагч:                                                              М.Гэрэлбадрах

           Хохирогч                                                              Э.Баярсайхан                                     

           Шүүгдэгч Г.Ариунжаргал,

           С.Золжаргал нарын өмгөөлөгч                           Ж.Цэцэгээ,

Шүүгдэгч Ц.Уранбилэгийн өмгөөлөгч                 Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч:                                                                     Г.Ариунжаргал,

                                                                              С.Золжаргал,

                                                                                                   Ц.Уранбилэг  

           нар оролцов.                                     

 

  1.  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ам бүл 4, аав Ганбаатар, ээж Алимаа, эгч нарын хамт Булган аймгийн Шинэ хороо 1 дүгээр баг 15 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Монголын үндэсний их сургуулийн аюулгүй байдлын менежерийн 2 дугаар дамжаанд суралцдаг байсан, ял шийтгэлгүй Цал овгийн Ганбаатарын Ариунжаргал /РД:ГЮ97042906/

 

  1. Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, аав Сүхбаатар, ээж Ганчимэг, ах нарын хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр баг Төв наран хороо 6 дугаар гудамжны 19 тоот хашаанд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Монголын үндэсний их сургуулийн хүний нөөцийн 1 дүгээр дамжаанд суралцдаг байсан, ял шийтгэлтүй Боржигон овгийн  Сүхбаатарын Золжаргал /РД:ГД98022001/

 

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, аав, ах, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 11 дүгээр бранкын 3 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Боловсролын их сургуулийн бага ангийн багшийн 2 дугаар курст сурдаг байсан, анх удаагийн ял шийтгэлтэй Боржигон овгийн Цэрэнбатын Уранбилэг /РД:ГИ96111103/

 

Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг  нар нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бусдын 240 000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

 Шүүгдэгч Г.Ариунжаргалын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг

              “2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Уранбилэг Багануурт байдаг манай найзууд хүрээд ир гээд байна гэхээр нь Золжаргал Уранбилэг бид гурав таксигаар очиход Уранбилэгийн найз Алтангэрэл Баярсайхан нар тосож аваад Соронз нэртэй буудалд орж 75 граммын архи ууцгаасан. Баярсайхан, Золжаргал бид хоёртой хамт гарч буудлын 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-аас мөнгө авах гээд согтсон учраас авч чадахгүй Золжаргалаар 100 000 төгрөг авхуулсан. Бид гурав гараад Баярсайханы таньдаг хүнд 80 000 төгрөг өгөөд дэлгүүрээс бэлэн гоймон, хөзөр аваад буудалдаа буцаж орсон ба Золжаргал “Баярсайхан согтчихоод АТМ-аас мөнгөө авч чадахгүй надаар авхууллаа” гэж ярьсан. Хөзөр тоглоод сууж байтал Уранбилэг бид хоёртой бие засах өрөөнд орчихоод буцаж орохдоо Баярсайханы гадуур хувцасаа тайлаад тавьсан  сандал дээр суусан. Тэгээд Золжаргал бид хоёрыг утсаар ярья гээд авч гараад  “би Баярсайханы картыг хулгайлчихлаа, та хоёр мөнгө аваад өг” гэхээр нь бид болохгүй гэж хэлэхэд зүгээрээ би зохицуулчихна 120 000 төгрөг аваад өг гэсэн. Би картнаас нь 120 000 төгрөг аваад Золжаргалд карт мөнгө хоёрыг өгөөд Уранбилэгт өгөөрэй гээд өгсөн. Тэгээд буудлын өрөөнд буцаж орж, хэсэг байж байгаад Золжаргал, Уранбилэг нар бие засах өрөө рүү орсон ба Алтангэрэл, Баярсайхан хоёрыг бие засах өрөө лүү ороход Уранбилэг “та хоёр дахиад Баярсайханы картнаас 120 000 төгрөг аваад ир” гээд картыг Золжаргалд өгөөд бид хоёр буудлын нэг давхрын бэлэн мөнгөний машинаас 120 000 төгрөг аваад эргэж өрөөнд ороход Алтангэрэл, Баярсайхан, Уранбилэг 3 хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд бид хоёр хамт тоглосон. Уранбилэг надад Баяраагийн картыг куртикт нь буцаагаад хийчихлээ гэж шивнэж хэлсэн. 23 цаг өнгөрч байхад Уранбилэг цуваад гаръя гээд Золжаргал түрүүлээд, би араас нь удалгүй Уранбилэг гарч ирээд бид гурав Уранбилэгийн найз охин Уянгын гэрт очиж хоносон” /хх-50-53/

 Шүүгдэгч С.Золжаргалын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг

              2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Багануурт ирээд “Соронз” зочид буудалд ороод байж байгаад Баярсайхан ганцаараа гарч яваад эргэж орж ирэхдээ чихэр, нэг шил архи авч орж ирээд бид нар архи уусан. Хэсэг байж байгаад Баярсайхан, Ариунжаргал бид гурав  хөзөр бэлэн гоймон аваад ирье гээд буудлын өрөөнөөс гарч нэг давхарт бууж Баярсайхан “би согтоод байна 100 000 төгрөг аваад өг, найздаа мөнгө өгөх ёстой” гээд нууц дугаараа хэлэхэд би бэлэн мөнгөний машинаас 100 000 төгрөг авч Баярсайханд карт, мөнгийг нь өгсөн. Бид гурав буудлаас гараад Баярсайхан нэг залууд 80 000 төгрөг өгчихөөд “Амтлаг” нэртэй дэлгүүрээс бэлэн гоймон хөзөр аваад буудал руу буцаж ороод би Уранбилэг Алтангэрэл нарт “сая Баярсайхан согтчихоод мөнгөө авч чадахгүй байхаар нь би мөнгийг нь авч өгсөн” гэж зүгээр л ярьсан, бид хөзөр тоглож байтал Уранбилэг,  Ариунжаргал бид хоёрыг хамт бие засъя гээд ариун цэврийн өрөө орсон. Тэндээс гарч ирээд Уранбилэг, Баярсайханы гадуур хувцсаа тайлаад тавьсан сандал дээр очиж суугаад байсан.  Хэсэг хугацааны дараа Уранбилэг, Алтангэрэл Баярсайхан хоёрт хандаж Ариунжаргал, Золжаргал бид гурав гараад эгчтэйгээ яриад ирье гээд бид хоёрыг дагуулаад буудлын өрөөнөөс гарсан.  Гэтэл Уранбилэг Баярсайханы куртикнийх нь халааснаас виза картыг нь авчихсан байсан ба бид хоёрыг картнаас нь 120.000 төгрөг авчих, асуудлыг би өөрөө зохицуулна гэж хэлээд буудлын өрөө рүү буцаад орсон, Ариунжаргал бид хоёр буудлын нэг давхарт байрлах бэлэн мөнгөний машинаас Ариунжаргал карт уншуулж 120.000 төгрөг аваад карт болон мөнгийг надад өгсөн. АТМ-с авсан 120.000 төгрөг болон Баярсайханы картын хамт нууцаар Уранбилэгт өгөх гэтэл мөнгө нь чамд байж байг дараа авъя гээд Баярсайханы виза картыг авсан. Алтангэрэл, Баярсайхан хоёрыг ариун цэврийн өрөө лүү орсон хойгуур Уранбилэг,  бид хоёрт хандаж дахиад 120.000 төгрөг аваад ир гээд Баярсайханы картыг өгсөн. Бид хоёр доошоо буугаад 120.000 төгрөг аваад эргэж буудлын өрөө рүү ороход Алтангэрэл, Баярсайхан, Уранбилэг гурав хөзөр тоглож байсан. Тэгээд Ариунжаргал бид хоёр хамт хөзөр тоглосон. Би Баярсайханы картыг нууцаар Уранбилэгт өгсөн. Удалгүй Ариунжаргал миний чихэнд “Уранбилэг, Баярсайханы картыг куртикнийх нь халаасанд хийчихсэн гэнэ” гэж хэлсэн. Тэгээд Уранбилэг явцгаая гэж хэлсэн. Буудлын өрөөнөөс би, миний араас Ариунжаргал,  хамгийн сүүлд Уранбилэг гарч ирсэн. Бид  таксинд суугаад Уранбилэгийн найз Уянга гэх охины гэрт очиж хоноод маргааш өглөө нь бид 3 Улаанбаатар хот руу явсан. Уранбилэг, Ариунжаргал бид хоёрт мөнгө төгрөг өгөөгүй. Бид Улаанбаатар хотод нийтийн байранд амьдардаг. Хэд хоногийн дараа Уранбилэг өрөөнд орж ирээд саяхан Алтангэрэл утсаар ярьсан, та хоёрыг Баяраа  цагдаад өгсөн гэж байна. Багануурын цагдаагаас яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь чи л бид хоёроор мөнгө авахуулсан биз дээ гэхэд Уранбилэг би тэгж хэлээгүй гээд уурлаад байсан. Ариунжаргал бид хоёр авсан мөнгөө яасан юм бэ гэж Уранбилэгээс асуухад юу  ч хэлэхгүй дуугүй зогсоод байсан./хх-58-61/

 

           Шүүгдэгч Ц.Уранбилэг мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай найз Алтангэрэл утсаар яриад нэг найзтайгаа Багануурт хүрээд ир, би нэг найзтайгаа байна гэж хэлсэн. Би Ариунжаргал, Золжаргал гэдэг хоёр найзтайгаа хамт Багануурт ирэхэд Алтангэрэл найз Баярсайханы хамт бид гурвыг Багануур хөшөөн дээр машинтай тосож аваад “Соронз”  зочид буудалд буусан. Тэгээд Баярсайхан манай хоёр найзтай хамт дэлгүүр ороод 5 ширхэг бэлэн гоймон, хөзөр, 0.5 граммын нэг шил архи авчирсан. Баярсайхан “Сая би нэг хүнд 80.000 төгрөг бэлэглэчихлээ” гэхэд Алтангэрэл чи саяхан л мөнгөгүй гээд байсан яасан бэ гэхэд Баярсайхан инээгээд дүүгүй болсон. Тэгэхэд Ариунжаргал над руу толгой дохиод ариун цэврийн өрөө рүү оръё гэж хэлээд түрүүлээд орсон. Тэгээд Ариунжаргалын араас Золжаргал бид хоёр дагаж орсон. Гэтэл Ариунжаргал, Золжаргал хоёр нэгэн дуугаар Баярсайхан картандаа мөнгөтэй юм байна лээ, сая бэлэн мөнгөний машинаас  надаар 100.000 төгрөг авахуулсан, карт нь куртикнийх нь халаасанд байгаа гэж  хэлсэн. Тэгээд бид гурав  ариун цэврийн өрөөнөөс гараад Баярсайханы дэргэд очиж суугаад би картыг нь халааснаас нь аваад Золжаргалд өгсөн. Удалгүй Золжаргал, Ариунжаргал хоёр гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирсэн. Тэгээд Ариунжаргал надад нууцаар 20.000 төгрөгийг нугалсан байдалтай өгөөд наана чинь 100.000 төгрөг байгаа шүү гэж хэлсэн, би тухайн үед мөнгийг нь тоолж аваагүй. Мөн Баярсайханы картыг надад өгөөгүй. Тэгээд бид нар хөзөр тоглож байтал Золжаргал, Баярсайханы картнаас дахиад мөнгө аваад ирье гээд Ариунжаргалыг дагуулаад гарсан. Удалгүй тэр хоёр орж ирээд  хамт хөзөр тоглосон. Би Багануурт байдаг Ган-Эрдэнэ гэдэг найзтайгаа өдөр уулзана гэж хэлсэн учраас Ган-Эрдэнэ рүү яриад намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд манай найз ирж байгаа би гарч уулзчихаад ирье гэхэд Ариунжаргал хамт гарцгаая, энэ буудалд хонохгүй, тэр ирж байгаа найзуудтай чинь хамт хоноё гэхээр нь би зөвшөөрсөн. Буудлын өрөөнөөс Ариунжаргал, Золжаргал хоёр түрүүлээд гарсан, би Алтангэрэлд явлаа гэдгээ хэлэхэд “за болгоомжтой яваарай” гэж Алтангэрэл хэлсэн. Би буудлаас гараад Ариунжаргалын өгсөн мөнгийг тоолоход 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу 100.000 төгрөг байсан. Тэгээд манай найз Ган-Эрдэнэ найз Мөнх-Түшигийн хамт ирээд бид нар “Найман наран” дэлгүүр орж 6 ширхэг пиво авч “ЗОБО” зочид буудалд нэг өрөө аваад пиво ууцгаасан. Удалгүй Мөнх-Түшиг найз Баяр-Одыг дуудаж хамт пиво уусан. Мөн бид нар караокед 1 цаг дуулсан. Шөнө өлсөөд байхаар нь Баяр-Од бид хоёр “Гэр хүрээ” орж 20 ширхэг хуушуур, 1 шил 0.75 граммын архи авчраад бид нар уусан. Тэгээд бид шөнийн 02 цагийн үед амарцгаасан, Ариунжаргал Мөнх-Түшиг хоёр тусдаа өрөөнд амарсан. Маргааш нь 11 цагт шалгалттай байсан болохоор Ган-Эрдэнийг гуйгаад Мөнх-Түшиг, Ариунжаргал, Золжаргал бид нар Улаанбаатар хот руу хүргүүлсэн. Надад хулгай хийх санаа байгаагүй, яагаад гэвэл би Багануур дүүрэгт амьдардаг, амралтаараа байнга гэртээ ирдэг. Мөн Баярсайхан, Алтангэрэл нарыг таньдаг. Ариунжаргал хулгай хийх санааг гаргасан Баярсайхан картандаа мөнгөтэй юм байна лээ, сая надаар мөнгө авахуулсан би картных нь нууц дугаарыг мэдэж байгаа, Баярсайхан согтуу байгаа юм чинь мэдэхгүй гээд байсан. Би яах гээд байгаа юм бэ? гэхэд Ариунжаргал яадаг юм бэ, зүгээр танай найзуудтай чинь уулзах гэж байгаа юм чинь мөнгөтөй уулзъя, бас нэг найзтай чинь танилцъя гээд байсан. Мөн Золжаргал ч гэсэн яадаг юм бэ, хулгайлчих гээд байсан болохоор картыг нь авчихсан юм.  Шөнө 20.000 төгрөгөөр хуушуур, 20.000 төгрөгөөр 1 шил 0.75 граммын архи, Улаанбаатар хот руу явахдаа 30.000 төгрөгөөр шатахуун хийсэн. Улаанбаатар хотод очоод 28.000 төгрөгөөр хоол идэж надад 2000 төгрөг үлдсэн. Зочид буудлын хоёр өрөөний 60.000 төгрөгийн тооцоог Ариунжаргал хийсэн. Үлдсэн 80.000 төгрөгийг Ариунжаргал мэдэж байгаа. Би Ариунжаргал, Золжаргал нарыг нийт хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Дараа нь Алтангэрэлээс мэдсэн”                                                                                                                                                                 

 Хохирогч Э.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

         “2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Алтангэрэлийн найз охин  нь ирж байна гэхээр нь Алтангэрэл бид хоёр Уранбилэгг, Золжаргал, Ариунжаргал нарыг машинтай тосч аваад “Соронз” буудалд нэг өрөө авч орсон. Алтангэрэл надад 20 000 төгрөг өгөөд намайг дээр нь мөнгө нэмээд архи ундаа аваад ир гээд Золжаргал, Ариунжаргал бид 3 хамт зочид буудлын өрөөнөөс гарч 1 давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 100 000 төгрөг аваад буудлын гадаа надаас мөнгө авахаар хүлээж байсан Нямсүрэн ахад 80 000 төгрөг өгөөд,  “Амтлаг” дэлгүүр орж 75 граммтай архи 1 шил, шоколад, 2 литрийн пиво, бэлэн гоймон зэрэг аваад буцаж буудал руу орж бид архиа уусан. Архи дуусахад Алтангэрэлийн найз Рэнцэнбямба нэг шил архи авчирч түүнийг уугаад хөзөр тоглож  байсан. Удалгүй Ариунжаргал, Золжаргал, Уранбилэг нар алга болсон байсан. Бид гэртээ харьцгаасан. Маргааш өглөө нь утсаа нээхэд миний данснаас 240 000 төгрөгийн зарлага гарсан байсан. Уранбилэг гэгчийн утсыг Алтангэрэлээс авч яриад цагдаагийн байгууллагат өгсөн. Эдгээр хүмүүс 240 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлж өгсөн. Тэднийг нэг удаа харж үзээд ял шийтгэхгүй байхыг хүсье” /шүүх хуралдааны тэмдэглэл/

             

 Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

                        

           2016 оны 3 дугаар сарын 16-ны өглөө ажлаас буугаад хамт ажилладаг Баярсайханыг манай найз найзуудтайгаа Улаанбаатар хотоос ирэх гэж байгаа өнөөдөр жоохон пиво уух уу гэхэд Баярсайхан зөвшөөрөөд 14 цагийн үед  Баярсайхан бид хоёр Уранбилэг, Ариунжаргал, Золжаргал нарыг машинтай тосож аваад Соронз зочид буудалд нэг өрөө аваад орсон. Би Баярсайханд 20 000 төгрөг өгөөд архи ундаа аваад ир гэхэд Баярсайхан Ариунжаргал Золжаргал нарын хамт дэлгүүр яваад 1 шил архи, ундаа, бэлэн гоймон, шоколад авч ирээд бид нар архи ууж байгаад хөзөр тоглох болоод Баярсайхан хөзөр  авахаар гараад удалгүй хөзөр авч ирж бид нар тоглосон. Би найз Ренчинбямбыг 1 шил архи аваад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Ренчинбямбын авчирсан архийг уугаад би унтчихсан байсан, шөнө дунд сэрэхэд Ренчинбямба бид хоёр унтаж байсан. Би Ренчинбямбаас хамт байсан хүмүүс яасан бэ? гэж асуухад цуваад гараад явчихсан гэж хэлсэн. Би ч гэсэн удалгүй буудлаас гарч гэртээ харьсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баярсайхан над руу яриад  өчигдөр танилцсан хоёр охин миний картнаас 240.000 төгрөг авчихсан байна гэхээр нь Уранбилэг рүү ярьж хэлсэн. Тэр өдөртөө Золжаргал гэдэг охин нь Баярсайхан руу яриад дансны дугаараа мессежээр явуулаач гэсэн байсан. Гэхдээ Баярсайхан дансны дугаараа явуулаагүй гэсэн. /хх-24 хуудас/

 

Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

             Надтай хамт ажилладаг Баярсайхан надаас 80.000 төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд би 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баярсайхан руу ярихад “Соронз” буудлын гадаа байна ирээд ав гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Баярсайхан танихгүй хоёр охинтой зогсож байсан. Би мөнгөө аваад явсан  /хх-27 хуудас/

 

Гэрч Г.Мөнхтүшигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:

             2016 оны 3 дугаар сарын 16-ны оройн 23 цагийн үед манай найз Уранбилэг над руу яриад би Багануурт ангийнхантайгаа  зугаалахаар ирээд Соронз буудалд байна Ган-Эрдэнийн машинтай хүрээд ирээч гэсэн. Манай найз Ган-Эрдэнэ өөрийн эзэмшилдээ приус-20 маркийн автомашинтай юм. Тэгээд Соронз буудлын гадаа очиход Уранбилэг танихгүй хоёр охинтой хамт гарч ирээд машинд суусан. Гэтэл Уранбилэг хэдүүлээ пиво аваад, буудалд орж ууя, би тооцоог нь даана гэж хэлээд цүнхнээсээ 38.000 төгрөг гаргаж ирээд Ган-Эрдэнэд өгсөн. Тэгээд Найман Наран дэлгүүр орж 6 ширхэг 2 литрийн пиво аваад   ЗОБО зочид буудалд 1 өрөө авч пиво ууж эхэлсэн. Би тэр хооронд Баяр-Од гэдэг найзыгаа дуудаж бид нар хамт пиво уусан. Бид нар шөнийн 3 цаг 40 минутын үед амарцгаасан. Маргааш өглөө нь Уранбилэг буудлын 30.000 төгрөгийн тооцоог хийсэн. Уранбилэгтэй хамт явсан хоёр охиныг Золжаргал, Ариунжаргал гэж байсан. Маргааш нь өглөө нь Ариунжаргал, Уранбилэг, Золжаргал нар шалгалттай гээд Ган-Эрдэнийн машинаар Улаанбаатар хот руу хүргүүлэхээр болоод би хамт явсан. Тэгээд хотод цайны газар орж хоол идсэн. Хоолны тооцоо 30.000 төгрөг болсныг Уранбилэг төлсөн. Би Ариунжаргалтай хамт нэг өрөөнд хоносон, өрөөний 30.000 төгрөгийг Ариунжаргал төлсөн. Мөн Улаанбаатар хот руу явахад Уранбилэг, Ган-Эрдэнийн машинд  30.000 төгрөгийн шатахуун хийсэн.  Уранбилэг Соронз зочид буудлаас гарч ирээд машинд суучихаад хурдан яваарай манай ангийхан гарч ирэх гээд байна гэж хэлсэн. Тухайн үед Ариунжаргал, Золжаргал нар нь эрүүл байсан. Мөн Зобо зочид буудалд байхад Уранбилэг, Баяр-Од нар гэр хүрээ цайны газар луу явж 20 ширхэг хуушуур, ундаа зэргийг авчирсан. /хх 29 хуудас/

 

          Э.Баярсайханы Хаан банкны 5750594399 дугаартай дансны депозит дансны лавлагаа:

           2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 41 минутад 120 000 төгрөг, 22 цаг 30 минутад 120 000 төгрөгийн гүйлгээ, АТМ049 бэлэн мөнгөний машинаас гүйлгээ тус тус хийгдсэн хуулга /хх-5 дугаар хуудас/

 

        Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

         Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг  нар нь 2016 оны 3 сарын 16-ны өдөр бусдын виза картыг ашиглаж данснаас нь 2 удаагийн үйлдлээр 240 000 төгрөг хулгайлсан нь “2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 41 минутад 120 000 төгрөг, 22 цаг 30 минутад 120 000 төгрөгийн гүйлгээ АТМ049 бэлэн мөнгөний машинаас тус тус хийгдсэн талаарх Э.Баярсайханы Хаан банкны 5750594399 дугаартай депозит дансны лавлагаа,   хохирогч Э.Баярсайханы  “2016 оны 3 дугаар сарын 17-ны өглөө утсаа асаахад миний утсанд 120 000 төгрөгөөр  2 удаа гүйлгээ хийсэн мэдээлэл ирсэн” тухай  мэдүүлэг, шүүгдэгч Г.Ариунжаргалын “Би Соронз зочид буудлын бэлэн мөнгөний машинаас Баярсайханы картнаас 120 000 төгрөг авсан. Уранбилэг “та хоёр  Баярсайханы картнаас дахиад 120 000 төгрөг аваад ир” гээд картыг Золжаргалд өгөхөд бид хоёр 120 000 төгрөгийг тус машинаас дахин авсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Золжаргалын “Баярсайхан согтчихоод мөнгөө авч чадахгүй байхаар нь би мөнгийг нь авч өгсөн, Уранбилэг энэ тухай мэдээд Баярсайханы картыг куртикээс нь аваад бид хоёрыг 120 000 төгрөг аваад ир гэж явуулахад бид хоёр авчирч өгсөн. Уранбилэг дахин 120 000 төгрөг аваад ир гэснээр бид хоёр дахин 120 000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас авчирсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч. Уранбилэгийн “Ариунжаргал, Золжаргал хоёр Баярсайхан картандаа мөнгөтэй юм байна, сая бэлэн мөнгөний машинаас  надаар 100.000 төгрөг авахуулсан, карт нь куртикнийх нь халаасанд байгаа гэж  хэлсэн. би картыг нь халааснаас нь аваад Золжаргалд өгсөн, Золжаргал, Ариунжаргал хоёр надад нууцаар 100.000 төгрөг байгаа шүү гэж хэлээд өгсөн, Золжаргал, Баярсайханы картнаас дахиад мөнгө аваад ирье гээд Ариунжаргалыг дагуулж гараад удалгүй орж ирсэн”  гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

           Энэ үйлдэлд шүүгдэгч Ц.Уранбилэг Золжаргалаас олж авсан мэдээллийг үндэслэн Баярсайханы картыг сэм авч, С.Золжаргал, Г.Ариунжаргал нарын карт ашиглан мөнгө авах боломжийг бүрдүүлсэн, шүүгдэгч С.Золжаргал картын нууц үгийг цээжлэн авч энэ тухайгаа бусдадаа мэдээлсэн, бэлэн мөнгөний машинаас карт болон олж авсан мэдээллээ ашиглан 120 000 төгрөгийг гаргаж авсан, шүүгдэгч Г.Ариунжаргал нь Золжаргалаас олж авсан мэдээлэл, картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 120 000 төгрөгийг гаргаж авсан зэрэг үүргийг тус тус гүйцэтгэж эцэст нь мөнгийг хамтран ашиглаж хэрэглэсэн байна.

Хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр давхар батлагдсан.

Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чаджээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан  нь хулгайлсан гэх 240 000 төгрөгийг найз нартайгаа наргих, хоол авах, хот руу буцаж хүргүүлэх шатахуун зэрэгт зарцуулсан нөхцөл байдлаар тогтоогдож байна.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хэмжээний хохиролд тооцно” гэж заасны дагуу 240 000 төгрөг нь бага бус хэмжээнд хамаарагдаж байна.

Иймд Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 Гэвч Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 000 төгрөг болгон өөрчилсөн нь хэрэгжиж байгаа, шүүгдэгч нар хохирлыг тэр даруйдаа төлсөн, картнаас мөнгийг авахдаа бүгдийг бус бага хэмжээгээр авсан зэргийг үндэслэн Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир гэмт хэрэгт тооцохгүй байх нь зохимжтой гэж дүгнэв.

 

Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба тэдэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Золжаргал, Ариунжаргал нарын эд хөрөнгө болох гар утсыг битүүмжилж утас тус бүрийг өөрт нь хадгалуулсан тухай тогтоолуудыг хүчингүй болговол зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалт, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.4 дэх хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг журамлан Цал овгийн Ганбаатарын Ариунжаргал, Боржигон овгийн  Сүхбаатарын Золжаргал, Боржигон овгийн Цэрэнбатын Уранбилэг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
  2. Г.Ариунжаргал, С.Золжаргал, Ц.Уранбилэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болон  байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдсугай.
  4. Мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Золжаргал, Ариунжаргал нарын эд хөрөнгө болох гар утсыг тус тус битүүмжилж өөрт нь хадгалуулсан тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ