Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1693

 

МАГАДЛАЛ

2019.09.16                                                          Дугаар 1693

О.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Э-д холбогдох

          Хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, олох байсан ашигт 40 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Э манай ажил дээр дахин ирж би хөөрөг хийдэг хүн, надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, хөөрөг хийх ажилд хөрөнгө оруулаад олсон ашгаа хувааж авах талаар надад өдөр бүр хамтран ажиллах санал тавьсан. Би 50 000 000 төгрөгийн төсөв гаргаж хүндийн өргөлтийн холбоонд хандивлах гэж байхад Ж.Э хөрөнгө оруулалтын талаар ярьж “Би цагаан сараас өмнө авсан хөрөнгө оруулалтаа буцааж төлөөд цагаан сарын дараа олсон ашгаа хуваагаад авна” гэхээр нь би зөвшөөрч 30 000 000 төгрөгийг Голомт банкны дансаар Ж.Э-д шилжүүлсэн. Дараа нь би гадаад улс руу явсан хойгуур Ж.Э үлдэгдэл мөнгөө шилжүүлэх талаар над руу залгахаар би мобайл банкиар Ж.Эын данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Цагаан сарын өмнөх өдөр дахин 10 000 000 төгрөг шилжүүлэх талаар над руу ярихаар Ж.Э-д “одоо чи надад мөнгө буцааж өгөх болсон байхад 10 000 000 төгрөг өгөхгүй” гэж хэлсэн. Би Америкт амьдардаг найзуудаа бэлэг авч очих талаар Ж.Э-д хэлэхэд надад 3 хөөрөг өгсөн. Тус бүрийг нь 2 500 000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр хөөрөгнүүдийг найзууддаа бэлэглээгүй, дэлгүүрт тавьж зарах гэсэн боловч хүн авахгүй байхаар би үнийг нь бууруулсан боловч зарагдахгүй байсан. Сүүлдээ ченж дээр очиж зарах гэтэл ченж 300 000 төгрөгөөр авна гэсэн. Би Ж.Э-тай уулзаж энэ талаар хэлэхэд “эдгээр хөөрөгнүүд 2 500 000 төгрөг хүрнэ” гэж хэлж намайг загнасан. Одоо би Ж.Э-д зээлүүлсэн мөнгөө буцааж авч, эдгээр 3 хөөргийг буцааж өгөх хүсэлтэй байна. Иймд зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би урлангаа өргөжүүлж, хөөрөг зардаг дэлгүүр нээх бодолтой байсан, ингээд надад хөрөнгө оруулалт хийх талаар санал тавьсан. Тэгээд бид хоёр хамтран ажиллахаар болсон. Би хөөрөг хийж О.Б хөөрөгний борлуулалтыг хариуцаж ажиллах талаар бид хоёр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулах талаар зохицуулсан боловч О.Б гэрээ байгуулахад 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,   дараа нь 10 000 000 төгрөг шилжүүлсэнээс хойш О.Б холбоогүй болсон. О.Б-ын мөнгөөр их хэмжээний түүхий эд материалыг худалдан авч хөөрөг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ 40 000 000 төгрөгөөр 100-д кг чулуу авсан, О.Б-д 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, одоо бэлэн болсон 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулуу байгаа тул эдгээрийг буцаан өгөх хүсэлттэй байна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-с 32 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-с 320 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуульд заасан аль нэг төрлийн гэрээ биш гэж үзвэл одоо чухам нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж болох ба уг нэрлэгдээгүй гэрээ нь Иргэний хуульд заасан аль ч төрлийн гэрээний ерөнхий шинж онцлогтой нийцэхгүй байх ёстой. Гэтэл шүүх хамтран ажиллах гэрээний шинж тэмдэгтэй хамгийн ойр байна гэж дүгнэсэн хирнээ нэрлэгдээгүй гэрээ юм гэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн гэрээний үүрэгт шилжүүлэх мөнгөө “зээлэв” гэж шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал нь хамтран ажиллах гэрээний агуулгатай нийцэхгүй хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэхээр дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ 32 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн дүгнэлт, тогтоох хэсэг зөрчилдөхөд хүргэж байна. Бидний хооронд байгуулсан тохиролцоо хэлэлцээ нь хамтран ажиллах гэрээ мөн бөгөөд О.Б-ын хэлсэн үгэнд итгэж авсан хөөрөгний чулуунуудыг түүнд бүгдийг өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц бүхий чулууг олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, олох байсан ашигт 40 000 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц бүхий чулууг нэхэмжлэгчид гэрээний үүрэгт өгөх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээ нь нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалттай, борлуулалтын ашигаас гарсан зардлуудаа хасаад цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Зохигч харилцан хүлээх эрх үүргийн талаар гэрээнд зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ. Тиймээс хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хөөрөг хийхэд зориулж 40 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь хөөрөг хийж, нэхэмжлэгч нь борлуулах үүрэгтэй байсан гэх боловч 2018 оны 01 дүгээр сарын 31-ны дотор олох байсан орлогыг хэн аль нь ашиг олоогүй нөхцөл байдал бий болсон тул 2018 оны 02 дугаар сарын 15-нд үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

Нэгэнт хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангасан гэрээ байх тул хэн аль нь үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.  Хэдийгээр хариуцагч нь дээрх үйл ажиллагааг явуулахад үлдсэн материал болон 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц бүхий чулууг нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан төгрөгөөр авсан гэх боловч талуудын байгуулсан гэрээнд тусгагдаагүй эд зүйлсийг оролцуулан нэхэмжлэгчийн үнийн дүнд тооцон өгөх боломжгүй юм. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 320 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

            ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ