Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 46

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож   

Улсын яллагч Б.Буяндэлгэр

Шүүгдэгч Т.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 201701070070

Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ишханд овогт Төгссайханы Анхбаярт холбогдох 201701070070 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Ишханд овогт Төгссайханы Анхбаяр /РД:УП92020214/, 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал-3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 27 дугаар байрны 13 тоот сууцанд оршин суух ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

            Т.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны гадна “намайг дуудлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Д.Баяржаргалын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүгчдэгч Т.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Д.Баяржаргал эхнэр С.Наранцэцэгийн хамт сууж байсан бөгөөд намайг хажуугаар нь өнгөрөх үед Д.Баяржаргал хөөе гэж дуудах шиг болсон. Тэгэхээр нь би Д.Баяржаргал дээр очоод чи намайг яагаад дуудаад байгаа юм бэ, гэхэд чамайг дуудахад яадаг юм гэсэн. Тэгээд Д.Баяржаргал бид хоёр зууралдаад би орцны гадна үүдэнд  Д.Баяржаргалын хамар руу баруун гараараа нэг удаа цохисон... мөн Д.Баяржаргалтай заамдалцаж байх үедээ баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед Д.Баяржаргалын эхнэр С.Наранцэцэг хажууд байсан.

    Хохирогч Д.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

     Т.Анхбаяр гэх залуу намайг орц руу чирч ороод миний куртикний энгэрээс заамдсан байсан. Тэгэхэд Далайцэрэн ард нь зогсож байсан, Т.Анхбаяр миний хамар руу шууд цохисон, хамарнаас цус гарахад манай эхнэр Далайцэрэн гэх залууг чирээд орцноос гаргасан. Далайцэрэн намайг цохиж байгааг би хараагүй, миний хамар хугарсан, цээж хөндүүр болсон байсан. Мөн миний нүдний шил хагарсан, нүдний шилний мөнгө 70.000 төгрөг, толгойн томограф зурагны төлбөр 120.000 төгрөг, хамраа тэгшлүүлэхэд 30.000 төгрөг, Улаанбаатар хот руу явах зардлаа тооцоод нийт 300.000 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, цаашдаа гаргах гомдол санал байхгүй.  

            Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “.. 2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө гэрийнхээ гадаа нөхөртэйгээ сууж байтал хажуугаар нэг залуу өнгөрсөн. Тэгээд нөгөө залуу удалгүй хоёулаа гарч ирээд Т.Анхбаяр гэх залуу нь манай нөхрийг орц руу чирч орсон, араас нь Б.Далайцэрэн гэх залуу орохоор нь би Б.Далайцэрэнг татаад орцноос гаргах үед Б.Далайцэрэн бүдрээд миний дээрээс унасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Т.Анхбаярыг дуудсан зүйл байхгүй, манай нөхрийг Т.Анхбаяр шууд хүрч ирээд цохисон. Манай нөхрийг орц руу чирч оруулаад яг хаана нь хэдэн удаа цохисоныг хараагүй, хананд налуулж байгаад цохиод байгаа харагдсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

            Гэрч Б.Даваахүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “... нэг мэдэхэд Т.Анхбаяр гараад явсан байсан. Тэгээд 01 цагийн үед Т.Анхбаяр гаднаас орж ирэхдээ гадаа хүмүүстэй маргалдсан талаар юм ярьсан. Т.Анхбаяр гэрээс түрүүлээд гараад явсан. Б.Далайцэрэн араас нь гараад явсан. Т.Анхбаяр нилээн согтолттой байсан, Б.Далайцэрэнгийн согтолт гайгүй байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/  

            Сэжигтэн Б.Далайцэрэнгийн “... Би Т.Анхбаярын найз гэх залуучуудтай юм яриад сууж байхад Т.Анхбаяр 01 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан байсан. Т.Анхбаяр гаднаас орж ирээд намайг  хүн зодчихлоо гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд 36 дугаар байрны үүдэнд яваад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орцны үүдэнд сууж байсан. Т.Анхбаярын араас очиход Д.Баяржаргалын хамарнаас цус гарчихсан байсан. Д.Баяржаргал, Т.Анхбаяр хоёр орцон дотор зууралдаад байсан, би салгах гэтэл Д.Баяржаргалын эхнэр С.Наранцэцэг гэх хүүхэн миний цамцны захнаас зуураад гадаш чирч гаргасан. Би орцны хаалганы босгонд тээглээд С.Наранцэцэг гэх хүүхэнтэй цуг газар унасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 52 дугаар хуудас /

            2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай “ Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол / хх-ийн 76-77 дугаар хуудас /

            Шинжээчийн 09шэ/104 дугаартай дүгнэлт: Д.Баяржаргалын биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар нуруу хэсэг зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 34 дүгээр хуудас/

Ял шийтгэлийн талаар: Т.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 61 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Шүүгдэгч Т.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны гадна “ намайг дуудлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Д.Баяржаргалын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Наранцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Даваахүүгийн мэдүүлэг, Б.Далайцэрэнгийн мэдүүлэг, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн  2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09шэ/104/ дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Т.Анхбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны гадна “ намайг дуудлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Д.Баяржаргалын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь танхайн үйлдэлээ хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн “ Намайг хажуугаар нь өнгөрөх үед Д.Баяржаргал хөөе гэж дуудах шиг болсон. Тэгэхээр нь би Д.Баяржаргал дээр очоод чи намайг яагаад дуудаад байгаа юм бэ, гэхэд чамайг дуудахад яадаг юм гэсэн. Тэгээд Д.Баяржаргал бид хоёр зууралдаад би орцны гадна үүдэнд  Д.Баяржаргалын хамар руу баруун гараараа нэг удаа цохисон, заамдалцаж байх үедээ баруун гараараа түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Д.Баяржаргал  нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг хүлээн авсан болох нь хохирогчийн мэдүүлэгээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

Иймд Т.Анхбаярыг бусдыг илтэд хүндэтгэн, хүч хэрэглэж, биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно.    

Шүүхээс Т.Анхбаярт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Т.Анхбаяр нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 297, 298 дугаар

зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                           

ТОГТООХ НЬ:

  1.  Ишханд овогт Төгссайханы Анхбаярыг догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ишханд овгийн Төгссайханы Анхбаярыг 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Анхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Т.Анхбаярт оногдуулсан 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Т.Анхбаярт хяналт тавихыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  5. Т.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Т.Анхбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Анхбаярт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА