Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1695

 

МАГАДЛАЛ

2019.09.16                                                   Дугаар 1695

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01440 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИНЕГ-т холбогдох        

          Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Б нь Завхан аймгийн Доной нисэх буудлын даргаар 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/46 дугаартай тушаалд хууль зүйн үндэслэлгүйгээр харилцан тохиролцсон гэсэн худал, хуурмаг үндэслэлээр 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцлан намайг ажлаас халсан юм. Энэхүү хууль бус тушаалаар ажил албан үүргээсээ халагдсан учир 2017 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 183/ШШ2017/01146 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/321 тоот тушаалын дагуу Доной нисэх буудлын даргын албан тушаалд эгүүлэн томилогдсон. Ж.Б эмнэлэгт хэвтэж байхад буюу 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр комиссын хүмүүс ирж 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/128 тоот тушаал гарч ажлаас чинь чөлөөлж, өөр ажилд шилжүүлж байгаа тухай мэдэгдэж, тушаалд гарын үсэг зур гэсэн. Тухайн үед Б.Бяхаржалбуу эмнэлэгт хэвтэж байгаа учир гарын үсгээ зураагүй. Иймд Ж.Бг Завхан аймаг дах Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 17 464 188 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Ж.Б 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 110 өдрөөс 30 өдөр ажилдаа ирээгүй ба үүнээс сүүлийн 13 өдөр нь шууд удирдах нэгжийн даргад албан ёсоор хэлж чөлөөний хуудас болон тушаалаар чөлөө аваагүй ажил тасалсан, үүнээс үүдэн нисэх буудлын даргыг түр орлон гүйцэтгэх тухай тушаал шийдвэргүйгээр холбооны инженер Н.Баян хууль бус тушаал гаргаж холбогдох хууль журам зөрчигдөж, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа доголдсон. Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, мөн Захиргаа, удирдлагын газраас 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 04/440 тоот албан бичгээр өгсөн Ж.Б орон сууцны үнийн хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд байгууллагын эзэмшлийн 2 өрөө орон сууцанд өөрөө амьдардаггүй, охин нь нөхрийн хамт амьдардаг тул орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй. Байгууллагын орон сууцанд түр амьдрах хүсэлт 2017 оны 2 дугаар сарын    20-ны өдөр 2 ажилтан гаргасан байтал байгууллагын байранд амьдрах хүсэлт, өргөдөл гаргасан ажилтан байхгүй гэж байгууллагыг болон ажилтныг хуурч мэхлэх үйлдэл гаргасан. Нисэх буудлын аэродромын хамгаалагдсан бүсэд ургасан өвсийг хадахаар хамгаалагдсан бүсэд нэвтэрсэн автомашин, техник хэрэгсэл, хүн хүч хэзээ орж, хэдий хугацаагаар ажилласан талаар харуул талбайн журам сахиулагчид тэмдэглэж бүртгээгүй бөгөөд түр нэвтрэх үнэмлэхгүй нэвтрүүлсэн, хадсан 2000 орчим боодол өвсийг хамгаалагдсан бүсээс ачиж гаргасан хүн болон автомашин, техник хэрэгслийн бүртгэл байхгүй, мөн хураалттай үлдсэн байсан 200 орчим боодол өвсийг хэзээ хааш нь ачиж гаргасныг тэмдэглээгүй, бүртгээгүй байсан бөгөөд шалгалтын дараа нөхөж баримтууд бүрдүүлсэн. Дээрх зөрчил, алдаа дутагдлууд нь Ж.Б-ийн ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдож, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байгаа, мөн нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан бөгөөд энэ нь Завхан аймаг дах Доной нисэх буудлын 2017-2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хяналтын байцаагчийн 2018 оны 180/18 дугаар дүгнэлтэд дурдсан шаардлага, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2018 оны 5/199 тоот албан бичиг, шууд хариуцах удирдлагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Завхан аймаг дах Доной нисэх буудлын даргаар ажиллаж байсан Ж.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөр дуусгавар болгож, Завхан аймаг дах Тосонцэнгэл нисэх буудлын мэдэлд шилжүүлсэн болно. Тушаал гаргаж өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан боловч өөрөө сайн дураар хийгээгүй. Өөрөөр хэлбэл, албан тушаалын шатлалыг бууруулснаас бус ажлаас халаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-г ИНЕГ-ийн харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын нийт 294 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 464 188 төгрөгийг гаргуулж, Ж.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 315 470 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/482 дугаар тушаалаар Ж.Б-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд үүгээр байгууллагын орон сууцыг чөлөөлж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаагүй ажилтныг оруул гэсэн үүрэг даалгавар биелэгдээгүй, харин ч сахилгын шийтгэл ногдуулсаар байтал удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, түүнчлэн орон сууцыг чөлөөлөлгүй харин ч бусдад дамжуулан хөлсөлж хувьдаа ашиг олох зэргээр удирдлагыг хууран мэхэлсэн үйлдлүүд гаргаж байх тул арга буюу сахилгын дараагийн арга хэмжээг авсан нь нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан асуудал биш юм. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Доной нисэх буудлын дарга байхдаа аэродромын техникч Д.А-д орон сууцыг түр эзэмшүүлэх гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан байх боловч бодит байдал дээр орон сууцыг хүлээлгэн өгсөн зүйлгүй, энэ талаар нотлох баримтгүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газраас Ж.Б-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг Завхан аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж буй талаар тайлбарласан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар мэдэхгүй гэж илтэд зайлсхийсэн тайлбар хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ИНЕГ-ын даргын Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 183/ШШ2017/01146 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь уг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч нисэх буудлын даргын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан байгууллагын үйл ажиллагаа доголдсон, нислэгийн болон нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөх зөрчил дутагдал үүссэн гэх үндэслэлээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.5, 3.5.1.1, 3.8.2, 3.8.3.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон байна.

Тодруулбал, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн албан тушаалын шатлалыг бууруулснаас бус ажлаас халаагүй гэж тайлбарлаж, мөн нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсаар байтал удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй гэж үзэн өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаа хүлээж авахаас өмнөх цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлыг зөв дүгнэжээ. Учир нь хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч зөрчил гаргаж байсан гэх нь цаг хугацааны хувьд таарахгүй байх ба эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэж байсан нь эмчийн магадлагаа болон Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагчийн дүгнэлт зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь дээрх эмнэлгийн магадлагаад хамаарахгүй 13 хоногийг ажил тасалсан гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Б-г Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажилд эгүүлэн тогтоож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэн 17 464 188 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                           ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                  М.НАРАНЦЭЦЭГ