Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

Х.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Э.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Х.Э /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ч /шүүх хуралдааны танхимаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Х.Э-т холбогдох 2019000220043 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О овгийн Х-ын Э, Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “*****” нөхөрлөлийн ахлагч, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн **** сумын * дүгээр баг, Төмөр замын ** дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Айраг сумын * дүгээр баг, Хонгор 2 гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт явуулж, 0,07 га талбайг эвдрэлд оруулж, газрын хэвлийд 8,316,927 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Х-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-т ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Э-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авч,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Э-т ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох А.Э-ны эзэмшлийн Beiben-ND3250 маркийн **-** УНВ улсын дугаартай, өөрөө буулгагчийн үнэ 45,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Э-оос гаргуулан хурааж, байгаль орчинд учруулсан болон нөхөн сэргээлтийн нийт хохирол 9,425,287 төгрөгийг Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгож, илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулж,

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэх Lui Gong 50 маркийн ковшны үнэ 30,000,000 төгрөг, Б.Гэрэлсайханы эзэмшлийн Robex-2900 LC-7 маркийн **-** УН улсын дугаартай экскаваторын үнэ 55,000,000 төгрөгийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй тул үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэнийг дурдаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй байна. Х.Э нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад “...нөхөрлөлийн гишүүдийг байлцуулаагүй” /1х/х-168х/ гэж тэмдэглэгдсэн байна. Мөн А.Э-ны тээврийн хэрэгсэлд үнэлгээ дүгнэлт гаргахдаа биет байдлаар гэж үзэлгүй фото зургаар дүгнэлт гаргаж зах зээлийн үнээс дээгүүр үнэлэгдсэн байна.

            2. “*****” нөхөрлөлийн ахлагч Х.Э нь Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргатай “бичил уурхай”-н чиглэлээр ашигт малтмал олборлох тухай өргөдөл гаргаж гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д нийцсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл: Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэсэн хуулийн шаардлага нь: тусгай зөвшөөрөлгүйгээр... тусгай зөвшөөрөл гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д зааснаар “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгож байна. Миний үйлчлүүлэгч Х.Э нь “*******” нөхөрлөл байгуулж улсын бүртгэлд бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагааны чиглэл дээрээ 2018 оны 02 дугаар сарын 28-нд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгүүлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр” ...шаардлагыг шүүх гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлтдээ” ...хуулийн дагуу нөхөрлөл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүх хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ: “Шинжээч хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн тээврийн хэрэгслийн бодит байдлыг үзэж, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгааг харьцуулж тодорхойлсон, тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогийг харгалзан үнэлгээг тодорхойлох Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна гэж үзэв” гэж дүгнэсэн хэрнээ А.Э-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээг Х.Э-оос гаргуулан шийдвэрлэсэн нь хууль нийцээгүй байна.

            3. Хохирлын үнэлгээг гаргахдаа шинжээч уг газар дээр очиж дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Х. нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор олборлолт хийж байсан байна. Тиймээс ямар газарт хэдий хэмжээний газар ухсан өмнө нь ашиглаад нөхөн сэргээлт хийсэн юм уу үгүй юм уу эдгээрийг ялгаж салгаж үнэлгээ гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл нөхөрлөлийн гишүүдийг байлцуулан өөрсдөөр нь заалгаж хийх ёстой байсан. Тиймээс шинжээчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тээврийн хэрэгслийг бодит байдлаар нь үзүүлж үнэлгээ тогтоолгох, мөн олборлолт хийсэн гэх газар дээр дахин үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Нэмж хэлэхэд намайг тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь дандаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг байлцуулахгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан. Мөн гэрчийн мэдүүлэг дээр миний төрсөн ахыг согтуу байхад нь мэдүүлэг авсан байна лээ. Тэгээд миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг, өөрөө бол би тийм мэдүүлэг өгөөгүй мэдэхгүй байна зүгээр нэг юман дээр л гарын үсэг зуруулсан гэдэг” гэв.

 

Прокурор Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нөхөрлөлийн хувьд шүүгдэгч Х.Э нь өөрийн хамаарал бүхий найз нөхөд гэр бүлийн гишүүдийн нэрсийг оруулж нөхөрлөл байгуулсан нь тогтоогддог, мөн эдгээр гишүүдийн байцаахаар жонш олборлох үйл ажиллагаанд оролцсон байдал тогтоогддоггүй. Х.Э-ын хувьд нөхөрлөл байгуулна гэж нэр авчхаад тухайн хүмүүсийг оролцуулахгүй өөрөө бие даан үйл ажиллагаа явуулж жонш олборлож байсан нь тогтоогддог. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг Айраг сумын Засаг дарга М, шүүгдэгч Х.Э нар нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Тухайн үйл ажиллагаа явагдаж байхад Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тухайн Айраг суманд болсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар бичил уурхайгаар ашигт малтмал хийхдээ төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэн Айраг шинэ цагийн залуучууд нөхөрлөлийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон улсын байцаагчийн актад шүүгдэгч Х.Э гарын үсэг зураад хүлээж авсан байдаг. Мэргэжлийн хяналтын газрын урьдчилсан шалгалтад сумаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох 2018 онд байгуулсан гэрээнүүд нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал журмын заалтуудыг зөрчсөн байна гэж үзээд гэрээг хүчингүй болгосон байдаг. Айраг сумын Засаг дарга М нь “*****” нөхөрлөлийн гэрээг хүчингүй болгосон тухай албан бичгийг шүүгдэгчид хүргүүлсэн байдаг. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон нь эдгээр нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнээс хойш шүүгдэгч Х.Э нь тухайн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад нь мөн гэрч Элбэгсайханы мэдүүлгээр “миний гэрээ хийсэн газар дээр хамтдаа ашгаа хуваах зарчмаар хамтран ажиллая, бүх бичиг баримт бүрэн” гэж хэлснээс хамтдаа ажилласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэгддэг. Прокурорын яллах дүгнэлтэд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал олборлосон. 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сарын 8-ныг хүртэл Айраг сумын Хонгор гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж яллах дүгнэлтэд үзсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ гаргасан хохирлын хэмжээ болон ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ гарсан байгаа. Үүнд шинжээч тээврийн хэрэгслийг биет байдлаар үзсэн мөн тухайн тээврийн хэрэгслийн он сар тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг зах зээлд зарагдаж байсан үнэ ханшийг харьцуулж тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон байдаг. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхдээ шинжээч хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн тээврийн хэрэгслийн бодит байдлыг үзэж дүгнэлт хийлгүй, зөвхөн зах зээл дээрх ижил төстэй хөрөнгийн үнийн судалгаа хийж харьцуулж тодорхойлсон үнэлгээний шинж байдал онцлогийг тодорхойлох Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагуудын зөрчсөн байна гэж дүгнэсэн. Өмгөөлөгчөөс Х.Э-ын хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа ашигласан ковш бусад техник, тээврийн хэрэгслүүдийг алийг нь ашигласныг шалгаж тогтоогоогүй атлаа Э-ны тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй. Эдгээр тээврийн хэрэгсэлд тогтоосон үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж эдгээрийг шүүгдэгчээс гаргуулахгүй гэсэн байгаа. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангахаас татгалзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байгаа” гэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Э-ын өмгөөлөгч Ж.Ч-ийн  давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.А-с шүүгдэгч Х.Э-ыг  2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн **** сумын * дүгээр баг, Хонгор 2 гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт явуулж, 0,07 га талбайг эвдрэлд оруулж, газрын хэвлийд 8,316,927 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал ... олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал ... олборлох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.

 

            Тодруулбал шүүгдэгч Х.Э нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу “*****” нэртэй нөхөрлөл байгуулан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн /1хх-32/, нөхөрлөлийн ахлагчаар ажиллахдаа Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргатай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар Айраг сумын Хонгор нэртэй газар 5 га талбайд бичил уурхайгаар хайлуур жонш олборлох гэрээг байгуулж үйл ажиллагаа явуулж байсан боловч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар тухайн талбайг бичил уурхайгаар ашиглах боломжтой эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй зөрчил илэрч нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоохоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 11-05-038/26 дугаартай улсын байцаагч актаар /1хх-5/ шийдвэрлэж, актыг “******” нөхөрлөлийн ахлагч Х.Э-т танилцуулж тэрээр зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж, акт хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэтэл “******” нөхөрлөлийн ахлагч Х.Э нь ийнхүү үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн шийдвэр гарснаас хойш жонш олборлох үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж үзэв. Үүнд:

 

Гэрч Х.Э-ын “...2019 оны 02 дугаар сараас хойш 7 сар хүртэл ... хөрс хуулах ажил явуулсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-14/,

 

Гэрч Д.Б-ийн “... Миний ажиллаж байгаа газарт 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын хугацаанд уг газарт жонш ялгаж ажилласан ...” гэсэн мэдүүлэг /1хх-22/,

 

Гэрч Э.Л-ийн “... нөхөрлөл үйл ажиллагаагаа зогсоосон болоод удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ байдлаар таслан зогсоохоор Айраг сумын Засаг даргын тамгын газраас 2-3 удаа төлөвлөгөөт шалгалт зохион байгуулж ажиллахад дээрх 2 нөхөрлөл үйл ажиллагаагаа нь явж байсан ба Засаг даргын тамгын газраас үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх талаар албан бичгийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн ...” гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга Л.М-ын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/697 дугаартай албан бичиг /1хх-6/, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга Л.М-ын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/237 дугаартай албан бичиг /2 хх-79/, 

 

Гэрч Л.М-ын “...уг хоёр нөхөрлөл Ашигт малтмалын газарт гаргуулахаар хүсэлтээ өгсөн ба үүний дагуу Ашигт малтмалын газрын дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг явуулсан. Уг хүсэлтийн дагуу Х.Э ахлагчтай нөхөрлөлийн явуулсан газрын солбицол нь давхцалгүй гэсэн хариу ирсэн боловч аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нөхөрлөлүүдтэй нэмж гэрээ байгуулахгүй журам шинэчлэгдэж байгаа гэсэн чиглэлийн дагуу ******* болон ******* нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулаагүй. Тэгээд үйл ажиллагаа нь зогсоох тухай удаа дараа бичгээр болон өөрийн биеэр тавьсан боловч үйл ажиллагаагаа зогсоогоогүй, сумын Хонгор гэх газрыг чөлөөлж өгөхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-151/, “...Би Х.Э-той байгуулсан гэрээг 2019.04.18-ны өдрийн 5/237 дугаартай албан бичиг тоотоор гэрээг дуусгавар болгосон. Тухайн үед Х.Э ахлагчтай нөхөрлөл нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.1, 8.1.3, 9.1.1 дэх заалтуудыг зөрчиж байна гэж үзэж мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоосон акт албан бичгийг тус тус үндэслэн гэрээг дуусгавар болгож, Х.Э-т албан бичгээр мэдэгдсэн. ...Х.Э-той байгуулсан гэрээ нь Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хавсралтад тусгасан загвар гэрээ байгаа юм. Гэрээг дуусгавар болох үндэслэл нь “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам “-ыг хэрэгжүүлээгүй буюу Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулах заалтыг биелүүлээгүй зөрчилтэй байсан учраас гэрээг цуцлах үндэслэл болсон юм. ... гэсэн мэдүүлэг /2хх-73/ зэрэг  болно.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн хууль бус гэсэн шинжийг хууль тогтоогч тусгай зөвшөөрөлгүй гэж тодруулж тодорхойлсноос үзэхэд энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэл нь тусгай зөвшөөрөлгүй буюу эрх бүхий байгууллагаас олгосон хууль ёсны зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон байхаар ойлгогдож байна.

 

            Энэ талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид буюу энэхүү  харилцааг зохицуулж буй Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” зэрэгт зааснаас үзэхэд ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, эсхүл бичил уурхайгаар  хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр явуулах хэлбэрүүдийг зохицуулжээ.

 

             Шүүгдэгч Х.Э нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу “*****” нэртэй нөхөрлөл байгуулан, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн /1хх-32/, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан хэдий ч нэгэнт эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байхад үйл ажиллагаагаа зогсоогоогүй ба энэ нь түүнийг ашигт малтмал олборлох ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан гэж үзэх үндэслэл болох тул түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэсэн гэх тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгохоор шинжилгээ хийж, шинжээч дүгнэлт гаргасан байх ба анхан шатны шүүх Lui Gong 50 маркийн ковш тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Robex-2900 LC-7 маркийн экскаваторын үнэ тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэсэн нь буруу биш байх ба харин гэрч А.Э-ны өмчлөлийн Beiben-ND3250 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

            Тодруулбал яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцсон прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаагүйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар гэрч А.Э-ны өмчлөлийн Beiben-ND3250 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг болон бусад техник хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар ажиллагаа хийхдээ  А.Э нь тухайн тээврийн хэрэгслүүдийг ашигласан, эсхүл тэрээр өөрийн тусгай зөвшөөрөл бүхий газарт тээврийн хэрэгслүүдийг ашигласан, эсхүл шүүгдэгч Х.Э бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл бүхий талбайд ашигласан эсэхийг зааглаж, ялгаж тогтоогоогүй байна.

 

Энэ нь гэрч А.Э-ны “... Би уг Хонгор нэртэй газарт гэрээ байгуулаад 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл Хьюндай-3000 маркийн экскаваторыг Б гэдэг хүнээс түрээсэлсэн. Өөрийн эзэмшлийн Норд бенз сонсмол 16-83 УНВ улсын дугаартай ачааны машиныг бас ажиллуулсан. /2 хх22-23/ ... 2018 оны намраас “Сар өдрийг санахгүй байна” Айраг сумын 1 дүгээр багт байх “Хонгор” гэх газарт би худалдаж авсан 3 монгол гэр, мөн өөрийн эзэмшлийн “liugong 50” ковш 1 ширхэг, 16-83УНВ улсын дугаартай, улбар шар өнгийн Норд бенз маркийн өөрөө буулгагч 1 ширхэг, Б гэх хүнээс түрээсэлсэн Хьюндай 3000 экскаватор зэргийг аваачиж олборлолт хийж эхэлсэн. Харин Э-т бол огт техник хэрэгсэл байгаагүй.  Гэтэл үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын сүүлээр /Өдрийг сайн санахгүй байна/ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд давхцалгүй гэсэн дүгнэлтгүй, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгүй гэсэн 2 зөрчлөөр үйл ажиллагааг зогсоох тухай акт өгчихөөд яваад өгсөн. Энэ цагаас хойш ажиллаагүй. ... би “*****” ХХК-ийн нэр дээр Айраг сумын “****” гэдэг газарт “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох” хайгуулын тусгай зөвшөөрөл аймгийн Засаг даргаас авч тэндээ үйл ажиллагаагаа явуулж байсан. Манай талбай болон Э-ын талбай 2 хоорондоо маш ойрхон байдаг. Тийм ч учраас хүмүүс андуурах тохиолдол элбэг /2 хх186-187/ гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ын “... А.Э нь 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд миний ... эксковаторыг ... түрээслэн ажиллуулсан, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл /2хх138-140/, “******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /А.Э-ыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн/ /2хх143/, гэрч К.Х-ийн “... техникүүдийг дандаа Э ах ажиллуулж байсан, ... Э гэх хүний талбай байдаг байсан, хажууд нь ойрхон Э ахын талбай байдаг байсан. Намайг анх очиход Э ахын талбайд олборлолт явагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /2 хх169/ зэрэг нотлох баримтаар тогтоогдов.

 

Мөн шүүгдэгч Х.Э нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу байгаль экологид учруулсан хохиролд болон нөхөн сэргээлтийн зардалд нийт 9425287 төгрөгийг шүүгдэгч Х.Э-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцсэн.

 

Харин шүүгдэгч Х.Э болон түүний өмгөөлөгч Ж.Ч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн агуулга бүхий тайлбар саналыг гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд шалган тогтоосон тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүйн гадна шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөгчөөс 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгаль орчны хохирлын үнэлгээ тогтоолгох тухай шинжилгээ хийлгэхээр “Сайхан Ариун дэлхий” ХХК-ийг томилж, тогтоолыг шүүгдэгч Х.Э-т танилцуулсан /1хх-56/ байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчөөгүйн гадна  мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Э нь шинжээч томилох тухай тогтоолтой танилцсан атлаа шинжилгээтэй холбоотой хүсэлтийг гаргаагүй байна.

 

Энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа шинжээч томилсон тогтоолд гарын үсгийг дараа нь нөхөж зуруулсан гэх боловч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн шүүгдэгч Х.Э нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүйн гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх бөгөөд шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гэм буруугийн асуудлаар маргаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 39.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй байх зарчмыг баримтлан түүнд хүлээлгэсэн  тэнсэх албадлагын арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн “... А.Э-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээг Х.Э-оос гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ... “ гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг ...”, “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох А.Э-ны эзэмшлийн Beiben-ND3250 маркийн **-** УНВ улсын дугаартай, өөрөө буулгагчийн үнэ 45,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Э-оос гаргуулан хурааж ...” “ ... илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулсугай.” гэснийг тус тус хасч өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч-ийн давж заалдсан гомдлын “... А.Э-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийн үнэлгээг Х.Э-оос гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...“ гэсэн хэсгийг  хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ