Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 47

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баясай   

Улсын яллагч Б.Буяндэлгэр

Хохирогч С.Мөнхцэрэн

Шүүгдэгч С.Нямцэрэн / өмгөөлөгч оролцоогүй, өөрөө өөрийгөө өмгөөлсөн / нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар 201701070059

Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Урианхай овогт Сэргэлэнбаатарын Нямцэрэнд холбогдох 201701070059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Урианхай овогт Сэргэлэнбаатарын Нямцэрэн /РД:УД89081304/, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Лүн сумын Хулаагуу цайны газарт зөөгч ажилтай, гэр бүлийн байдал-2, хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 14-592 тоот хаягт оршин суух ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

            С.Нямцэрэн нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоотод оршин суух С.Мөнхцэрэнгийн гэрээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр монетон гинж, ээмэг 1 хос, бөгж, кулон зэрэг 920.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж С.Мөнхцэрэнд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Нямцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүгдэгч С.Нямцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2017 оны 03 дугаар сарын дундуур өөрийн эцэг Сэргэлэнбаатартай маргаж муудалцаад 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүрэгт амьдардаг нагац эгч С.Мөнхцэрэнгийнд нялх хүүхдийг нь асрах гэж ирсэн. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед нагац эгч С.Мөнхцэрэнгийн гэр бүлийнхэн Улаанбаатар хот руу явсан, би гэрт нь ганцаараа үлдсэн юм. Тэгээд оройн 20 цагийн үед унтлагын өрөө рүү нь орж, орны тавиур дээр байсан улаан өнгийн хайрцаг дотроос монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг эд зүйлсийг аваад Улаанбаатар хот руу Хэрлэн худалдааны төвийн урдаас таксинд суугаад явсан. Би Улаанбаатар хотод ирээд Сансарын туннелийн орчим байрлах ломбарданд бөгжийг нь 190.000 төгрөгийн барьцаанд тавиад Жуковын музейн хажууд зочид буудалд хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гинжийг нь 165.000 төгрөгөөр нөгөө ломбарданд тавьж мөнгөөр нь найзуудтайгаа идэж, уугаад дуусгасан. Ингэж явсаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ээмгийг нь Хар хорин захын орчимд ломбарданд 180.000 төгрөгийн барьцаанд тавьж, 100.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан. Миний хувьд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Налайх дүүрэг, Улаанбаатар хотын хооронд найз нөхдийнхөөрөө хоноглож явсан. Би С.Мөнхцэрэн эгчийн эд зүйлийг буцааж өгнө гэж бодож байсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Мөнхцэрэн эгчийн эд зүйлсийг ломбарднаас авч тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн, эгчээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.

    Хохирогч С.Мөнхцэцэрн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай дүү над руу “та надад зардлын мөнгө өгөөч, би танайд очих гэсэн юм” гээд мессэж бичсэн. Нямцэрэн манай аавын дүүгийн хүүхэд байгаа юм. Тэгээд би данс руу нь мөнгө шилжүүлэхэд тэр өдрөө ирээгүй. Тэгээд 2017 оны 03 сарын 20-ны өдөр байсан санагдаж байна, дүүгээс ахиад мессэж ирсэн чинь “би мөнгөө үрчихлээ, та надад зардлын мөнгө өгөөч, би одоо яг очих гээд байна” гэхээр нь “би одоо өгч чадахгүй, надад мөнгө алга, банкны зээлээ төлөх гэж байна” гээд өгөөгүй. Тэгээд тухайн үед манай дүү “нөхрийгөө хот руу явж шүдээ янзлуулах гэж байгаа, буцахад нь суугаад ир гэх юм уу?” гэхээр нь “за за тэгье, зардалгүй юм чинь” гээд тэр орой нь манайд ирсэн. Тэгээд манайд ирээд 2-3 хоносон, тухайн үед манай нөхөр Хэнтий рүү тэмцээнд явах болоод “04 сарын 08 хүртэл хүүхдийг маань  хараад өгөөч, Атраа ах чинь тэмцээнд явах юм байна” гэсэн чинь “за” гэсэн. Ингээд 2017 оны 03 сарын 24-нд бид хот явах болоод 2 хүүхдээ аваад “бид нар маргааш ирнэ” гээд хот явахдаа Нямцэрэнг гэртээ үлдээсэн. Тэгээд хотод оччихоод утас руу нь залгаад байсан чинь утсаа авахгүй байсан, тэгэхээр нь “за, за, Багануурт таньдаг мэддэг хүн байдаг байлгүй дээ” гээд орхисон. Тэгээд маргааш нь ирж амжаагүй, нөгөөдөр нь ирсэн чинь цүнхтэй хувцсаа аваад явчихсан байсан. Би гэртээ ирээд хувцас хунараа тайлаад ээмэг, бөгжөө хийдэг газар нь хийх гэсэн чинь тэнд байсан ээмэг, зүүлтнүүд байхгүй болсон байсан. Тэгээд Нямцэрэнгийн утас руу залгаад байсан чинь утсаа авахгүй болохоор нь ”чи юм аваад явчихсан байна шүү дээ, авчираад өгөөч, эсвэл тавьсан газраа хэл ээ” гэсэн чинь ерөөсөө хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би аав, ээж рүү нь утасдаад “ингэсэн байна” гэсэн чинь аав, ээж нь “цаадах чинь уурлаад гэрээсээ яваад өгсөн, чи цагдаагийн байгууллагад хандахгүй юу даа” гэхээр нь цагдаад хандсан. Миний монетан бөгж, хос ээмэг, кулонтойгоо гинж, нийт 920.000 төгрөгийн эд зүйл алдсан байсан. Одоо гомдол, саналгүй, хохирлоо биет байдлаар нь буцаагаад авсан, нэхэмжлэх зүйлгүй. С.Нямцэрэнг уучилж, сайн дураараа эвлэрсэн.

            Гэрч Д.Атарчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “.. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот руу яваад 2 хоночихоод ирсэн. Бид нарыг Улаанбаатар хот руу явахад С.Нямцэрэн манай гэрт үлдсэн бөгөөд бид нарыг ирэхэд манай гэрийн унтлагын өрөөний хананы тавиур дотор байсан улаан өнгийн хайрцаг дотор байсан манай эхнэр С.Мөнхцэрэнгийн монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэргийг хулгайлсан байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас

            Гэрч Ө.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2017 оны 03 дугаар сарын сүүлчээр манай хамаатан С.Мөнхцэрэн над руу утсаар залгаад С.Нямцэрэн манай гэрээс гинж, ээмэг, бөгж аваад явчихсан байна. Одоо яах вэ? гэхээр нь би цагдаад мэдэгд гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/  

Ял шийтгэлийн талаар: С.Нямцэрэн нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 50 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ / Монетон гинж-190.000 төгрөг, Монетон ээмэг 1 хос, монетон бөгж кулон-730.000 төгрөг, хх-ийн 50 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт / 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, хх-ийн 68-69 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Шүүгдэгч С.Нямцэрэн нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоотод оршин суух С.Мөнхцэрэнгийн гэрээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр монетон гинж, ээмэг 1 хос, бөгж, кулон зэрэг 920.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж С.Мөнхцэрэнд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч С.Мөнхцэрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргээс манай аавын дүүгийн охин болох С.Нямцэрэн манайд ирсэн. Тэгээд С.Нямцэрэнгээс 2017 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрийг хүртэл манай хүүхдийг хараад өгөөч гэхэд С.Нямцэрэн зөвшөөрч манайд амьдарч эхэлсэн. Манай гэр бүлийхэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд С.Нямцэрэн манай гэрт ганцаараа үлдсэн. Бид нар 2 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед Улаанбаатар хотоос ирэхэд С.Нямцэрэн цүнхтэй хувцасаа аваад явчихсан байсан. Би гэр доторх эд зүйлээ шалгахад унтлагын өрөөний жижиг шүүгээн дотор байсан монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг байхгүй байсан. Тэгээд С.Нямцэрэнгийн 88351014 дугаар утас руу залгахад утсаа авахгүй салгаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Мөн С.Нямцэрэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний эд зүйлсийг бүрэн бүтэн, тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Тиймээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг болон гэрч Д.Атарчулуун, Ө.Сэргэлэнбаатар нарын мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Нямцэрэн нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 78 дугаар байрны 16 тоотод оршин суух С.Мөнхцэрэнгийн гэрээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр монетон гинж, ээмэг 1 хос, бөгж, кулон зэрэг 920.000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлж С.Мөнхцэрэнд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч нь хулгайн үйлдэлдээ шууд санаатай, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлттэй хандсан нь шүүгдэгчийн “ Унтлагын өрөө рүү нь орж, орны тавиур дээр байсан улаан өнгийн хайрцаг дотроос монетон бөгж, ээмэг, гинж, кулон зэрэг эд зүйлсийг аваад Улаанбаатар хот руу Хэрлэн худалдааны төвийн урдаас таксинд суугаад явсан. Би Улаанбаатар хотод ирээд Сансарын туннелийн орчим байрлах ломбарданд бөгжийг нь 190.000 төгрөгийн барьцаанд тавиад Жуковын музейн хажууд зочид буудалд хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гинжийг нь 165.000 төгрөгөөр нөгөө ломбарданд тавьж мөнгөөр нь найзуудтайгаа идэж, уугаад дуусгасан. Ингэж явсаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ээмгийг нь Хар хорин захын орчимд ломбарданд 180.000 төгрөгийн барьцаанд тавьж, 100.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч С.Мөнхцэрэн  нь монетон гинж 1 ширхэг, кулон 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос зэргийг биет байдлаар нь хүлээн авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэргээр батлагдаж байна.

Иймд С.Нямцэрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний буюу 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.    

 Шүүхийн шатанд хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч “Хохирогч С.Мөнхцэрэн би С.Нямцэрэнтэй эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул С.Нямцэрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн эвлэрлийн гэрээ, бичгийн баримт үйлдэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, энэ тухайгаа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй зэрэг нөхцөл байдал, тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар С.Нямцэрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлвөл зохино. Мөн улсын яллагчаас шүүгдэгч хохирогч нарыг сайн дураараа эвлэрснийг батлах нь зүйтэй гэснийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Урианхай овогт Сэргэлэнбаатарын Нямцэрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Урианхай овогт Сэргэлэнбаатарын Нямцэрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Урианхай овогт Сэргэлэнбаатарын Нямцэрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. С.Нямцэрэн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  5. С.Нямцэрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж С.Нямцэрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА