Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 52

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож   

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч Л.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 201701070071

Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Лхам-Осорын Алтангэрэлд холбогдох 201701070071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өөлд овогт Лхам-Осорын Алтангэрэл /РД:УГ66080615/, 1966 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, гэр бүлийн байдал-2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Л.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 3 тоотод буюу айлын хашаа андууран орж бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хашаан дотор байсан 71 настай, эмэгтэй Ж.Дашцэвэлийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайд амьдардаг Төгөлдөр гэх залуугийнд 3 шил 0.75 литрийн архийг 3 залуугийн хамт уусан. Би архи уух үедээ өөрийн эзэмшлийн мотоциклийг хашааны гадна тавьсан байсан. Гэтэл миний мотоцикль алга болсон. Удалгүй манай эхнэр Ү.Цэрэндулам гар утсаар залгаад миний мотоциклийг Сургалтын задгайн 3-4 тоот хашаанд байна гэж хэлэхээр нь Төгөлдөр, Нараа бид гурав Сургалтын задгайн 3-4 тоот хашаа руу ортол нэг настай эмэгтэй “муу сайн архичид хашаан дотор юу хийгээд яваад байгаа юм, юу хулгай хийх гээд байна гэж загнасан, удалгүй нэг эрэгтэй гарч ирээд “ яагаад ээжтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ? гээд намайг цохисон. Тэгээд муудалцаад байж байхад цагдаа нар ирсэн. Би Ж.Дашцэвэл гуайг цохьсон талаараа санахгүй байна, миний хувьд мотоциклоо хайж яваад айлын хашаа андуурч орсон.  

    Хохирогч Ж.Дашцэвэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

     2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гэрээсээ сүү авах гээд гартал 1 хүүхэн, 2 залуу манай хашаанд байж байсан. Тэгээд тэнд байсан нэг хар хүн “ Өө энэ байна, миний мотоциклийг гаргаж өг” гэхээр нь юун мотоцикль вэ гэхэд тэр залуу миний мотоциклийг өг эсвэл мөнгийг нь өг гээд миний нүүр рүү нэг удаа цохисон дараа нь зүүн хөл рүү маань өшиглөсөн. Намайг цохьсон эрэгтэй хүн согтуу байсан. Манай хашаан дотор болон гадна талд ямар ч мотоцикль байгаагүй. Настай намайг шалтгаангүй зодж гэмтээсэнд маш их гомдолтой байна. Миний хувьд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.  

            Гэрч О.Нарангаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “.. 2017 оны 04 дүгээр сард Алтангэрэл ах манай гэрт мотоциклтой ирээд манай нөхөр Төгөлдөр, Алтангэрэлийн найз гэх хүнтэй 2 хоног архи уусан. Тэгтэл Алтангэрэл ахын мотоцикл хашааны гадна байж байгаад алга болсон. Удалгүй Алтангэрэл ахын эхнэр Дулмаа залгаад “ мотоцикль чинь Сургалтын задгайд байгаа очиж ав “ ав гэж хэлсэн Алтангэрэл, Төгөлдөр, Алтангэрэл ахын найз гурав гэрээс гараад явсан, би араас нь гарсан. Дагаад явж байтал тэр гурав айлын хашаа руу орсон удалгүй нэг настай эмэгтэй чанга дуугараад байхаар нь яваад очтол тэр эмэгтэйн хамраас цус гарсан, Алтангэрэл ах газар унасан байдалтай байсан. Тэгээд тэр эмэгтэйн хүү нь цагдаа дуудсан гэхээр нь би нөхрөө аваад явсан. Алтангэрэл ах маргааш нь ирээд манай нөхөрт хандаж “ ах нь буруу юм хийчихлээ хүн цохичихлоо болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдэгдээрэй гэж хэлсэн ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

            Гэрч В.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “... 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай ээж дэлгүүр орж сүү авна гээд 10 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд удалгүй гаднаас Мөнхбаатараа гээд миний нэрийг дуудах шиг болохоор нь  гартал ээжийн амнаас нь цус гарчихсан, Л.Алтангэрэл гэх хүн хажууд нь зогсож байсан ба энэ хүн намайг цохьсон гэж Алтангэрэл рүү хуруугаараа заасан. Ээж маань надад хэлэхдээ Алтангэрэл гэх хүн мотоциклоо авъя гэж ээжид хэлсэн гэсэн. Хариуд нь манай ээж чиний мотоцикль манайд байхгүй хашаа руу ороод хар гэж хэлэхэд мотоцикль өгөхгүй бол мөнгийг нь өг гэж Алтангэрэл хэлээд ээжийн нүүр рүү гараараа цохьсон гэсэн.   /хх-ийн 17 дугаар хуудас/  

            Гэрч С.Төгөлдөрбатын “... Сургалтын задгайн 3-4 тоот хашааны гадна очтол нэг настай эмэгтэй гараад ирсэн. Тэгтэл Алтангэрэл “миний мотоцикль байгаа юу” гэж асуутал нөгөө настай эмэгтэй “чиний мотоцикль энд байхгүй хулгайч минь” гээд загнаад байх шиг байсан. Тэгээд нэг хартал нөгөө настай эмэгтэй ам хамраа дараад гэрээсээ хүүхдээ дуудсан. Тэгтэл гэрээс нь нэг залуу гарч ирэхэд нь нөгөө настай эмэгтэй энэ намайг зодсон гэж Алтангэрэлийг заасан....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 18 дугаар хуудас /

            Шинжээчийн 09шэ/112 дугаартай дүгнэлт: Ж.Дашцэвэлийн биед доод уруулд шарх, эрүүний өмнөд хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20 дугаар хуудас/

Ял шийтгэлийн талаар:

  1. 1982 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-гээр 5 жил хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.
  2. 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 11 сар 17 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
  3. 1985 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
  4. 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар хот гарнизоны цэргийн тусгай шүүхийн 36 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн 42 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 10 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
  5. 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил, 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
  6. 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаартай шүүгчийн захирамжаар 4 сар 7 хоногийн өмнө тэнсэн суллагдсан.
  7. 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Багануур дүүргийн  шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.
  8. 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
  9. 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн багануур дүүргийн шүүхийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
  10. 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 71 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа  дуусч суллагдсан.
  11. 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
  12. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

                Улсын яллагчаас шүүгдэгч Л.Алтангэрэлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 3 тоотод буюу айлын хашаа андууран орж бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хашаан дотор байсан 71 настай, эмэгтэй Ж.Дашцэвэлийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэн догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Л.Алтангэрэл нь өөрийн эзэмшлийн мотоциклоо хулгайд алдсан, тухайн мотоциклийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 4 тоот хашаанд байна гэж түүний эхнэр нь хэлсэн зэрэг зүйлээс шалтгаалан айлын хашаа андууран орж өөрийн мотоциклоо нэхэж хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Дашцэвэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Нарангаравын мэдүүлэг, гэрч В.Мөнхбаатарын мэдүүлэг, гэрч С.Төгөлдөрбатын мэдүүлэг,  шүүх эмнэлэгийн 09шэ/112/ дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэжээ.

Шүүгдэгч Л.Алтангэрэл нь хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь “...манай эхнэр Ү.Цэрэндулам гар утсаар залгаад миний мотоциклийг Сургалтын задгайн 3-4 тоот хашаанд байна гэж хэлэхээр нь Төгөлдөр, Нараа бид гурав Сургалтын задгайн 3-4 тоот хашаа руу ортол нэг настай эмэгтэй “муу сайн архичид хашаан дотор юу хийгээд яваад байгаа юм, юу хулгай хийх гээд байна гэж загнасан, удалгүй нэг эрэгтэй гарч ирээд “ яагаад ээжтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ? гээд намайг цохисон. Тэгээд муудалцаад байж байхад цагдаа нар ирсэн. Би Ж.Дашцэвэл гуайг цохьсон талаараа санахгүй байна, миний хувьд мотоциклоо хайж яваад айлын хашаа андуурч орсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч Л.Алтангэрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайд алдагдсан мотоциклоо хайж явахдаа айлын хашаа андууран орж хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

            Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй ба хохирогч Ж.Дашцэвэл нь хохирлын төлбөрт 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. Мөн хохирогч Ж.Дашцэвэл шүүх эмнэлэгт үзүүлж төлбөр болох 8000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246.2, 283, 286, 294, 295, 297, 298дугаар

зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                           

ТОГТООХ НЬ:

  1. Л.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  2.  Өөлд овогт Лхам-Осорын Алтангэрэлд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Өөлд овогт Лхам-Осорын Алтангэрэлийг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Л.Алтангэрэлээс 8000 /найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Дашцэвэлд олгосугай.
  5. Хохирогч Ж.Дашцэвэл нь хохирол болох 1.000.000 төгрөгийн талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Алтангэрэлд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА