Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 158/ШШ2023/0046

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Хурмастын хүлэг” ХХК,

            Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга

Хариуцагч: БУАОНӨГ/202312017 дугаартай тендерийн Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “ЭПО”ХХКомпани нарын хоорондын “БУАОНӨГ/202312017 дугаартай тендерт “ЭПО” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл/ /дүгнэлт/, Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “ЭПО” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Хурмастын хүлэг” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах тухай” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Хурмастын хүлэг” ХХКомпанийн захирал Г.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл, гуравдагч этгээд “ЭПО” ХХКомпаний захирал Ж.Пүжий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Хурмастын хүлэг ХХК нь Булган аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороонд холбогдуулан “БУАОНӨГ/202312017 дугаартай тендерт “ЭПО” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл/ /дүгнэлт/, Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “ЭПО” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Хурмастын хүлэг” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. “ЭПО” ХХК тус тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулаагүй атал тус гэрээг байгуулсан мэтээр тендерийн хуурамч материал бүрдүүлж өгсөн байхад тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй, 
    2. Үнэлгээний хороо тендерийн материалд эргэлзээтэй, дутуу зүйл байвал оролцогч болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодруулах үүрэгтэй байтал манай шүүхийн тусгай архивын лавлагааг тодруулаагүй,
    3. Бид хуульд заасан хугацаанд нь Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хүсэлтээ илгээсэн байхад лавлагаа, тодорхойлолтыг ирүүлээгүй.  Дээрх лавлагааг авахад биднээс шалтгаалаагүй, эрх бүхий байгууллага хугацаандаа тодорхойлолтыг гаргаж өгөөгүй байхад биднийг буруутгасан нь үндэслэлгүй. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр болон аймгийн Засаг даргын мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, дараагийн оролцогчтой гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй” гэж тодорхойлсон. 
  3. Хариуцагч Үнэлгээний хорооны даргаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. “Хурмастын хүлэг” ХХКомпани нь уг тендерт шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг ирүүлээгүй, хүсэлт гаргасан төлөвтэй,
    2. Барилгын инженерээр ирүүлсэн хүний мэдээлэл нь олдсонгүй гэх төлөвтэй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй болсон.
    3. Мөн уг тендер шалгаруулалтад зөвхөн нэг оролцогч шаардлага хангасан тул хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнийн саналаар эрэмбэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нөхцөл үүсээгүй” гэжээ.
  4. Хариуцагч Булган аймгийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
    1. Тус аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан аймгийн Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар захирамжаар байгуулсан.
    2. Захиалагч нь үнэлгээний хорооноос шалгаруулсан гүйцэтгэгчийг өөрчлөх боломжгүй тул албан бичгээр уг тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн.
    3. Даалгах шаардлагын тухайд “Хурмастын хүлэг” ХХКомпани нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “
    1. Манай компани нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 33.1, 33.2 заалтуудын хүрээнд Булган аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулах гэрээг байгуулах ажлыг хугацаа алдсанаас болж манай ажилтан өмнөх гэрээний он, сар, өдөр, дугаарыг засварлан цахимаар хүргүүлсэн байна. Энэ тухай тендер нээгдсэнээс хойш олж мэдэж, арга хэмжээ авсан,
    2. ТШЗааварчилгааны 33 дугаар заалтын дагуу энэхүү гэрээ нь ТШЗ-ны 32-т зааснаар тендерээс татгалзах үндэслэл болохгүйг харгалзан үзнэ үү,
    3. Нэхэмжлэгч нь шүүхийн тусгай архивын лавлагаа цахим системээр ирүүлээгүй байгаа нь гэрээ байгуулах шаардлагад нийцэхгүй байгаа тул гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд:  

  1. Нэхэмжлэгч тайлбартаа: “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17.2-т зааснаар Шүүхийн архивын тодорхойлолтыг тухайн оролцогч нар 3 хоногийн өмнө цахимаар худалдан авна гэж заасан. Түүнээс биш оролцогч өөрөө цахимд баталгаажуулна гэсэн зүйл байхгүй. Одхүү итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компанийн буруу гэж тайлбарлаж байна. Та өөрөө хуулиа давхар хараагүй байна. Хуульд манай компанийн зүгээс уг тодорхойлолтыг цахимд баталгаажуулах заалт байдаггүй. Одхүү дарга үүнийг мэднэ. Өмнө нь Үнэлгээний хороог хэд хэдэн удаа ахалж ажиллаж байсан хүн. Манай компани сүүлийн 11 жил цахим тендерт оролцож байгаа. Үнэлгээний хорооны зарим нэг шинэ гишүүдээс илүү тендер боловсруулах тал дээр мэргэшсэн. 11 жилийн хугацаанд тендертэй холбоотой сайн, муу бүх зүйлийг мэддэг болсон. Манай компанийн зүгээс алдаа байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ олон компанийн эрх ашгийг хөндөж, хууль бус шийдвэр битгий гаргаасай. Миний бие Барилгачдын холбооны даргын хувьд энэ нь буруу зүйл гэдгийг шүүхийн байгууллагаас гаргуулж, цаашид аль аль талдаа үүнийг анхаарч явахгүй бол болохгүй байна. Бодит амьдрал дээр манай компани хуулийн хүрээнд буюу 3 хоногийн өмнө өөрөөр хэлбэл 72 цагийн өмнө худалдаж авсан. Хэрвээ 72 цагаас өмнө худалдаж аваагүй буюу 72 цагаас 1 л минут хэтрэхэд худалдаж авах боломжгүй болдог. Үүнийг худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Баярцэнгэл маш сайн мэдэж байгаа. Сая Баярцэнгэл төлөөлөгч тайлбар хэлэхдээ 72 цагийн хугацааны талаар хэлэхгүй байна. Үнэлгээний хороо өөрсдөө хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа бол энэ компани 72 цагийн өмнө лавлагаагаа авсан байна уу гэдгийг шалгах ёстой. Энэ нь төрийн цахим системийн ажиллагаа гэдгийг хэн ч ойлгож мэднэ. Мөн Уранбилэгийн талаар яригдаж байна. Энэ тендер өмнө нь будлисан. Эхний зарлагдсан тендерт 2 компани гомдол гаргасан. Өмнө нь инженергүй, машин механизмгүй компанийг тендерт шалгаруулсан. Ингээд Сангийн яаманд оролцогч нараас гомдол гаргасан. Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна. Дахин үнэл гэж шийдвэрлэсэн. Гэтэл дахин үнэлэлгүй дахин тендер зарласан. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад танай аймгийн Үнэлгээний хороо өөрөө хууль зөрчөөд байна. Тендерийг дахин үнэл гэсэн боловч дахин зарласан байна гэсэн. Гэтэл 2 дахь удаа буюу дахин ийм асуудал гарсан. Уранбилэгийн регистрийн дугаарыг нь Баярцэнгэл итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн.  Манай компанийн мэдээллийг шинэчилсэн хүн Уранчилэгийн регистрийн дугаарын 86 гэсэн тоог 88 гэж бичсэн юм яриад байгаа. Сүүлийн 2 жилд тухайн тендерт оролцож байгаа компанийн инженерийн иргэний үнэмлэхийг авдаг болсон. Нотариатаар батлуулж авахаа болиод эх хувиас нь скайнердаж авдаг болсон. Манай компани инженерийнхээ иргэний үнэмлэхийг эх хувиас нь скайнердаж явуулсан. Үнэлгээний хорооны гишүүдийн ярьж байгаагаар манай инженерийг 2 регистрийн дугаартай.  Регистрийн дугаарын тоог 86 гээд программаас татахаар аль аль мэдээлэл нь гарч ирэхгүй байсан. 88 гэж татахаар Энхбатын Уранбилэг гэж гарч ирсэн гэж байна. Бид нар өөрсдөө инженерээрээ мэдээллийг татуулахаар холбогдох мэдээлэл нь зүгээр гарч ирсэн. 8 дугаар сарын 20-доор шүүхэд материал өгөхдөө инженерийнхээ дипломын хуулбарыг өгсөн. Өнөөдөр дахин үүнийг баталгаажуулж “Нэг цонхны үйлчилгээ”-ээс очиж холбогдох лавлагааг авч шүүхэд гаргаж өгсөн. Одхүү төлөөлөгч хэлж байна. Бараг инженерийн дипломтой юм уу, бараг хуурамч гэж байна. Манай инженер манай компанид инженерээр ажиллаж сүүлийн 6-7 жил нийгмийн даатгал төлж байгаа. 2020 оны 01 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх 3 жил 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг өнөөдөр хэрэгт гаргаж өгсөн. Энэ хугацаанд 1 ч сар хоцорч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсхүл төлөгдөөгүй гэсэн зүйл байхгүй. Бүгд цаг хугацаандаа төлөгдсөн. Булган аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ дагуу Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2 дахь удаагаа зарлагдсан. Өмнөх тендерт оролцоход Уранбилэгийн нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа болон диплом зөрчилтэй гэсэн зүйл илрээгүй. Манай компанид өгсөн мэдэгдлийг шүүгч анхаарч үзнэ үү. Мэдэгдэл дээр Уранбилэгтэй холбоотой зүйл байхгүй. Ганцхан Шүүхийн тусгай архивын лавлагаа гэж байгаа. “Хурмастын хүлэг” ХХК өмнө нь инженергүй байж инженертэй гээд тендер шалгаруулалтад оролцоод байсан уу?. Энэ хугацаанд хууль бус тендер шалгаруулж байсан уу?. Үүнийг ойлгохгүй байна. Сангийн яаманд гомдол гаргаж, цаасаар 8 хуудас материал өгсөн. Хуулийн хугацаанд гомдлоо гаргасан. Ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гомдлыг цаасаар болон мэйлээр хүргүүлсэн. Гэтэл Засаг даргын мэдэгдлийг ирүүлээгүй тул танай гаргасан гомдлоос татгалзлаа гэсэн хариу өгсөн. Тэгээд Сангийн яам руу утасдаж энэ талаар асууж, гар утсан дээрээ бичлэг хийж авсан.  Худалдан авах ажиллагааны газар нь тийм зүйл ирээгүй гэсэн. Бичиг хэргээс нь тодруулж асуухад танай компаниас 2 удаа мэйл ирүүлсэн байна. Яг одоо шалгаад өг гэхэд. 8 хуудас материал байна. Тэнд Засаг даргын мэдэгдэл байна гэсэн. Миний цаасаар өгсөн баримтад Засаг даргын мэдэгдэл байна уу? гэхэд байна гэсэн. Тэгээд яагаад эрх бүхий албан тушаалтанд танилцуулагдаагүй вэ? гэхэд аймгийнхаа Орон нутгийн өмчийн газартайгаа ярь гэсэн. Утсаар ярьж байсан чинь эрэгтэй хүн утсыг нь булааж авсан. Тэр хүн “чи наад компаниа ажлыг нь хийлгээч ээ” гэж хэлсэн. Би ямар учиртай юм бэ? Манай гаргасан гомдлын материал зүгээр байна гэхэд. Наад компаниа ажлыг нь хийлгэ гэсэн. Тэгээд би угаасаа энэ асуудал шийдэгдэхгүй юм байна гээд шүүхэд хандсан. Сангийн яам энэ асуудлыг шийдсэн бол шүүхэд хандах шаардлага байгаагүй” гэв.
  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Манай “Хурмастын хүлэг” ХХК нь 8 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж хэлье. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Манай компаниас гадна 2 компани уг тендерт оролцсон. Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1023 дугаартай албан бичгээр манай компанитай гэрээ байгуулах боломжгүй. “Эпо” ХХК-тай гэрээ байгуулах боломжтой, “Эпо” ХХК-ийн тендер шаардлага хангасан тухай мэдэгдлийг ирүүлсэн. Бидний зүгээс тус мэдэгдэл болон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс энэ асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам бид нарын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Бид нар гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан. Гомдлоо мэйлээр явуулсан. Гэвч мэйлээр явуулсан гомдлыг хүлээн авсан ажилтан нь эрх бүхий албан тушаалтандаа танилцуулахдаа Үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулаагүй юм шиг байна лээ. Түүнээс шалтгаалж шийдвэрийг хавсаргаж ирүүлэх шаардлагыг ханаагүй гээд гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ийм зүйл болсон. Ингээд шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Гол нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл нь Тендерийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ямар тохиолдолд тендерт оролцогч нь ерөнхий нөхцөлийг хангахгүй вэ гэдгийг заасан байдаг. Мөн хуулийн 1.6-д илт худал тендер ирүүлсэн тохиолдолд ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлд тендер нээсний дараа тендер тус бүр дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ. Илт худал тендер ирүүлсэн материалыг шалгаж үзэх зохицуулалтыг заасан байдаг. Энэ шаардлагыг хангахдаа Захиргааны ерөнхий хууль, Тендерийн хууль, тендерийн баримт бичигт заасан нөхцөлүүд, зохицуулалтын хүрээнд захиргааны байгууллага буюу Үнэлгээний хороо бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой гэсэн зохицуулалт байна. Гэтэл Үнэлгээний хороо дээрх зохицуулалтыг биелүүлээгүй. Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Хуульд заасан холбогдох үүргээ биелүүлээгүй тул шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй. Учир нь тендерт шалгарсан “Эпо” ХХК нь тендерийн баримтад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээг өгсөн. Энэ компани нь уг газартай гэрээ байгуулаагүй байж байгуулсан мэтээр баримт өгсөн нь илт хуурамч баримтад үндэслэн шийдвэрлэсэн. Энэ нь дээр дурдсан хуулийг зөрчсөн тул Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймээс Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 7 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, уг хууль бус дүгнэлтийг үндэслэж гарсан Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Эпо” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, “Хурмастын хүлэг” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж өгнө үү” гэв.
  3. Хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний нээлт 7 дугаар сарын 17-ны өдөр болсон. Тендерт 3 компани материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж,  “Эпо” ХХК-ийг тендерт шалгаруулсан. Булган аймгийн Засаг даргаас 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1023 дугаартай албан бичгээр оролцогч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Тендерийн үнэлгээ хийхэд “Тайффейт” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст 4,779,000 төгрөгийн өртэй байсан тул тендерийн ерөнхий шаардлагыг хангаагүй. Харин “Хурмастын хүлэг” ХХК нь Энхбатын Уранбилэгийг барилгын инженерээр томилсон захирлын тушаал ирүүлсэн. Гэвч барилгын инженерийн жагсаалт гаргасан хүснэгтэд регистрийн дугаарыг ФД88111915 гэж бичиж ирүүлсэн. Мөн иргэний үнэмлэх хавсаргаж ирүүлсэн ба түүнд ФД86111915 гэж байсан. Тендер шалгаруулалт нь Сангийн сайдын тушаалаар баталсан цахим тендер зохион байгуулах журмын дагуу явагддаг. Цахим программд захиалагчийн эрхээр нэвтэрч ороод уг инженерийн мэдээллийг татаж үзэхэд ФД88111915 гэсэн регистрийн дугаараар лавлагаа татагдсан гэж гарч ирсэн. Ороод үзэхээр Энхбатын Уранбилэг гэж гарч ирсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлт  болон боловсролын мэдээлэл нь татагдахгүй байсан. 86 гэсэн регистрийн дугаараар лавлагаа хоосон гэж гарч ирж байсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолтыг татаж үзэхэд хүсэлт гаргасан гэсэн төлөвтэй харагдаж байсан. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.7-д шүүхийн тусгай архивын тодорхойлолт буюу шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өртэй эсэх тодорхойлолтыг  тендерт оролцогчид тендер хүлээн авах хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч, системийн холбогдох хэсэгт холбосон байна гэж заасан. Мөн Tender.gov.mn цахим систем дээр хэрэглэгчийн хөтөч гэсэн цэс байдаг. Уг цэсэд “Хурмастын хүлэг” ХХК-ийн тендерийн материал ирүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт 7 дугаар алхам буюу хүсэлт гаргасан гэсэн төлөвтэй харагдаж байна. Хэрвээ алхам нь гүйцэд хийгдсэн бол  батлагдсан буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт харагдах ёстой байсан. Үнэлгээний хорооноос “Хурмастын хүлэг” ХХК-ийг дээр дурдсан үндэслэлээр харин “Тайпит” ХХК-ийг татварын  өртэй гэсэн үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан. “Эпо” ХХК нь тендерийн ерөнхий шаардлага хангасан гэж шалгаруулж мэдэгдэл хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6-д зааснаар “Хурмастын хүлэг” ХХК нь  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байгуулсан гэрээг хуурамч гэрээ гэж маргаад байгаа. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-т заасны дагуу эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол шаардлагад нийцэхгүй тендер гэж үзнэ. Эрх бүхий улсын байцаагч нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд ажилладаг. Бид Орон нутгийн өмчийн газрын даргын албан бичгээр уг гэрээг хуурамч эсэхийг тогтоолгохоор хүсэлтийг хүргүүлсэн. Уг ажиллагаа хийгдээд явж байгаа. Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зөвлөгөөн дээр хэрвээ дотоодын давуу эрх тооцох шаардлага гарвал, үнийн саналаар эрэмбэлэх бол дотоодын давуу эрх тооцох журмын дагуу үнэлгээ хийнэ гэсэн заалт байдаг. Уг тендерт оролцсон 3 оролцогчоос зөвхөн 1 оролцогч нь тендерийн ерөнхий шаардлага хангасан тул хуурамч гэж үзээд байгаа гэрээг тендерийн үнэлгээнд харгалзаж үзэх шаардлага гараагүй” гэв. 
  4. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ дагуу Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хуульд заасан шаардлага хангасан албан хаагчид, иргэдийн төлөөлөгчийн оролцуулж, уг үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Үнэлгээний хорооны гишүүдэд хөндлөнгөөс нөлөөлөх боломж байхгүй. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааг цахим системээр тендер зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу уг тендерийг зохион байгуулж ажилласан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг зохион байгуулж аймгийн Засаг даргад ирүүлсэн саналыг аймгийн Засаг дарга өөрчлөх эрх байхгүй. Тухайн Үнэлгээний хорооны шалгаруулалтын дагуу тухайн тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлдэг хуулийн зохицуулалттай. Иймээс аймгийн Засаг даргын хувьд Үнэлгээний хороо хууль, журамд заасны дагуу шударгаар ажилласан тул Үнэлгээний хорооны саналыг хуульд нийцсэн, холбогдох журмын дагуу зохион байгуулсан тендер гэж үзсэн. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага “Хурмастын хүлэг” ХХК-аар ажил гүйцэтгүүлэхээр даалгах гэж байна. “Хурмастын хүлэг” ХХК нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан тодорхойлолт нь цахим санд нээгдээгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодорхойлолт авч, цахим системд оруулах үүрэг нь тухайн аж ахуйн нэгжид өөрт нь байдаг. Сангийн сайдын 255 дугаар  журмаар тухайн аж ахуйн нэгж өөрсдөө Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт өгч бусад иргэн, аж ахуйн нэгжид өртэй эсэх лавлагааг гаргуулна. Гэтэл Үнэлгээний хороо цахимд уг цонхыг нээж үзэхэд өртэй эсэх лавлагаа гарч ирвэл түүнийг дүгнэнэ. Гэтэл цахимаас өртэй эсэх лавлагаа гарч ирээгүй байвал тухайн материалыг дутуу ирүүлсэн гэж үзнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн лавлагаа цахимд орох эсэх нь тухайн аж ахуйн нэгжийн өөрийнх нь гүйцэтгэх ажил юм. Энэ нь Үнэлгээний хорооны буруу биш. “Хурмастын хүлэг” ХХК-ийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас гарсан асуудал юм. Хоёрдугаарт тухайн компанийн инженер Энхбатын Уранбилэгийн мэдээллийг ирүүлсэн байна. Гэтэл ирүүлсэн баримтад бичсэн регистрийн дугаар болон иргэний үнэмлэхийн регистрийн дугаараар хайж үзэхэд боловсролын болон нийгмийн даатгалын лавлагаа гарч ирээгүй. Тухайн хүн дээрх журамд заасны дагуу инженер мэргэжлийн боловсролын эзэмшээгүй, “Хурмастын хүлэг” ХХК-д ажилладаггүй гэсэн мэдээлэл гарч ирсэн. Тиймээс уг шаардлагыг хангаагүй тул “Хурмастын хүлэг” ХХК нь тендерт шалгараагүй. Дотоодын давуу эрх тооцуулах гэрээний хувьд аль аль нь маргадаг. Эхлээд Үнэлгээний хороо Сангийн сайдын баталсан журамд заасны дагуу шалгаруулалт хийсэн. Уг тендерт оролцсон 3 компанийн материалыг хянаж үзсэн. 2 буюу түүнээс дээш компани ерөнхий шаардлага хангасан тохиолдолд үнийн саналаар эрэмбэлнэ. Ингэхдээ дотоодын давуу эрх тооцно. Үнэлгээний хороонд дотоодын давуу эрх тооцох шаардлага байгаагүй. Нэг л компани шаардлага хангасан тул дотоодын давуу эрх тооцох шаардлагагүй байсан. Орон нутгийн өмчийн газраас Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн байгаа. Хэрвээ Сангийн яамнаас материалыг шалгаад илт хуурамч баримт гэж үзвэл уг 2 компани дахиж тендерт оролцох боломжгүй болно. Дараа дахин тендерт оролцоход энэ 2 компанид асуудал үүснэ. Урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан гэж байна. Энэ асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлсэн бол заавал шүүхэд хандах шаардлагагүй байсан. “Хурмастын хүлэг” ХХК-аас дутуу материал өгөөд материал нь буцаагдсан. Түүнээс биш Сангийн яамны ажилтан эрх бүхий албан тушаалтандаа дутуу материал танилцуулсан гэдгийг нотлох боломж байхгүй. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
  5. Гуравдагч этгээд “ЭПО” ХХКомпаний захирал Ж.Пүжий тайлбартаа: “Тендерийн баримт бичгийн 33 дугаар зүйлд дотоодын давуу эрх тооцох асуудлыг заасан. Энэ заалтад нотлох баримт бүрдүүлнэ гэж заасан. Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас албан бичиг авна гэсэн заалт байгаагүй. Манай компани Булган аймагт байнгын үйл ажиллагаа явуулдаг. Тэр журам дээр тодорхойлолт авна гэж байгаагүй тул бид нар өөрсдөө нотлох баримт бүрдүүлэх гэж хичээсэн. Манай ажилтан өмнө нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас авч байсан тодорхойлолтынхоо огноог өөрчилж өгсөн алдаа гаргасан. Миний зүгээс энэ нь тендерийн баримт бичгийн 33.1-т зааснаар тендер шалгаруулахад үндэслэл болохгүй гэж үзэж байна. Уг тодорхойлолт нь 33.2-т тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж байна. Миний гаргасан зөрчлийн асуудал тендер шалгаруулалтад нөлөөлөхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Хурмастын хүлэг” ХХКомпани нь Булган аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороонд холбогдуулан “БУАОНӨГ/202312017 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл/ /дүгнэлт/, Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “ЭПО” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Хурмастын хүлэг” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ЭПО” ХХКомпанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 158/ШЗ2023/0232 дугаартай захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “Үнэлгээний хороо тендерт илт хуурамч материал ирүүлсэн оролцогчийг шалгаруулсан,

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тодорхойлолт авахаар хүсэлт илгээсэн боловч захиргааны байгууллагын буруугаас лавлагаа тодорхойлолт ирээгүй нь бидний буруу биш” гэж;

Хариуцагч Үнэлгээний хорооноос  “Нэхэмжлэгч нь шүүхийн тусгай архиваас авах тодорхойлолтыг ирүүлээгүй, барилгын инженерээр бүртгүүлсэн иргэний лавлагаа хур системээс олдоогүй тул шаардлага хангаагүй” гэж;

Хариуцагч аймгийн Засаг даргаас “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй ба тус хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу мэдэгдлийг хүргүүлсэн” гэж,

Гуравдагч этгээдийн талаас “тендер шалгаруулах явцад давуу эрх тооцоогүй учраас нэхэмжлэгчийн хуурамч гэж үзсэн гэрээг үнэлээгүй тул Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гарсан ” гэж тус тус маргажээ.

4. Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн “БУАОНӨГ/202312017 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл,

Булган аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “ЭПО” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий акт байна.

5. Маргааны үйл баримтын талаар

5.1. Булган аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/88 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга, гишүүдийг томилсон байна. /Тендерийн баримт бичгийн 2 дугаар тал/

5.2. Энэхүү захирамжийн дагуу Үнэлгээний хороо тендер зарлах болон тендерийн бичиг баримтыг боловсруулахаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хуралдан, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, баримт бичгийг боловсруулан тендер нээх хугацааг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байхаар шийдвэрлэсэн. Гэвч төрийн худалдан авах ажиллагааны цахим системд гэмтэл гарснаар тендер нээх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болгон сунгаж, тендерт оролцогчдын материалыг хүлээн авчээ.

5.3. Ийнхүү сонгон шалгаруулалтад ирсэн материалд үнэлгээ өгч “Вилла проект” ХХКомпанийг шалгаруулан, гэрээ байгуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч тендерт оролцогчдоос Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар дээрх сонгон шалгаруулалтын дүн хүчингүй болж, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тендерийн урилга /тендерийн бичиг баримтын 261 дүгээр тал, гэрээний ерөнхий нөхцөлийн 22 дугаар хуудас/ -ыг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байршуулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг “2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр” гэж заажээ. /тендерийн бичиг баримтын 223 дугаар тал, ТӨХ-ийн 6 дугаар хуудас/

5.4. Уг тендерт “Хурмастын хүлэг”, “ЭПО”, “Тааффейт” ХХКомпаниуд материалаа ирүүлж, Үнэлгээний хороо 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хуралдан “ЭПО” ХХКомпанийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 45-49 дүгээр талууд/

5.5. Дээрх шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргаас тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлэн, 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 01/1023 дугаартай албан бичгээр “ЭПО” ХХКомпанитай гэрээ байгуулах боломжтой болсон талаар мэдэгджээ. /хавтаст хэргийн 50-52 дугаар тал/ 

6. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, Үнэлгээний хорооны тендерийн бичиг баримтын эх хувь, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заажээ. Үнэлгээний хороо нь хуульд заасны дагуу үнэлгээний хорооны гишүүдийг оролцуулан сонгон шалгаруулалтад ирүүлсэн тендерт оролцогчдын бичиг баримтад тус тус үнэлгээ хийж, эцсийн шийдвэрийг гишүүдийн олонхын саналаар гаргасан нь хуульд нийцжээ.

Уг хуралдааны тэмдэглэлээс харахад Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн тендерт оролцогчдын цахимаар ирүүлсэн баримт, холбогдох цахим сангаас шаардлагатай мэдээллийг тухай бүр нь татан авч, үнэлгээ хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч “Хурмастын хүлэг” ХХКомпани нь шүүхийн тусгай архивын лавлагаа буюу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тодорхойлолтыг ирүүлээгүй, ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийн “барилгын инженер”-ийн мэдээлэл нь холбогдох системээс гараагүй зэрэг зөрчил илэрсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна. /хавтаст хэргийн 46 дугаар тал/

8. Булган аймгийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 01/1023 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/ -т “... ТӨХ-ийн ТШЗ 17.6.5-ын 2-д заасан шүүхийн тусгай архивын лавлагаа ирүүлээгүй байгаа нь...шаардлага хангаагүй тул гэрээ байгуулах боломжгүй болсон байна” гэсэн байх ба нэхэмжлэгч “Хурмастын хүлэг” ХХКомпанийн тендерээс татгалзсан үндэслэлээ “шүүхийн тусгай архивын лавлагаа ирүүлээгүй” гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нараас тендерийн бичиг баримтад хүний нөөцийн мэдээлэлд “барилгын инженерээр бүртгэгдсэн хүний мэдээлэл”-ийн талаар мэтгэлцэж байх боловч захиалагчийн тендерээс татгалзсан үндэслэлд үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 -д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: ...27.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан.

Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу захиалагчаас “Биеийн тамир спортын газрын “Б” заалны засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг”-ийн “Тендер шалгаруулалтын зааварчилгаа” /ТШЗ/ -ны 17 /Гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхыг магадлахад шаардлагатай баримт бичиг/-ийн 17.6.5-д “техникийн чадавх болон туршлагын талаар ТШЗ-ны 17.6-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлох ТӨХ-д заасан бусад баримт”-ыг ирүүлнэ /тендерийн баримт бичгийн 202 дугаар тал, ТШЗ-ны 8 дугаар хуудас/ гэсэн байх ба “Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/”-ийн ТШЗ 17.6.5-д “Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: “Шаардана”” гээд 2 дугаарт “Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна” гэжээ. /тендерийн баримт бичгийн 221 дүгээр тал, ТӨХ-ийн 4 дүгээр хуудас/     

10. Нэхэмжлэгч нь дээрх тендерийн баримт бичигт заасан шүүхийн тусгай архивын лавлагааг тендерт ирүүлсэн материалд ирүүлээгүй байх ба уг лавлагааг “Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар хүсэлтээ илгээсэн боловч захиргааны байгууллага гаргаж өгөөгүй нь биднээс шалтгаалаагүй” гэж маргав.

Нэхэмжлэгчийн “...тендер нээхээс 5 хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөл рүү лавлагаа авах хүсэлтээ гаргасан...” гэх тайлбараас харахад нэхэмжлэгч нь шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтээ гаргасан хугацаа 2023 оны 7 дугаар сарын 10-аас 12-ны өдрийн хооронд таарч байна. Энэ хугацаа нь нийтээр амрах баярын өдрүүдэд хамаарч байх тул захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

11. Мөн нэхэмжлэгч нь “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд зааснаар шүүхийн архивын тодорхойлолтыг тухайн оролцогч нар 3 хоногийн өмнө цахимаар худалдан авна” гэж тайлбарлаж байна.  Гэтэл ТӨХ-ийн ТШЗ 17.6.5 -д “-Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn -д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу?” гэсэн санамж нь  сүүлийн 3 хоног буюу 72 цагаас өмнө лавлагаа, тодорхойлолтыг авах шаардлагатайг сануулснаас бус энэ хугацаанд лавлагааг авах эрх үүснэ гэж ойлгохгүй. Харин 72 цагаас өмнө буюу тендер зарласан өдрөөс хойших 27 хоногийн хугацаанд шаардлагатай лавлагааг авах учиртай. /тендерийн баримт бичгийн 221 дүгээр тал, ТӨХ-ийн 4 дүгээр хуудас/  

12. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан “ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМЭЭР ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ”-ын 3.7-д “Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно: гээд 3.7.2-т “Шүүхийн тусгай архивын тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өртэй эсэх тодорхойлолтыг тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч цахим системийн холбогдох хэсэгт зааварчилгааны дагуу холбосон байхгэжээ.

Нэхэмжлэгч нь энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тендер зарласнаас хойш тендер хүлээн авах хүртэлх 30 хоногийн хугацаа нь нэхэмжлэгч холбогдох байгууллагад хүсэлтээ тавьж, лавлагааг авч, тендерийн цахим системийн холбогдох хэсэгт холбож, байршуулсан байх үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцэх хугацаа юм.

13. Дээрх журмын Долоо /Тендерт оролцогчийн эрх, үүрэг/-ийн 7.5 /Тендер оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт, өөрчлөлтийг тендер хүлээж авах эцсийн хугацаа хүртэл шалган нягталж, түүнд нийцүүлэн тендер бэлтгэх үүрэгтэй/-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэх эрсдэлийг 7.4 /Тендерт оролцогч нь холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ/-т заасны дагуу өөрөө хариуцахаар зохицуулжээ.

14. Нэхэмжлэгчээс хариуцагч Үнэлгээний хороог Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ТШЗааварчилгаанд заасан эргэлзээтэй баримт, мэдээллийн талаар тендерт оролцогч болон бусад холбогдох байгууллагаас тодруулга авах, асуух үүргээ биелүүлээгүй гэж маргаж байх боловч ТШЗааварчилгааны 28.1-д “Захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер эсхүл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор энэ зүйлд заасны дагуу тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардах, эсхүл холбогдох бусад этгээдээс энэ тухай лавлагаа авах хүсэлт гаргаж болно” гэж заасан нь тендерт ирүүлсэн материалд эргэлзээтэй, тодруулах зүйл байвал оролцогч болон холбогдох байгууллагаас нэмж тодруулах зорилготой зохицуулалт гэж үзнэ. Харин тендерт ирүүлэх шаардлагатай баримтыг тендерийн бичиг баримтад ирүүлээгүй, орхигдуулсан бол уг баримтын талаар оролцогч болон бусад байгууллагаас асуух, тодруулах үүргийг сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо хүлээхгүй тул түүнийг шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй. /тендерийн баримт бичгийн 208 дугаар тал, ТШЗ-ны 14 дүгээр хуудас/

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан байх ба гуравдагч этгээд “ЭПО” ХХКомпанийн “Хамтран ажиллах гэрээ” нь хуурамч гэдгийг эрх бүхий албан тушаалтнаас тогтоогоогүй байна.

  Тодруулбал: Орон нутгийн өмчийн газрын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 25 дугаар тал/ -ээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерийн бичиг баримтад хавсарган ирүүлсэн “Хамтран ажиллах гэрээ”-нүүдийг шалгуулах хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамнаас хяналт шалгалт хийгдэж байгаа шийдвэрлээгүй гэх тайлбарыг хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нь гуравдагч этгээд “ЭПО” ХХКомпанийг дээрх хуульд заасан “илт худал мэдээлэл бүхий тендер” ирүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй.

16. Түүнчлэн Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь гуравдагч этгээдтэй “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулаагүй талаарх мэдээллийг сонгон шалгаруулалт явуулсан өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Орон нутгийн өмчийн газарт мэдэгдсэн болох нь мөн хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01/281 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 28 дугаар тал/-ээр нотлогдож байна. Тиймээс Үнэлгээний хороог сонгон шалгаруулалт явуулсан өдөр уг гэрээг “хуурамч” гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй.

 17. Мөн тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бичиг баримтад үнэлгээ хийх явцад дээрх “хуурамч” гэх гэрээ нь дотоодын давуу эрх тооцох тохиолдолд ач холбогдолтой баримт байсан ба үнэлгээний явцад уг гэрээг үнэлэх, шалгах шаардлага үүсээгүй байна. Тодруулбал: дотоодын давуу эрх тооцох нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байх ба 10.1-д “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах этгээдэд давуу эрх олгож болно: ...10.1.4-т “орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн ...10.1.2, 10.1.4,10.1.7-д заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ” гэж тус тус зааснаас харахад хууль болон тендерийн бичиг баримтад заасан шаардлагад нийцсэн хэд хэдэн тендер байгаа тохиолдолд хэрэглэхээр байна.  

 18. Маргаан бүхий Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэлээс харахад “Тааффейт” болон “Хурмастын хүлэг” ХХКомпаниуд нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг хангаагүйн улмаас тэдний тендер өрсөлдөх эрх үүсэхгүй, харин гуравдагч этгээд “ЭПО” ХХКомпани нь хуулийн дээрх шаардлагыг хангасан тул уг тендер шалгаруулалтын нөхцөл болзлыг бүрэн хангасан цорын ганц хуулийн этгээд болжээ.

Энэхүү нөхцөл байдал нь дотоодын давуу эрх тооцох нөхцөл үүсгэхгүй тул Үнэлгээний хорооны гишүүд “дотоодын давуу эрх тооцох шаардлагагүй” гэж үзэж, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

19. Нэгэнт нэхэмжлэгч “Хурмастын хүлэг” ХХКомпанийн тендерт ирүүлсэн бичиг баримтад “шаардлагатай” баримт дутуу байсан учраас шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гуравдагч этгээд “ЭПО”ХХКомпанийг гүйцэтгэгчээр шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул Үнэлгээний хорооны маргаан бүхий тэмдэглэл /дүгнэлт/-ийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

20. Үнэлгээний хорооны дээрх дүгнэлтийг үндэслэн захиалагч буюу аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1023 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасантай нийцсэн байна.

21. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул захиалагчид “Хурмастын хүлэг” ХХКомпанитай гэрээ байгуулахыг даалгах боломжгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.3, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.7-д заасныг тус тус баримтлан “Хурмастын хүлэг” ХХК-аас Булган аймгийн Засаг дарга болон БУАОНӨГ/202312017 дугаартай Биеийн тамир, спортын газрын “Б” заалны засварын ажил гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Үнэлгээний хорооны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/1023 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, “Хурмастын хүлэг” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ