Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1832

 

МАГАДЛАЛ

 

2019.10.25                                            Дугаар 1832                                  Улаанбаатар хот

“ХШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2019/01824 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “ХШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 534 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХШ” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бетон зуурмаг бэлтгэдэг “С” ХХК-тай 18/10 дугаартай “Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 74 452 800 төгрөгийн үнэ бүхий 4741м3 чанарын доголдолгүй хайрга нийлүүлсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 4 082 000 төгрөгийн үнэ бүхий 314м3 чанарын доголдолгүй хайрга нийлүүлсэн. Ингээд нийт 78 534 800 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Гэтэл “С” ХХК нь бүтээгдэхүүнээ авсан атлаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийлүүлсэн материалын үнэ 78 534 800 төгрөгийг “С”ХХК-иас гаргуулан, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2018 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай үйлдвэрийн урд талын Яармагийн шинэ гүүрийг хаасантай холбоотойгоор бусад газруудтай байгуулсан зарим гэрээ цуцлагдаж алдагдал үүссэний улмаас дээрх төлбөрийг барагдуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөх үүргээ бүрэн ухамсарлаж байгаа хэдий ч эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд 1, 2 өрөө байр оролцуулан бараа бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С”ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 534 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХШ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХШ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 550 624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 550 624 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд төлбөрийн чадваргүй байгаа талаараа тайлбарлаж төлбөрийг бараа бүтээгдэхүүн оролцуулан төлөх боломжтой болохыг илэрхийлэхэд бичгээр өгвөл удирдлагуудын түвшинд ярилцаад хариу хүргүүлье гэсэн. Хариуцагч “С” ХХК-ийн хувьд 4 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ажил ивэвхтэй өрнөж байх үед манай дээрх албан бичигт хариу ирүүлэхгүй байсаар хариуцагчийн татгалзалаа нотлох боломжийг алдагдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “ХШ” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78 534 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага нь төлбөрийн чадваргүй байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж төлбөрийг бараа бүтээгдэхүүн оролцуулан төлөх боломжтой болохыг илэрхийлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Хайрга элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ” байгуулагдсан уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 4741 м3 хайрга, 314 м3 хайргыг тус тус нийлүүлж, нийт 78 534 800 төгрөгийн үнэ бүхий хайргыг нийлүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Зохигч харилцан хүлээх эрх үүргийн талаар гэрээнд зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ. Тиймээс хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Хэдийгээр хариуцагч нь дээрх үнийн дүнд бараа бүтээгдэхүүн оролцуулан төлөх боломжтой талаар мэдэгдсэн гэх боловч талуудын хооронд тохиролцоонд хүрсэн, мөн байгуулагдсан гэрээнд тусгагдаагүй эд зүйлсийг оролцуулан нэхэмжлэгчийн үнийн дүнд тооцон өгөх боломжгүй юм. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь      хангасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 624 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

                ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ