Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 53

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг   

Улсын яллагч Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч Д.Ганпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

      Эрүүгийн хэргийн дугаар 201701070024              

Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бодонгууд овогт Даваадоржийн Ганпүрэвт холбогдох 201701070024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Бодонгууд овогт Даваадоржийн Ганпүрэв /РД:НП78072771/, 1978 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэр бүлийн байдал 5, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 14 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

            Д.Ганпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт байх “Шар булаг” гэх нэртэй газрын ой модон дотроос Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн 1 толгой эр хүрэн баавгайг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж, түүний түүхий эдийн зүйл болох толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьс, мах, дотор эрхтэн зэрэг эд зүйлийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн 14 дүгээр гудамжны 05 тоотод байрлах гэрийнхээ хөлдөөгчинд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хадгалсан, улмаар мөн өдрийн 09 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур дүүрэг хүртэл үл таних жолоочтой авто машинаар тээвэрлэн авчирч, 15 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Соната-6 маркийн, мөнгөлөг саарал өнгийн, 29-06 БРА улсын дугаартай автомашинд тээвэрлэн авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багын хар булаг гэх газар самар үзэж явсан. Тэгсэн тэнд хэрээ шувуу дуугараад байхаар нь очиж үзтэл баавгай байсан. Модоор хатгаж үзэхэд баавгай үхсэн байсан. Би баавгайг янзалж даах хэмжээгээрээ үүрч гэртээ авчирсан.Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Багануур дүүрэгт ирж саатуулагдсан.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: ” 29-06 БРА улсын дугаартай Соната-6 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг Цагдаагийн хэлтсийн урд талын автомашины зогсоолд ертөнцийн зүгээр урд хэсгийг хойд зүгт харуулан байрлуулсан байв... Тээврийн хэрэгслийн багажийг онгойлгож үзэхэд цагаан өнгийн цэнхэр улаан хятад бичигтэй шуудайтай хар хүрэн үстэй арьс мэт зүйл цухуйсан байдалтай, шар өнгийн уутанд өөх тосорхог амьтны дотор эрхтэн байсан. Шуудайнаас нь гаргахад хөл сарвууг нь нугалсан байдалтай хөлдөөсөн баавгай байв. Баавгайн хөлдөөсөн байдалтай эрхтэн  махыг түр хураан авав..” гэжээ /хх-ийн 5-9 дүгээр хуудас/

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Багануур дүүргийн 1 дүгээр хороо 84 дүгээр байрны 5 давхрын 66 тоотод Д.Наранбаатарын гэрт цагийн зүүний дагуу үзлэг хийв. Том өрөөнд ороход хойд зүгт харсан 1 цонхтой ертөнцийн зүгээр зүүн тийш харсан том цонхтой болконтой байв. Болкон руу дамжиж үзлэгийг явуулахад цагаан өнгийн шуудай байв. Шуудай цэнхэр улаан өнгийн бичигтэй бөөрөнхийлж хуйлсан байдалтай бөөрөнхий болгож хөлдөөсөн мах байсныг “ А “ цэг тавин шинжээч зургийг баримтжуулан хураан авав” гэжээ. /хх-ийн 10-13 дүгээр хуудас/

 Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “....Хүрэн баавгайн эд бодгалийн толгой сарвуу бүхий арьс 1 ширхэг, эвдэж жижиглэсэн 7 ширхэг мах, бөөр 1 ширхэг, зүрх 1 ширхэг, ходоод 1 ширхэг, элэг 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов”” гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “”.. Үзлэгээр цагаан өнгийн мяндсан шуудайтай хүрэн баавгайн түүхий эдийн зүйлд үзлэг хийхэд 1. Хүрэн баавгайн эд бодгалийн толгой сарвуу бүхий арьс нь 190 см урт, 125 см өргөн, тогойн урт нь 50 см, доод талын тавхай 24 см, дээд талын тавхай 21 см, тавхайнаас дээш 10 см зайд 4 см хэмжээтэй цоорсон, зүүн доод хэсгээс 16 см зайд 2 см, 6 см зайд 5 мм, 26 см зайд 1 см, 38 см зайд 3.5 см хэмжээтэй цоорсон, зүүн дээд хэсгээс 55 см зайд 1 см хэмжээтэй сумны нүхний ул мөр үүссэн, хүрэн баавгайн түүхий эдийн зүйл болох эвдэж жижиглэсэн 7 ширхэг мах, 1 ширхэг бөөр, 1 ширхэг зүрх, 1 ширхэг элэг, 1 ширхэг ходоод зэрэг эд зүйлүүд байлаа..” гэсэн /хх-ийн 108 дугаар хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “”Д.Ганпүрэв нь сумын төвөөс хойд зүгт 36 км зайд модтой газарт ирж машинаас бууж зүүн хойшоо 2 км гаруй зайтай дээшээ алхаж уулын дээр ирж модон дунд байх цастай нэг газрыг зааж эндээс доошоо хараад хэвтээд үхсэн байсан баавгайг олсон гэж мэдүүлэв.... Хүрэн баавгай олсон гэх газрын цасыг арилгаж үзэхэд боргоцой, өвс ургасан, хөвд байх бөгөөд ойр орчимд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл, ул мөр илрээгүй болно. Мэдүүлэг шалгах ажиллагааг Мөнгөнморьт сумын булаг 3 дугаар багт хийв. Д.Ганпүрэвийн оршин суух хаяг нь Булаг багийн 14 дүгээр гудамжны 05 тоот ногоон өнгийн төмөр хаалгатай модон хашаатай, хашаан дотор хаалганы баруун талд модон жорлон хураасан мод, тоосго, ногооны хашаа зэрэг байв.  Зүүн талд хүрэн баавгайн түүхий эдийн зүйлийг хадгалсан гэх “ SERENE “ гэсэн бичигтэй, цагаан өнгийн хаалгатай хөлдөөгч байх ба түүнийг онгойлгон үзэхэд дотор нь цагаан өнгийн хаалгатай хөлдөөгч байх ба түүнийг онгойлгон үзэхэд дотор нь цагаан өнгийн мяндсан хоосон шуудай, шар өнгийн алчуур зэрэг эд зүйлүүд, түүний залгаа цагаан өнгийн 2 хаалгатай хөргөгч, түүнийг онгойлгож үзэхэд дотор нь хүнс ахуйн хэрэглээний эд зүйлүүд байв” гэжээ. / хх-ийн 49-67 дугаар хуудас /

Хохирогч Ц.Байгалмаагийн “... Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдон оролцож байна. Миний хувьд Нийслэлийн Байгаль орчны газарт Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Манай орны ой тайга бүхий газар нутагт тархсан баавгайнхан овгийн хүрэн баавгайн хамгаалагдсан байдал нь амьтны тухай хуулийн дагуу 2012 онд гарсан Засгийн газрын 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд оруулсан. Ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн амьтныг зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнах барих эрхийг Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас олгоно. Зөвшөөрлийг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээг баримтлан судалгааны зориулалтаар 1 толгойд 1.300.000 төгрөгийг орон нутгийн төсөвт урьдчилан тушаадаг. Энэ зөвшөөрлийн дагуу агнасан бол түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт бичгийг байгаль хамгаалагч олгоно.  Хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ эр нь 6.500.000 төгрөг, эм бодьгал буюу эвш нь 7.500.000 төгрөгөөр үнэлэгддэг тул 2012 онд шинэчлэн батлагдсан Амьтны тухай хуулийн дагуу дээрх үнэлгээг 2 дахин нугалж нөхөн төлүүлэх журамтай. Амьтны аймагт учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн тайлбар / хх-ийн 72-73 дугаар хуудас /

Гэрч Ж.Эрдэнэцэцэгийн”.......Даваадоржийн Ганпүрэв гэдэг хүнийг танина. Манай Мөнгөнморьт сумын Булаг багт амьдардаг.  Д.Ганпүрэв галт зэвсэг бүртгүүлж, галт зэвсэгтэй холбоотой ямар нэгэн татвар төлж байгаагүй.  Би 20 гаруй жил тус суманд татварын улсын байцаагчийн ажлыг хийж байна.  Самрын хураамж Мөнгөнморьт сумын орон нутгийн төсвийн орлогод тушаагддаг. Д.Ганпүрэвийг самар түүж бэлтгэх зөвшөөрөл авсан талаар сайн мэдэхгүй байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Алтанцэцэг, байгаль хамгаалагч А.Баярмагнай, С.Баатар, С.Дашчойдон, О.Батбаяр нар байдаг...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 85 дугаар хуудас /

Гэрч Г.Дарьсүрэнгийн “.....2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 10-11 цагийн үед Д.Ганпүрэв манай гэрт ганцаараа, шуудайтай эд зүйл барьчихсан орж ирээд манай тагтан дээр гаргаж тавьсан. Манай нөхөр 12 цагийн үед орж ирээд Д.Ганпүрэвтэй юм ярьж байгаад тэр хоёр тагтан дээр байсан шуудайтай зүйлээ бариад гарсан. Тэгээд 17 цагийн үед нөхөртэйгээ утсаар ярихад цагдаад баригдсан байнагэж хэлсэн. Миний хувьд Д.Ганпүрэвийг үхрийн мах зөөж байна гэж ойлгосон шуудайн дотор баавгайн эд эрхтэн байсан гэдгийг мэдээгүй, хараагүй. Манай нөхөр Д.Ганпүрэв хоёр нэг сумын багын найзууд юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 87-88 дугаар хуудас /

Гэрч З.Алтанцэцэгийн “... Би Д.Ганпүрэв гэдэг хүнийг нутгийн хүн гэдгээр нь  танина. Бидний хувьд хамаатан садангийн хүмүүс биш, самар түүх зөвшөөрлийг байгаль хамгаалагчаас авч ойн анги хянадаг учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Харин ан агнах, барих зөвшөөрлийг татвар төлж байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авч би хянаж гарын үсэг зурдаг. Д.Ганпүрэвийн хувьд ямар нэгэн ан агнах, барих зөвшөөрөл огт аваагүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 91-92 дугаар зүйл /

Гэрч С.Болдын “... 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 15 цагийн үед Наранбаатар над руу залгаад таксинд явах уу, 10.000 төгрөг өгье гэж ярьсан. Би Наранбаатарын гэрийн гадаа яваад очиход Наранбаатар, Ганпүрэв нар нэг шуудайтай зүйлтэй гарч ирээд миний машины тээшинд хийсэн. Тэгээд бид гурав Багануур хөшөөний урд байх Петровис шатахуун түгээх газрын урд зогссон.  Д.Ганпүрэв миний гар утсаар нэг хүнтэй яриад ирчихлээ гэж хэлсэн шиг санагдаж байна. Удалгүй 2 цагдаа биднийг саатуулж, цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд миний машин доторх шуудайтай зүйлийг шалгахад баавгайны толгой, сарвуутай арьс, гялгар ууттай мах зэрэг зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 31 дүгээр хуудас /

Гэрч Д.Наранбаатарын “...2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд 8 цагийн үед гэрээсээ гарч автовокзал дээр очсон. Автовокзал дээр найзуудтайгаа таараад пиво уусан. Тэгээд хот явж чадахгүй болоод гэртээ харихад багын найз Д.Ганпүрэв ирчихсэн байсан. Бид хоёр дэлгүүрээс пиво авахаар гарсан. Д.Ганпүрэв гэрт байхдаа машин чинь байна уу гэсэн, миний машин гражид байгаа гэ хэлсэн. Тэгээд таксинд явдаг танил Болдоог дуудсан, Ганпүрэв гэрээс гарахдаа шуудай үхрийн мах байгаа гэж хэлээд бид хоёр өргөж гаргаад Болдоогийн машины тээшэнд хийсэн. Ганпүрэв цагдаагийн постны цаад талын Петровис шатахуун түгээх станц дээр очино гэж хэлсэн. Тэгээд шатахуун түгээх газар зогсож байхад цагдаа нар ирж биднийг шалгаж саатуулсан. Д.Ганпүрэв цагдаа нар шалгах үед баавгайн мах шуудайн дотор байгаа гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг / хх-ийн 32 дугаар хуудас /

Яллагдагч Д.Ганпүрэвийн “....сонсгож байгаа ялыг хүлээн зөвөөшөрхгүй байна. Учир нь миний хувьд баавгайг агнаагүй, үхсэн байхад нь олсон. 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 10 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3-р багт байх гэрээсээ хул зүсмийн морьтой гарсан. Би 2-р багийн нутаг Шар булаг гэх газар очиж самар үзсэн. Би модонд хоноод 10 дугаар сарын 2-ны өдөр уулын зооно буюу орой дээр нь гарсан. Тэгээд самар үзээд явж байтал хэрээ шувуу дуугараад байхаар нь очтол газар унасан баавгай байсан, баавгайг модоор түлхэж үзэхэд үхсэн байсан. Би баавгайг хутгаар янзалж, эвдээд 4 шуудайнд хувааж хийгээд мориндоо ганзаглаад гэр рүү гээ явсан. Гэртээ ирээд цагаан өнгийн хөлдөөгчиндөө хийсэн. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр баавгайн махаа  хар өнгийн Жийп маркийн машинд ачаад Багануур дүүрэгт ирсэн. Багануурт ирээд найз Наранбаатарын гэрт очсон. Намайг очиход Наранбаатар хот явчихсан гээд эхнэр Дарьсүрэн нь гэртээ байсан. Би баавгайн махааүхрийн мах гэж хэлээд тагтан дээр нь гаргаж тавьсан. Удалгүй Наранбаатар гэртээ ирсэн, би үхрийн махтай ирсэн гэж хэлсэн. Ингээд би Цагаанаа гэдэг хүнтэй уулзах ёстой, унаа дуудаад өг гээд Наранбаатараар такси дуудуулсан. Тэгээд Болдоо гэх залуу ирсэн, би шуудайтай махаа өргөж гараад Болдоогийн машины тээшэнд хийсэн. Цагаанаатай байрны гадаа уулзаад баавгайн эд эрхтэн мах авах хүн байна уу гэхэд Петровис клонк дээр нэг хүн байгаа гэж хэлээд яваа өгсөн.  Тэгээд цагдаагийн пост гараад Петровис клонк дээр очоод шуудайн дотор баавгайн эд зүйлс байгаа хүн үзүүлэх гэж байгаа гэдгээ Наранбаатарт хэлсэн. Тэгээд Цагаанаа руу залгаад шатахуун түгээх  газар ирчихсэн байна, нөгөө хүн чинь хэзээ ирэх вэ гэхэд 5 минутын дараа очно гэж хэлсэн. Тэгээд 5 минтуын дараа цагдаа нар ирж машины тээш шалгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн үед Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгч байхдаа айж сандраад баавгайг сайга маркийн буугаар агнасан гэж хэлсэн. Би баавгай огт агнаагүй, үхсэн баавгай олсон, надад сайга буу огт байхгүй. Би ан гөрөө хийж байгаагүй, намайг үхсэн баавгайн мах олоод хөлдөөгчиндөө хийснийг хэн ч мэдэхгүй, тухайн үед манай эхнэр байхгүй байсан, манай эхнэр оюутан учраас хотод байдаг..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-150 дугаар хуудас /

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №05 тоот Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын гаргасан шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 арьс, дотор эрхтэн, мах зэрэг нь зэрлэг амьтны эд эрхтэн мөн болно.
  2. Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 арьс дотор эрхтэн, мах нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн / Ursus arctos8 Linnaeus, 1758 / толгой, сарвуу бүхий 1 арьс, дотор эрхтэн, мах нь хүрэн баавгай гэсэн нэг зүйл амьтных болно.
  3. Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьсанд үзлэг шинжилгээ хийж үзэхэд нас бие гүйцсэн эр баавгайн арьс байна.  Мөн эвдэж жижиглэсэн баавгайн мах 7 ширхэг, дотор эрхтэн болох бөөр 1 ширхэг, зүрх 1 ширхэг, элэг 1 ширхэг, ходоод 1 ширхэг байна. Энэ бүгдээс харахад нийт 1 бодгаль хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс, дотор эрхтэн, мах зэрэг болно.
  4. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 арьсанд үзлэг шинжилгээ хийж үзэхэд нас бие гүйцсэн 8-9 настай эр бодгаль байна. Мах болон дотор эрхтнээр нас, хүйсийг тогтоох боломжгүй болно.
  5. Хүрэн баавгай нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.
  6. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой сарвуу бүхий 1 арьсанд үзлэг хийхэд зүүн талын нуруу, хавирганы толгой орчимд нэг сум орсон ул мөр олдсон. Мах дотор эрхтэн болох бөөр, зүрх, элэг, ходоод зэрэгт ямар нэгэн ул мөр илрээгүй болно.
  7. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөг болно.

Жич: Үнэлгээ гаргахад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг мөн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “ Амьтны тухай “ хууль, Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын хавсралт зэргийг баримталсан болно. /хх-ийн 102-107 дугаар хуудас/

Шинжээч Г.Цогтжаргалын “......Хүрэн баавгайн 1 ширхэг арьсан дээр үзлэг хийхэд зүүн талын нуруу, хавирганы толгой орчимд 1 сум орсон ул мөр олдсон. Арьсан дээрх сум орсон нүхний хэмжээ том байсан учраас калибрь маркийн том буугаар буудагдсан байх магадлалтай. Арьсан дээрээс өөр сумны хошуу болон янз бүрийн зүйл олдоогүй хутгаар зүсэгдэж эсгэгдсэн олон тооны нүх гарсан байсан. Тухайн хүрэн баавгай нь 2016 оны 11-12 сарын орчимд агнагдсан байх магадлалтай. Сумны нүх орсон учраас буудагдсан байх магадлалтай. Хүрэн баавгай нь Монгол орны ой бүхий Хэнтий, Хөвсгөлийн уулсаар голчлон тархсан. Хүрэн баавгайны эд эрхтэнг дорно дахины уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. / хх-ийн 109-110 дугаар хуудас /

Ял шийтгэлийн талаар: С.Нямцэрэн нь 2017 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх  /хх-ийн 198 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: Хул зүсмийн 15 настай морийг 800.000 төгрөгөөр үнэлэв. / 2 дугаар хх-ийн 37-р хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар/     

Шүүгдэгч, сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжлэх ухааны академиын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №05 тоот дүгнэлтийг  хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

            Учир нь шүүгдэгч Д.Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “....2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 10 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3-р багт байх гэрээсээ хул зүсмийн морьтой гарсан. Би 2-р багийн нутаг Шар булаг гэх газар очиж самар үзсэн. Би модонд хоноод 10 дугаар сарын 2-ны өдөр уулын зооно буюу орой дээр нь гарсан. Тэгээд самар үзээд явж байтал хэрээ шувуу дуугараад байхаар нь очтол газар унасан баавгай байсан, баавгайг модоор түлхэж үзэхэд үхсэн байсан. Би баавгайг хутгаар янзалж, эвдээд 4 шуудайнд хувааж хийгээд мориндоо ганзаглаад гэр рүү гээ явсан. Гэртээ ирээд цагаан өнгийн хөлдөөгчиндөө хийсэн. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр баавгайн махаа  хар өнгийн Жийп маркийн машинд ачаад Багануур дүүрэгт ирсэн. Багануурт ирээд найз Наранбаатарын гэрт очсон. Намайг очиход Наранбаатар хот явчихсан гээд эхнэр Дарьсүрэн нь гэртээ байсан. Би баавгайн махааүхрийн мах гэж хэлээд тагтан дээр нь гаргаж тавьсан. Удалгүй Наранбаатар гэртээ ирсэн, би үхрийн махтай ирсэн гэж хэлсэн. Ингээд би Цагаанаа гэдэг хүнтэй уулзах ёстой, унаа дуудаад өг гээд Наранбаатараар такси дуудуулсан. Тэгээд Болдоо гэх залуу ирсэн, би шуудайтай махаа өргөж гараад Болдоогийн машины тээшэнд хийсэн. Цагаанаатай байрны гадаа уулзаад баавгайн эд эрхтэн мах авах хүн байна уу гэхэд Петровис клонк дээр нэг хүн байгаа гэж хэлээд яваа өгсөн.  Тэгээд цагдаагийн пост гараад Петровис клонк дээр очоод шуудайн дотор баавгайн эд зүйлс байгаа хүн үзүүлэх гэж байгаа гэдгээ Наранбаатарт хэлсэн. Тэгээд Цагаанаа руу залгаад шатахуун түгээх  газар ирчихсэн байна, нөгөө хүн чинь хэзээ ирэх вэ гэхэд 5 минутын дараа очно гэж хэлсэн. Тэгээд 5 минтуын дараа цагдаа нар ирж машины тээш шалгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан..” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академиын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн №05 тоот дүгнэлтэд “...Хүрэн баавгайн 1 ширхэг арьсан дээр үзлэг хийхэд зүүн талын нуруу, хавирганы толгой орчимд 1 сум орсон ул мөр олдсон. Тухайн хүрэн баавгай нь 2016 оны 11-12 сарын орчимд агнагдсан байх магадлалтай. Сумны нүх орсон учраас буудагдсан байх магадлалтай....” гэсэн дүгнэлт зэргээр түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус ан агнаж, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хувьд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “ Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” 37.2 дахь хэсэгт “ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно..” гэж заасан бөгөөд энэ нь тухайн амьтны аймагт учирсан хохирлыг арилгах буюу уг амьтныг хамгаалах, өгсөн үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангахад зарцуулагдах ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.Ганпүрэвийг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнаж, түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

   

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, энэ хэрэгт хураагдан ирсэн баавгайн эд бодгалийн толгой сарвуу бүхий арьс 1 ширхэг, эвдэж жижиглэсэн 7 ширхэг мах, бөөр 1 ширхэг, зүрх 1 ширхэг, ходоод 1 ширхэг, элэг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлж,  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсөг болох хул зүсмийн 1 тооны адууг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Бодонгууд овогт Даваадоржийн Ганпүрэвт ховор ан амьтаны жагсаалтад бүртгэгдсэн 1 толгой хүрэн баавгайг агнасан, хадгалсан, тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дзүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Даваадоржийн Ганпүрэвийг 3 / гурав / сар, 1 /нэг/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганпүрэвээс ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 13.000.000 / арван гурван сая / төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн унаа хөсөг буюу хул зүсмийн 1 тооны адууг хурааж, улсын орлого болгосугай.
  5.  Хул зүсмийн  1 тооны адууг битүүмжилсэн болохыг дурдсугай.  
  6. Д.Ганпүрэвт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 бодгал хүрэн баавгайн толгой сарвуу бүхий арьс 1 ширхэг, эвдэж жижиглэсэн 7 ширхэг мах, бөөр 1 ширхэг, зүрх 1 ширхэг, ходоод 1 ширхэг, элэг 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсүгэй.
  2. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ганпүрэвт авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАРАНТУЯА