Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2023/0034

 

             Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч: А.Е,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  М.И,

              Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Е,  хариуцагч М.И,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ердос нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Гомдол гаргагч А.Е  нь “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагчийн 2023 оны 5  дугаар сарын 26-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-аар гомдол гаргасан.

 

            2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас А.Е нь “Ж” дэлгүүрт онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж,  1000 нэгжтэй тэнцэх буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

              3. Хариуцагч татварын байцаагч нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00065520 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч  гомдол гаргагч А.Е 2023 оны 6 дугаар  сарын 02-ны өдөр шүүхэд  гомдол гаргасан.

            4. Гомдол гаргагч шүүхэд ирүүлсэн  гомдлын шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

            4.1. Миний бие  2023 оны 01 дүгээр сараас эхлэн “Ж” дэлгүүрийг Т гэх хүнээс нэг сарын түрээс нь 500.000 төгрөгөөр тохирч дэлгүүрийн үйл ажиллагааг явуулсан. Казакстан улсад амьдардаг эгч 2 ширхэг коньякийг надад бэлэг болгон явуулсан. Үүнийг харин дэлгүүрийн дотор тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр түр байлгаж байсан. Гэхдээ би түүнийг лангуу дээр тавиагүй. Мөн уг коньякийг надад худалдаж борлуулах гэсэн санаа байгаагүй. Улмаар орой 19 цагийн үед 2 цагдаа орж ирээд шууд уг коньякийг хурааж авсан. Тухайн үедээ лангуу дээр ямар нэгэн түүний үнэ болон шошго байгаагүй. Надад танд коньякийг худалдах эрхгүй гэж хурааж аваад, нэг цаасанд гарын үсэг зуруулаад аваад явсан. Улмаар татварын байцаагч нар намайг торгосон. Би үүнийг төлөх боломжгүй, бас надад түүнийг худалдах гэсэн санаа байгаагүй.

Тийм учраас намайг торгосон торгуулийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч Татварын улсын байцаагчаас шүүхэд ирүүлсэн  тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

5.1. Өлгий сумын .... дугаар багийн иргэн А.Е холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн материал нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр аймаг дахь Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжиж ирсэн. Өлгий сумын 3 дугаар багт хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг А.Е эзэнтэй “Ж” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй, гарал үүсэл нь тодорхойгүй Казахстан улсад үйлдвэрлэсэн “коньяк” худалдан борлуулж байгаа нь Цагдаагийн байгууллагын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн шалгалтаар илэрч 0,5 литрийн 2 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй коньяк хураагдсан байна.

5.2. Энэхүү зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан заалтыг зөрчсөн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдох хуулийн хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 тоот шийтгэлийн хуудсаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож хуулийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Иймд татварын улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

6. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Баян Өлгий аймгийн Татварын хэлтсийн захиргааны тасагт 16:30 цагийн үед холбогдогчид холбогдох зөрчлийн бичиг баримт нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас дамжин ирсэн. Тэгээд уг цагдаагийн газраас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд А.Е Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр  торгосон болно.

 

Мөн уг зөрчлийн хэргийн материалтай хамт Казакстан улсад үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, ямар нэгэн шошгогүй 2 ширхэг коньякийн хамт ирүүлсэн. Хавтаст хэрэгтэй танилцахад, иргэн А.Е нь зөрчил гаргасан болох нь тодорхой байсан.

Тийм учраас А.Е цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтуудыг үндэслээд холбогдох заалтын дагуу торгох арга хэмжээ авсан.  Уг арга хэмжээг авахаас өмнө ч манай байгууллагын ажилтан М.И зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнийг  хянаж, хэргийн материалтай танилцсан. Харин түүнд холбогдогчоос буруу асуулт асуусан гэж үзээд байгаа. Яагаад энэ төрлийн алдаа гаргасан гэвэл анх удаа энэ төрлийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан учраас алдаа гаргасан.  Онцгой албан татварын тухай хуулийн дагуу 5.3-т  “Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна” гэж заасан.

6.3. Хэдийгээр уг 2 ширхэг коньякийг эгчээсээ авсан ч гэсэн  нэхэмжлэгч тухайн үедээ дээрх заалтыг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж, тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгагдсан.

Тийм учраас түүний дагуу манай байгууллагын албан хаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох зүйлийн дагаа торгох ажиллагаа явуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагч А.Е “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагчийн 2023 оны 5  дугаар сарын 26-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдол нь үндэслэлтэй байна.

2. Гомдол гаргагч нь “... миний түрээсэлж буй “Ж” дэлгүүрийн лангуун доор  эгчийн  өгсөн 2 ширхэг Казахстан улсын коньяк байсан ба цагдаа нар ирж хураан авч, татварын улсын байцаагч 1.000.000 төгрөгөөр торгосон. Би уг коньякийг худалдан борлуулах санаа агуулаагүй, гэртээ авч явна гэж бодож байсан, шийтгэлийг эс зөвшөөрч байна” гэж маргасан.

3. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ж.Д, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын Монгол банкны гэрээт цагдаа, цагдаагийн ахлагч М.А нар нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний орой “Уусан бол бүү жолоод” аяны арга хэмжээний хүрээнд эргүүлд гарах явцад Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Ж” дэлгүүрийн лангуунд байсан Казахстан улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг коньякийг “тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулсан” үндэслэлээр хураан авч, Ж.Д нь “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан  тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, уг хураан авах ажиллагаанд цагдаа М.А хөндлөнгийн гэрчээр оролцуулж тэмдэглэлд гарын үсэг зуруулж,  улмаар зөрчлийн хэргийг Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Н саналаар, Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Т тогтоолоор  2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу аймгийн Татварын хэлтэст шилжүүлжээ.

Аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.И нь зөрчил шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос мэдүүлэг авч, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0065520 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч А.Е Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

4.  Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

5.  Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан”, 1.6-д “...  тэмдэггүй, эсхүл хуурамч тэмдэг бүхий согтууруулах ундаа, тамхийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  тус тус заасан байх ба зөрчлийн хэрэгт дээрх хуулийн зүйл, заалтаар гомдол гаргагчийг буруутгах, шийтгэл ногдуулах хангалттай нотлох баримт бүрдээгүй, эрх бүхий албан тушаалтнууд хэрэг бүртгэлтийн  болон зөрчил хянан шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмыг  зөрчсөн  гэж шүүх дүгнэлээ.

6. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн болон зөрчил шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд,  цагдаа нарын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн анхны зөрчил илрүүлсэн тухай  болон эд зүйл хураасан тэмдэглэлд  “... тусгай зөвшөөрөлгүйгээр  Казахстан улсын ALFARABI, KAZAKSTAN  нэртэй коньяк худалдсан” гэж тусгасан, хариуцагчийн холбогдогчоос авсан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэгт зөвхөн “... Танай дэлгүүр төлбөрийн баримт гаргах уу, гараагүй тохиолдолд хуулийн хариуцлага  хүлээлгэхийг мэдэх үү” гэж асууж хариулт авсан, шийтгэлийн хуудаст “... онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа борлуулсан” үндэслэлээр торгосон байх ба дээрх зөрчлийн хэлбэрийн зөрүүтэй байдлуудын улмаас гомдол гаргагчийг ямар зөрчилд буруутгаж байгаа нь тодорхой бус байна.

 Тодруулбал,  тусгай зөвшөөрөлгүйгээр  согтууруулах ундаа худалдан борлуулсан эсэх, эсхүл төлбөрийн баримтгүй бараа худалдсан эсэх, мөн онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан эсэхийн аль зөрчлийг гаргасныг зөрчил шалган шийдвэрлэх явцад  хөтөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй,  гомдол гаргагчаас шүүх хуралдаанд “... хураагдсан коньякийг борлуулах санаа агуулаагүй, бусдаас бэлэгт ирсэн, гэрт аваачих гэж байсан, лангуун доор байсан” гэж мэдүүлсэн, хурааж авсан цагдаа нарын гэрчийн мэдүүлэгт “... лангуун дээр байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн, зөрчлийн материалд зөвхөн гомдол гаргагчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй, уг мэдүүлэгт онцгой албан татварын тэмдэггүйгээр согтууруулах ундаа борлуулсан талаар мэдүүлэг өгөөгүй, уг зөрчлийн үйл баримтыг зураг, дуу-дүрс бичлэгээр  бэхжүүлээгүй, оролцсон хөндлөнгийн гэрч нь өөрөө  зөрчил илрүүлэх эрх бүхий албан тушаалтны нэг байсны хувьд хөндлөнгийн гэрчид тавигдах  “... хувийн сонирхолгүй байх”  хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гаргасан зөрчлүүд нь  Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн  1-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн  1-т заасан “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”,  4.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 3.7 дугаар зүйлийн 1-т заасан “Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно”, 2-т заасан “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна”, 5-т заасан “Энэ хуульд хөндлөнгийн гэрч оролцуулахаар заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол дуу-дүрсний бичлэгээр тухайн ажиллагааны явц, үр дүнг бэхжүүлнэ” гэснийг тус тус зөрчжээ.

8. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-т “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус заасан байх ба дээрх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй, гомдол гаргагчийн  зөрчил үйлдсэн гэх үйл баримтыг ил тодорхой гэж үзэхэд учир дутагдалтай, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар хэрэгт нотлох баримт байхгүй тул хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл нь хууль бус байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагчийн 2023 оны 5  дугаар сарын 26-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2, 5, 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Е гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 5  дугаар сарын 26-ны өдрийн  “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065520 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША