Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0020

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         С.Б

Шүүгдэгч                                                          Б.М /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Х.О

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.О нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт Б-н М,

Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-29-ний өдрийн хооронд     аймгийн     сумын     багийн      тоотод оршин суух иргэн Г.С-н гэрт хууль бусаар нэвтэрч 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Б-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3  сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 6 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

“... миний бие 2020 оны 05 дугаар сарын 20-29-ний хооронд 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хийсэн алдааг дахин давтаж гаргахгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар түүнийг гэм хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлын хэмжээ бага, учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн хүлээлгэн өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.Мд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг хэрэглэн ялыг өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.М тайлбартаа: “... хөнгөн ялаар шийтгэж өгнө үү ...”гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна...Б.Мгийн ял эдэлсэн хугацаа болон цагдан хоригдсон хугацаа тодорхойгүй байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “Б.М нь урьд ял шийтгэгдэж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамруулах боломжтой гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 05 дугаар сарын 20-29-ний өдрүүдийн хооронд     аймгийн      сумын     баг     тоотод оршин суух иргэн Г.С-н монгол гэрийн хаалганы баруун талын ханыг хугалж, хууль бусаар нэвтрэн орж 210.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 хохирогч Г.С-н “... гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрийн баруун талын ханын доогуур зай гарчихсан, угаалтуур түлхсэн байдалтай байсан ... мөнгөн аягыг харвал танина, манай хүүхэд жоохон болохоор хоол, цай идэж уухдаа шүдээрээ цохих, хазах гэх мэт ирмэг болон ёроолыг нь хонхойлгосон байгаа ... гэрийн хана хугалж орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч, гэрч Г.М-ны “... манай гудамжинд байдаг залуу надтай таарч мэнд ус мэдчихээд ахаа миний өөрийн аяга байгаа юм, энэ аягыг танд 10.000 төгрөгийг барьцаанд тавьчихаад эргүүлээд хэд хоногийн дараа авья гэхээр нь би “хэний аяга юм бэ” гэсэн чинь “манай гэрийн миний өөрийн аяга байгаа юм” гэж хэлсэн ... би “авахгүй” гэсэн чинь нөгөө залуу “тэгвэл 5.000 төгрөгөөр авчих” гээд гуйгаад байхаар нь нөгөө аягыг нь авсан ... тухайн эд зүйлийг барьцаанд авахдаа хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй... эд зүйлийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй ... гомдол саналгүй ...” гэсэн мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч, гэрч М.Ө-н “ ... дэлгүүрээ ажиллуулж байхад үл таних эрэгтэй хүн орж ирээд “эгчээ энэ миний мөнгөн аягаа байгаа юм, манайд гэрт хүн ирчихээд нэг шил архины хэрэг гараад байна, энэ аягыг түр  авч байгаач би үдээс хойш эхнэрийгээ ажил тараад ирэхээс нь өмнө авчихна” гэсэн юм ... би мөнгөн аягыг авч үлдээд 0.75 граммын Монгол Стандарт архи нэг шил, нэг хайрцаг тамхи нийт 10.600 төгрөгийн эд зүйл зээл өгөөд явуулсан ... ” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Б-н “ ... гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы баруун талын хатавчны ханыг доод талаас нь хугалж хулгайч ороод гэрийн хоймрын тавилганы шургуулганд дээлний өнгөнд боож хийсэн байсан бага гарын 1 ширхэг, дунд гарын 1 ширхэг, нийт 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан ... аяганы ирмэг болон ёроолын бүрэн бүтэн байдал нь алдагдаж хонхойсон байсан ...” гэсэн мэдүүлэг,

гэрч М.Э-н “ ... гудамжинд хүлээгээд зогсож байхад 10 минут орчим болоод гарч ирэхдээ гартаа 2 нарийхан мод барьчихсан гарч ирсэн ... модоо гудамжинд хаясан. Маргааш нь надад хэлэхдээ тэр айлын гэрийнх нь хаяаны модыг нь хугалаад орчихсон гэж хэлсэн ... айлын гэрээс юм авч гарч ирснийг мэдээгүй ... маргааш нь М өврөөсөө мөнгөн аяга гаргаж ирээд намайг далд хийчих гэж өгсөн ... ямар учиртай аяга талаар асуутал манай аавын авдарт байсан аяга гэж надад хариулсан ... М гэх залуугаар Н багт байрлах дэлгүүрт 1 шил архи, 1 хайрцаг тамхиар барьцаанд тавиулсан...тэр мөнгөн аяга нь дунд гарын, ёроолдоо эмтэрчихсэн байсан ... М-н гэр лүү явж байхад дахиад нэг мөнгөн аяга байгаа талаар ярьсан ... М гэр хорооллын эцэс ороод ... удалгүй 5.000 төгрөгөөр зарчихлаа гээд буцаад ирсэн...мөнгөн аяга авсан газрыг зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Х-н “...М гэртээ согтуу орж ирээд Э бид хоёр нэг зэс аяга зарна гэж хэлсэн, би тэр аягыг нь хараагүй, хорооллын эцэс рүү аяга зарахаар Э, М нарын хамт явсан ... намайг эндээ байж байгаарай гээд явсан. Эргээд ирэхдээ 750 гр Монгол стандарт нэртэй архи аваад ирсэн ...” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.М-н “... М, Т нар нэг мөнгөн аяга байна нэг газар тавьчих, аль эсвэл намайг зарчих гэсэн ... Н багт байрлах “Б” хүнсний дэлгүүрт 1 шил Стандарт 0.75 гр, 1 хайрцаг тамхи, нийт 10.600 төгрөгөнд барьцаалсан ... дунд гарын ёроол хэсэг нь халцарсан, дээд тал нь шүдний оромтой байсан ... ямар ч асуудалгүй аяга гээд байсан ... ” гэсэн мэдүүлэг, хулгайлагдсан дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга зэргийг нийт 210.000 төгрөгөөр үнэлсэн “А” ХХК-ны үнэлгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мгийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг”-ийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд  хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М урьд нь анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж хорих ял эдэлж байгаад энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангиас Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Дээрх 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас шүүгдэгч Б.Мгийн эдлээгүй үлдсэн хорих ялыг тооцвол 4 жил 3 сар 2 хоногийн ял үлдсэн байх ба 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуульд заасан ...  Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 ... дэх заалт/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байна.

Мөн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлага хангасан байхаар уг хуульд тусгажээ.

Шүүгдэгч Б.М нь урьд өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй болох нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд прокуророос гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба түүний хулгайлсан хоёр ширхэг мөнгөн аягыг хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь            аймгийн               сумын           тоотод байнга оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, тус багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Мгийн энэ хэрэгт цагдан хоригдсон /2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл/ нийт 366 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд оруулан тооцож, үлдэх 11 сар 29 хоногийн хорих ял болон өмнөх шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд өөрийн оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг суллахаар шийдвэрлэсэн болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 366 хоногийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд оруулан тооцож, үлдэх 11 сар 29 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн эдэлбэл зохих 11 сар 29 хоногийн хорих ялыг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 2 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, энэ хугацаанд шүүгдэгч Б.Мг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаас явахыг хориглосугай.

 

            4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 11 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сар 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг сулласугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ