Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1789

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ц-нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02267 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Ц-нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О-” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөр болон барьцааны мөнгө нийт 712 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс учирсан хохиролд 4 257 510 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “О-” ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В-22 дугаар бүхий талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед Арвидах худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба “О-” ХХК-ийн удирдлагаас түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон.Нийт 20 гаруй түрээслэгч байсан ба миний хувьд түрээсийн төлбөр 337 500 төгрөг, барьцаа 375 000 төгрөг нийт 712 500 төгрөгийг “О-” ХХК-д хүлээлгэн өгсөн. Тохиролцсон хугацаанд талбай, лангуу бэлэн болоогүй үйл ажиллагаа явуулаагүй учир 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал тавьж, өгсөн мөнгөө буцаан авна гэсэн боловч өгөхгүй байна. Талбай түрээслэх гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс би хохирч байгаа тул түрээсийн болон барьцаа төлбөр болох нийт 712 500 төгрөгийг “О-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ц нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас биднийг ажлын байраа 2019 оны 4 сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павилон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О-тай гэрээ байгуулсан. “О-” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр павилоныг захилан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан.Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалт павилоныг “Ноц” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн.Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр О.Ц нь үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч О.Ц-,болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй. “О-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч О.Ц-г түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн, уг мэдэгдлийг О.Ц хүлээн авсан.О.Ц-одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээр цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. О.Ц нь дээрх үндсэн шалтгаанаар биш “О-” ХХК-ийг гэрээгээр зөрчсөн павилон байхгүй мэтээр гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иймд О.Ц-гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павилон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр О.Ц-тай гэрээ байгуулсан. Тухайн ажлын байрыг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болгохоор тохиролцсон бөгөөд уг хугацаандаа бэлэн болгосон боловч түрээслэгч ирээгүй.Бид ажлын байрыг нэг сарын дараа бэлэн болгоно гэж тохиролцоогүй тул О.Ц-нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “О-” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Ц болон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул бид ажлын байргүй болчихлоо манай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээслэнэ гэж санал тавьсны үндсэн дээр “О-” ХХК нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн 100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр В-22 тоот Арвидах худалдааны төвийн талбайг түрээслэх гэрээг О.Ц-тай байгуулсан. “О-” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павилоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павилоны вакум хаалтыг “Н” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийлгэж гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч О.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч Хороолол барилгын материалын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. “О-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч О.Ц-ийг түрээслэсэн лангуу павилондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг мэдэгдсэн. О.Ц нэхэмжлэлдээ 1 сарын дараа павилон бэлэн болохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээгээр 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О.Ц-тай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. О.Цэнд-Аюушийг барилгын материалын чиглэлээр ажиллуулахын тулд урьд нь ажиллуулж байсан гурил будаа амтлагч чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, О.Ц гэрээ байгуулсан.Иймд “О-” ХХК нь О.Ц-тай байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох түрээсийн орлого 1 380 000 төгрөг, О.Ц-д оногдох талбайн цахилгаан, дулааны зардал 417 960 төгрөг, вакум хаалт хаалганы 2 459 550 төгрөг нийт 4 257 510 төгрөгийг О.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ц- нэхэмжилсэн дулаан, цахилгааны болон вакум хаалт, хаалганы үнэ нь үндэслэлгүй байна.О.Ц- тухайн лангуун дээр үйл ажиллагаа явуулаагүй тул 4 257 510 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “О-” ХХК-аас 712 500 /долоон зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай О.Ц-шаардлагыг, О.Ц-аас 4 257 510 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга таван зуун арван/ төгрөг гаргуулах тухай “О-” ХХК-ийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 21 650 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 83 070 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан талбай түрээслэх гэрээг хуулийн талаас нь тодорхой үнэлж дүгнээгүй, зөвхөн хариуцагчийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээний зорилт утга агуулгын үндсэн дээр биш хийгдсэн мэдэгдлийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу юм. Гэрээнд зөвхөн талбай түрээслэх тухай л заагдсан хяналт хийх тухай дурдаагүй. 2019 оны 3 дугаар сард гэрээг цуцлах тухай мэдэгдсэн ба энэ мэдэгдлийн талаар хариуцагч тал тодорхой няцаалт өгөөгүй. Талбай түрээслэх гэрээ нь хэрэгжээгүй, О.Ц талбайг ашиглаагүй, хариуцагч тал өөрийн давуу байдлыг ашиглан хуурч мэхлэн төөрөгдүүлсэн. Иймд хэргийг хянан үзэж үнэн зөв шийдвэр гаргана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч О.Ц-,нь хариуцагч “О-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөрт төлсөн 337 500 төгрөг, барьцаанд төлсөн 375 000 төгрөг нийт 712 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд нийт 4 257 510 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ./хэргийн 1, 18, 20-22 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу нийт 712 500 төгрөг төлсөн нь мөнгө хүлээлгэж өгсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, “О-” ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг жижиглэн цоож, гэрлийн худалдааны зориулалтаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд О.Цэнд-Аюушид эзэмшүүлэх, нэхэмжлэгч нь сар бүр 375 000 төгрөгийг “О-” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцжээ. Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” бичгээр байгуулсан талаар шүүх зөв дүгнэжээ.

 

            Дээрх түрээсийн гэрээгээр хэзээнээс эхлэн нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж эхлэх талаар тохиролцоогүй байх ба нэхэмжлэгч нь Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-22 тоот лангууг түрээсийн гэрээ хийснээс хойш 1 сарын дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүргийг “О-” ХХК хүлээсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Харин хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр  тус компанийн Арвидах төвийг хүсний захын зориулалтаар ажиллаж байсныг татан буулгаж, түрээсийн гэрээний дагуу барилгын материалын захын зориулалтаар өөрчилж, холбогдох засвар, тохижилтыг хийж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн болгох, гэрээг цуцласан тохиолдолд барьцаа болон түрээсийн төлбөрыг буцаан олгохгүй болохыг нийт түрээслэгч нарт мэдэгдсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хавсралт хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн хариуцагчаас түрээсийн талбай 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлэн болсныг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нийт түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “4 сарын” түрээсийн төлбөр гэх утгаар 1 сарын түрээсийн төлбөр, барьцаа нийт 712 500 төгрөгийг хариуцагч байгууллагад тушаасан байгаа зэргээс үзэхэд түрээсийн гэрээний харилцаа мөн оны 4 дүгээр сараас эхлэхээр талууд тохиролцсон гэж шүүх зөв дүгнэжээ.

 

            Иймд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” байхаар зохицуулжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан буюу хариуцагч гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутайгаас гэрээнээс татгалзсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс түүнд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул өгсөн зүйлээ буцаан шаардах эрх үүсэхгүй юм. Мөн талууд түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6, 3.15-д гэрээнд заасан хугацаандаа түрээслэгч үйл ажиллагаа эхлээгүй, хугацаанаас нь өмнө гэрээг цуцласан тохиолдолд төлбөр, барьцааг буцаан олгохгүй байхаар тохиролцсон байна.

                                            

            Түүнчлэн, хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах талбайн зориулалтыг өөрчилж тохижуулахад гаргасан зардлыг хохирол гэж үзэх үндэслэлгүй. Учир нь уг талбай нь хариуцагч байгууллагын эзэмшилд хэвээр үлджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

            Иймээс нэхэмжлэгчээс түрээсийн орлого, уг талбайн цахилгаан, дулааны зардал, уг талбайд хийсэн вакум хаалт хаалганы үнийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 070 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                 С.ЭНХТӨР