Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0021

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

Прокурор                                             Г.Э

Нарийн бичгийн дарга                    Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Л.Од холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Л-н О, 1

Л.О нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр      аймаг      сум    баг      тоотод Д.Оийн нүүр, толгой, биен тус газарт нь олон удаа гараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Л.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Т овогт Л-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Л.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О нь 600.000 төгрөгийн хохирлоос үлдсэн 240.000 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг, мөн цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“... Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэсэн байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааныг үндэслэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасныг үндэслэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. Улсын яллагч ялын санал гаргахдаа шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан байхад шүүх нэмж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлаж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хасаж, өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив“ гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.О нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ      аймгийн    сумын     тоотод иргэн Д.Оийн нүүр, толгой, биен тус газарт нь олон удаа гараа цохиж, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.О нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан /хх 74/ байх бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж, шүүгдэгч Л.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүнийг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Дээрх хугацаанд шүүгдэгч Л.Од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Г.Э эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заажээ.

 

Прокуророос  “... Л.Од 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай санал үйлдэж /хх 76/ шүүхэд ирүүлсэн байх боловч анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнээс хальж, шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал: Шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох боловч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн хувьд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулах учиртай юм.

 

Түүнээс гадна шүүгдэгч Л.О нь шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн эсэхээс үл хамааран шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүснэ.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимтай агуулгын хувьд нийцэхгүйгээс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул прокурорын “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“Шүүгдэгч Л.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг

“Шүүгдэгч Л.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумаас явахыг хориглосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                                                С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   С.УРАНЧИМЭГ