Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2023/0057

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.Х,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргаж байна.

2. Т.Х  2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримт  бичгийн хамт гаргасан өргөдлийг  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч хүлээн авахаас татгалзаж буцаасан. 

            3. Уг байцаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг буцаасан асуудлаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад  2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Т.Х гомдолд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 254 дүгээр албан бичгээр “малчнаар  өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж хариу өгсөн.

Улмаар Т.Х 2023 оны 05 дугаар  сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг  тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дүгээр захирамжаар   урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаагүй гэсэн үндэслэлээр  хүлээн авахаас татгалзсан ба  түүний 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан  гомдолд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр   2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Монгол улсын иргэн Т.Х би 55 нас хүрч, улсад 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс малчнаар 15 жилээс доошгүй жил ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахаар Буянт сумын нийгмийн даатгалын байцаагч Т.Мэндсүрэнд 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр холбогдох бичиг баримтуудыг танилцуулсан боловч хүлээн авахаас татгалзсан.

Ингээд Т.Х би Буянт сумын нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Т.М хууль бус ажиллагаанд гомдож, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан юм. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн юм. Уг хариуд Т.Х миний 2020 оны мал тооллогыг статистикийн байгууллагад “мал бүхий өрх” гэсэн тэмдэглэл хийгдсэн учир мал маллаж, малчнаар ажилласан хугацаа хүрэхгүй гэсэн байна.

Уг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуг  би зөвшөөрөхүй байна. Учир нь Т.Х би 1983 оны 7 дугаар сараас хойш дунд нь 2 жилийн цэрэгт явж 40 жил мал маллаж байсан хүн билээ. Буянт сумын 4 дүгээр багийн Засаг даргаас Т.Ханжархан надад олгосон 2020 оны “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны мал тооллого”-ын А картад “Малчин өрх” гэж тэмдэглэл хийгдсэн байна. Уг картад Т.Ханжархан би 2020 онд тэмээ 1, адуу 6, үхэр 18, хонь 30, ямаа 50, бүгд 105 толгой мал тоолуулсан юм. Бодит байдалд би 40 гаруй жил тасралтгүй мал маллаж, малчин байгаа ба өвөлжөө, хаваржаа, зуслантай иргэн гэдгийг Алтай, Буянт сумын иргэд мэднэ. Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн намайг 2020 онд малчин биш гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй хууль бус татгалзал гэж үзэж байна. Иймээс Т.Х би өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд малчин Т.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг  хууль бус болохыг тогтоож , Т.Х надад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү“  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“2020 оны А карт аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас гараагүй учраас зөрчилтэй гэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт Буянт сумын 4 дүгээр багийн  2020 оны А карт тушаагдаагүй байсан. Статистикийн хэлтсээс авсан лавлагаанд мал бүхий өрх гэж тэмдэглэгдсэн учраас малчнаар ажилласан жил нь  хүрэхгүй байгаа гэсэн маргаан гарч байгаа. Т.Х 1983 оны 7 дугаар сараас хойш мал маллаж байгаа. 2020 онд тэмээ 1, адуу 6,үхэр 18, хонь 30, ямаа 50, бүгд 105 толгой мал тоолуулсан. 2020 оноос бусад онуудад малчин өрхөөр явж байгаа. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2 удаа ажилласан жилээ тогтоолгож байсан. Т.Х 2004 онд Алтай сумаас Буянт суманд нүүж ирсэн. Тиймээс Буянт сумын тооллогод явдаг. Алтай сумын уугуул иргэн учраас хаваржаа, өвөлжөө нь Алтай суманд байдаг. Статистикийн хэлтсийн 2020 оны А картад Т.Х мал бүхий өрх гэж бичигдсэн боловч бусад хэрэгт авагдсан нотлох баримтаар мал маллаж малчин байсан нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.  

5.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж даргаас гаргасан хариу тайлбарт:

Иргэн Т.Х нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар дуустал, 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар дуустал тус тус нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байсан. Уг онуудад мал тоолуулж байсан боловч малчин өрхөөр бус мал бүхий өрхөөр бүртгэгдсэн байна. Тиймээс малчнаар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байгаа тул тэтгэвэр  тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгчийн 2020 оны мал тооллогыг Статистикийн хэлтэс буруу бүртгэсэн бол энэ асуудал иргэний хэргийн шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх асуудал юм. Иймд уг хэргийг хэлэлцэхгүйгээр  татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Ж шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2-т “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заасан. Үүнээс иргэн Т.Х нь нийт 20-иос доошгүй жил ажилласан байх болзлыг бүрэн хангаж байна. Харин 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх болзлыг хангаагүй. Түүний малчнаар ажилласан жилийн тооцоо дараах байдалтай байна. Үүнд, 1983.06.27-1986.06.15 хүртэл,1988.09.15-1989.12.31 хүртэл нэгдлийн малчнаар нийт 4 жил 3 сар малчин, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох тухай хуулийн дагуу 11 жил нөхөн тооцуулсны 1990-1994 он дуустал 5 жилийн сум, багийн Засаг даргын тодорхойлолтоор, 1998-2000 оныг 3 жил шүүхээр тогтоосны дагуу тус тус нийт 8 жилийг малчнаар ажилласан гэж үзэх боломжтой.

2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар дуустал нийт 3 сар, 2021 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар дуустал 2 жил тус тус нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж, тус онуудад малчин өрхөөр бүртгүүлэн мал тоолуулж байсан тул уг 2 жил 3 сарыг малчнаар ажилласнаар тооцно. Ингээд дээрх хугацааг нэмээд үзэхээр 14 жил 6 сар малчнаар ажилласан.

Иргэн Т.Х нь 2020 онд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байсан боловч мөн онд малчин өрхөөр бус мал бүхий өрхөөр бүртгэгдсэн нь аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн лавлагаагаар нотлогдож байна. Иймд малчнаар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байгаа тул тэтгэвэр тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч 2020 оны мал тооллогыг Статистикийн хэлтэс буруу бүртгэсэн гэж үзэж байгаа бол энэ асуудлаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иргэний ажилласан байдлыг тогтоох асуудал нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал учраас уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгчийн “Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын  тухай хуулийн 6 дугаар зүйлийн  1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж,

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж,

 Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус зохицуулсан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна гэж  Улсын Дээд шүүхээс тайлбарласан байна. /УДШ, Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2008, тогтоол №47,х.5, мөр 8/

3.Нэхэмжлэгч Т.Х нь  Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1986 оны 6 дугаар  сарын 25-ны өдрийг дуустал,1988 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан, Алтай сумын 1 дүгээр багт 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  мал маллаж, малчин байсныг  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00019 дүгээр,2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00140  дүгээр  шийдвэрээр /Хавтаст хэргийн 68-72   дах  тал/   тус тус тогтоосон.

Өөрөөр хэлбэл Т.Х нь  1983-1986,1988-1989,1998-2000 оны хооронд нийт 7 жил 3 сар  малчнаар ажилласан нь  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн  шийдвэрээр  тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч Т.Х нь 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж,1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 65  дах  тал/  тогтоогдож байгаа ба  Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж зааснаар нийтдээ 3 жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 -д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: 3.1.2. даатгуулагч 1991-1994 оны хооронд хувиараа мал малласан бол 1991-1994 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, “Хувиараа аж ахуй эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тухай” Хөдөлмөрийн сайдын 1991 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж, орлогоосоо 13.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг бүртгэх тооцооны хуудас”, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт” гэж заасан.

6.Нэхэмжлэгч Т.Х нь 1990-1994 оныг дуустал 5 жил Алтай сумд малчнаар ажилласан нь  Алтай сумын болон тус  сумын  1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор /Хавтаст хэргийн 66,67 дах тал/ тогтоогдож байгаа, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд  заасан нөхцөл, болзлыг хангасан тул түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр  /1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан /Хавтаст хэрэгт авагдсан 0915290 дугаартай нийгмийн даатгалын  дэвтэр/ байна.

7. Түүнчлэн Т.Х 2021, 2022 онд малчнаар ажилласан нь тухайн онуудын “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэлээр тогтоогдож байгаагаас гадна тэрээр  сайн дурын даатгуулагчийн хувиар 2020 оны 1-12 дугаар сар,  2021 оны 1-3 дугаар сар, 5-12 дугаар сар, 2022 оны 1-12 дугаар сар, 2023 оны 1-4 дүгээр сарын  буюу нийт 3 жил 3 сарын  хугацааны  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 92-93,120-123,161-163 дэх  тал/ тогтоогдсон болно.

8.Хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон  дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Х нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/-д  заасан малчинд өндөр насны тэтгэвэр тогтоох болзлын “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэснийг хангасан, мөн  14 жил 3 сар малчнаар ажилласан үйл баримтууд тогтоогдож байгаа ба хариуцагчаас  эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин хариуцагчаас “Т.Х нь 2020 онд  малчин өрхөөр бус мал бүхий өрхөөр бүртгэгдсэн нь  аймгийн Статистикийн хэлтсээс өгсөн лавлагаагаар тогтоогдож байгаа тул “15-аас доошгүй жил малчнаар ажилласан байх” гэсэн шаардлагыг хангахгүй” буюу малчнаар ажилласан хугацаа нь 15 жил хүрэхгүй гэж маргасан.

9. “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын  3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно: 3.1.5. даатгуулагч 1995 оноос хойших хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх)” гэж,

Нийгмийн  даатгалын ерөнхий газрын даргын  2018  оны А/09 дүгээр   тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчин- даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 6.3-т “Даатгуулагчийн 1995 оноос хойш  малчнаар ажиллаж нийгмийн  даатгалын шимтгэл төлсөн хугацааг   доор дурдсан баримт бичгийг үндэслэн тооцно. Үүнд: 6.3.1. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 1995 оноос хойш албан журмын болон сайн дурын даатгалд  даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагчийн  малчнаар ажилласан хугацааг  түүний  малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан  сайн дурын даатгалын гэрээ,   баталгаажсан нийгмийн   даатгалын  дэвтэр,   “А” дансны лавлагаа”,

7.3-т  “Малчин- даатгуулагчийн  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны  “А” дансны бүртгэл устсан, үрэгдсэн тохиолдолд  малчнаар ажилласан хугацааг  шүүхээр сэргээн тогтоолгож болно” гэж  тус тус заасан.

10.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн  117-119,120-123,124-126,127,158-163 дах  тал/ “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын МТ-1 маягт буюу “А” дансны бүртгэлд  мал тэжээвэр амьтдаа тоолуулсан  Буянт сумын өрхүүдийн 2020-2022 оны “А” дансыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт хүлээлгэж өгөөгүй бөгөөд Буянт сумын  Засаг даргын Тамгын газрын архив болон багийн Засаг дарга нарт хадгалагдаж байгаа болох нь тогтоогдсон.

Энэхүү Буянт сумын архивд хадгалагдаж байгаа Т.Х  “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого”-ын маягтад 105 толгой малтай гэж бүртгэгдсэн, мөн “Өрхийн төрөл” гэдэг  хэсгийн  “Малчин өрх”  1 гэдэг тоог дугуйлж  тэмдэглэснээс гадна  “Мал бүхий өрх” 2 гэдэг тоог дугуйлсныг  засварласан байдалтай байгаа ба энэхүү нөхцөл байдлын талаар гэрч  Буянт сумын 2020 оны мал тооллогын комиссын даргаар 4 дүгээр багт ажилласан тус сумын  4 дүгээр багийн Засаг дарга Б.Е “...2020, 2021 онуудад миний бие Т.Х гэрт нь очиж мал тоолж байсан. Т.Х хувьд манай суманд бүртгэлтэй болохоос биш одоог хүртэл мал маллаж Алтай суманд амьдардаг малчин хүн юм. Алтай суманд хаваржаа, намаржааны газар, хадлангийн талбайтай, тэнд байнга амьдарч малаа малладаг  хүн юм. Малчин өрх гэдэг нь жилийн 4 улирал малаа малладаг,  тэр орлогоороо амьдардаг хүн юм.Мал бүхий өрх гэж бидний ойлгож байгаагаар малтай боловч төрийн албан хаагчид, өөр ажил эрхэлдэг, эсхүл сумын төвд амьдардаг гэж ойлгодог юм. ... Т.Х  2020 оны “А” дансны маягтын хувьд мөн “А” дансны эхний нүүрийг манай эхнэр бөглөсөн байгаа. Мөн адил “Малын тоо толгойн өөрчлөлт” гэсэн хэсэгт байгаа бичиг манай эхнэрийн бичиг. Харин “Бэлэн тоологдсон мал” гэдэг хэсэг дэх бичиг миний бичиг байгаа. Өөрөөр хэлбэл  2020 онд Т.Х гэрт би өөрөө очиж мал тоолсон байгаа.  Тухайн үед Т.Х 2020 оны “А” дансны маягтад өрхийн төрлийн хувьд “Мал бүхий өрх” гэж  тэмдэглэгдсэн   байна. Үүнийг би тухайн үед анзааралгүй, андуурч дугуйлсан байна. Мөн тухайн онд статистикийн программд шивэлт хийх үед “А” дансны маягтад байгаа байдлаар нь буюу “Мал бүхий өрх” гэдгээр нь оруулсан байна. Уг нь “малчин өрх” юм.” гэж  мэдүүлсэн.

Түүнчлэн Т.Х 2021, 2022 оны  “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн  тооллого”-ын  маягтад “Өрхийн төрөл” гэдэг  хэсгийн  “Малчин өрх”   1 гэдэг тоог  тус тус дугуйлж  тэмдэглэсэн, 2021 онд 116, 2022 онд 113 малтай гэж бүртгэгдсэн байх ба эдгээр онуудад малчин байсан талаар хариуцагч маргаагүй, мөн  тэрээр насаараа Алтай сумын 1 дүгээр багт мал маллаж амьдарч байгаа, өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болох нь  гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 12,13,68-72,117-119, 120-123, 124-126,131-155, 156-157, 161-163,171-172,181-182 дах  тал/ тогтоогдсон болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч талаас маргасан хугацаанд буюу 2020 онд  малчин байсан, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  сайн дураараа төлсөн бөгөөд 2020 оны “А” дансны бүртгэл болон статистикийн цахим системд  нэхэмжлэгч Т.Х өрхийн төрлийн мэдээллийг “Мал бүхий өрх”-өөр буруу бүртгэсэн нь тухайн онд ажилласан мал тооллогын комиссын буруутай үйл ажиллагаа болох нь тогтоогдож  байх тул  нийгмийн даатгалын байгууллагаас  мал тооллогын комиссын дээрх байдлаар бүртгэсэн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийг 2020 онд малчин биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл мал тооллогын  комисс нь нэхэмжлэгч Т.Х  өрхийн  төрлийн мэдээллийг 2020 оны “А” дансны бүртгэлд  “Мал бүхий өрх”-өөр  буруу  бүртгэсэн нь нэхэмжлэгчийн дээрх хугацаанд малчнаар ажилласныг үгүйсгэх, улмаар түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийг 2020 онд мал маллаж амьдарсан малчин биш гэж үзэх, тодруулбал 2020 онд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь дараагийн онуудаас өөр байсан гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Мөн дээр дурдсан малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам, зааварт зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг  холбогдох  баримт бичгийг үндэслэн тодорхойлохоор зохицуулсан бөгөөд тухайн тохиолдолд  “А” дансны бүртгэл устсан, үрэгдсэн асуудал байхгүй тул  нэхэмжлэгчийн 2020  онд малчин байсныг заавал шүүхээр тогтоолгох байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байгааг  дурдах нь зүйтэй.

11. Нийгмийн даатгалын  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно”  гэж тус тус заасан.

 

12.Дээрх байдлаар  15–аас доошгүй жил  малчнаар ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  хариуцагчийн татгалзал нь бодит байдалд нийцээгүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсгийн 1/ дэх заалтыг  тус тус зөрчсөн хууль бус, мөн уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар даатгуулагчийн өргөдлийг  даатгагч хүлээн авсан өдрөөс  буюу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн  нэхэмжлэгч Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 7 дахь хэсгийн 1/ дэх заалт, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ