Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                  Г.Э

Нарийн бичгийн дарга           Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Н-н Б,

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр       аймаг     сум         багийн нутаг дэвсгэрт байрлах “Ц” зочид буудлын      тоотод согтуурсан үедээ Б.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Н-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улмаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм. Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143, 160 дугаар зүйлд заасан торгох ял биелүүлэх доод хугацаанаас /90 хоног/ доогуур буюу 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулж, олгосон эрхийг нь хязгаарласан байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь хэсэгт “...Н.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож...” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор Г.Э-н эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б овогт Н-н Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  аймгийн     сумыг     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” зочид буудлын      тоотод Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Н, Д.Н нарын мэдүүлэг, гэрэл зургууд, шүүгдэгч Н.Бийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Н.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Б-н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмчийн 703 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүх Н.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Учир нь: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно ... гэж заасан байна.

 

Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан дээрх 90 хоногоос дээш буюу гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар хугацааг тогтоох эрх хэмжээ олгосон заалт юм.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай ... гэснийг

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай ... гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР