Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0763

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, иргэн Д.Э*******, Б.Х*******, Н.Б*******, Б.Б*******, Ж.Г*******, Д.С******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “MV-020629 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г*******” ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэршлээр/-ийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ[1]: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Д.Э******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Учир нь хариуцагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509 дугаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь тус шүүхээр хэлэлцэгдэж хүчингүй болсон нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байгаа болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ[2]: “...тус шүүхэд “Их бага баян шарга” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0308 дугаар шийдвэрээр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509 дугаар шийдвэрээр “Их бага баян шарга” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар 22-ны өдрийн 509, 510, 511 дүгээр шийдвэрүүд болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-020629, MV-020631, MV-020633 дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0405 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаагүй байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

...Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 20.1.1-т “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...” 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Э*******, Б.Х*******, Н.Б*******, Б.Б*******, Ж.Г*******, Д.С******* нараас олгосон итгэмжлэлүүдээр[3] М.А*******т “...нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах...” эрхийг олгосон байна.

Улмаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “...энэ хуулийн 66... дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч,...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу шийдвэрлэв.

Эцэст нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* “MV-020629 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г*******” ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэршлээр/-ийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 509 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Э*******, Б.Х*******, Н.Б*******, Б.Б*******, Ж.Г*******, Д.С******* нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.БАТБААТАР

 

 

[1] Хавтаст хэргийн 217-р хуудас

[2] Хавтаст хэргийн 216-р хуудас                                             

[3] Хавтаст хэргийн 12-17-р хуудас