Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1787

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.С-д холбогдох,

 

2 995 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би Д.С-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөгийг хоорондоо ярилцаж тохиролцон 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө нь Д.С- нь мөнгө зээлээч гэхэд надаа мөнгө байгаагүй зээлж чадахгүй гэтэл уйлж байн байн залгаж эгчдээ тус болооч эгч нь найдвартайшдээ гээд байхаар нь өмнө хэд хэдэн удаа зээлж байсан болохоор нь би таньд хүнээс аваад өгье та найдвартай өгөөрэй гээд өгсөн. Гэтэл хугацаа нь дууссан боловч С нь зээлсэн мөнгөө төлөөгүй, хуурч мэхэлсээр утасаа авахгүй өнөөг хүрч байна. Хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү алданги 995 000 төгрөг, нийт 2 995 000 төгрөг нэхэмжилсэн ба одоо өгсөн 2 000 000 төгрөгөө нэхэмжилж 995 000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.С- шүүхэд гаргасан болон төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.Х-тай мөнгө зээлэхээр харилцан тохиролцсон боловч тухайн үед хэлцлийн үндсэн дээр Д.Н гэх хүний Хаан банкны 5001230379 тоот данснаас 2 000 000 төгрөгийг зээлж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа уг мөнгийг буцаан төлсөн. Иймд Х.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2 995 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Д.Н-гийн өмнөөс нэхэмжлэх эрхгүй, хариуцагч мөнгийг Д.Н-гаас зээлсэн, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С-гаас 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 870 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.С-гаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй Д.С- 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Н- гэх хүний Хаан банкны 5001230379 тоот данснаас 2 000 000 төгрөгийг зээлж авч байсан. Энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Д.Н- гэх хүн нь Х.Х-ын ээж мөн болох талаар би огт мэдэхгүй энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй мөн Д.С- нь Д.Н-гаас мөнгө зээлж авсан талаараа шүүхэд хариу тайлбар, дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэдийгээр шүүх Д.С- нь хариу тайлбартаа Х.Х-тай мөнгө зээлэхээр тохирсон боловч хэлцлийн үндсэн дээр Д.Н-гаас 2 000 000 төгрөг зээлсэн гэж бичсэнийг ... "боловч"... гэдэг үгийн утгыг шүүх хоёрдуулж тайлбарлаж шийдвэрлэсэн. Уг санаа нь бол дараа нь Д.Н-гаас 2 000 000 төгрөг зээлсэн гэж бичсэн үгийн утга. Шүүх угийн утга биш нотлох баримтанд үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой. Нэгэнт Д.С- Х.Х- гэх хүнээс мөнгө зээлээгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт үнэнээ хэлсээр байхад Х.Х- нь Д.Н-гийн хүүхэд мөн болох ямарч нотлох баримт байхгүй байсаар байхад Д.Н-г Х.Х-ын ээж гэж үнэлсэн. Хэдийгээр Д.Н-, Х.Х- нар нь бие даасан этгээд байсаар байхад нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг шүүх үнэлээгүй. Хэрэв Х.Х- нь Д.Н-гийн хүүхэд мөн юм бол яагаад Д.Н- өөрөө надаас буюу Д.С-гаас зээлж авсан 2 000 000 төгрөгийг нэхэмжлэхгүй байгаа юм. Д.С-гийн хувьд мөнгө зээлсэн хүндээ л мөнгөө буцааж өгсөн. Мөнгө зээлсэн хүнтэйгээ харилцахыг хүсч байна. Гэтэл огт хамааралгүй хүн нэхэмжлэл гаргаж, мөнгийг нь буцаан өгсөөр байхад дахин Х.Х- гэж 2 000 000 төгрөг зээлээгүй хамааралгүй хүнд 2 000 000 төгрөг гаргуулж өгөхөөр шийдсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Х.Х-, хариуцагч Д.С-д холбогдуулан 2 995 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 2 000 000 төгрөгийг аваагүй, Д.Н-гаас авч, буцаан төлсөн гэж тайлбарлан маргажээ./хэргийн 1-2, 21 дүгээр тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Х- нь хариуцагч Д.С-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ /амаар/ байгуулсан нь тэдгээрийн өөрсдийн тайлбараар тогтоогджээ. Энэ талаар талууд мараагүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Зохигчдын гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн Хаан банкны 5081041082 тоот данс руу 2 000 000 төгрөгийг Д.Н-гийн Хаан банкны 000000 тоот данснаас шилжүүлсэн болох нь Д.Н-, хариуцагч Д.С- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогджээ./хэргийн 4-13, 23 дугаар тал/ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн гүйцэтгэлийг шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч зээлийг өөрөө шилжүүлэхээр тохиролцсон, өөр этгээдээр гүйцэтгүүлж болохгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь мөнгө шилжүүлсэн Д.Н-тай тусдаа зээлийн гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Мөнгө шилжүүлсэн Д.Н- нь нэхэмжлэгчийн ээж мөн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

 

Иймээс шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 2 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзнэ. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч Д.С-гаас 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                С.ЭНХТӨР