Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/MA2017/0595

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Дашдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, гуравдагч этгээд Б.Давааням нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Дашдаваагийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дашдаваагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “болно” гэсэн заалт нь “заавал” эсхүл “зайлшгүй” гэх утгыг илэрхийлэхгүй. Харин эрх бүхий албан тушаалтан нь дээрх зарчмыг баримтлан өөр хувилбараар ч шийдвэрлэж болохыг давхар зөвшөөрсөн агуулгатай юм. Иймээс эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг “заавал” ажлаа хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар гүйцэтгүүлнэ гэж хатуу ойлгож болохгүй. Тэр үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Монгол улсын гавъяат хуульч Ц.Шаравдорж Б/89 дүгээр тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан мөн бөгөөд боловсон хүчний талаар зохих судалгаа хийсний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан юм. Энэ бол хууль, журам зөрчөөгүй. Шүүгч Н.Дамдинсүрэнгийн ойлгосон шиг Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хамгийн ойр зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга биш юм. Тэгээд ч дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын ажлын /албан тушаал/-ын тодорхойлолтод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын эзгүйд түүнийг орлож, чиг үүргийг нь гүйцэтгэж байх талаар заагаагүй байдаг. Д.Дашдаваа эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол тухайн үед нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацааны дотор дээд шатны захиргааны байгууллагад хандан, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, урьдчилан шийдвэрлүүлэх ямар ч ажиллагаа хийгдээгүй, хууль эрх зүйн үндэслэлгүй, өөрийн итгэл үнэмшил, хүсэл санаачилгаар биш бусдын шахалт, ятгалга, захиалгын шинжтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Дашдаваагийн нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Дашдаваа нь “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон атлаа ижил үндэслэл бүхий  2016 оны 04 дүгээр сарын  07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

 Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг гүйцэтгүүлэхээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Б.Даваанямыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар Б.Даваанямын Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгосон үйл баримтууд тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Дашдавааг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар дараагийн түр орлон гүйцэтгэгчээр Б.Даваанямыг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн байхыг шаардах ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох нь захиргааны эрх хэмжээний асуудал бөгөөд албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэх эрх болон хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрхэд халдсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хууль зүйн үндэслэлгүй, үр дагаваргүй болохыг шүүх анхаараагүй нь буруу байна.

 Түүнчлэн, хариуцагчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй, маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй.  

Иймд гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                  

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дашдавагааийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/59, 2016 оны 04 дүгээр сарн 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоогох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж, “хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дашдаваад олгосугай” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                           

                           

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР                      

                            ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

                            ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН