Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221

 

Б.И-н нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Байгаль орчин, аялал

жуулчлалын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:              Л.Атарцэцэг

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                              Х.Батсүрэн

                                              Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Отгон сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 68 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0104 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.А-г оролцуулж,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож,  Б.И-г Отгон сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2 дугаар сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.И-н ажилгүй байсан 209 хоногийн цалин 4.667.806 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0104 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...26.4.4...” гэснийг “4 дэх хэсгийн 4/” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...106...” гэсний өмнө “54 дүгээр зүйлийн 54.1.1,“ гэж, “...106.6...” гэсний дараа “109 дүгээр зүйлийн 109.2” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгад: Нэхэмжлэгч Б.И нь Отгон сумын байгаль хамгаалагчаар томилогдохдоо  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар энэхүү ажилд томилогдсон байдаг. Байгаль хамгаалагчийг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цалинжуулж, тус байгууллагын баталсан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд захирагдан, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын бүтэц орон тоонд харьяалагдаж, түүний харъяанд ажил үүрэг гүйцэтгэж байсан байна.

4. Шүүхүүд нэхэмжлэгчийг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад илт хууль бусыг тогтоосон нь үндэслэлгүй юм.

5. Мөн иргэн Б.И нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бөгөөд өөрийн ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 19-нд мэдсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд миний гар утас руу янз бүрийн мессеж бичиж байсныг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад үнэлээгүй. Төрийн албан тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.4-т ажлаас халсан тушаалыг мэдсэнээс хойш 1 сарын дотор гомдол гаргасан байх шаардлагатай, нарийвчилсан хуульд тусгайлан зааж өгсөн байхад үнэлээгүй.

6. Нэхэмжлэгчийн 2016 оны 12 сар, 2017 оны 01, 02 сарын цалингийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар маргаагүй байхад маргаантай байгаа учраас иргэний журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь дээрх цалин хөлсөө байгууллагаас болон шүүхэд цалин хөлснийхөө нэхэмжлэлийг 3 сарын дотор гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад шүүх нэхэмжлэгчид илт ашигтайгаар шийдвэрлэсэн.

7. Байгууллагын байгаль хамгаалагчид тухайн сумын Засаг даргын Тамгын газрын байранд сууж цагаа тус газарт бүртгүүлэн цалингаа тооцон авдаг, үүнийг Отгон сумын Засаг даргын тамгын газрын даргын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байхад, цагийн бүртгэлээр нотлогдсон байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. 3 сарын дотор 2 сар гаруй хугацаанд ажлаа тасалсан хүнийг ажилд нь эгүүлэн тогтоосонд гомдолтой байна. Үүнээс гадна хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан сар бүрийн, хагас жилийн болон хугацаатай мэдээ тайлан ирүүлдэггүй, сахилгын шийтгэл аваад байхад ажил тасалж, сарын тайлангаа явуулдаггүй.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Б.И нь Завхан аймгийн Отгон сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Гэвч хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад дээрх тушаалыг гаргах, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4-т зааснаар байгаль хамгаалагчийг сумын улсын байцаагчийн саналыг харгалзаж, сумын Засаг дарга томилж, чөлөөлөхөөр заасан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан бол холбогдох шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдох учраас б/19 дүгээр тушаалыг “илт хууль бус захиргааны акт” гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх үйл баримт мөн байх тул хариуцагчийн гомдлын “шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн” гэх хэсэг үндэслэлгүй байна.

12. Хариуцагчийн “төсөв, цалингийн сан нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын харъяанд байдаг, Сайдаас гаргасан дүрмийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгаль хамгаалагчийг томилох эрхийг олгосон, манай байгууллагаас цалинждаг тул ажлаас чөлөөлөх эрхтэй” тухай гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь дээр дурдсанаар Байгаль орчныг хамгаалах хуульд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах этгээдийг нарийвчлан заасан тул эрх зүйн эх сурвалжийн эрэмбийн дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг дагаж мөрдөх ба захиргааны байгууллага нь хуулиар нэгэнт тодорхой зохицуулсан асуудлыг журам, дүрэм гаргаж зохицуулах эрхгүй. Байгаль хамгаалагчийн цалинг олгосон байдал нь сумын Засаг даргын томилох, чөлөөлөх эрхийг шууд хязгаарлах үндэслэл биш бөгөөд Үр дүнгийн гэрээг сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, байгаль хамгаалагч гэсэн 3 талын хүрээнд байгуулдаг тул энэ хүрээнд хоёр захиргааны байгууллага үйл ажиллагааг уялдуулах замаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.

13. Хариуцагчаас “нэхэмжлэгч анх ажилд томилогдохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдсон” гэж маргаж байгаа боловч шүүхээс нэхэмжлэгчийн анх ажилд томилогдсон захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаагүй, зөвхөн ажлаас чөлөөлсөн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа учраас дээрх гомдол нь хэрэгт шууд хамааралгүй юм.

14. Мөн “ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тухай асуудал нь маргаан бүхий захиргааны актын хүрээнд дүгнэгдэх үйл баримт бөгөөд нэгэнт шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээдээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байдал нь тухайн тушаалыг хууль бус болохыг тогтоох хангалттай үндэслэл болно.

15. Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байх тул шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0104 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн өмгөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ