Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00816

 

“Мөнгөн зоос кредит” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлалтай,

“Мөнгөн зоос кредит” ББСБ-ын нэхэмжлэлтэй

Н.Батбаярт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 162 693 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батбаяр нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж 45 000 000 00 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авахдаа зээлийн гэрээний барьцаанд Н.Батбаяр нь өөрийн өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 58 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2206017196 тоот дугаартай, орон сууцыг барьцаалсан.  Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь дууссан ч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхөөс зайлсхийсээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож, уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг ч зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлнө гэдэг ч одоог хүртэл төлөөгүй байна. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийтдээ 92 880 000 00 төгрөг болж хуримтлагдаад байна. Н.Батбаяр нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Мөнгөн зоос кредит” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/, ХД-69 дүгээр байрны 5 тоот хаягт орших, улсын бүртгэлийн Ү-2206016484 тоот дугаартай, орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хүүний төлбөрийг хийж байсан. Зээлдэгч нь “Мөнгөн зоос кредит” ББСБ-аас 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 490 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 510 000 00 төгрөг тус тус бэлнээр зээлж авсантай холбогдуулан 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинэчлэн байгуулж, зээлийн хэмжээг 35 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж, зээлийн сарын хүүг 4 хувь болгон өөрчилж, зээлийн хугацааг 12 сарын хугацаагаар сунгасан. “Мөнгөн зоос кредит” ББСБ болон Н.Батбаяр нарын хооронд шинэчлэн байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч Н.Батбаяр нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхөөс зайлсхийсээр байна. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийтдээ 69 813 330 төгрөг болж хуримтлагдсан. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 92 880 000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж 2012, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт 69 813 330 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 162 693 330 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгүүдийг хууль тогтоомжийн дагуу худалдсан үнэ нь зээлийн гэрээнүүдийн нийт төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөн зоос кредит” ББСБ-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Батбаяраас 92 880 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгож, нийт 162 693 330 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 69 813 330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 971 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 622 350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Батбаяраас 127 880 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 813 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “...622 350 төгрөг...” гэснийг “...797 350 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 020 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь магадлалын үндэслэлүүдээс хамгийн сүүлийн хэсэг болох талуудын хоорондын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар хэлцэл хийсэн гэж үзэхгүй гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк. зээлийн уйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 451.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заасан. Тухайн шаардлагын дагуу 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Улмаар талууд харилцан тохиролцож, амаар хэлцэл байгуулан 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 490 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 510 000 төгрөг нэмж олгосон ба хэлцлийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, шинэчлэн байгуулсан. Талуудын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр сарын 451.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд үүнийг магадлалд дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний 1, 1.3.2, 1.3.1, 1.4, 1.6-д тус тус тодорхой заасан. Хэдийгээр хэрэгт авагдсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн график байхгүй ч зээлийн гэрээний дээр дурдсан зүйл заалтаас зээлийн хүү төлөх нөхцөлийг хангалттай тодорхойлох боломжтой. Гэвч давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөлүүдийг авч үзэлгүйгээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийг үгүйсгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлдэгчийн хяналтын карт буюу зээлийн тооцооллыг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу тооцож гаргасан. Иймд магадлалыг хянаж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т заасны дагуу талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд талууд хүү төлөх тухай хэлцэл хийгээгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагын 34 813 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит” ББСБ нь хариуцагч Н.Батбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 45 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, 2015 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар зээлийн үүрэгт 92 880 000 төгрөгийг төлөөгүй, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, уг зээлийн үүрэгт 69 813 330 төгрөг төлөөгүй гэж, нийтдээ 162 693 330 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж татгалзсан боловч тодорхой үндэслэл заагаагүй байна. /хх-52/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Н.Батбаяр нь барилгын материал худалдан авах зориулалтаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр  45 000 000 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 490 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 510 000 төгрөг зээлэхийг хүсэж, өргөдөл гаргасан байх ба талууд зээлийн хэмжээ, хүү, хугацааг тохирч бичгээр зээлийн гэрээ, үүргийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ. /хх-29, 30, 31, 32, 15-27/

Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 45 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх зээлийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан байна. 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өмнө нь зээлсэн 20 000 000 төгрөг, 12 490 000 төгрөг, нэмж зээлсэн 2 510 000 төгрөгийг нэгтгэж 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болохыг нэхэмжлэгч тайлбарлажээ.

Зээлдүүлэгчээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 45 000 000 төгрөгийн Н.Батбаярт бэлнээр, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөгийг бэлнээр, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 490 000 төгрөгийг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 510 000 төгрөгийг бэлнээр өгсөн баримтуудаар зээл олгосноо нотолжээ.

Талууд 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өмнө нь олгосон болон шинээр нэмж зээлсэн мөнгийг нэгтгэж, зээл 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар сунгасан агуулгаар зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчихгүй тул гэрээний хугацааны зээлийн хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярын гомдлыг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд буюу “Мөнгөн зоос кредит” ББСБ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн тул зээлдэгч Н.Батбаяр нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл  35 000 000 төгрөг, 12 сарын хүү 16 800 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 45 000 000 төгрөг, үндсэн хүү 40 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 080 000 төгрөг, хоёр зээлийн төлбөрт нийт 144 680 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь зээлээс буцаан төлөлт хийгээгүй байна.

Хариуцагч Н.Батбаяр өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхардсан, өөр өмгөөлөгч авах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. /хх-62, 75, 88, 103/ Мөн хариуцагчид шүүхийн шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гардуулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...127 880 000 төгрөг...” гэснийг “...144 680 000 төгрөг...” гэж,  “...797 350 төгрөг...” гэснийг “...881 350 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 020 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА