Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/172

 

                    

Н.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бөд холбогдох 2110013851064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Нийн Б, 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн сургуулийн 3 дугаар курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх “Х” банкны төв салбар дээр системийн алдаанаас болж түүний 5622457330 тоот дансанд 732.000 ам.доллар шилжин ороход төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд 15.452.39 ам.доллар буюу 44.031.537,33 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Нийн Бийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Н.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөөс 38.118.297.22 төгрөгийг гаргуулан хохирогч Х банканд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д даалгаж, шүүгдэгч Н.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Амарсанаа 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэхдээ X-1-4667 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналын удирдлага хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэсэн атлаа Н.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс уг зөрчлийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол, мэдээлэлд үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан байх ба тухайн гомдол мэдээлэлд үндэслэн урьдчилсан байдлаар Эрүүгийн зүйл, хэсэг, заалтад зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлыг шалгаж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсний үндсэн дээр нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Бөд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь үндэслэл бүхий буюу тохирсон байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс гадна тус хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заасныг ноцтой зөрчсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг зөрчсөн тул шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт “...Биткойн, Ардкойн, гар утас худалдаж авах, найздаа мөнгө зээлэх, өөртөө хүнс авах зэргээр захиран зарцуулсан” гэж мэдүүлжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулсан, мэдүүлэгт дурдсаны дагуу Биткойн болон Ардкойноос хэдэн төгрөгийн үнэ бүхий койн авсан, уг койн нь одоо байгаа эсэх, байгаа тохиолдолд хохирол төлбөрийг төлүүлэх зорилгоор захиран зарцуулах эрхийг хязгаарлах талаар ямар нэгэн арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулаагүйгээс гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагаа хийгээгүй, хохирогчийн эрхийг зөрчсөн. Мөн шүүхэд хохирогч Х банкны хууль ёсны төлөөлөгчөөр хуулийн зөвлөх С.Гантогтох нь эрх бүхий удирдлагаас олгосон итгэмжлэлийн дагуу хохирогчийн хууль ёсны шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан ба хохирогч хуулийн этгээдийн хувьд хэдэн хууль ёсны төлөөлөгчийг томилох эрхтэй ба энэ талаар хуулиар хориглосон зохицуулалтгүй ба оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 660 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд 15.452.39 доллар буюу 44.031.537,33 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэж үйлджээ. Гэтэл бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх бөгөөд яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл буюу алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргээр шийдвэрлэсэн нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөгч Амарсанаа гомдол мэдээлэл гаргагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг гомдлыг хянан шийдвэрлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэргийг ажиллагаа явуулаад нотлох баримт цуглуулаад хэргийг шалгах явцад Н.Батмөнх “Х” банкны системийн алдаанаас болж түүний дансанд орсон 15.452.39 доллар буюу 44.031.537,33 төгрөгийг алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж хувьдаа захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэрч нарын мэдүүлэг, Н.Бийн мэдүүлэг дансны болох мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон учраас дээрх хэргийг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татахдаа Н.Бөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг эдлүүлж эрхийг нь хангаж ажилласан. Уг хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баталсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Гэтэл хохирогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд байгааг сайн ойлгохгүй байна. Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаагүй 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагчаар татаж дүгнэлт үйлдсэн учраас 32.9 дүгээр зүйлд заасан заалт хамааралгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлж, эд хөрөнгийг илрүүлэх ажиллагааг хангалттай явуулаагүй гэдэг боловч хангалттай арга хэмжээ авсан гэж үзэж байна. Хөрөнгийн байдлуудыг тогтоосон. Гар утас, бусдад зээлүүлсэн, койн авсан гэж мэдүүлдэг. Бусдад зээлүүлсэн гэрч Пүрэвсүхээс мэдүүлэг авч хохирлыг төлүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 5.913.240 төгрөгийн хохирол төлүүлсэн байдаг. Тухайн хэргийн хувьд “Х” банк Н.Бөд тухайн мөнгийг итгэмжлэн хариуцуулаагүй. Системийн алдаанаас болж Н.Бийн дансанд орсон. Гэтэл тухайн мөнгийг захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан учраас Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Иймд хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх “Х” банкны төв салбар дээр системийн алдаанаас болж түүний 5622457330 тоот дансанд 732.000 ам.доллар шилжин ороход төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд 15.452.39 ам.доллар буюу 44.031.537,33 төгрөгийг хувьдаа захиран зарцуулж, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Аын “...2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Н.Бийн 5622457330 тоот дансанд алдаатай гүйлгээний улмаас 732.000 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар төгрөгт хөрвүүлэх юм бол нийт 2.085.995.040 төгрөг шилжин орсон. Ингээд Н.Б нь 5622457330 тоот данснаас 2021 оны 2 дугаар сарын 5-аас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 44.803.460 төгрөгийг зарлагдсан гүйлгээг хийсэн байсан. ...Нийт 6.685.163 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид Н.Бөөс 38.118.297 төгрөгийн авлагыг нэхэмжилж байна. ...” /хх 21-23/,

гэрч Ш.Оын “...Х банкны Увс салбараас харилцагчийн алдаатай гүйлгээний талаар гомдол ирсэн. Уг гомдлыг хүлээж аваад шалгахад тус гүйлгээ нь алдаатай байсан ба Увс 4-н зам тооцооны төвийн борлуулалт үйлчилгээний ажилтан Батзориг нь гүйлгээг хийсэн байсан. Шилжин орсон 732.000 долларын алдаатай гүйлгээг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хугацаанд 15.454 ам.долларыг харилцагч Б нь өөрийн данснаас зарцуулсан байсан нь тогтоогдсон. ...” /хх 33-34/,

гэрч Н.Дгийн “...2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ... 4 замын Х банк руу очиж ... теллер Батзориг гэх хүнээр ... өөрийн хүү Н.Бийн Х банкны 5622457330 гэсэн данс руу 732.000 төгрөг шилжүүлсэн. ...5622457330 гэсэн данс руу 732.000 төгрөгийг өөрийн 5800244248 дугаарын данснаас шилжүүлэхэд алдаатай гүйлгээ гэдгийг мэдээгүй. ...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Б өөрийн дугаараас миний дугаарын утас руу залгаж “ээжээ уучлаарай таны шилжүүлсэн 732.000 төгрөг чинь алдаатай шилжүүлэг болж, миний данс руу орж ирсэн байсныг би мэдэлгүй миний хөрөнгө оруулалтын мөнгө болгоод 14.200 долларыг аваад хэрэглэчихлээ одоо яах вэ” гэж хэлж байсан. ...” /хх 42-43/,

Н.Бийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр манай ээж Д Х банкны миний 5622457330 тоот данс руу ... 732.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр үйлчилгээний төвийн Х банкны АТМ-ээс ... картаа шалгахад 731.900 гаран ам.доллар байсныг хараад би гайхсан. Тухайн үедээ Х банкны алдаатай гүйлгээ ороод ирлээ гэж бодсон. Яагаад гэхээр манай ээж 732.000 төгрөгийг над руу шилжүүлчихээд тэр доороо миний гар утас руу залгаж хэлсэн. Тэгээд 732.000 ам.доллар болоод орчихсон байхаар нь мэдээж төгрөг болон ам.доллар нь өөрчлөгдсөн болохоос биш тоо цифр нь өөрчлөгдөөгүй болохоор алдаатай гүйлгээ гэдгийг нь ойлгосон. Ингээд тухайн мөнгийг өөрт хэрэгцээтэй зүйлд зарцуулсан. ...Би алдаатай гүйлгээ орж ирсэн талаар ээж, аавдаа хэлсэн. Ээж маань надад ... “хөдөлгөхгүй байлгаж бай” гэж хэлсэн. ...Энэ мөнгийг биткойн болгоод тэрийгээ өсгөөд ашгаа аваад буцаагаад дансандаа хийчихье гэсэн бодолтой л удаа дараа биткойн худалдаж авсан. ...” /хх 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Н.Бийн Х банкны 5622457330 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 65/, Х банкны санхүүгийн баримт, гадаад валютын ханшийн лавлагааны мэдээлэл /хх 58-60/, Монгол Банкны 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэлх хугацааны ам.долларын ханшийн лавлагаа /хх 68/зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, Ха, яаж үйлдсэн, үүнд Н.Бийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.А “...Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байх бөгөөд яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл буюу алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргээр шийдвэрлэсэн нь яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Н.Бөд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлыг шалгаж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсний үндсэн дээр нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Дгийн өөрийн хүү Н.Бийн Х банкны 5622457330 гэсэн данс руу шилжүүлсэн 732.000 төгрөг Х банкны алдаатай гүйлгээний улмаас 732.000 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар төгрөгт хөрвүүлэн нийт 2.085.995.040 төгрөг шилжин оржээ. Н.Д нь 732.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч Х банкны системийн алдаанаас болж 732.000 ам.доллар дансанд нь орчихсон байсныг төгрөг болон ам.доллар нь өөрчлөгдсөн болохоос биш тоо цифр нь өөрчлөгдөөгүй болохоор алдаатай гүйлгээ гэдгийг Н.Б ойлгосон талаар мэдүүлэгтээ дурджээ. Улмаар уг мөнгийг биткойн болгон өсгөж, ашиг олж авахаар удаа дараа биткойн худалдаж авсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгоно.

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. ...” гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Х” банкны хууль ёсны төлөөлөгч Ц.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ