Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 57

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Соронзонболдод холбогдох эрүүгийн 1704000080001 дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                  Ц.Соронзонболд нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 01-13 насны 3 хүүхэд нарын хамт амьдрах, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 11 дүгээр гудамжны 11 тоот хашаанд /иргэний үнэмлэхийн хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум, Хушинга баг/ оршин суух, хэрэг хариуцах чадвартай, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүх уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, Өвчтөн овгийн Цэрэнсүрэнгийн Соронзонболд /РД:ИГ83012014/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

          “Ц.Соронзонболд нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман наран” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Ж.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :

“Би 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө гарааш дээр архи ууж байгаад найзын эхнэр болох Баярмааг согтсон болохоор нь хүргэж өгөх гэхэд явахгүй гээд байхаар нь “Найман наран” хүнсний дэлгүүрийн орчим авч явах санаатай ноцолдож байтал нэг залуу ирээд намайг цааш нь түлхээд “яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэхээр нь би “найзыгаа авч явах гээд байж байна” гээд маргалдаад зогсож байхад Баярмаа алга болсон байсан. Би буцаад ажил руугаа очих гээд явж байтал урд маргалдсан залуу бас нэг залуутай намайг дуудахаар нь очтол учир зүггүй дайрч давшлаад эхлэхээр нь би цааш нь түлхчихээд явах гээд эргэтэл Энхбаатар гэх залуу нь намайг хавсраад унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд Энхбаатартай ноцолдож байгаад халаасанд байсан хутгаараа хатгачихсан. Би өөрөө цагдаад энэ тухайгаа утсаар мэдэгдсэн юм. Түүний эмчилгээний зардалд 130.000 төгрөг өгсөн ба Энхбаатараас уучлалт гуйж эвлэрсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгосон торгох саналын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Хохирогч Ж.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед би өөрийн ажилладаг “Багануур-Ус НӨҮГ”-луу очиж манаачаас юм авахаар найзуудын хамт таксидаад ажлын газрынхаа үүдэнд бууцгаасан чинь “Найман наран” хүнсний дэлгүүрийн баруун талд нэг залуу нэг хүүхнийг дороо хийгээд боогоод дарчихсан, нөгөө хүүхэн нь орилоод байж байхаар нь би тийш очоод нөгөө залууг “болиоч чи” гээд цааш нь түлхээд нөгөө хүүхнийг нь босгоод таксинд суулгаад явуулсан. Тэгтэл тэр залуу биднээс холдохгүй эргэлдээд байхаар нь Батгэрэл ах бид хоёр тэр залуу руу очоод “чи яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би хавсраад унагаасан. Тэгсэн чинь тэр залуу босож ирэхдээ чих рүү хатгах шиг болохоор нь харсан чинь гартаа хутга барьчихсан байсан. Би шууд цагдаа дуудаж тэр залууг өгсөн...”  мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Шинжээчийн 177 дугаартай дүгнэлтэд:

Ж.Энхбаатарын биед зүүн талын чамархайн хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2.4.1-т зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 16/,

 

Эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд:

Соронзонболдыг саатуулж биед нь үзлэг хийхэд үзүүр нь цус болсон цэнхэр өнгийн иш бүхий хутгыг хураан авав. Нийт 20 см урттай, ажлын хэсэг нь 10 см, цэнхэр өнгийн лентээр ороосон бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. /хх-ийн 7-9/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Ц.Соронзонболд нь 2017  оны 7сарын 01-ний шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман наран” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Ж.Энхбаатартай маргалдаж түүний зүүн чамархайд нь хутгаар хатгаж босоо чиглэлтэй 3x0,2см хэмжээтэй мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шарх гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн “найзынхаа эхнэрийг согтсон болохоор нь хүргэж өгөх гэхэд явахгүй гээд байхаар авч явах санаатай ноцолдож байтал нэг залуу ирээд намайг түлхэж “яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр залуу намайг хавсраад унагаахад би ноцолдож байгаад халаасанд байсан хутгаараа хатгачихсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Энхбаатарын “Найман наран” хүнсний дэлгүүрийн баруун талд нэг хүүхнийг дороо хийгээд боогоод дарчихсан, орилуулж байсан залууг “болиоч чи” гээд түлхээд нөгөө хүүхнийг нь босгоод таксинд суулгаж явуулсан ба тэр залуу биднээс холдохгүй эргэлдээд байсан. Батгэрэл ах бид хоёр “чи яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь би хавсраад унагаасан. Нөгөө залуу босож ирэхдээ чих рүү хатгах шиг болохоор нь харсан чинь гартаа хутга барьчихсан байсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 177 дугаартай “Ж.Энхбаатарын биед зүүн талын чамархайн хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, Соронзонболдын биед үзлэг хийж “үзүүр нь цус болсон нийт 20 см урттай, 10 см ажлын хэсэгтэй, бариулыг цэнхэр өнгийн лентээр ороосон хутгыг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон” тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Хохирогч Энхбаатарын биед учирсан гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хэл амаар доромжилж таарамжгүй харилцаа үүсгэсэн, хүйтэн зэвсэг хэрэглэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Соронзонболд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Ц.Соронзонболдыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Ц.Соронзонболдыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, яллагдагч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардал 130.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 38/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 38/, хохирогчийн “яллагдагч миний эмчилгээний төлбөрт 130.000 төгрөг өгсөн, надаас уучлалт гуйсан тул ямар нэг гомдол саналгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 14/ зэргээр тогтоогдож байна.

 

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ц.Соронзонболдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана.

 

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Өвчтөн овгийн Цэрэнсүрэнгийн Соронзонболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвчтөн овгийн Цэрэнсүрэнгийн Соронзонболдыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ц.Соронзонболдод тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Соронзонболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Ц.Соронзонболдод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ