Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 119/ШШ2023/0027

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

               Нэхэмжлэгч: “Б” ХХК,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Б,

            Хариуцагч: “Э” ТӨХК,

Хариуцагч: “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж, Б.М,

            Гуравдагч этгээд: “Г” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н нарын хоорондын

 ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,

-дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд  даалгах, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг  “Э” ТӨХК-д  даалгах”-ыг хүссэн тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд  даалгах, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг  “Э” ТӨХК-д  даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨХК-иас зарласан АС утас” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Э” ТӨХК-иас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Т1-94 тоот мэдэгдлээр “Б” ХХК-д хариу хүргүүлсэн байна.

3. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан, Монгол улсын Сангийн яам “Б” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/4443 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу өгчээ.

“Э” ТӨХК нь ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утаснийлүүлэх тендерийг сонгон шалгаруулж, хамгийн сайн тендерт шалгарсан “Г” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЭБЦТС/Б1-13/20.. дугаартай гэрээг байгуулж, 2023 оны 09 дугаар сарын 08-ны өдөр /ЭБЦТС/Б1-13/2023-ГДА/ гэрээг дүгнэсэн байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/. Манай компанийн зүгээс тус тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, 2023.06.02-ны өдрийн 66/2 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны гомдол хянасан 2023.06.16-ны өдрийн 03/4443 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон “Г” ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын мэдээлэлд 2021 онд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан 67.678.016,98 төгрөгийн үнийн дүнтэй ЖС-БН-04/2021 дугаартай АС, СИП утас, кабель, зарим шаардлагатай хэрэгсэл нийлүүлэх, гэрээ, 2022 онд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан 238.874.900 төгрөгийн үнийн дүнтэй ЖС-БН-082022 дугаартай АС, СИП утас, кабель, зарим шаардлагатай хэрэгсэл нийлүүлэх гэрээний мэдээллийг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл”,  2-т Тус заалтад шаардах туршлагын төсөвт өртөг нь 2021, 2022 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний нийлбэр нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас дээш байх. Ижил төстэй гэдэгт зөвхөн АС утас нийлүүлсэн материалыг гэж ойлгоно” гэж заасныг хангасан байх тул шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2/. Учир нь “Г” ХХК-ийн 2021 онд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн 67.6 сая төгрөгийн ЖС-БН-04/2021 дугаар гэрээнд АС25 утас 2.6 сая төгрөг, АС-50 утас 2.4 сая төгрөг буюу нийт 5 сая төгрөгийн АС утас нийлүүлсэн байх бөгөөд уг гэрээний дагуу нийлүүлсэн бусад бараа нь АС утас биш, уг тендерт холбогдолгүй тул ижил төстэй бараа нийлүүлсэнд тооцохгүй.

 Мөн 2022 онд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн 238.8 сая төгрөгийн ЖС-БН-08/2022 гэрээнд АС 25 утас, 19.8 сая төгрөг, АС-50 утас 17.6 сая төгрөг буюу нийт 37.4 сая төгрөгийн АС утас нийлүүлсэн байх бөгөөд бусад бараа нь АС утас биш, уг тендерт холбогдолгүй тул ижил төстэй бараа нийлүүлсэнд тооцохгүй. Эхний зарласан тус тендерт энэхүү 238.8 сая төгрөгийн гэрээг оруулаагүй, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагагүй гэсэн үндэслэлээр дахин үнэлгээгээр хасагдсан бөгөөд 2 дахь удаагаа зарласан тендерт 238.8 сая төгрөгийн гэрээг нэмж оруулсан нь тус гэрээ хэрэгжсэн эсэх эргэлзээтэй.

Иймээс “Г” ХХК-ийн дээрх 2021, 2022 онуудад “АС утас” нийлүүлсэн гэрээний нийлбэр 42.4 сая төгрөг буюу санал болгож буй төсөвт өртгийн 60 хувьд хүрэхгүй, дөнгөж 12 хувь орчим болж байхад өмнөх тендерт энэ зөрчлийн улмаас хасагдсан компанид илт давуу байдал олгож, хувийн ашиг сонирхлын үүднээс зориудаар дахин шалгаруулсан байна.

3/. Мөн Сангийн яамны гомдолд хариу өгсөн албан бичигт “...“Б” ХХК-ийн хувьд “Стандарт, хэмжил зүйн газар”-аас олгосон УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн тодорхойлолтод “Нийлүүлэх бараа материалын олон улсын 180 стандарт, сертификатыг ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан эсэхийг, мөн ...тухайн бараа нь хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан “чанар, стандартын шаардлага хангасан, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа эсэхийг” нягталж үзэх нь зүйтэй талаар дурдсан хэрнээ тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ манай компанийн хувьд Монгол Улсад ганц байгаа үндэсний үйлдвэрлэгч “Х” ХХК-ийн цахилгааны дамжуулах утасны “М” үйлдвэрийн АС утас болон СИП кабелийг 2022.01.04-ний өдрийн 2022/01 тоот үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, албан ёсны гэрээт борлуулагчийн эрхтэйгээр гэрээ байгуулсныг үндэслэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг санал болгосныг дотоодын давуу эрх тооцоогүй шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй.

Учир нь “Х” ХХК нь Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД002240 дугаартай тохирлын гэрчилгээтэй бөгөөд энэ нь одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчилсэн шигүү утсан давхаргууд бүхий цахилгаан дамжуулагчийн МNS/IЕС 61089:2000 стандартын дагуу олгогдсон гэрчилгээ тул Монгол Улсын гарал үүсэлтэй бараа материал гэдэг нь түүгээр бүрэн нотлогдоно.

“Х” ХХК нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргадаггүй учир Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй МNS/IЕС 61089:2000 стандартыг баримтлан, түүнд үндэслэн үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд энэхүү тендерийн тухайд ч дотоодын хэрэгцээнд зориулан худалдан авч байгаа барааны хувьд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гарал үүслийн гэрчилгээ гаргуулах шаардлага байхгүй.

Гэтэл тус байгууллагаас олгосон албан бичгээр Монгол Улсаас гарал үүсэлтэй болохыг нотлоогүй гэж дурдан, энэ үндэслэлээр тендерийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

4/. Монгол Улсын Засгийн газрын 2019.02.27-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй барааны жагсаалт”-ын 13-т “Өнгөт болон хар төмөрлөгийн бүтээгдэхүүн”, 13.5-д “Өнгөт төмөрлөг бүтээгдэхүүн /катодын зэс, зэсийн хайлш, зэс утас, зэс голтой уян кабел, бүрээсгүй хөнгөн цагаан /ган голтой/ АС утас. хөнгөн цагаан голтой бүрээстэй СИП кабель, хүчний болон хоёрдогч хэлхээний кабель, холбогч эд анги” гэж заасанд ямар ч эргэлзэх зүйлгүйгээр багтсан байхад түүнийг харгалзан үзээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгоно”, 10.1.1-т “Монгол Улсын гарал үүсэлтэй болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд”, 101 дүгээр зүйлийн 101.1 -т “Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын уйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно”, 101.2-т “Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын уйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж тус тус заасныг зөрчиж байхын зэрэгцээ угаасаа хуулиараа эрх олгоогүй байгууллагаас олгосон албан бичгийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ”, 2-т “Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна”, 3/ энэ хуульд өөрөөр заагаагүй бол экспортын барааны гарал үүслийг гэрчлэх гэж тус тус зааснаас үзэхэд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь дотоод худалдан авалтад Монгол Улсын гарал үүсэлтэй барааны гэрчилгээ олгох эрхийг хуулиар олгоогүй байна.

5/. Харин Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна”, 14.2-т “Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал. техникийн зохицуулалтын асуудал хариүцсан төрийн захиргааны байгууллага хулээн зөвшөөрнө”, 14.3-т “Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно”, 14.4-т “Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна” гэж тус тус зааснаас үзэхэд “Х” ХХК-д Монголын Улсын Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад төдийгүй олон улсад ч хүчин төгөлдөр болох нь тодорхой байна.

Гэтэл тендерт шалгарсан гэх “Г” ХХК нь нийлүүлэх бараагаа БНХАУ-ын Хэбэй Антунг вэйр кабелийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулж ирэхээр тендерийн материалдаа ирүүлсэн байхад түүний шалгаруулж байгаа нь дээрх дурдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон хуулийг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн манай компанийн тендерт санал болгосон үнийн дүнгийн 2 %-ийг эзлэх тросс-35 нь БНХАУ-ын Рэн чиү хотын Жиа Хуа цахилгаан холбооны хэрэгсэл ХХК-ийн сертификат, шинжилгээний бичгийн орчуулгын хамт, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдсэн баримтыг тендерийн баримт бичигт хавсаргаж өгснийг буруу үнэлж дүгнэсэн” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс ТШЗ 18.6.4-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл”,  2-т Тус заалтад шаардах туршлагын төсөвт өртөг нь 2021, 2022 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний нийлбэр нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас дээш байх. Ижил төстэй гэдэгт зөвхөн АС утас нийлүүлсэн материалыг гэж ойлгоно” гэж заасныг хангасан байх тул шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага байхгүй байна гэж үзэж байгаа. ТШЗ-ийн 18.6.4-ийн 1, 2 дугаар заалтыг “Г” компани бүрэн хангахгүй байна. ТШЗ 18.6 дугаар зүйлд сүүлийн 2 жил буюу 2021, 2022 онд нийлүүлсэн барааны гэрээ, дүгнэсэн акт, гэрээ тус бүрийн захиалагчийн байгууллагын тодорхойлолт ирүүлнэ гэж заасан. Тус заалтад шаардагдах төвсийн өртөг нь 2021 он, 2022 онуудад ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний нийлбэр нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас дээш байна. ТШЗ 2.1 дэх хэсэгт нийт төсвийн өртөг нь 461 210 000 төгрөг байна. Үүний 60 хувь нь 276 726 000 төгрөгөөс дээш хэмжээний ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн гэрээг хавсаргана. Ижил төстэй ажил гэдэг нь зөвхөн АС-утас монголоор бол хөнгөн цагаан утсыг нийлүүлсэн материал байх шаардлагатай байна. Ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Гаргаж өгсөн 2 гэрээ байгаа. Эхнийх нь Жаргалант сумын Засаг даргын АС, сип утас кабель зарим шаардлагатай хэрэгслийг нийлүүлэх 04-021 дугаартай гэрээнд нийт барааны дүн нь 67 000 000 төгрөг. Уг гэрээнд 17 төрлийн бараа материалыг нийлүүлсэн. Дээрх заалтыг үндэслэн харахад 17 нэр төрлийн барааны эхний 1, 2 дугаар заалтад заасан АС-утас 2 685 280 төгрөг, 2 заалт нь АС-50 утас 2 452 272 төгрөг байна. Өөр төрлийн 15 бараа материалыг ижил төстэй бараа материал мэтээр оруулсан. Бусад 15 төрлийн бараа материалыг ижил төстэй гэж үзэхгүй. Жаргалант сумын уурын зууханд АС, сип утас зарим шаардлагатай материалыг нийлүүлэх гэрээ гэж байгаа.

Гэтэл уурын зуух дээр АС-утсыг бараг хэрэглэдэггүй. Энэ гэрээ ашиг сонирхлын зөрчилтэй эсхүл хуурамч байдлаар хийсэн гэж үзэж байгаа. 08/2022 гэрээнд мөн адил 20 нэр төрлийн барааг нийлүүлээд 238 874 900 төгрөгийн бараа нийлүүлсэн гэж үзэж байгаа. 19 500 000 төгрөгийн ижил төстэй бараа нийлүүлсэн гэж үзэж байгаа. 42 500 000 төгрөгийн барааг нийлүүлсэн байхаар байна. Харьцуулаад үзэхээр 10 гаран хувийг хангаж байгаа. Тэгэхээр анхнаасаа энэ компанийг хасах ёстой байсан. Гэтэл 2 дахь удаагаа тендер зарлаад зориудаар шалгаруулсан нь хууль зөрчсөн үйлдэл мөн. 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 03/1990 дугаартай Сангийн яамны гомдол хянасан албан тоотод 3.1 дэх хэсэгт “Г” ХХК-иас ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагад Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан нүүрс худалдан авах гэрээ, ногоон тэжээл тавих малчид үзүүлэх хүрээнд үр тарианы үрдэгч нийлүүлэх гэрээ ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэж хянан үзсэн болон лабораторийн туршилт хэмжилтийн тайлан ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн байгаа. Ингэж бичиж анхааруулсаар байхад дахин шалгаруулсан нь үндэслэлгүй. Орон нутгийн компаниудад хууль  үйлчилдэггүй юм уу. Манайх үйлдвэртэй. Ашиглалтад ороод 18 жил болж байна. Монголын үндэсний цорын ганц үйлдвэр. Худалдан авах ажиллагааны тухай хуульд дотоодын үйлдвэрлэлийн барааг худалдан авахаар заасан. Уг хуульд чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжтой тохиолдолд гадаадын барааг үйлдвэрлэхийг хориглоно гэж заасан. Хуульд заасан зүйлийг зөрчиж зохион байгуулалттайгаар шалгаруулсан байна. Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхийн байгууллагад хандана шүүхийн шийдвэрийг эцэслэн гарах хүртэл гэрээ хийхгүй байхыг хүсье гэсэн мэдэгдлийг манайх хариуцагч талд 06 сарын 21-ний өдөр шуудангаар явуулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2.энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Засгийн газраас баталсан 2015 оны 336 дугаар тогтоолд жагсаалтыг шинэчлэн батлах тухай дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтад тодорхой заасан байгаа. Бид хуулиа л баримтална. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 68 тоотоор “Э” ТӨХК-д бид мэдэгдэл хүргүүлсэн. Манай компани танай компаниас зарласан АС-утас нийлүүлэх тендерийн Т1-94 тоот мэдэгдэл, Сангийн яамны 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 03/4443 тоотыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахыг уламжилж байна. Тус тендерт шалгарсан Г компанитай гэрээ байгуулахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна. Үүнээс үүдэн гарах хохирлыг танайх хариуцахыг анхаарна уу гэсэн байгаа. Гэтэл 06 сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Хуулийг давж гэрээ хийж болох уу. Тиймээс энэ гэрээ хүчингүй. Бид нар гадаадаас түүхий эд худалдаж аваад тавьчихсан байна. Энийг хэн авах юм бэ. “Э” ТӨХК авах ёстой. Ийм ноцтой зөрчил гаргасан тул манай гаргасан гомдлын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гарал үүслийн гэрчилгээний талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулга авсан. Тус байгууллага нь гарал үүслийн гэрчилгээг дотоодын үйлдвэрлэлд гэрчилгээ олгодоггүй гэсэн байгаа. Хууль зүйн хувьд ч гэсэн дотоодод үйлдвэрлэсэн, дотоодоос гадаад руу бараа бүтээгдэхүүн гаргахад гарал үүслийн гэрчилгээ олгоно. Тиймээс өөрөө үйлдвэрлэсэн гэсэн гэрчилгээ авах нь зохимжгүй. “АС утас” дотоодын үйлдвэрийнх гэдгийг Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээг үндэслэнэ. Тохирлын гэрчилгээг олгохдоо эхлээд үйлдвэрийг шалгана. Дээжээс шинжилгээ авна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартад нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт гарган гэрчилгээ олгоно. Тэгэхээр үүнээс илүү дотоодын гарал үүсэлтэй гэдгийг нотлох баримт бичиг байхгүй. Мөн хариуцагчаас бүхэлдээ “АС утас” гэж заагаагүй учраас өөр бараа байж болно гэж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэдэг шаардлагад хариуцагчийн гаргасан тайлбар нийцэхгүй байна. Хуулийг мушгиж тайлбарлаж байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй. Тросс-35 материалын тухайд АС-утаснаас тусдаа зүйл байгаа. Төсөвт өртөгний хувьд 461 210 000 төгрөгийн тендер байгаа.

“Тросс 35”-ын хувьд  9 000 000 төгрөгийн үнийн дүнтэй байгаа. Үүний хүрээнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тросс-35 холбоотой баримтууд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Нийт тендерээс татгалзсан үндэслэл нь 2 хувьтай тэнцэх хэмжээний АС-утас үндсэн материалаас тусдаа шаардлагатай холбоотой татгалзаж байгаа нь зарчимд яаж нийцэж байгааг анхаарч үзнэ үү. Тендер гэдэг бол хэн энэ ажлыг туршлагатай чанартай сайн материалаар гүйцэтгэх үү гэдэг этгээдийг олж сонгох зорилготой. Ингэж тендерээс татгалзаж байгаа нь хуулийн зарчимд нийцэхгүй байгааг анхаарч үзнэ үү” гэв.

7. Хариуцагч “Э” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “АС утас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 дахь удаагаа цахимаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж, 2023 оны 05 дугаар  сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл тендерийн баримт бичгийг хүлээн авч, 09 цаг 10 минутад нээхээр Tender.gov.mn болон компанийн албан ёсны сайт болох edc.mn сайт, өдөр тутмын сонин “Монголын үнэн” сонинд тендерийн урилгыг нийтэлсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацаанд 6 компани тендерийн материал ирүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангаж байгаа “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

“Б” ХХК дахин Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянаад тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн  шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд манайхаас “Ас утас” нийлүүлэх гэрээг “Г” ХХК-тай байгуулсан. “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй, мөн нийлүүлэх Тросс-35-ын холбогдох баримтууд ирүүлээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн байдаг. Үүнд тайлбарлахад:

1. ТШЗ 19.7-д “хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргаанд Монгол улсын  гарал үүсэлтэй болохыг заагаагүй, гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй” гэж заасны дагуу Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлоогүй, гарал үүсэлтэй болохыг нотлох үүднээс ТШЗ-ны 29 “Тендерийн талаар тайлбар тодруулга авах” гэж заасны дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулахад Монгол улсад үйлдвэрлэсэн болон олборлосон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгодог ба “Х” ХХК-д гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/523 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийг Стандарт хэмжил зүйн газраас олгосон УБД002240 дугаар тохирлын гэрчилгээтэй гэж маргаж байгаа боловч Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан болохоос дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлосон баримт биш гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

2. ТШЗ 19.6-д “Техникийн тодорхойлолтод дурдсан шаардлагуудыг тендерт ирүүлнэ” гэж заасныг ирүүлэхдээ Тросс-35 барааны үйлдвэрлэгчийн танилцуулга, сертификатууд ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

8. Хариуцагч “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “АС утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...АС утас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 дахь удаагаа цахимаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж, 2023 оны 05 дугаар  сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл тендерийн баримт бичгийг хүлээн авч, 09 цаг 10 минутад нээхээр Tender.gov.mn болон компанийн албан ёсны сайт болох edc.mn сайт, өдөр тутмын сонин “Монголын үнэн” сонинд тендерийн урилгыг нийтэлсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацаанд 6 компани тендерийн материал ирүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангаж байгаа “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.

“Б” ХХК Сангийн яаманд дахин гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянаад тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн  шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймд манайхаас “Ас утас” нийлүүлэх гэрээг “Г” ХХК-тай байгуулсан. “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй, мөн нийлүүлэх тросс 35-ын холбогдох баримтууд ирүүлээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн байдаг.

1. ТШЗ 19.7-д “хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргаанд Монгол улсын  гарал үүсэлтэй болохыг заагаагүй, гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй” гэж заасны дагуу Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлоогүй, гарал үүсэлтэй болохыг нотлох үүднээс ТШЗ-ны 29 “Тендерийн талаар тайлбар тодруулга авах” гэж заасны дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулахад Монгол улсад үйлдвэрлэсэн болон олборлосон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгодог ба “Х” ХХК-д гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохыг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/523 дугаартай албан бичгээр ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийг Стандарт хэмжил зүйн газраас олгосон УБД002240 дугаар тохирлын гэрчилгээтэй гэж маргаж байгаа боловч Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан болохоос дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлосон баримт биш гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

2. ТШЗ 19.6-д “Техникийн тодорхойлолтод дурдсан шаардлагуудыг тендерт ирүүлнэ” гэж заасныг ирүүлэхдээ Тросс-35 барааны үйлдвэрлэгчийн танилцуулга, сертификатууд ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй юм” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.4 дэх хэсэгт ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний талаар тайлбар өгье. Уг заалтад 2021, 2022 онд нийлүүлсэн барааны гэрээг дүгнэсэн актуудад захиалагч байгууллага тодорхойололт ирүүлэхээр заасан. Ижил төстэй бараа гэдэгт АС-утас нийлүүлсэн материалыг гэж ойлгоно. Үнэлгээний хороо юу гэж шийдсэн бэ гэвэл АС-утас нийлүүлсэн гэрээ гэж ойлгоно гэдэг нь бүхэлдээ АС-утас гэж заагаагүй. Бүхэлдээ байсан бол АС-утасны үнийн дүнг 60 хувиас тооцно гэж тодорхой заах байсан. Гэтэл ижил төстэй бараа нийлүүлсэн санал болгосон төслийн 60 хувь гэж заасан.

Манайх тухайн бараа тэр дундаа АС-утас нийлүүлсэн байх, АС-утас нийлүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Манай талаас нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа шиг заагаагүй учраас нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Дотоодын давуу эрх буюу хуульд зааснаар дотоодын бараа нийлүүлэгч оролцож байгаа тохиолдолд гадаадын бараа нийлүүлэгч оролцуулахыг хориглоно гэж заасан нь үнэн. Энэ нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Тийм ч учраас энэ шалгаруулалтын зааварчилгааны 19.7 дахь хэсэгт тус заалтыг зааж өгсөн. Хэрэв 1 дүгээр тогтоолд ороогүй байсан бол зааж өгдөггүй. Хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Барааны үнийн задаргааг Монгол Улсын гарал үүсэлтэй болохыг заагаагүй гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд давуу эрх тооцохгүй байхыг анхаарна уу гэсэн байгаа.

Нэхэмжлэгч тал нотлох баримтыг тохирлын гэрчилгээг дотоодын үйлдвэрлэгч гэж үзээд байх шиг байна. Үүнийг судлахаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт “стандартчилал гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Тохирлын гэрчилгээг нотлох баримт гэж үзээгүй учраас Үнэлгээний хорооноос өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх үүднээс Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ утсыг “Х” ХХК үйлдвэрлэсэн нь үнэн эсэх талаар 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 356 дугаар албан бичгийг Үнэлгээний хорооноос явуулсан. Уг албан бичгийн хариуд “... Монгол Улсад үйлдвэрлэсэн болон олборлосон бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгодог. Дотооддоо нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэсэн эсэхийг тухайн салбарын эрх бүхий байгууллагаас тодруулна уу. Манай байгууллагаас “Х” ХХК гэх газарт Монгол Улсын гарал үүслийн гэрчилгээг тендерт оролцох зорилгоор олгоогүй байна гэсэн. Уг албан бичгийг үндэслээд Үнэлгээний хороо “Б” ХХК-ийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 05523 дугаарыг үндэслэн тендер шалгаруулалтаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар уг тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн захиалагч уг тендерээс татгалзсан. Мөн нэг үндэслэл нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.6 дахь хэсэгт техникийн тодорхойлолтод дурдсан шалгууруудыг тендерт ирүүлнэ гэж заасан. Тухайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн сертификат, нэр хаяг, холбоо барих утасны дугаар, дэлгэрэнгүй танилцуулгыг Монгол хэл дээр орчуулж өгөх гэсэн байгаа. Тросс-35 гэсэн бараа бүтээгдэхүүнд ижил үйлчлэх учраас энэ шаардлагыг хангаагүй гэж татгалзсан. “Б” ХХК Сангийн яаманд 2023.06.02-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг хянан үзсэн 2023.06.16-ны өдрийн 03/4443 тоот мэдэгдэлд “Б” ХХК-ийн Стандарт хэмжил зүйн газрын УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээ ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцвэл нийлүүлэх бараа материалын Олон Улсын ISO стандартад нийцсэн стандарт сертификат ирүүлэх шаардлагыг хангасан эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй. Гомдолд дурдсаны дагуу мөн хуулийн 101 дэх хэсэгт заасан чанар стандартын шаардлагыг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжтой эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй. “Б” ХХК-ийн санал болгосон тросс-35 барааны үйлдвэрлэгч болох БНХАУ-ын цахилгаан холбооны хэрэгслийн компанийн цахилгааны хаяг, холбоо барих утас гэх мэт мэдээллийг ирүүлээгүй байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын үйлдвэрлэгчийн сертификат, нэр хаяг, холбоо барих утасны дугаар дэлгэрэнгүй танилцуулга Монгол хэл дээр орчуулж өгнө гэж заасныг хангаагүй байх тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөн дүгнэлтэд уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэр хугацаа үүгээр дуусгавар болж байна. Нэхэмжлэгч талаас 06 сарын 21-ний өдөр албан бичиг ирүүлсэн. Шүүхийн шийдвэрийг гартал гэрээ байгуулахгүй болохыг анхаарна уу гэсэн байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтын 30 хоногт багтаан зохион байгуулж дуусах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй” байхаар заасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-с доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. Уг гэрээ Сангийн яамны шийдвэрээр хүчингүй болгоогүй. Шүүхээс манай тендерийг түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй учраас хуулийн хүрээнд захирагдаж 30 хоногтоо гэрээ байгуулсан. Сангийн яамнаас хянан үзэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан ч манай мэдэгдлийг түдгэлзүүлээгүй хэвээр үлдээсэн” гэв.

10. Гуравдагч этгээд Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Манай компани “Э” ТӨХК-аас зарласан ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх цахим тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүх шаардлага, шалгуурыг ханган оролцож улмаар тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн саналаар хамгийн сайн тендер гэж үнэлэгдэж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл авч үүний үндсэн дээр захиалагчтай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “АС утас” нийлүүлэх гэрээ байгуулсан. Тендерийн үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” заасантай нийцсэн гэж үзэж байгаа. Учир нь манай компаний илгээсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагуудыг бүрэн хангасан. Уг гэрээний дагуу АС-25, АС-35,АС-50, АС-70, АС-95, АС-120, Тросс-35 зэрэг нэр төрлийн 436,059,525.0 төгрөгийн үнэ бүхий барааг захиалагч талд гэрээнд заасан хугацааны дотор хүлээлгэн өгч, гэрээ дүгнэх акт үйлдэж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч “Б” ХХК нь манай компанид гэрээ байгуулах эрх олгосон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг  эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам уг тендерийг нягтлан шалгасны үндсэн дээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн бичсэн үндэслэлүүд гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тохиолдолд Сангийн яам тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх боломжтой боловч манай компанийг шалгаруулсан нь  хууль зүйн хувьд  ямар нэг зөрчилгүй байсан тул  үнэлгээний хорооны шийдвэр хэвээр үлдсэн.

Дотоодын давуу эрх тооцоогүй гэх үндэслэлийн хувьд захиалагч хууль заасан эрх, чиг үүргийн хүрээнд Монгол улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгодог Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулга авахад 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/523 дугаартай албан бичгээр тодорхой хариу ирүүлсэн бөгөөд тохирлын гэрчилгээгээр дотоодын үйлдвэрлэгч гэдгийг тодорхойлох, нотлох боломжгүй байх тул энэ талаар хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тендерийг үнэлэх шатанд оролцоогүй, тендерийг хянан үзэх шатнаас хасагдсан оролцогч тендерийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах үндэслэлгүй. Түүнчлэн тендер шалгаруулалтын ажиллагааны үр дүнгээр худалдан авах ажиллагаа явагдаж дуусгавар болсон, манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж талууд гэрээг дүгнэж акт үйлдсэн тул тендерийн гүйцэтгэгчээр манай “Г” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн “Гэрээ байгуулах эрх олгох” тухай мэдэгдэл хэрэгжсэн тул дээрх шийдвэрүүдийг хууль зүйн хувьд хүчингүй болгох боломж, үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шийдвэр шүүх гаргах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн маргааны хувьд нийт 4 шаардлага байна. “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг тайлбарласан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж харж байна. Тендерийн хянан үзэх процесс гэж бий. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу татгалзсан шийдвэр гаргасан. Тэгэхээр гэрээ байгуулах процесстой маргах эрх байхгүй. “Г” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзээд гэрээ байгуулах эрх олгохоор шийдсэн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Үүний үндсэн дээр байгуулагдсан бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, бараа бүтээгдэхүүн бүрэн нийлүүлсэн байдал, гэрээ дүгнэсэн байдлыг харахад энэ захиргааны акт хэрэгжээд дууссан. Тэгэхээр хэрэгжээд дууссан актад хүчингүй болгоно гэдэг нэхэмжлэлийн шаардлага яригдахгүй.

Тиймээс “Г” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага боломжгүй. Нэгэнт процесс явагдаж дуусаад гэрээ байгуулахыг даалгаад гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдээд төлбөр тооцоо хийгдээд процесс дууссан. Хариуцагч тайлбартаа гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа хэрэглэж байна гэсэн. Тийм учраас дахин үнэлгээ хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээ байгуулахыг даалгах шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан шийдвэрийн тухайд татгалзсан шийдвэр юм уу, эс үйлдэхүй байх ёстой. Гэтэл энэ тохиолдолд татгалзсан шийдвэр эсхүл гэрээ байгуулах эрх олгочихоод байхад олгохгүй байсан зүйл байхгүй. Тендерийг хянан үзэх шатнаас хасагдсан тул гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргах боломжгүй. Тиймээс үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны шийдвэр анхнаасаа үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, зорилгодоо нийцсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан  ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд  даалгах,  “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд  гаргажээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас:

2.1. “Б” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянаад шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн. Иймд “Ас утас” нийлүүлэх гэрээг “Г” ХХК-тай байгуулсан. “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй, мөн нийлүүлэх тросс 35-ын холбогдох баримтууд ирүүлээгүй гэсэн байдаг.

2.2. ТШЗ 19.7-д заасны дагуу “Б” ХХК нь нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнээ Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлоогүй, ТШЗ-ны 29-д  /Тендерийн талаар тайлбар тодруулга авах/ заасны дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулахад Монгол улсад үйлдвэрлэсэн болон олборлосон бараа, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгодог ба “Х” ХХК-д гарал үүслийн гэрчилгээ олгоогүй болохыг манайд мэдэгдсэн.

2.3. Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийг Стандарт хэмжил зүйн газраас олгосон УБД002240 дугаар тохирлын гэрчилгээтэй гэж маргаж байгаа боловч Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан болохоос дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлосон баримт биш гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй.

2.4. ТШЗ 19.6-д “Техникийн тодорхойлолтод дурдсан шаардлагуудыг тендерт ирүүлнэ” гэж заасныг ирүүлэхдээ Тросс-35 барааны үйлдвэрлэгчийн танилцуулга, сертификатууд ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  заасны дагуу “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудад дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Маргаан бүхий ЭБЦТС/20230110.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 27 дугаар зүйлийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”,  29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

                4.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн дагуу ирүүлсэн эсэхийг шалгадаг бөгөөд Үнэлгээний хорооны боловсруулсан “АС утас” нийлүүлэх тендерийн баримт бичгийн ТШЗ 19.6-д “Техникийн тодорхойлтод дурдсан чанар, материал, тоног төхөөрөмжийн загвар, хэмжих нэгж, стандарт, барааны тэмдэг, каталогийн дугаар зэрэг нь тухайн бараанд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй”, 19.7-д “хуулийн 10 дугаар зүйлийн дагуу давуу эрх тооцуулах барааны Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ”, 19.8-д “ТШЗ-ны 1.3-т зааснаар нийлүүлэхээр санал болгох бараа Монгол улсын гарал үүсэлтэй болохыг нотлох баримт бичгийг тендерт ирүүлнэ. Нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд тухайн барааг шаардлага хангаагүй гэж үзнэ”  гэсэн шаардлагуудыг тавьжээ.

4.3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “манай компанийн тендерийн материалд үнэлгээ хийхдээ дотоодын давуу эрх тооцоогүй, мөн нийлүүлэх Тросс-35-ын холбогдох баримтууд ирүүлээгүй гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэх боловч дээрх ТШЗ 19.6, 19.7, 19.8-д заасан шаардлагыг хангаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд  “...Тросс-35 барааны үйлдвэрлэгч болох Хятадын “Жиа Хуа цахилгаан холбооны хэрэгсэл” ХХК-ийн  танилцуулга болон үйлдвэрлэгчийн сертификатыг тендерийн баримт бичигт өгөөгүй, үйлдвэрлэгч нь энэ баримтуудаа өгдөггүй...” гэх тайлбараар нотлогдож байна. /CD, тендерийн баримт бичгүүдэд энэ талаарх баримт байхгүй/

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд “тендерт шалгарсан гэх Г ХХК нь мөн үйлдвэрлэгчийн танилцуулга, сертификат, бүтээгдэхүүний танилцуулга ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан хууль бус” гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан CD /2-т/-д “Г” ХХК-иас тендерийн баримт бичигт гаргаж өгсөн “Хэбэй Антунг вайр энд кабель компанийн товч танилцуулга, техникийн тодорхойлолт, тус компанийн Байгаль орчны удирдлагын тогтолцооны гэрчилгээ, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын шаардлагын гэрчилгээ /ган голчтой хөнгөн цагаан утас 7 төрлөөр/, ACSR-ын туршилтын протокол /7 төрөл/-ууд авагдсан бөгөөд Үнэлгээний хорооноос ТШЗ-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

4.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.20 Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.11  "тохирлын гэрчилгээ гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор тус тус заасан ба “Б” ХХК-ийн УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээг дотоод /Монгол улс/-ын үйлдвэрлэгч гэдгийг нотолсон баримт гэж үзэхгүй. /ХХ-ийн 14 дүгээр тал/

4.6. Дээрх байдлуудаас дүгнэвэл, “Б” ХХК-д Стандарт, хэмжил зүйн газраас олгосон УБД0002240 дугаартай тохирлын гэрчилгээг “дотоодын үйлдвэрлэгч гэдгийг нотлосон баримт биш”, ТШЗ 19.6, 19.7-д заасан шаардлагуудыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана  зааснаар татгалзаж, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна. /Тендерийн баримт бичгийн 204 дүгээр тал/

4.7. Иймд нэхэмжлэгчийн ЭБЦТС/20230110.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.8. Түүнчлэн, дээрх “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбарлаж, маргаагүй болно. 

4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино заасан.

5. “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичиг нь Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот үнэлгээний дүгнэлтээр “Б” ХХК-ийн тендерийг “Шаардлагад нийцээгүй”, гэж дүгнэсэн шийдвэрийг “Б” ХХК-д мэдэгдэж, тендерээс татгалзаж буй буй албан бичиг байна.  /ХХ-ийн 08 дугаар тал/

5.2. Нэгэнт Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №08 тоот  шийдвэр үндэслэл бүхий болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгчийн “Дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд  даалгах” шаардлагын тухайд

6.1. Захиалагч  “Э” ТӨХК болон нийлүүлэгч “Г” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “АС утас” нийлүүлэх №ЭБЦТС/Б1-13/2023 гэрээг байгуулж, тус гэрээний дагуу барааг нийлүүлж, “Ас утас” нийлүүлэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дүгнэж /ЭБЦТС/Б1-13/2023-ГДА/ акт үйлдэн, тухайн тендерээр гүйцэтгэх бараа нийлүүлэх ажил 100% гүйцэтгэгдсэн болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Гэрээтэй холботой баримтуудын 1-27 дугаар тал/

6.2. “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Т1-93 дугаартай албан бичиг, “Э” ТӨХК-ийн болон нийлүүлэгч “Г” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “АС утас” нийлүүлэх №ЭБЦТС/Б1-13/2023 гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр байна.

6.3. Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр байдаг. Мөн маргаан бүхий тендер нэгэнт явагдаад, бараа нийлүүлэх ажил гүйцэтгээд дууссан болох нь үйл баримтуудаар тогтоогдсон болно.

6.4. Иймд нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хууль бус татгалзал болох эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл, эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал хангалттай тайлбарлаж нотлоогүй тул тус шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

7. Нэхэмжлэгчийн “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр байгаа талаар нэхэмжлэгч тал үндэслэл бүхий тайлбар, баримтаа гаргаагүй.

 7.2. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй баримт, тайлбараар тогтоогдохгүй, шууд гэрээ байгуулах нөхцөл байдал бий болоогүй байх тул шүүх хууль зөрчин гэрээ байгуулахыг даалгах боломжгүй.

7.3. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Э” ТӨХК, “Э” ТӨХК-ийн ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан  гаргасан ЭБЦТС/2023010.. дугаартай “Ас утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийдвэр болон түүний дагуу гарсан “Э” ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” Т1-94 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг ЭБЦТС/2023010.. дугаартай “АС утас” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд  даалгах,  “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг  “Э” ТӨХК-д  даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

                       

     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ