Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1811

 

 

 

 

 

 

 

 

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01775 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Н-” ХХК нь 2011 оны 11 дүгээр сард “М-” ХХК-тай авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4 чирэгч толгой, 4 чиргүүл, худалдаж авсан. Уг гэрээтэй холбоотой маргаан үүссэн ба тус маргааныг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2678/с дугаар шийдвэрээр “Н-” ХХК-аас 103 091 080 төгрөгийг гаргуулж “М-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гомдол гаргасан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 837 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, 103 091 080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн. Үүний дараа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2216 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ тогтоолоо манай “Н-” ХХК-д огт танилцуулаагүй нуун дарж, өнгөрүүлсэн. Ингээд манай авто машиныг өөр этгээдэд шилжүүлж, “М-” ХХК-ийн зүгээс манай компанитай эвлэрсэн мэтээр баримтыг бүрдүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ тогтоолыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэдэж, очиж авсан. Харин манай компанийн авто машиныг, манай компанийн жолооч байсан Б.М-д шилжүүлсэн тухай баримтыг 2017 оны 9 сард “М-” ХХК-тай шүүхдэлцэх явцдаа мэдсэн ба мөнгөө буцааж авах талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уг тогтоолыг мэдээд холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа хандсан боловч эрх ашгаа хамгаалуулж чадахгүй, тогтоол үндэслэлтэй хариуг удаа дараалан авч байна. Энэ хууль бус тогтоолоос болж манай компани асар их алдагдалд орж, хуулийн боломж гарц бүхнээ хаалгаж хохирч байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “М-” ХХК-ийг хохиролгүй болгоод харин манайд ирэх ёстой авто машиныг “М-” ХХК-тай хуйвалдан өөр этгээд буюу манай компанийн жолооч Б.М-ын өмчлөлд шилжүүлээд шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг хөндөж манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч гэдэг агуулгыг үндэслэсэн байх ба “М-” ХХК болон “Н-” ХХК-ийн хооронд ямар нэг эвлэрлийн гэрээ байхгүй, харин манай компанийн жолоочоор ажиллаж байсан Б.М-той “М-” ХХК 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр хэлцэл хийж, манай компанийн өмнөөс төлбөр тооцоо дууссан мэтээр ярилцаж, манай компанийн машинуудыг Б.М-ын нэр рүү шилжүүлэх тухай хэлцэл хийсэн. Уг хэлцлээ үндэслэж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх байгууллага илт хууль бусаар эвлэрсэн гэдэг заалтыг баримтлан тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон асуудлыг хүчингүй болгож, манай компанийн шүүхээр хамгаалагдсан эрх ашгийг нөхөн сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар “Н-” ХХК-аас 103 728 485 төгрөгийг гаргуулж “М-” ХХК-д олгож, хариуцагч “Н-” ХХК нь 103 728 485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “М-” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Н.Ц- нь иргэн Б.М-нд 14-65, 14-67 УНУ дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.М-д 14-82 УНУ, 14-62 УНУ дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшүүлж, гуравдагч этгээдээс авах авлагаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тайлбар гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдаж, хувийн хэрэгт авагдсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Н-” ХХК-ийн өмнөөс төлөх төлбөрийг иргэн Б.М- “М-” ХХК-ийн дансанд төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг НШШГГ- хэн нэгэн хүн рүү шилжүүлээгүй бөгөөд “Н-” ХХК-ийн захирал Н.Ц- хууль бусаар Шонхорын хүлэг ХХК болон бусад хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдагдсан байна. Төлбөр авагч хуулийн этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн, бид хүсэлтийн дагуу ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн “Н-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01775 тоот шийдвэр нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

Хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтын тухайд:

“Н-” ХХК нь 2011 оны 11 дүгээр сард “М-” ХХК-тай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 4 чирэгч толгой, 4 чиргүүл өөрийн эзэмшилдээ авч хоёр этгээдэд түрээслүүлсэн. Бид гэрээний хугацаанд нийт 365 656 710 төгрөг төлж 103 091 080 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар гэрээний төлөлттэй холбоотой маргаан үүсэж, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс "Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт “Н-” ХХК-иас 103 728 485 төгрөгийг гаргуулж, “М-” ХХК-д олгож, “Н-” ХХК нь 103 028 485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхээг “М-” ХХК-д үүрэг болгосугай" магадлал гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл шүүхээс урьд гаргасан магадлалд ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй мөн “Н-” ХХК болон Б.М- нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа байсан талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тэмдэглэлд байсаар байтал хэрхэн Б.М-ын эзэмшилд шилжүүлсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан зохицуулалтыг зөрчсөн байна. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 151-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Даваадорж, “М-” ХХК-ийн менежер М.Б-, Б.М- нар миний оролцоогүйгээр хуралдаж, “М-” ХХК-д мөнгөө шилжүүлсэн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэхэх үү гэх зэргээр шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтанд тусгагдсан байна. Энэ хуралд би оролцоогүйгээр барахгүй мэдээгүй, тэдгээр этгээдүүдтэй эвлэрсэн зүйл байхгүй болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний өмнө нь төлсөн төлбөрийг ямар ч ач холбогдолгүй болгож, мөн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр'авах байсан эрхийг хязгаарласан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэсэн биш бүүр хязгаарлуулаад байна.

 Хууль зүйн дүгнэлтийн тухайд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаар тогтоол нь “М-” ХХК болон Б.М- нар эвлэрч мөнгө өгсөн гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д заасныг баримтлан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 хэсэг нь төлбөр авагч төлбөр төлөчтэй эвлэрсэн тохиолдолд энэ зүйл заалтыг хэрэглэх журамтай. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тусгаж өгсөн бөгөөд төлбөр төлөгч гэдэг нь мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т тусгайлан заасан байх тул Б.М- нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын аль нь ч биш юм. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний 2216 тоот гүйцэтгэх хуудаст “Н-” ХХК-ийг төлбөрөө төлсөн тохиолдолд авто чирэгчийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “М-” ХХК-д үүрэг болгосон учир НШШГГ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 -т "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна" заасан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан. Энэ үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийнэ 29.1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

            Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 31 дүгээр тал/

 

            Зохигчид Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 835 дугаар магадлалаар “Н-” “ ХХК-иас 103 091 080 төгрөг гаргуулан “М-” ХХК-д олгож, уг мөнгийг төлсөн тохиролдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг “Н-” ХХК-д шилжүүлэхийг “М-” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар маргасан байна. /хэргийн 5-11 дүгээр тал

 

            Хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөл, материалыг буцаах тухай албан бичигт “.. Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00841 дугаар тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр болно” гэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт “ ...Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2018/00841 дугаар тогтоолд ...М- ХХК-д өгөх төлбөрийг Б.М- төлөхөөр талууд тохиролцсон талаар шийдвэр гүйцэтгэгчид тайлбарлаж байсан, төлбөр авагч М- ХХК нь түрээслэгч Б.М-той харилцан тохиролцсны үндсэн дээр “Н-” ХХК-аас авах 103 091 080 төгрөгийн төлбөрийг Б.М-оос авч, гомдолд дурдсан чирэгч, чиргүүлийг Б.М-ын өмчлөлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдсэн гэж үзэх үндэстэй, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй” талаар дүгнэжээ. Гэтэл Улсын дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00841 дугаар тогтоол хэрэгт авагдаагүй байх бөгөөд 2014 оны 2678/с дугаар шийдвэр, мөн оны 835 дугаар магадлалд заасан төлбөр баргадуулах ажиллагаатай ямар хамааралтай болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл “Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй өөр ямар хэрэг шийдвэрлэгдсэн болон дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай эсэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, дээрх шийдвэр, магадлалын дагуу “Н-” ХХК нь “М-” ХХК-д төлбөрийг барагдуулсан эсэх, “М-” ХХК нь авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг “Н-” ХХК-д шилжүүлсэн эсэхэд хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна. Учир нь “Н-” ХХК-ийн өмнөөс гуравдагч этгээдээр төлбөрийг төлүүлж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “Н-” ХХК-ийн төлөөлөгч Н.Ц- нь “...А- ХХК-аас 85 282 290 төгрөгийн авлагатай учраас уг авлагыг танайх авч төлбөрийг барагдуулж өгнө үү” гэх тайлбарыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан нь шүүхийн шийдвэрт заагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаас татгалзсан гэх үйл баримтыг нотлох баримт болох эсэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу дүгнэлт хийгээгүй байна.  

 

Түүнчлэн, Б.М-, Б.М-н нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар үндэслэлээр оролцуулсан болох нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт тодорхойгүйгээс хэргийн оролцогч буюу төлбөр авагч, төлбөр төлөгч биш этгээдүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан үндэслэлийн талаар дүгнэх боломжгүй.

 

            Дээрхээс үзвэл шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс зөрчлийг залруулж, маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01775 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                      ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                                                С.ЭНХТӨР