Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1819

 

 

 

 

 

 

 

 

 

ИНЕГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ИНЕГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.З-д холбогдох

 

8 345 212 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.З-, түүний өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журманд Иргэний нисэхийн ерөнхий газарт 5-аас доошгүй жил ажилласан ажилтан хэрэгцээ шаардлагатай мэргэжлийн чиглэлээр боловсролоо дээшлүүлэхээр үндсэн ажлаас чөлөөлөгдөхгүйгээр суралцсан тохиолдолд сургалтын төлбөрт тусламж үзүүлж, 1 удааг олгодог. Б.З- нь ИНЕГ-ын даргын туслахаар ажиллаж байхдаа ажилд орсноос хойш 4 сарын дараа буюу 2016 оны 01 сарын 19-ний өдөр сургалтын төлбөрийн дэмжлэг хүссэн өргөдөл гаргасан. Үүнийг нэг хоногийн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэрлэгдэж ИНЕГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А48 тоот тушаалаар Б.З-д 7 000 000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ нь ИНЕГ-ын дотоод журмыг зөрчсөн болохыг Үндэсний аудитын газрын актаар тогтоосон учраас Үндэсний аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/16 гэсэн актаа байгууллагад мөрдөгддөг дүрэм журмыг зөрчиж, тухайн хүнд даргын туслахаар ажиллаж байсан байдлыг нь давуу тал болгож, ажилласан жил нь болоогүй байхад тусламж үзүүлсэн байна. Тиймээс 6 300 000 төгрөгийг нь буцаан гаргуулах акт гаргасан. Энэ хүчин төгөлдөр бус актыг гаргасан албан тушаалтанд өөрөө хүчингүй болгох эрхтэй гэдэг үндэслэлийн дагуу ИНЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны А764 тоот тушаалаар Б.З-д тэтгэмж олгосон тушаалыг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо аудитын газрын актыг биелүүлэхийг даалгасан. Ийм үндэслэлээр Б.З-гоос 6 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагаас 4 000 000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан. Үлдэгдэл нь 2 045 212 төгрөгийг төлөөгүй. Ингээд нийт 8 345 212 төгрөг болсон байгаа. Шүүхэд хандаад жил гаруй хугацаа өнгөрөхөд хариуцагч талаас Үндэсний аудитын газрын актын талаар маргаагүй. Энэ акт одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Тиймээс энэ актын биелэлтийг хангахыг улирал бүр ИНЕГ-аас шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би өөрийн сурч боловсрох эрхээ эдэлж, сургалтын төлбөрт дэмжлэг хүссэн. Тухайн хүсэлтийг тухайн үеийн удирдлагууд өөрсдөө авч хэлэлцэж, шийдвэр тушаал гаргасан. Тэр тушаал гарсан талаар би мэдээгүй. Энэ мөнгийг авахдаа би өөрөө гарын үсэг зурж аваагүй. Энэ тушаалыг зөвшөөрч гарын үсэг зурсан удирдлагуудаас нэхээгүй байж яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн энэ мөнгийг би өөрөө аваагүй. Харин цалингийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 496.3.2-т зааснаар хариуцагч Б.З-гоос цалингийн урьдчилгаа авлагын үлдэгдэл 2 045 212 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 47 673 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэхүү шийдвэр нь хэрэгт байгаа нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу 4 дэх талд /2 дахь параграф/ нэхэмжлэгч энэхүү тушаал шийдвэрийн дагуу түүнээс сургалтын төлбөрт төлсөн зардал 6 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар тогтоосон талаар хариуцагчид ердийн боломжит хугацаанд мэдэгдэх боломжгүй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар шүүхэд ямар нэг баримт сэлт ирүүлээгүй гэсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг тушаал шийдвэрийг хариуцагч Б.З- шүүхэд хэрэг үүссэн үеэс буюу 2017 оноос хойш мэдсэн боловч уг тушаал шийдвэрийн талаар болон аудитын актын талаар маргаагүй байдаг. Гэтэл шүүх байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан ажилтан бөгөөд даргын туслах нь өөрийн байгаа давуу байдлаа ашиглан /дарга нартай ойрхон байдаг/ үндэслэлгүйгээр байгууллагаас мөнгө авсан байдлыг буруу дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь хариуцагч Б.З-д холбогдуулан сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн 6 300 000 төгрөг, цалингийн урьдчилгаа 2 045 212 төгрөг нийт 8 345 212 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч цалингийн урьдчилгаа 2 045 212 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн 6 300 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ./хэргийн 1-2, 33 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03/16 САГ-2014/22/СТА-ТТЗ тоот төлбөр барагдуулах актаар “ИНЕГ-ын даргын А/48 тушаалаар тус байгууллагад нэг жил ажилласан ажилтанд 6 300 000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2.2-т ИНЕГ-т 5-аас доошгүй жил ажилласан ажилтан ...боловсролоо дээшлүүлэхээр... суралцах тохиолдолд... нэг жилийн сургалтын төлбөрийн 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгож болно” гэж заасныг зөрчсөн болохыг зааж, сургалтын төлбөрийн дэмжлэгт олгосон 6 300 000 төгрөгийг төлүүлж, мөнгийг Үндэсний аудитын газрын төв төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр тогтоожээ./хэргийн 4 дүгээр тал/

 

Дээрх актын дагуу ИНЕГ-ын даргын 2017 оны 11 сарын 20-ны өдрийн А/764 дүгээр тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/48 дугаар дэмжлэг үзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, 6 300 000 төгрөгийг хариуцагч Б.З-гоос буцаан гаргуулахыг санхүү эдийн засаг, захиргаа удирдлагын газарт даалгажээ. Гэвч хариуцагч Б.З-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдснаас хойш 11 сарын дараа түүнд сургалтын дэмжлэг олгосон тушаалыг хүчингүй болгож, 6 300 000 төгрөгийг өөрөөс нь буцаан гаргуулахаар тогтоосон талаар хариуцагчид ердийн боломжит хугацаанд мэдэгдсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагчид энэ талаар мэдэгдсэн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т зааснаар нэхэмжлэгч 6 300 000 төгрөгийг шаардах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, ажил олгогч буюу нэхэмжлэгч ИНЕГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2.2-т заасныг үндэслэн хариуцагчид 6 300 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгосонд ажилтан буюу хариуцагч Б.З-г буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.З-г нэхэмжлэгч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Учир нь хариуцагч Б.З- нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ИНЕГ-ын даргад хандан Удирдахуйн ухааны сургуулийн төрийн захиргааны менежментийн ангид сурах сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон цалингийн урьдчилгаа 4 000 000 төгрөг олгохыг хүссэн хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагын дарга зөвшөөрч, өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнд 6 300 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгосон нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6, 9-10, 12, 37-40 дүгээр тал/

 

            Хариуцагч нэхэмжлэгч байгууллагаас цалингийн урьдчилгаанд авсан 4 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 2 045 212 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн учраас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР