Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/144

 

               

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор А.Мд холбогдох 2010013811103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Аийн М, 1993 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “С” ресторанд менежер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч А.М нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их хуралдай” төвийн 15 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “С” бааранд касс, менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр уг бааранд үйлчлүүлсэн Э.Нтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд “дух ясны шугаман хугарал харалдаах хатуу хальсны доорх нимгэн ястаслаг цусан хураа, тархины эдийн няцрал, аалзавчийн доорх цус харвалт, уруулд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн А.М нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр уг бааранд Э.Нтай хамт явсан Т.Бг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд “дээд уруулд нэвт шарх, дээд уруул, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Аийн Мыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч О овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын биечлэн эдлэх хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Н гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Т.Б, Э.Н нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, болчимгүй үйлдэлдээ маш их харамсаж байна. Би хохирогч Нт эмчилгээний зардал болон бусад хохирлын баримтын дагуу илэрхийлсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч “хохирогч нар шүүх дээр баримтын дагуу нэхэмжилнэ” гэж хэлсэн. Хохирогч Н, түүний өмгөөлөгч Батцогт нар нь нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхээс “хохирогч Нын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, холбогдох арга хэмжээ аваагүй, мөн хохирогч гомдолтой, төлөх төлбөргүй” зэргийг харгалзан надад 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие хоригдох хугацаандаа өөрийн үйлдэлдээ харамсаж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй. Ар гэрийн байдлын хувьд эхнэр маань жирэмсэн. Мөн аав, ээжийн бие тааруухан байгаа. Шинэхэн гэр бүл нийгэмд байр сууриа олсон залуу хүний хувьд цаашид дахин сурч боловсрох, өөрийн ажиллах чадвараа дээшлүүлэх зорилготой билээ. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Н нь өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлж өгөөгүйгээс шалтгаалаад хохирлын хэмжээ тодорхойгүй байсаар шүүх хуралдаан болсон. Хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ гэм буруугийн хуралдааны завсарлага болоход хохирогч эмчилгээний болон бусад зардалтай холбоотой баримтаа авчирч өгнө гэсэн боловч мөн л авчирч өгөөгүй. Хохирлын мөнгөн дүнгийн тоо хэмжээ тодорхойгүй байхад бид таамгаар мөнгө өгөх боломжгүй байснаас гадна бид хохирлын мөнгийг хохирогчид нэг мөр өгөх хүсэл эрмэлзэлтэй байсан. Гэтэл анхан шатны шүүхээс “шүүгдэгч А.М нь хохирогч Э.Нын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар холбогдох арга хэмжээг аваагүй” гэсэн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдож байна. Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгдэгч А.Мын ар гэрийнхэн хохирогч Э.Нтай уулзсан. Нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэхүү төлсөн баримтаа давж заалдах шатны шүүхэд би албан бичгээр өгсөн байгаа. Хохирогчийн эмчилгээнд цаашид гарах хор уршгийн зардлыг иргэний журмаар нэхэмжилбэл төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа. Шүүгдэгч А.Мын эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. А.Мын тус дэм түүний эхнэр болон хүүхдэд хэрэгтэй байгаа. А.М гэрээсээ ганц ажил хийж мөнгө олдог. Нэг гэр бүлийн цаашдын амьдрал нь А.Моос хамаарч байна. Иймд А.Мын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлэн шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2021 оны 12 дугаар сард анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хурал болох энэ хугацаанд шүүгдэгч А.М нь хохирол төлбөрийг төлөхөөр хохирогчтой уулзаагүй гэж хохирогчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлдэг. 10.000.000 төгрөг хохирогч талаас нэхэмжилж байна гэдэг боловч баримтаа гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчтой уулзаж төлбөр төлөхөө илэрхийлээгүй нь тогтоогдож байсан. Хохирогч Т.Бд холбогдох хохирлыг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан байгаа. Шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг боловч хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нэг ч удаа очиж уучлалт гуйгаагүй нь тогтоогдсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч А.М нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их хуралдай” төвийн 15 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “С” бааранд касс, менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр уг бааранд үйлчлүүлсэн Э.Нтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд “дух ясны шугаман хугарал харалдаах хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, тархины эдийн няцрал, аалзавчийн доорх цус харвалт, уруулд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

            мөн А.М нь 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдөр уг бааранд Э.Нтай хамт явсан Т.Бг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд “дээд уруулд нэвт шарх, дээд уруул, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч Т.Бн “...би 2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их наяд төвийн 1 давхарт танихгүй буюу уг газар ажилладаг байж магадгүй залуучуудад зодуулж зүүн хацар, уруул хэсэгт гэмтэл авсан. ...Маргаан болж байтал хажууд зогсож байсан нэг залуу шууд намайг нүүрэн тус газар нэг удаа цохиж газар унагаасан. Би хэсэг зуур шоконд орж ухаан алдаж байгаад сэрээд ... цагдаа дуудсан. Намайг цохисон залуу Нтай маргалдаад цаашаа явж байхаар нь би араас “хөөе” гэж хэлтэл эргэж ирээд намайг уруул хэсэгт нэг удаа цохиж газар унагаасан. ...” /1хх 31-34/, 44-45/,

            хохирогч Э.Нын “...тухайн залуучууд маргаан үүсгэсэн. Тэгээд тухайн залуучууд шууд ирээд намайг араас цохиод мөн дух хэсэгт өшиглөхөд толгой манараад явчихсан. Тэрнээс хойш яг юу болсныг сайн санахгүй байна. ...” /1хх 37-42/,

            гэрч Ж.Гийн “..нэг давхарт иртэл нөгөө залуучууд харчихаад “та нар буугаад ирэв үү, үзэх үү” гээд дайрсан. Тэгэхээр нь бид нар өмнөөс нь биеэ хамгаалаад дайрсан. Энэ үеэр нэг залуугийнх нь уруул язарсан. Бас нэг залуугийн амнаас цус гарсан байсан. Тэгээд салцгаасан байх үед цагдаа ирээд авч явсан. ...” /1хх 46-47/,

            гэрч Б.Аийн “...Ядамсүрэн баарны хүмүүстэй маргалдаж байсан. Тэнд хоорондоо маргаж бужигналдаад байхаар нь би найз эмэгтэй Б.Номиндарийн хамт салгасан. Тэгээд нөгөө хэдийгээ аваад лифтээр нэг давхарт буутал нөгөө баарны залуус зэрэг буугаад ирсэн. Тэгээд хоорондоо зодолдоод нэг хартал манай найз залуусын 2 нь уначихсан байсан. ...” /1хх 48-49/,

            гэрч Н.Аын “...хэрүүл болж байтал тухайн үл таних залуусын нэгийг ... М шууд нэг цохичихсон. М цаашаа миний ардуур тойрч очоод тухайн залуусын нэгтэй мөн маргалдсан. ...М гэх залуу уг залуу дээр очоод нэг цохитол газар унаад өгчихсөн. ...М уг залуугийн нүүрэн тус газар нь цохитол толгойгоороо хойшоо саваад уначихсан. ...” /1хх 53-54, 60-62/,

            А.Мын яллагдагчаар өгсөн “...над руу дахин нулимахаар нь би зайлаад нэг цохисон. Мөн Б намайг цохих гээд ирэхээр нь би нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Дахин Н гэж залуу над руу үзэх үү гээд дайраад ирэхээр нь дахин нэг удаа цохитол хойш саваад унасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлгүүд /1хх 205-206/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.Бгийн биед дээд уруулд нэвт шарх, дээд уруул, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 7788 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 64-65/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Э.Нын биед дух ясны шугаман хугарал, харалдаах хатуу хальсны дээрх голомтлог цусан хураа, дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, тархины эдийн няцрал, аалзавчийн доорх цус харвалт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн 7861 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 74-76/,

            дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Э.Нын биед учирсан уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад буюу дух ясны хугарал, тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Э.Нын биед учирсан тархины хүнд гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломж багатай. Харин унах үед үүсэж болно. ...” /1хх 80-81/ гэсэн мэдүүлэг,

            Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас /1хх 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20-22/, эд мөрийн баримт /1хх 18-19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба А.Мын хохирогч Э.Ныг цохиж унагаан эрүүл мэндэд нь “дух ясны шугаман хугарал, харалдаах хатуу хальсны доорх нимгэн ялтаслаг цусан хураа, тархины эдийн няцрал, аалзавчийн доорх цус харвалт, уруулд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол, хохирогч Т.Бг цохиж унагаан эрүүл мэндэд “дээд уруулд нэвт шарх, дээд уруул, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А.Мын хохирогч Т.Бг цохиж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Э.Ныг цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

            мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1086 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

            Энэ тохиолдолд шүүгдэгч А.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлаас хамаарч, түүнд Өршөөлийн хуулийн аль зүйл, заалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийх учиртай.

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлжээ.

            Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч А.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Т.Б “гомдол саналгүй”, хохирогч Э.Нт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

            Дээрх тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

            Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Энэ зүйлд заасан шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна” гэж, мөн хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж тус тус заасан хэм хэмжээний хүрээнд тайлбарлана.

            Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан хэм хэмжээг хэрэглэх ойлголт нь шүүгдэгч А.Мд холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзлээ.

            Давж заалдах шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч О овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч О овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

            3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.М “...Миний бие өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, болчимгүй үйлдэлдээ маш их харамсаж байна. Шинэхэн гэр бүл нийгэмд байр сууриа олсон залуу хүний хувьд цаашид дахин сурч боловсрох, өөрийн ажиллах чадвараа дээшлүүлэх зорилготой билээ. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт “...А.Мын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхийн давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

            Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

            Шүүхээс шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирогч Э.Нын гомдолтой байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар буюу тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын хэмжээнд ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

            Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/677 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “...Шүүгдэгч О овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч О овогт Аийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

            3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ