| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/03231/И |
| Дугаар | 102/ШШ2024/02132 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/02132
| 2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/02132 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дүгээр хороо, *** хаягт байрлах, Г ХХК,
Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, *** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Б-ны С,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,388,772.0 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.С-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,388,772.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.С нь Г-тай кредит карт эзэмших гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгөөр, дараа нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлээр авсан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөөгүй байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох 5,747,660.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,438,539.72 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 2,884,182.74 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 318,189.74 төгрөг, нийт 16,388,772.02 төгрөгийг Б.С-ээс гаргуулж өгнө үү. Манай банкнаас өмнө нь 2021 онд Б.С-эд холбогдуулаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тухайн хаягтай нь байхгүй гээд эрэн сурвалжлуулсан. Эрэн сурвалжлуулаад 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хаяг нь тогтоогдоод 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Б.С нь 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Г-наас 2 жилийн хугацаатай 2,000,000 төгрөгийн кредит карт аваад 2017 оны 8 сард 3,000,000 нэмж авч, нийт 5,000,000 төгрөг болсон. 5,000,000 төгрөгийг хугацаанд төлөөд явж байгаад 2018 онд үйл ажиллагаа нь хэцүү болоод өөрөө Г-тай очиж уулзсан байгаа. 5,747,760.10 төгрөг болонгуут Г-тай очиж уулзаад би төлж чадахгүй байдалтай боллоо гэж хэлэхэд Г-ны эдийн засагч таны хугацаагүй дуусаагүй байгаа юм байна. Тийм учраас та санаа зоволтгүй, бага багаар төлөөд явж болно. Хүү тооцохгүй гэсэн харилцан тохиролцоо хийсэн байдаг. Энэнээс хойш бол орлого хийж явсан байгаа. Орлого хийгээд зарлага бол гараагүй. 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 1,400,000 төгрөг дараа нь 580,000 төгрөг, нийт 1,980,000 төгрөг төлөөд зээлийн хэмжээ нь буцаад 6,000,000 төгрөг болсон. Энэнээс хойш Г-наас ирсэн бүх мэдээлэл дээр хүү нь зогсчихсон гээд 6,200,000 төгрөг байгаа гэж мессеж ирж байгаа хэр нь одоо 16,000,000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2023.05.25-ны өдрийн эрэн сурвалжлалтыг зогсоосон тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.19-ний өдрийн *** дугаар шийдвэр, 2017.08.01-ний өдрийн *** дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас кредит картын хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн утасны зурвас, мэйл хаягт үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: .Сэмжид нь Г-тай кредит карт эзэмших гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгөөр, дараа нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсны 42 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зээлээр авсан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд зааснаар төлөөгүй байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр болох 5,747,660.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,438,539.72 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 2,884,182.74 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 318,189.74 төгрөг, нийт 16,388,772.02 төгрөгийг Б.Сээс гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд: Төрийн банкны зүгээс хариуцагчийг зээлийн төлбөрийг шаардсан болон мэдэгдсэн шаардлагын мэдэгдэл тайлбар байхгүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт заасны дагуу Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Төрийн банк өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хуулийн заалт байна. Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Мөн 223 дугаар зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан. Нэхэмжлэгч *** болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан боловч эрхийг хэрэгжүүлээгүй байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуссан, 7 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тэтгэврийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дахь хэсэгт заасан зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш нэг сарын хугацаатай олгох тэтгэмжийг шууд суутгадаг гэж заасан. Энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хамтран зээлдэгч энэ гэрээг заасан зээлдэгчийг эрхийг эдэлнэ, үүргийг хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тэтгэврийн зээлийн гэрээнд хэн, хэзээ, ямар эрх эдэлж , үүрэг хүлээх нь тодорхой байна. Тийм учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2023.05.25-ны өдрийн эрэн сурвалжлалтыг зогсоосон тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.19-ний өдрийн *** дугаар шийдвэр, 2017.08.01-ний өдрийн *** дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, кредит картын хуулга, хариуцагчийн утасны зурвас, мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.С-тэй 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан *** тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 5,000,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний сарын 2%, бэлэн мөнгө авсны сарын 3.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэгтэй зээлийн эрхтэй карт олгожээ.
6. Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байх тул энэхүү гэрээний маргаантай асуудалд Иргэний хуулийн холбогдох заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалт хэрэглэхээр байна.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч Б.С гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.
8. Нэхэмжлэгчээс *** тоот кредит картын үндсэн зээлд 5,747,660.10 төгрөг, үндсэн хүү 7,438,539.72 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 2,884,18.74 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 318,189.74 төгрөг, нийт 16,388,772.02 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан бол хариуцагч нь үндсэн зээлийн хэмжээг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаанд дутуу төлсөн үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсэн хүүний хамт 6,200,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргалаа.
9. Зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд хандах хүртэл хугацааны хүү тооцож шаардах эрхтэй байна.
10. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн зээлийн эрхийн үндсэн нөхцөл хүснэгтийн 10-д зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1% байхаар заажээ.
11. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээндээ нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүү 2 хувийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тусгах байтал 1 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулсан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.
12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн заалт нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.
13. Гэхдээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан кредит карт эзэмших гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ.
14. Зээлийн картын тооцооллын хүснэгтээс харахад хариуцагч нь уг картаас 16,196,575 төгрөгийг зарцуулж, 14,120,335 төгрөгийн төлөлтийг хийсэн ба үүнээс кредит картын зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссанаас хойш хариуцагч нь 13 удаагийн гүйлгээгээр 2,363,400 төгрөгийн төлөлтийг хийжээ. Хариуцагчийн нийт төлсөн 14,120,335 төгрөгөөс 2,363,400 төгрөгийн хасахад гэрээний хугацаанд төлсөн төлбөр нь 11,756,935 төгрөг байна.
Энэхүү хугацаандаа төлсөн 11,756,935 төгрөгийн 10,448,714.90 төгрөг нь үндсэн зээлд, 1,308,220.10 төгрөг нь зээлийн хүүнд тооцогджээ.
15. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 2,363,400 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан дарааллын дагуу үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцох үндэслэлтэй байна.
16. Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зарлага гаргаж, үүнээс хойш зөвхөн орлого хийсэн байх бөгөөд 3 сарын 01-ний өдрийн үлдэгдэл 5,747,860.10 төгрөгөөс гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 13 удаагийн гүйлгээний дүнг хасаж, хугацааных нь хүүгийн тооцоолол хийхэд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 3,424,460.10 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 3,376,054.61 төгрөг, хүүний үлдэгдэл 3,379,569.22 төгрөг, нийт 10,180,083.93 төгрөг байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хасаж тооцоход 10,160,083.93 төгрөгийг шаардах эрхтэй байна.
17. Иймд хариуцагч Б.С-ээс зээлийн гэрээний үүрэгт 10,160,083.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,228,688.09 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.С-ээс зээлийн гэрээний үүрэгт 10,160,083.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,228,688.09 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,511 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ