Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/143

 

                      

Э.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Ч, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Дд холбогдох 2110000000830 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Эын Д, 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл экспо” төвийн “В” нэртэй лоунжод иргэн Х.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой руу нь пивоны бакалаар цохиж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дух ясны хугарал, духны хөндийн дотор хананы хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Эын Дыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Эын Дыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Х.Чт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж.шийдвэрлэжээ.

Хохирогч Х.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө “Мишээл экспо” төвийн “В” ресторанд ажиллаж байхдаа ахлах тогоочоор ажиллаж байсан Э.Дын миний ажил үүрэгтэй холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсноос надад гэмтэл учруулсан. Дын зүгээс миний биед учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан мөнгө, сэтгэл санааны хохиролд нийт 6.500.000 төгрөг төлж уучлалт гуйсан тул өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Гэмт хэрэг гарахад хохирогч миний буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд энэ бүгдийг харгалзан Э.Дд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Миний бие Э.Дд гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хорих байгууллагад 33 хоногийг өнгөрүүлэхдээ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, залуу хүний болчимгүй зангаасаа болж амьдралдаа хар толбо үлдээсэндээ үгээр хэлэхийн аргагүй гэмшиж, ард үлдсэн өндөр настай эцгийгээ бодон харуусаж, хийж бүтээх насан дээрээ өөрийн буруутай үйлдлийн улмаас алдсан цаг хугацаандаа харамсаж байна. Өөрийн мунхаг үйлдлээсээ болж хохироосон хохирогч Х.Чоос удаа дараа уучлал хүсэж, хавтас хэрэгт авагдсан эмчилгээний зардал болох 690.000 төгрөгийн хохирлыг барагдуулснаас гадна хохирогч Х.Чт 5.559.100 төгрөг, нийт 6.550.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Тэнэгхэн хүүгийнхээ хийсэн гэмт үйлдлээс болж нас өндөр эцгийн минь сэтгэл санаа хямарч бие нь өвдөж байгаад гэмшихийн дээдээр гэмшиж хийсэн үйлдлээ бодохоор сэтгэл минь тэсэхийн аргагүй өвдөж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Г.Ганбадрахын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/667 шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцүүлэх үүднээс шүүхэд хандаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар хуульчилсан. Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, Э.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогч Чийн зүй бус үйлдэл буюу таарамжгүй харилцаа, үл тоосон харьцааны байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, мөн Э.Д нь өндөр настай эцэгтэйгээ хамт амьдарч, 6 жил тасралтгүй тогоочоор ажиллаж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь энэ хүнийг заавал нийгмээс тусгаарлах биш, өөрт нь тохирсон ял хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын зорилгоос гажихгүй. Гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Х.Чт эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 6.500.000 төлсөн тухай баримт, мөн хохирогчийн хүсэлт байгаа. Шүүгдэгч Э.Дын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой юм. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтойг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийг торгох ялаар шийтгэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэж байхад хохирогчоос 3.450.000 төгрөг нэхэмжилж байсан. Уг төлбөрийг шүүгдэгч Э.Д нь төлж барагдуулсан. Гэмт хэргийн хүндрүүлэн үзэх нөхцөл байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг хүндрүүлэн үзэхдээ энэ гэмт хэргийн цаана хүний амь нас хохирсон бол яах вэ гэсэн асуудал тавьсан. Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэдгээр л хүндрүүлэн үзсэн. Тухайн хүндрүүлсэн хэргийн зүйлчлэлээр миний үйлчлүүлэгч ял сонсоно. Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ энэ гэмт хэргийг үйлдсэнээс болж хүн нас барсан тохиолдолд яах вэ гэж хэргийг шийдвэрлэхгүй. Шүүгдэгч Э.Д нь тохиолдлын шинжтэй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэхүү гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой байгаа. Давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.

            Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Э.Д нь хохирогчийн эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан. Амь насанд хүрэхүйц тархинд хүнд гэмтэл учруулсан байгаа. Духанд нь нэг удаа цохиод зогсохгүй, нүүр, уруул хэсэгт нь цохисон байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн юм шиг тайлбар хэлж байна. Мөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзээгүй гэж тайлбар хэлсэн. Эдгээр тайлбарууд нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь хохирогчийн тархинд хүнд гэмтэл учруулчихаад “...урдаас хэрүүл хийдэг чи хэн бэ. ...” гэж хэлээд дахин араас нь гүйж очиж нүүр, уруул руу нь цохисон үйл баримт тогтоогддог. Хохирол төлбөрийг шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн болохоос мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирол төлбөрийг төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл экспо” төвийн “В” нэртэй лоунжод иргэн Х.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой руу нь пивоны бакалаар цохиж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дух ясны хугарал, духны хөндийн дотор хананы хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Чийн “...Дамбаа над руу ... дайрч давшлаад байсан. Захирал ... өглөө ажилдаа ирдэггүй гэх мэтээр жаахан шүүмжилсэн чинь Дамбаа гэнэт пивоны бакалаар миний толгой руу цохисон. Би цохиулаад хамраас цус гоожоод нүүрээ дарсан чинь захирал Дамбыг болиулсан. ...Дамба дахиж хүрч ирээд “чи ганц цохиулчихаад цагдаа энэ тэр гээд гоншигнодог банди байна шүү дээ, би бол айдгаа авдартаа хийсэн хүн, чи муу яасан овоо пизда вэ” гэж хэлээд миний уруул руу гараараа дахиад нэг удаа цохисон. Тэгээд “чамайг би ална, за юу” гэж хэлсэн. ...Миний толгой их өвдөж байна, дух нэлээн том булдруутаад хавдсан, ... хөмсөг хэсгээрээ цуурчихсан юм шиг мэдрэгдээд байна. Хоёр дахь удаагаа цохиулахад миний уруул язарчихсан. ...” /хх 8-10/,

гэрч О.Бгийн “...Дамбаа нь Чийг шүүмжлэхэд Ч үл ойшоосон ... эвгүй сэтгэгдэл төрүүлээд байсан. ...Дамбаа гэнэт пивоны бакалаар Чийн толгой руу цохичихсон. ...Дамбаа тайвшрах гээд босоод явсан. ...Ч “чи хариуцлагаа хүлээчих би ах нарыгаа дуудчихсан” гээд хэлсэн чинь Дамбаа “чиний буруу биз дээ, буруугаа хүлээж сур” гээд уурлаад нүүр рүү гараараа дахиад нэг цохисон. Ч нь бас өөдөөс нь чи зодохгүй юу, зодохгүй юу гээд шарыг нь малтаад байсан. Дамбааг цааш нь түлхээд бараагүй. ...” /хх 12-13/,

гэрч Д.Тын “...Дамбаа, Чт шаардлага тавьсан чинь Ч, Дамбаа руу хараад инээж, жуумалзаад утсаа оролдоод үл тоосон шинжийг үзүүлээд Дамбааг өдөөд байсан. ...Дамбаа уурандаа пивоны бакалаар Чийн толгой руу цохисон. ...” /хх 15-16/,

гэрч Ч.Бийн “...хүү маань толгой нь өвдсөн байдалтай Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлсэн чинь “тархи чинь цөмөрсөн байна, дотуур цус хурахаас өмнө заавал хэвтэн эмчлүүлж толгойн цусаа шүүлгэх шаардлагатай” гэж хэлсэн байсан. Одоо гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа. ...” /хх 19-20/,

гэрч У.Хийн “...гэнэт Дамбаа, Чийн толгой руу ууж байсан пивоны бакалаараа цохисон. ...” /хх 23-24/,

Э.Дын яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. ...Ч намайг “чи юугаа мэддэг юм бэ” гэх мэтээр хэл амаар өдөөд, пээдийгээд суугаад байхаар нь ... толгой хэсэг рүү нь ууж байсан пивоны бакалаараа цохисон. ...нэг удаа нүүр рүү нь мангасдаад “чи намайг сонин болгодог, хэн юм бэ” гэж хэлээд тухайн газраас гараад зогсож байтал цагдаа нар ирсэн. ...” /хх 64-65/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Х.Чийн биед дух ясны хугарал, духны хөндийн дотор хананы хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэсэн 8690 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 30-31/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хохирогч Х.Чийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх 33-48, 52-55/, эмчилгээний баримтууд /хх 49-51, 73/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Э.Дын хохирогч Х.Чийн толгой руу нь пивоны бакалаар цохиж, уруул хэсэгт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дух ясны хугарал, духны хөндийн дотор хананы хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Эын Дыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Х.Ч “...Дын зүгээс миний биед учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан мөнгө, сэтгэл санааны хохиролд нийт 6.500.000 төгрөг төлж уучлалт гуйсан тул өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Гэмт хэрэг гарахад хохирогч миний буруутай үйлдэл нөлөөлсөн бөгөөд энэ бүгдийг харгалзан Э.Дд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Миний бие Э.Дд гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. ...” гэсэн,

шүүгдэгч Э.Д “...миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, залуу хүний болчимгүй зангаасаа болж амьдралдаа хар толбо үлдээсэндээ үгээр хэлэхийн аргагүй гэмшиж, ард үлдсэн өндөр настай эцгийгээ бодон харуусаж, хийж бүтээх насан дээрээ өөрийн буруутай үйлдлийн улмаас алдсан цаг хугацаандаа харамсаж байна. Хохирогч Х.Чоос удаа дараа уучлал хүсэж, хавтас хэрэгт авагдсан эмчилгээний зардал болох 690.000 төгрөгийн хохирлыг барагдуулснаас гадна хохирогч Х.Чт 5.559.100 төгрөг, нийт 6.550.000 төгрөгийг сайн дураараа өгсөн. Тэнэгхэн хүүгийнхээ хийсэн гэмт үйлдлээс болж нас өндөр эцгийн минь сэтгэл санаа хямарч бие нь өвдөж байгаад гэмшихийн дээдээр гэмшиж хийсэн үйлдлээ бодохоор сэтгэл минь тэсэхийн аргагүй өвдөж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Г.Ганбадрах “...гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хохирогч Х.Чт эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 6.500.000 төлсөн тухай баримт, мөн хохирогчийн хүсэлт байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтойг анхаарч үзнэ үү. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийг торгох ялаар шийтгэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Э.Д нь хөгшин настай эцгээ харж асардаг, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Э.Дд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйлд зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх торгох ялаас Э.Дын нийт цагдан хоригдсон 67 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 1005 нэгж буюу 1.005.000 төгрөгийг хасаж тооцон, торгох ялын нийт хэмжээг 8.995.000 /найман сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэхүү хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар ойлговол зохино.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хохирогч Х.Ч, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/667 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Эын Дыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч С овогт Эын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1.005.000 төгрөгөөр тогтоож, Э.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас 1.005.000 төгрөгийг хасаж, нийт торгох ялын хэмжээг 8.995.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Д нь торгох ялыг шүүхээс хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Х.Ч, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Э.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ