| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02216/И |
| Дугаар | 1817 |
| Огноо | 2019-10-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 1817
Б.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02101 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “О-” ХХК-д холбогдох
285 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 523 775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “О-” ХХК-тай Арвидах худалдааны төвийн В1 давхарын в5 дугаартай талбайг түрээслэхээр гэрээ байгуулсан. Б.А-гийн түрээсэлдэг хорооллын барилгын материалын худалдааны төв өөр хүний эзэмшилд шилжиж байгаагаас түрээслэхээ болих сураг гарсан. Тухайн үед Арвидах худалдааны төв талбай түрээслүүлэх зар гаргасан байсан. Зарын дагуу хорооллын барилгын материалын лангууны түрээслэгч нар бүгдээрээ Арвидах худалдааны төвийн эрх бүхий албан тушаалтантай уулзаж, “О-” ХХК-иас түрээслэх талбайн зургийг гаргаж, сонгуулан гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-д талууд гарын үсэг зурж, гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээж авах акт үйлдэнэ гэж заасан. Гэтэл Б.А- түрээсийн гэрээ байгуулсан талбайд үйл ажиллагаа явуулаагүй. “О-” ХХК өмнө Арвидах худалдааны төвд хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг байсан ч Мэргэжлийн хяналтын газраас подвольд хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй гэснээр барилгын материал зарахаар болсон байсан. Арвидах худалдааны төвд шууд барилгын материал худалдаалах боломжгүй учраас компаниас бид засварын ажил оруулахаар өөр компанитай гэрээ байгуулсан та бүхэн түр хүлээж байгаарай, өнөө маргаашгүй талбайд оруулна гэснээр түрээслэгч нар хүлээхээс өөр аргагүй болсон. Гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн ч түрээслэгч нарыг худалдааны төвд оруулаагүй. Түрээслэгч нар гэрээнээс татгалзаж, мөнгөө авъя гэсэн ч өгөөгүй. Иймд барьцаа болон түрээсийн төлбөр нийт 285 000 төгрөгийг “О-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А- нь Хороолол барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа. Хороолол барилгын материалын байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учраас биднийг ажлын байраа 2019 оны 4 дүгээр сард багтаан суллаж өг гэсэн тул бид ажлын байргүй болчихлоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад ирнэ хэмээн нийт 19 түрээслэгч санал тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр павильон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.А-тэй гэрээ байгуулсан. “О-” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр павилионыг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан. Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалтуудыг “н” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.А- нь үйл ажиллагаа эхлүүлэх байсан болов ч Б.А- болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй. “О-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж түрээслэгч Б.А-г түрээсэлсэн лангуу, павилиондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Б.А-гийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Б.А- нь дээрхи үндсэн шалтгаанаар биш, “О-” ХХК-ийг гэрээгээ зөрчсөн мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч “О-” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А- болон 19 түрээслэгчдийн одоо ажиллаж байгаа Хороолол барилгын материалын дэлгүүрийн байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа тул, бид ажлын байргүй болчихлоо танай хүнсний захын талбайг бүхэлд нь түрээслэе хэмээн санал тавьсны үндсэн дээр манай “О-” ХХК-нь 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан Арвидах худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн,100 хувь талбай дүүргэлттэй барилгын материалын захын чиглэлээр ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр В/5 тоот Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээг Б.А-тэй байгуулсан. Б.А- түрээсэлсэн талбай 5,5 м.кв хэмжээтэй юм. “О-” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан Мэдэгдлийн дагуу 19 400 000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павильоны вакум хаалтыг “Ноц цонх” ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч Б.А- нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан болов ч Хороолол барилгын материалын байрыг Номин их дэлгүүр худалдан авахаа больсон учраас, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан. “О-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17 өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, түрээслэгч Б.А-г түрээсэлсэн лангуу павилиондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Б.А- нь нэхэмжлэлдээ 1 сарын дараа павильон бэлэн болгохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээ ёсоороо 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.А-тэй гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. “О-” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Б.А-д оногдох талбайн ашиглалтын зардал нь 5,5 м.кв 8 600 * 5,5 м.кв = 47 300 төгрөг, 47 300 * З сар = 141 900 төгрөг, Б.А-гийн түрээсэлсэн талбайд оногдох вакум хаалт хаалга 5 875 м.кв * 65 000 төгрөг = 381 875 төгрөг, Иймд “О-” ХХК нь Б.А-тэй байгуулсан гэрээнээс учирсан хохирол болох цахилгаан дулааны зардал 141 900 төгрөг, вакум хаалт хаалганы 381 875 төгрөг, нийт 523 775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан тайлбар гаргахдаа: Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох вакум хаалт, хаалга, тог цахилгааны мөнгө гэх 523 775 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “О-” ХХК талбайг түрээсийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болгох үүрэгтэй. Б.А- “О-” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй мөртлөө яагаад тог цахилгааны мөнгө төлөхөөр болдог юм бэ. Б.А-гийн түрээсийн гэрээ байгуулсан гэх 5.5 м.кв талбайд “О-” ХХК вакум хаалт, хаалга хийснийг нотолсон нэг ч баримт байхгүй. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч О- ХХК-д холбогдуулан гаргасан 285 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “О-” ХХК-ийн нэхэмжлэгч Б.А-д холбогдуулан гаргасан 523 775 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 200 төгрөгийг, хариуцагч “О-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 363 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан талбай түрээслэх гэрээг нэхэмжлэгчийг гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Уг гэрээ байгуулах үед хариуцагч талын бэлэн болгох үүрэг бүхий павилон талбай бэлэн болоогүйд талууд маргаагүй, зөвхөн хариуцагчийн зүгээс удахгүй бэлэн болно, түр хүлээж байхыг санал болгосныг хүлээж, улмаар 1 сарын хугацаанд хүлээн, бэлэн болоогүй учир гэрээг цуцлаж байгаагаа мэдэгдсэн. Хариуцагч тал ч 3 сард гэрээг цуцласан талаар мэдэгдсэнд маргаагүй юм. Хариуцагч “О-” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээслэгч нарт цанилуулан гарын үсэг зуруулсан мэдэгдэл нь байгуулсан гэрээнд ямар нэгэн хамаагүй, гэрээнд нэмэлтээр хийсэн өөрчлөлт биш, гэрээнээс өөр утга агуулга бүхий зүйл, гэрээнд тэр талаар дурьдаагүй болно. Талбай түрээслэх энэхүү гэрээ нь хэрэгжээгүй, хариуцагч өөрийн давуу байдлыг ашиглан хуурч мэхлэн төөрөгдүүлсэн гэрээ юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “О-” ХХК-д холбогдуулан 285 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд нийт 523 775 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ./хэргийн 1, 22-24 дүгээр тал/
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, “О-” ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В5 тоот талбайг жижиглэн худалдааны чиглэлээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.А-д эзэмшүүлэх, нэхэмжлэгч нь сар бүр 150 000 төгрөгийг “О-” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу 1 сарын төлбөр, барьцаанд нийт 285 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна./хэргийн 3-7 дугаар тал/
Харин хариуцагч байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тус компанийн Арвидах төвийг хүнсий захын зориулалтаар ажиллаж байсныг татан буулгаж, түрээсийн гэрээний дагуу барилгын материалын захын зориулалтаар өөрчилж, холбогдох засвар, тохижилтыг хийж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бэлэн болгох, гэрээг цуцласан тохиолдолд барьцаа болон түрээсийн төлбөрийг буцаан олгохгүй болохыг нийт түрээслэгч нарт мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч буйгаа хавсралт хуудсанд гарын үсгээр баталгаажуулахыг мэдэгдсэн байх боловч уг мэдэгдэлд В5 дугаартай талбайг түрээслэгчээр Оюунчимэг гэдэг хүн гарын үсэг зуржээ. Мөн хариуцагчаас түрээсийн талбай 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлэн болсон талаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нийт түрээслэгчдэд мэдэгдэл хүргүүлсэнийг О.Ц хүлээн авсан байна./хэргийн 34-35 дугаар тал/
Дээрх мэдэгдлийг хүлээн авсан хүмүүс нь тухайн гэрээ болон нэхэмжлэгчтэй ямар хамааралтай болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.А-г төлөөлөх эрх бүхий этгээдүүд мөн эсэх талаар мэтгэлцүүлэх замаар тухайн үйл баримтыг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа хэзээнээс хэрэгжиж эхлэхээр тохиролцсон талаар талууд маргаж буй тохиолдолд дээрх үйл баримтыг тодруулж, энэ талаар хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.
Дээрх үйл баримтууд тодорхойгүйгээс, хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээнээс татгалзсан буюу хариуцагч гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутайгаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.
Зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
С.ЭНХТӨР