Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2023/0154

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Д.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдох “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх” тухай улсын байцаагчийн актын Д.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Д.Баасанхүүгийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон үеэс нөхөн олгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Д.Баасанхүү Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай улсын байцаагчийн актын Д.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өндөр насны тэтгэврийг зогсоосон хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи олгоогүй тэтгэврийг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад ярилцаад дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд.

1.Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагч нарын хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох, тухай актын Д.Баасанхүүтэй холбоотой хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0854 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0136 дугаартай магадлал зэргээр Д.Баасанхүүтэй холбоотой хэсгийн хэрэгт хамааралтай буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын тавьсан актыг хүчингүй болгож, өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2. Түдгэлзүүлсэн акт хүчингүй болсон тул шат шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргасан 2022 оны 3 сарын 15-ны өдрийн 03 дугаартай улсын байцаагчийн актын Д.Баасанхүүтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох

3. Д.Баасанхүүгийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь тооцож 1 удаа нөхөн олгох үргэлжлүүлэн тэтгэвэр олголтыг хэвийн олгохоор харилцан тохиролцож эвлэрэв.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баасанхүү нь тус шүүхэд хандан холбогдуулан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх” тухай улсын байцаагчийн актын Д.Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгох, Д.Баасанхүүгийн өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр олголтыг зогсоосон үеэс нөхөн олгохыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Д.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ц.СУВДМАА