Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/142

 

              

Б.Э, М.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Тулга,

шүүгдэгч М.Т, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/1283 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Б.Э, М.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э, М.Т нарт холбогдох 2106015761592 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ц овгийн Бийн Э, 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга, замын машин механизмын ашиглалт мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, сааТах байрны жижүүрийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Н овгийн Мын Т, 1989 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх, сааТах байрны жижүүрийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, сааТах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э, цагдаагийн ахлах ахлагч М.Т нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Ц.Мийг “Эрүүлжүүлэх байранд шээлээ” гэх шалтгаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг зөрчиж биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас Ц.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: Шүүгдэгч Б.Э, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овогт Мын Т, Ц овогт Бийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, М.Т нарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, М.Т нарт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, М.Т нараас 57.470 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Ц.Мт олгож, хохирогч Ц.М нь ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал, гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Б.Э, М.Т нараас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Э, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогч надад учирсан хохирол төлбөрийг тооцохдоо миний биед учирсан хохирлын заримыг хэлэлцэхгүй орхиж зөвхөн эмчилгээнд зарцуулсан 57.470 төгрөгийг буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний биед болон бусдад зодуулсны улмаас өөрийн олох ёстой байсан цалин хөлсөө авч чадаагүйгээс гадна, хохирогчид хуулиар олгосон эрхийнхээ дагуу өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцааг өмгөөлөгчөөс төлбөр төлөн гэрээ байгуулж авсан зардлын баримтуудыг гаргаж өгсөөр байхад хэлэлцээгүйд гомдолтой байна. Миний бие өмгөөлөгчид 1.000.000 төгрөгийн хөлсийг бэлнээр төлсөн үүнийгээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тусгасан бөгөөд мөнгө шилжүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэнийг үл зөвшөөрч байгаа бөгөөд өмгөөлөгчид төлбөр төлснийг нотлох баримтыг /Төрийн банкны өмгөөллийн хөлс шилжүүлсэн баримт/ гомдлын хамт шүүхэд гаргаж байна. Түүнчлэн бусдад зодуулсны улмаас өөрийн ажил төрлөө хийх боломжоо алдсан бөгөөд үүнийг миний бие хөлсөөр ажиллах гэрээ болон ажил олгогч байгууллагын албан тодорхойлолтоор нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байтал яг ямар үндэслэлээр хэлэлцээгүй орхисныг ойлгохгүй байна. Монгол Улсын иргэн ажил хийж цалин авахдаа заавал Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ёстой гэсэн хууль байхгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр, аман гэрээгээр ажил хийж цалин авч болдог хуультай. Миний бие тухайн цаг хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр 3 сарын хугацаанд 1 сарын 1.500.000 төгрөгөөр “Бүтээлч-Аз” ХХК-ийн үйлдвэрийг цэвэрлэх ёстой байсан боловч ажил хийх чадваргүй улмаас гэрээгээ бүрэн дуусгаж чадаагүй буюу 2 сарын цалин, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Энэ бүхэн хэргийн шүүгдэгч нарын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул би өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн. Иймд хэргийн хохирол төлбөртэй холбоотой шийдвэрийг хянан үзэж буруутай этгээдүүдээс өмгөөллийн төлбөр 1.000.000 төгрөг, олох ёстой байсан цалин орлого 3.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Мийн өмгөөлөгч Б.Тулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн хүн хөдөлмөрийн эрх зүй биш, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан. Хэрэв цалин, хөлсөө авсан бол 10 хувийн татвараа төлөх байсан. Гэтэл 2 цагдаад зодуулсны улмаас энэ бүгд нь төлөх боломжгүй болсон ба 57.470 төгрөгийн хохирол гарсан гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг ойлгохгүй байна. Баримтуудаа гаргаж өгсөөр байтал иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би 1.000.000 төгрөгийг хохирогч Ц.Мээс авч өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл тэр нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэв.

            Шүүгдэгч М.Т хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор биднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Улмаар гэмт хэргийн хохирол 57.470 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Ц.Мт олгохоор шийдвэрлэсэн. Уг хохирлыг шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр дамжуулан нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч Өршөөлийн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж бидний үйлдсэн хэргийг 2021 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулаагүй билээ. Бид үйлдсэн хэргээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр хохирогчид хандсан боловч хүлээн авахаас татгалзсан тул уг хохирлыг бид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно. Б.Э, М.Т бид хохирлыг нөхөн төлөх боломжтойгоо илэрхийлж, ажлын газрын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолтуудыг гарган өгч байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/1283 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бидний ял шийтгэлийг 2021 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулахаа бүрэн илэрхийлж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.Т, Б.Э нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр үйлчлүүлэгчийнхээ хамтран гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс бүрэн илэрхийлэгдэхгүй байна гэж үзсэн. Хохирогчид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч хохирогч хохирол төлбөр дээр гомдолтой учраас шүүхээр нэг мөр шийдвэрлэгдсэний дараа болно гэж хэлдэг. Шүүхээс тогтоосон хохирол 57.470 төгрөгийг хохирогчид төлөх гэсэн боловч хүлээн аваагүй байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өмгөөллийн хөлсийг нэхэмжилж байгаа гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх нь хүнд хуулиар олгогдсон. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөллийн хөлс гэдгээс өөр байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс ирээдүйд олох байсан цалин, хөлстэй холбоотой асуудлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхгүй байгаа. Шүүгдэгч М.Т, Б.Э нар нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.Т, Б.Э нарын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор Д.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Т, Б.Э нар мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаардаж байгаа. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогчийн зүгээс өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, олох ёстой байсан цалин 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад энэхүү асуудлыг хянан хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1283 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, сааТах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э, цагдаагийн ахлах ахлагч М.Т нар нь бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Ц.Мийг “Эрүүлжүүлэх байранд шээлээ” гэх шалтгаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг зөрчиж биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас Ц.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Мийн “...эдгээр гэмтлүүдийг цагдаагийн алба хаагчид учруулсан. Би эдгээр гэмтлийг хэн гэж цагдаагийн алба хаагч учруулсан талаар ялгаж салгаж хэлж чадахааргүй байна. Ямар ч байсан хамгаалалтын цагаан хувцастай хоёр цагдаагийн алба хаагч дээрх гэмтлүүдийг учруулсан. ...Би гэртээ харьсан цагаас хойш гадуур орж гарсан зүйлгүй. Ажилдаа яваагүй. ...Намайг гэрээсээ гараагүй талаар манай эхнэр мэдэж байгаа. Мөн ажил дээрээ очоогүй гэдгийг манай ажлын хүмүүс мэдэж байгаа. ...Би сааТах байрнаас 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэл 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх 7-8 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгээд гэртээ байсан. ...Дорнод аймгийн Айраг суманд жоншны баяжуулах үйлдвэрт сарын 1.000.000 төгрөгөөр ажиллах байсан боловч биеийн байдлаас шалтгаалж ажиллаж чадаагүй. Мөн биеэ эмчлүүлэхэд эмийн сангаас эм тариа авч хэрэглэсэн. Гэхдээ одоо надад санхүүгийн баримттай 50.000 төгрөгийн баримт байна. ...Мөн тархи, нугасандаа бариа байнга хийлгэсэн. 7 хоногт 2-3 удаа хийлгэж байсан. Гачууртад Баттулга гэж хувь хүнд хийлгэж байсан. Тийм газраас баримт авахад хэцүү юм байна. ...Энэ бүгд дээр сэтгэл санааны хохирлыг оруулаад нийт 5.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...” /1хх 149-151, 227-228/,

гэрч Т.Тын “...Би 2021 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн. ...Би дуудлагад явчихаад иртэл манай хэд 3 дугаар камерт “хүн шээчихлээ” гээд явж байсан. Би удалгүй араас нь очтол М гэдэг хүн орилоод хараалын үгнүүд хэлээд доошоо хараад хэвтчихсэн нуруун дээр нь ахлах ахлагч М.Т хоёр гараараа дарчихсан байсан. ...М.Т нуруун дээр нь хоёр гарыг нь ард нь өчсөн байдалтай байсан санагдаж байна. Э хажууд нь хамт байсан. ...Тайвшраад босоод ирснийх нь дараа ам хэсэгт нь цус болсон байсан. Бусдаар бол ямар нэгэн гэмтэл, шарх сорви байгаагүй. ...Эсэргүүцэл үзүүлж, хэл амаараа доромжилж байснаас биш хэн нэгэн алба хаагчийг цохиж зодсон зүйл би хараагүй. ...” /1хх 28-29/,

гэрч Б.Тын “...Би 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагаас 29-ний өдрийн 13 цагийн хугацаанд 24 цагийн үүргийг гүйцэтгэсэн. ...Гуравдугаар камерт хүн шээчихлээ гээд Э ахлагч гараад явахаар нь би хамт гараад явсан. ...М гэдэг залууд “яагаад камерт шээгээд байгаа юм, энэ чинь унтдаг болохоос шээдэг газар биш” гээд Э шаардлага тавихад Эыг цохих шиг болоод тэр хоёр зууралдаад хоёулаа хамт газар унасан. Тэгэхээр нь би тэр залуугийн нэг гарыг бариад алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангасан. Тэр залуу өөдөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод орилоод байсан. Тэгээд Э ахлагч гарыг нь өчөөд нуруун дээр нь дарсан. ...Этай ноцолдоод байсан. ...Этай зууралдаад хамт уначихаар нь би алба хаагчийнхаа аюулгүй байдлыг бодоод гарыг нь гялс барьж авсан. ...” /1хх 33-35/,

гэрч С.Цгийн “...2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цаг билүү 23 цагийн орчим хоол хийгээд байж байтал гуравдугаар камерт хүн шээчихлээ гэхээр нь би очиж цэвэрлэсэн. ...Цэвэрлэгээ хийж байхад хажууд нь цагдаа нар тэр шээсэн гэх залуутай ноцолдож байсан. ...” /1хх 38-39/,

гэрч Д.Оын “...Би ... М гэх залууг машинд суулгаад нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх сааТах байр руу авч явсан. ...Би эрүүлжүүлэхэд эмч, цагдаагийн дэслэгч Батнямд ... хүлээлгэж өгсөн. ...Намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөхөд ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. ...” /1хх 42-44/,

гэрч Б.Тын “...Тэр орой манай нөхөр надтай амаараа л хэрүүл маргаан хийсэн. Түүнээс ямар нэгэн хөхрөлт, зулгаралт гэх зэрэг шарх биед нь байгаагүй. Бид хоёр маргалдаж байхдаа хэн нэгэндээ гар хүрээгүй. ..Ямар ч байсан баруун гарын чигчий хуруу зэрэг нь юм мэдрэхгүй байна, хоёр хөл нь тэр чигээрээ өвчтэй, явахаар унах гээд байна гэж байсан. Мөн энд тэндээ хөхрөлттэй байсан. Нөхөр надад цагдаа нар камерт орж ирээд зодсон гэж хэлсэн. Ямар шалтгаанаар ингэсэн гэдгийг хэлээгүй. Хойд талд нь гарыг нь гавлаад зодсон гэж хэлсэн. ...” /1хх 230-231/,

гэрч Д.Гын “...Би ... эрүүлжүүлэх байранд ... өрөөнд унтаж байтал гаднаас нэг залуу орж ирсэн. ...Нөгөө орж ирдэг залуу “шээе” гээд цаг гаран орилоод торон хаалгыг нааш цааш нь хөдөлгөөд цохиод байхаар нь цагдаа нар ирэхгүй байсан чинь нөгөө залуу өрөөний булан руу шээчихсэн. Гэтэл цагдаа нар орж ирээд “өрөөнд шээж болохгүй” гэхэд нөгөө залуу “та нар орж ирэхгүй удахаар нь шээчихлээ” гээд маргалдаад байсан. Тэгж байгаад ноцолдоод эхэлсэн. Нэг мэдэхэд тэр залуугийн дээр цагдаа нар гарчихсан дараад байсан. Нөгөө залуу доороос нь бархираад байсан. Миний санаж байгаагаар гарыг нь ард нь гаргачихсан гавлах гэхэд дийлдэхгүй ноцолдоод байсан. Нөгөө залуу “больё оо” гээд хөлөө савчуулаад тийчлээд байсан. Нөгөө залуу намайг босгочих гээд орилоод байсан. Харин цагдаа нар босгохгүй гээд дээрээс нь дараад байсан. ...” /1хх 47-48/,

Б.Эы яллагдагчаар өгсөн “...Ц.М нь камерын хаалгыг цохиод байхаар нь очсон чинь камер дотор хөнгөнөөр бие зассан байсан. Тэгэхээр нь би ороод “та энэ дотор өөрөө унтаж байж дотор нь шээлээ, наадахыг чинь бас хүн цэвэрлэдэг юм” гэсэн чинь намайг цохих гээд дайрахад нь би биеийн хүч хэрэглэж, унагаж гарыг нь ард нь гавласан. Би ганцаараа дийлэхгүй байсан учраас тухайн үед хамт гарч байсан ахлах ахлагч М.Т хамт биеийн хүч болон тусгай хэрэгсэл хэрэглэсэн. ...Би анх камерт нь орж харахад ил харагдах гэмтэл шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Хаалга балбаж байгаад л камерт шээчихсэн байсан. ...” /1хх 238-241/,

М.Тын яллагдагчаар өгсөн “...Эыг камерт нь ороход Ц.М нь эсэргүүцэл үзүүлээд ноцолдож байхаар нь би араас нь очсон. Би араас нь очоод Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гарт нь өчих мэх хэрэглэсэн. Ц.М нь биерхүү залуу байсан учраас дийлдэхгүй байхаар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар бугуйн гавыг хэрэглэсэн. ...Анх хувцасгүй хэсэгт бол ил харагдах гэмтэл, шарх, сорви гэхээр зүйл харагдаагүй. ...” /1хх 245-246/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Мийн биед зүүн өвдгөнд няцарсан шарх, хамрын нуруу, хэвлий, баруун шуу, сарвуу, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 3852 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 51-52/,

дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч эмч О.Нансалмаагийн “...Энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт ... хүний гар, хөл аль аль нь хамаарах боломжтой. ...Би уг дүрс бичлэгийг үзлээ. ...Хоёр цагдаагийн алба хаагч ээлжлээд хоёр талд нь гар, хөлөөрөө дараад байна. Энэ үед бол ялгаж салгах боломжгүй. Цус хуралт буюу зөөлөн эдийн гэмтэл нь хялгасан судас тасарснаас болж хөхөрч харагдаж байгаа гэсэн үг. Энэ нь хүчтэй дарах цохих үед үүсэх боломжтой. Тэгэхээр энэ бичлэг дээрх үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэж харагдаж байна. Ц.Мийн биед учирсан дээрх гэмтлүүд нь зах ирмэгээсээ бүдгэрч эдгэрэлт явагдаж, хуучирч байгаа гэмтэл тул тухайн цаг хугацаанд буюу эсвэл ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж харагдаж байна. ...” /1хх 55-57/,

эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /1хх 66-67/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 70-128/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 224, 2хх 5/, албан тушаалын тодорхойлолт /1хх 160-163, 173-177/, хохирлын баримтууд /2хх 25-26, 54-57/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх 201, 203/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 202, 204/, оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 250, 2хх 4/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Э, М.Т нарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа бүлэглэн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан иргэн Ц.Мт биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас Ц.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Э, М.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Б.Э, М.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э, М.Т нарт тус бүрт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Э, М.Т нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Хохирогч Ц.Мээс “...Хэргийн хохирол төлбөртэй холбоотой шийдвэрийг хянан үзэж буруутай этгээдүүдээс өмгөөллийн төлбөр 1.000.000 төгрөг, олох ёстой байсан цалин орлого 3.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогч Ц.М нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 1.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3852 дугаар дүгнэлтэд “...Ц.Мийн биед учирсан гэмтэл ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /1хх 51-52/ гэх бөгөөд хохирогч Ц.М нь дээрх дүгнэлтэд заасан гэмтэлтэй холбоотой үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн баримтгүй, уг эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байна.

Анхан шатны шүүх хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын хүрээнд шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.М нь нийт 4.057.470 төгрөгийг нэхэмжилснээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний баримттай 57.470 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Ц.Мт олгож, хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/1283 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э, М.Т нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Э, М.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 57.470 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж шүүхийн шийдвэрийг тодорхойлсон байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул шүүгдэгч Б.Э, М.Т нарт холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Э, М.Т нарын хамтран гаргасан “...Бид үйлдсэн хэргээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд хохирогчид учруулсан ... хохирлыг бид нөхөн төлөхөө илэрхийлж байна. Бид хохирлыг нөхөн төлөх боломжтойгоо илэрхийлж, ажлын газрын цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолтуудыг гарган өгч байна. Иймд бидний ял шийтгэлийг 2021 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Э, М.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Э, М.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/1283 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Э, М.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э, М.Т нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Ц.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ