| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
2025 04 11 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн ********сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.********* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.***********,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн ********сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.*********,
Шүүгдэгч: М.Он арыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн ********сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***********
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн ********сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ:
Гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. 120 литр түлшийг авсан. Цуг тээвэр хийдэг найздаа 1 литр түлшийг 1.200 төгрөгөөр, нийт 150.000 төгрөгөөр зараад, 4 хоног машинд байхдаа ууж идээд дуусгасан гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Наранхүү гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймгийн ********сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн М.О-д холбогдох ******** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байгаа. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтыг өмчилсөн байхыг шаарддаг. Энэ хүрээнд М.Онь “Их давуу уул” компанийн өмчлөлийн шакман маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлж, тухайн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үндсэн нөхцөл нь хөдөлмөрийн гэрээгээр тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэх нүүрс тээвэрлэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг эзэмшилдээ шилжүүлэн авсан байдаг. Энэ шилжүүлэн авсан эд хөрөнгийн тухайн дагалдах запаас дугуй, түлш нь тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэг болж байгаа. Энэ бүрдэл хэсэг болсон тээврийн хэрэгсэл болон түлшийг бүрэн бүтэн хүлээн авсан гэдэг нь гэрэл зургийн баримтууд болон гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогддог. Тухайн гүйцэтгэх ёстой ажил үйлчилгээг гүйцэтгээгүйн улмаас банканд байсан 430 литр түлшнээс 120 литр түлшийг “********” компанийн найз Наранбадрах гэдэг хүнд худалдан борлуулж, зарсан буюу бусдын өмчлөлийн ажил үйлчилгээндээ ашиглах ёстой байсан түлшийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд авч, захиран зарцуулж, зарж байгаа үйлдэл нь завших гэмт хэрэг бүрэлдэхүүн буюу завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. Хохирол хор уршгийн хувьд “********” компаниас нийт үнэлгээгээр 1,600,800 төгрөгийн хохирол учирсан байдаг. Түлшний 430,000 төгрөгийг цалин дээрээс нь гаргуулан авсан, дугуйны хувьд тухайн компани өөрөө баримтаа гаргаж өгөөгүй, манайх гомдол саналгүй гэсэн зүйл илэрхийлсэн учраас хохирол гомдолгүй, хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Мөн хууль бусаар олсон 150,000 төгрөг 1 литр түлшийг 1200 төгрөгөөр бодож худалдан борлуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа учраас хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураамж, улсын орлого болгох саналыг гаргаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна гэв.
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс “********” ХХК-ийн гаргасан гомдол /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Шүүгдэгч М.О-ынмэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 13 дахь тал/,
-“********” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 дугаартай итгэмжлэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 22 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-92410989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
-“********” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түлш олгосон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38, 39 дэх тал/,
-“********” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 24/16а тоот “М.О-г ажилд томилох тухай” тушаал, Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 14, 40, 41-42 дахь тал/,
-Шүүгдэгч М.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 43, 46-48 дахь тал/,
-Шүүгдэгч М.О-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 50, 51, 52, 53, 54, 55 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд М.О-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранбадрахын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 110-11 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч М.Онь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “********” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулж өгсөн ********улсын дугаартай “Шакман” маркийн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймаг, ********сум, Хайрхан баг, Цагаанхад суурьшлын бүсэд тээвэрлэлт хийх явцдаа тээврийн хэрэгслээс 120 литр түлшийг хувьдаа завшиж, 430.800 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
Прокурор нь “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ: “...120 литр түлшийг хувьдаа завшиж, 1.630.800 төгрөгийн хохирол учруулсан” гэж дурдсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...120 литр түлш нь 430.800 төгрөгийн үнэтэй” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолно гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “...120 литр түлшийг хувьдаа завшиж, 430.800 төгрөгийн хохирол учруулсан” гэж шүүх дүгнэлээ
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******** өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цагаанхадаас нүүрс ачихаар чингэлэг аваад Эрдэнэс Тавантолгойн уурхайн чиглэлд явсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 17-ний орой 20 цагийн үед Эрдэнэс Тавантолгойн ажилтан над руу манай байгууллага руу залгаад чингэлэг аваад гарсан тээврийн хэрэгсэл чинь ачилтад ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд би Оргилбат руу залгаад уртын тээвэр чинь дуусах гээд сүүлийн чингэлэг ачих гээд байна чамайг ачилтад ороогүй байна гэнэ чи хаана байна гэж асуухад би 2 дахь км-т ачилтад орох гээд байж байна гэж хэлсэн. Яагаад чингэлэг аваад 5 өдөр болж байхад ачилтад ороогүй юм бэ гэж асуухад нуруу татаад кабиндаа 4 хоносон гэж хэлсэн. Тухайн үед нь мэдэгдэхгүй яасан юм бэ одоо ачилтад ороорой гэж хэлсэн. Тэгээд манай компаниас тухайн тээврийн хэрэгслийг JPS шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь 2 дахь км хөдөлгөөн хийхгүй зогсоод байсан. Тэгээд Оргилбат руу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад арай хийж утсаа авсан тэгэхээр нь яагаад хөдлөхгүй байгаа юм бэ ачилтад орооч гэж хэлсэн чинь Оргилбат би Цогтцэций дээр байна үнэнээ хэлэхэд уучихсан согтуу байна маргааш би яг ажилтанд орно гэж хэлсэн тэгэхээр нь маргааш ороорой гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дахиад Эрдэнэс ********залгаад танай тээврийн хэрэгсэл ачилтад орсонгүй гэж хэлэхээр нь Оргилбат руу залгасан чинь одоо орох гээд явж байна гэж хэлсэн. Тэгсэн орой нь дахиад Эрдэнэс ********залгаад танай тээврийн хэрэгсэл ачилтад орсонгүй гэж ярьсан тэгээд Оргилбат руу ярьсан чинь Орох гээд явж байна гээд бичлэг хийгээд хүнээр машинаа бариулаад явж байгаа бичлэг хийгээд явуулсан байсан. Тэгсэн Эрдэнэс ********хажуудаа согтуу хүнтэй нэвтрүүлэхгүй гээд машиныг нь гаргачихсан байсан тэгэхээр нь өөр жолооч авч очоод машиныг нь бариулж ачилтад оруулсан юм. Тэгсэн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цагаан хаднаас машинаа хүлээлгэж өгөхдөө Оргилбатад 430 литр түлш хийж өгөөд Эрдэнэс Тавантолгой руу явуулсан. Мөн запас дугуй нэгийг зүүж өгөөд явуулсан. Тэгэхэд тухайн машинаас 120 литр түлш, нэг ширхэг запас дугуй нь байхгүй болсон байсан. Тухайн түлш байхгүй болсныг бол түлшний даачигний хэмжээгээр 120 литр түлш байхгүй болсон байна гэж хүлээж авсан жолооч нь хэлж байсан. Мөн запас байхгүй байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Наранбадрахын өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сард Оргилбатаас түлш худалдаж авсан зүйл байгаа. “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас нүүрс ачаад Гашуун сухайт хилийн боомт руу явж байхад салхи ихтэй байсан тул миний машины түлш дуусаж байсан учир тухайн үед би Оргилбат руу залгаж түлш байна уу гэхэд надад түлш байгаа гэж хэлсэн. Тэгээд Оргилбат миний араас ирээд өөрийн машинаас түлш авч өгсөн. Би тухайн үед 100 литр түлш авсан санагдаж байна. Тухайн түлшийг нийт 150.000-200.000 төгрөгийн хооронд авсан байх гэж бодож байна. Би одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 110-111 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.********* 2024.12.18-ны өдрийн дахин өгсөн “...Оргилбат нь түлшнийхээ мөнгийг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон. Запас дугуй дээр бол манай компанийн зүгээс хүлээлгэж өгсөн баримт байхгүй учраас нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/
-"Ашид Билгүүн" ХХК-ны 2024 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан ТХҮ- 924/10989 дугаартай /1.630.800 төгрөг/ үнэлгээ /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
-2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн түлш олгосон тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч М.О нь “********” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан болох нь “********” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.03.09-ний өдрийн №24/16а дугаартай “М.О-г ажилд томилох” тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр, түүний эзэмшилд ********улсын дугаартай “Шакман” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, тээврийн хэрэгслээс 120 литр түлш дутсан, дутсан түлшээ бусдад худалдсан болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Д.Наранбадрах нарын мэдүүлэг, 2024.04.13-ны өдөр түлш олгосон гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон үйлдэл нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч М.О-ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн ********сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч “********” ХХК нь 120 литр түлшийг завшуулж, нийт 430.800 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гаргасан ТХҮ-924/10989 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.********** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31-33, 20-21 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Л.********** тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/
Тус шүүхэд хохирогч “********” ХХК нь “...М.О-д холбогдох хэрэгт ямар нэгэн гомдол, санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй байх хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх албан бичгийг ирүүлсэн ба хохирогч нь “шүүгдэгчид гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч М.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлийг завшиж, хохирогчид 120 литр түлшний үнэ болох 430.800 төгрөгийн хохирол учруулж, Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “…шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалингийн орлоготой зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч М.Оргилбатаас түлш зарж, хууль бусаар олсон орлогод 150.000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Он ь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, 2025.04.08-ны өдрийн 2025/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжаар “шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” боловч тэрээр шүүхэд сайн дураар хүрэлцэн ирж, цагдан хоригдоогүй болно.
Шүүгдэгчид торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт М********ын О********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Онь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч “********” ХХК нь “шүүгдэгчид гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч М.********* түлш зарж, хууль бусаар олсон орлогод 150.000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.**********