Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 60

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажавын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дэлгэрбуянд холбогдох эрүүгийн 1704000350005 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Л.Отгончимэг

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Хэлмэрч                                                  С.Бямбадэлгэр

 Шүүгдэгч                                                 Б.Дэлгэрбуян нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, сонсголын бэрхшээлтэй группт байдаг, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй Баяжих овгийн Батжаргалын Дэлгэрбуян /РД:УП91071019/

          Прокурорын яллах дүгнэлтэд:

          “Б.Дэлгэрбуян нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 113 тоотод оршин суух, Б.Манлайбаярын гэрт намайг хэл амаар доромжиллоо гэж уурлан, түүнийг түлхэж унагаан шүүгээ мөргүүлсний улмаас толгойг нь хагалж, хүний хэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Дэлгэрбуяны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би 13 цагийн үед найз Б.Манлайбаярын эхнэр Солонгоо гэх хүнтэй Фэйсбүүк-н чатаар харилцаж байгаад бид хоёр буруу ойлголцсоноос болж муудалцаж, хэрэлдсэн. Тэгсэн чинь Солонгоо бид хоёрын хоорондоо хэрэлдэж бичсэн чатыг өөрийнхөө фэйсбүүкт постлоод намайг өөрийг нь дээрэлхэж байгаа мэтээр бусдад ойлгуулж, намайг муулж бичихээр нь би Солонгоод хандан “чи яагаад ингэж постлож байгаа юм” гэж хэлээд уурласан. Тэгээд би уурандаа Б.Манлайбаярын гэр болох 22 дугаар барйны 113 тоот руу очоод хаалгыг нь хүчтэй нүдэхэд Б.Манлайбаяр хаалгаа тайлсан. Би тухайн үед ууртай байсан учраас Б.Манлайбаярын цээж рүү цаашаа түлхээд гэр рүү нь орсон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад газарт унасан. Босоод би Б.Манлайбаярын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл эхнэр нь бид хоёрын дундуур орж салгаад удалгүй цагдаа ирсэн. Б.Манлайбаяр надтай зууралдаж унахдаа толгойгоороо юм мөргөж толгой нь хагарч цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Дэлгэрбуяны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ийм байдалд анх удаа орж байна. Тухайн үед бид нар хамт боулинг тоглохоор facebook-р чатлаж байхад Манлайбаярын эхнэр буруу ойлгоод намайг Багануур дүүрэгт муу зүйл хийдэг, хүмүүсийг уруу татдаг гэж хэлсэн. Би Багануурт амьдардаггүй, Улаанбаатар хотод амьдардаг. Би сонсголгүй иргэдийн хоорондоо юу ярьж байгааг мэдэхгүй гэж хэлсэн боловч бидний дунд үл ойлголцол гарч үүний талаар facebooк-дээ миний чатласан зүйлийг тавьж Дэлгэрбуян намайг гүтгээд байна гэсэн утгатай зүйл гаргасан. Би тэр үед хүүхдээ хараад гэртээ байсан. Гэнэт миний уур хүрээд би Манлайбаярын гэрт очоод хаалгыг нь тогшиход Манлайбаяр хаалгаа онгойлгоход нь би түлхэж орохдоо Манлайбаярыг унагаасан. Тэгсэн Манлайбаяр шкаф мөргөж унасан. Тэгээд эхнэр нь ирж бид хоёрыг зогсоосон. Маргаан болж байхад цагдаа ирсэн. Бид нар бичгийн чадвараасаа болоод буруу ойлголцсон гэж цагдаад хэлсэн. Одоо биднийхооронд ямар нэг асуудал байхгүй. Бихохирогчоос уучлалт гуйсан, хохирогч надад муу санасан зүйл байхгүй. Би буруугаа маш их ойлгож байгаа. Энэ асуудал үл ойлголцлоос болсон...” гэсэн мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Манлайбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би найзынхаа гэрт очоод плиткыг нь янзалж өгөх гээд байж байтал манай эхнэр Солонгоо намайг 15 цагин үед фэйсбүүкээр дуудсан. Тэгэхээр нь яасан гэсэн чинь Б.Дэлгэрбуян намайг фэйсбүүкээр доромжлоод муу, яриад байна гэсэн. Гэртээ очоод эхнэрээсээ юу болсоныг тодруулж асуухад Б.Дэлгэрбуян намайг муулж бичээд байна гээд уурлахаар нь эхнэрээ тайвшруулаад байж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Би хаалгаа онгойлготол Б.Дэлгэрбуян намайг ямар ч тайлбарлах, ярих зүйлгүйгээр шууд цээж рүү түлхээд над руу дайрч хойшоо түлхэсэн. Би хойшоо унахдаа шкафны бариул ар дагзаараа мөргөж толгой хагарсан. Тэгтэл миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Манай эхнэр Солонгоо салгасан. Хажуу айлын жаахан хүүхэд цагдаа дуудсан байсан. Би тухайн үед Б.Дэлгэрбуянд хэлсэн чи ямар нэг тайлбар ч хэлэхгүй намайг цохиж байгаа юм бэ гэж хэлсэн. Б.Дэлгэрбуян одоо бол харамсаж байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Гэрч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай хүргэн ах болох Манлайбаярыг гэртээ байж байхад найз нь гэх Дэлгэрбуян гэрт нь орж ирээдшууд цохиод авсан гэсэн. Ингээд ахын гэрт хоорондоо ноцолдож, зууралдаж байгаад ахыг ар нуруугаар нь түлхээд ах унахдаа шкафны булан мөргөж толгойгоо хагалж, эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан байсан. Би тухайн үед байгаагүй энэ талаар хүргэн ах Манлайбаяр, төрсөн эгч Солонго нараас дохионы хэлээр ярилцаж байж мэдсэн. Анхын толгой хандсан болохоор би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч П.Отгондэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү Дэлгэрбуян нь 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Төрөхдөө төрөлхийн сонсголын бэрхшээлтэй төрсөн бөгөөд одоо 100 хувийн групптэй байдаг. Манай хүүгийн эхнэр нь мөн адил сонсголын бэрхшээлтэй 100 хувийн групптэй бөгөөд 1 нас 3 сартай хүүтэйгээ хамт гурвуулаа амьдардаг. Энэ 3 группын 140.000 төгрөгөөс өөр ямар нэгэн нэмэлт орлогогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Шинжээчийн №09шэ/197 дугаартай дүгнэлтэд: “Б.Манлайбаярын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2.4.1-т зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 21 дүгээр тал/,

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Б.Дэлгэрбуян нь 2017  оны 7 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 113 тоотод иргэн Б.Манлайбаяртай маргалдаж түүнийг түлхэж унагахдаа дагзны хуйханд шарх гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн “Б.Манлайбаярын цээж рүү цаашаа түлхээд гэр рүү нь орсон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад газарт унасан. Босоод би Б.Манлайбаярын нүүр рүү нь нэг удаа цохисон. ...Б.Манлайбаяр надтай зууралдаж унахдаа толгойгоороо юм мөргөж толгой нь хагарч цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Манлайбаярын “Би хаалгаа онгойлготол Б.Дэлгэрбуян намайг ямар ч тайлбарлах, ярих зүйлгүйгээр шууд цээж рүү түлхээд над руу дайрч хойшоо түлхэсэн. Би хойшоо унахдаа шкафны бариул ар дагзаараа мөргөж толгой хагарсан” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн №09шэ/197 дугаартай “Б.Манлайбаярын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2.4.1-т зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Хохирогч Б.Манлайбаярын биед учирсан гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн хохирлын зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчийг хэл амаар доромжилж таарамжгүй харилцаа үүсгэсэн зэрэг үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Дэлгэрбуян нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна.

Иймд Б.Дэлгэрбуяныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Б.Дэлгэрбуяныг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ял шийтгэх саналыг гаргасан, яллагдагч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардал 40.000 төгрөгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн зэрэг нь прокурорын бичгээр гаргасан санал /хх-ийн 36-37 дугаар тал/, уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг /хх-ийн 38 дугаар тал/, хохирогчийн “яллагдагч миний эмчилгээний төлбөрт 40.000 төгрөг өгсөн, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 48 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Дэлгэрбуяныг торгох ялаар шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Баяжих овгийн Батжаргалын Дэлгэрбуяныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баяжих овгийн Батжаргалын Дэлгэрбуяныг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Б.Дэлгэрбуянд тус тус мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дэлгэрбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Б.Дэлгэрбуянд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ