Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/141

 

                     

С.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

хохирогч Ш.А, түүний өмгөөлөгч Ч.Очбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201726021256 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Сгийн С, 1966 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, /РД:-/,

            Архангай аймгийн хэсгийн ардын нэгдүгээр шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 1989 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 5 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч С.С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Аээс дансаар болон бэлнээр 219.660.002 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд найрамдах хятад ард улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 245.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

            мөн хохирогч О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 253.501.373 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Сгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Сг 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С.Сд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.С нь 310 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Сгаас нийт 158.479.391.88 төгрөг гаргуулан хохирогч О.Чт 6.100.000 төгрөг, хохирогч Ш.Ад 152.379.391.88 төгрөгийг тус тус олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А, З нарын 10 хувийн хүүтэй мөнгийг өсгөж өгөх талаар санаачилсан зүйл огт байхгүй. Хамтран амьдрагч Б надаас удаа дараа гуйгаад байхаар нь арга буюу зөвшөөрч мөнгийг нь авч өсгөж өгсөн. Миний хэрэг 2 шатанд хэрэгсэхгүй болсон. Нэгдүгээр шат нь прокурор, хоёрдугаар шат нь анхан шатанд хэрэгсэхгүй болсоор байтал А, З, Б нар нь худал гүтгэж байгаад гомдолтой байна. Би Аийн компанийн мөнгийг өсгөж өгсөн болохоос залилсан зүйлгүй, залилах бодол ч байгаагүй тул надаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэрэг Улсын Дээд шүүхээс буцахдаа “Дээд шүүхийн тайлбарт” надаас 49 сая төгрөгийг хас гэсэн тайлбар өгсөн байсан. Мөрдөн байцаагчаас А болон эхнэр З нарыг дуудаж 49.200.000 төгрөгийг хасуулсан байсан. Энэ хэрэгт З, А, Б нар холбоотой учир шалгаж өгөхийг хүсэж байна. З, А нар надтай Бүгд найрамдах хятад ард улс руу хамт явж байхдаа миний өвөрт мөнгө хийсэн гэж худал гүтгэж байна. Яг үнэндээ надад мөнгө өгөөгүй, би ч аваагүй гэдгээ мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шатанд удаа дараа мэдүүлж байсан. Би Зд уурлаж “Би хүнийг залилж, идэж уусан зүйл байхгүй” гэж хэлэхэд З надад “зүгээрээ эгчээ” гэж хэлэхэд надаас бэлэн мөнгө авч явдаг байсан. А, З, Б нарт гүтгүүлж байгаад маш их гомдолтой байна. А, З нар нь надаар мөнгө өгүүлэхдээ орон сууц болон ажлын байр авч өгнө гэж худал амлаж, миний сэтгэлзүйгээр тоглож эцэст нь намайг шоронд хүртэл оруулсанд гомдолтой байна. Мөн А, З нар Бийг шүүх хуралдаанд оролцуулахгүй зугтаалгаад байдаг байсан. Би хамтран амьдрагч Бид маш их итгэдэг байсан. Намайг ингэж гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд миний хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. Хохирогч О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс хохирогч О.Чт 1.900.000 төгрөгийг буцааж өгсөн. О.Чийн мөнгийг хугацаандаа төлж барагдуулаагүйдээ маш их харамсаж байна. ...Миний бие 5 ширхэг дэвтэртэй байсан. Мөрдөн байцаалтын явцад байцаагч намайг дэвтрээ аваад ирээрэй гэж хэлсэн. Ажил дээрээсээ 5 дэвтрээ авах гэтэл 1 дэвтэр нь квитанцтайгаа байхгүй болсон байсан. Тэр дэвтэр нь хамгийн эхэнд данс хөтөлж явж байсан. 4 дэвтэр нь хавтас хэрэгт авагдсан байгаа. 4 дэвтрээ мөрдөн байцаагчид би хүлээлгэж өгөөд 1 алга болсон дэвтрээ олж өгнө гэж хэлээд явсан. 7 хоногийн дараа байцаагч намайг дуудсан. “...С.С гуай таны хайж байсан квитанцийг чинь З авчирч өгсөн. ...” гэж надад байцаагч хэлсэн. Тэгэхэд нь байцаагчийнхаа дэргэд би З руу утасдаж “...яагаад манайд байгаа квитанц чамд очдог юм бэ. Миний нэг дэвтэр бас алга байна. ...” гэж хэлэхэд “...Б надад өгсөн. ...” гээд дэвтрийн талаар надад хэлэхгүй байсан. Та яагаад уурлаад байгаа юм бэ гэж хэлээд З намайг загнаж байсан. Б дээр очоод “...чи миний алга болсон дэвтрийн Зд аваачаад өгсөн байна. ...” гэж хэлэхэд Б дуугарахгүй байсан. Тэр дэвтэр одоо болтол олдохгүй байгаа. Би гомдолтой байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний бие муу байгаа. Даралт ихтэй, астамтай. Миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг гомдлоор хянаад 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлдэгч нарын хооронд үүссэн өр авлагын маргаан нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний журмаар иргэний маргаан гэж, Баянгол дүүргийн ерөнхий прокурорын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 33 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 368 дугаар тогтоолуудаар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн субъект нь бусдын эд хөрөнгө эсхүл өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилгоор идэвхтэй үйлдэл хийдэг бол хохирогч Ш.Аийн эхнэр З “мөнгө зээлэх хүн байна уу” гэх саналыг С.Сд тавьж байсан нь хууран мэхлэх санаа зорилго буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж байсан байна. Мөн Д.З, Ш.А нар нь нэг гэр бүлийн гишүүд, Д.Згийн төрөл садны хүн болох Ц.Б нь С.Сгийн хамтран амьдрагч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хэрэгт Ш.А нь хохирлын хэмжээг янз бүрээр мэдүүлж байсан нь хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэсэнтэй зөрчилдөж байгаа. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулжээ. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хохирол төлбөр гэх хэсэгт хохирогч нарт 158.479.391 төгрөг болохыг тогтоож гэмт хэрэг гарахад хохирогч Ш.А, О.Ч нарын мөнгөө өсгөж авах гэсэн хүсэл санаа байсан болохыг, энэ нь гэмт хэрэг гарахад ноцтой нөлөөлсөн болохыг дурдсан. Мөн шүүгдэгчийг хохирогч Ш.Атэй төрөл садны холбоог ашиглан мөнгийг дансаар болон бэлнээр 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр авсан гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.С нь хохирогч нараас тэдгээрийн эд зүйл болох мөнгийг шилжүүлэн авахдаа хохирогч нартай садан төрлийн найз нөхдийн холбоог ашиглан энэ нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэх арга болгон ашигласан гэжээ. Хэргийг өмнө Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэргийг хянаад гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг ямар хэмжээнд сэргээн тогтоосон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийг хангасан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг, захиран зарцуулалт, С.С нь тухайн мөнгийг бусдад зээлүүлж хэрхэн ашиг олж байсан, санаа зорилго, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэрэгт нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг бодитой дүгнээгүй гэж үзэж Ш.Аийг залилсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж байсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч нарын буюу Ш.А нь мөнгө зээлүүлэх санал санаачлагыг анх гаргаж С.Сд тавьж байсан. Үүний улмаас С.С нь мөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоор байтал мөнгө төлөх боломжгүй болсныг мэдсээр байж олон удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хувьдаа ашиглаж залилсан гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна. О.Чтэй холбоотой үйлдэл дээр маргаан байхгүй. Хохирогч О.Чт 1.600.000 төгрөгийг өгсөн. Хохирогч Ш.Атэй холбоотой хохирол дээр 80.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Залилан мэхлэх санаа зорилгыг шалгах ажиллагаа учир дутагдалтай хийгдсэн. Иймд шүүгдэгч С.Сд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Ш.Аийн өмгөөлөгч Ч.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.С өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Шүүгдэгч С.С нь дэвтрийн асуудал ярьдаг. Шүүх хуралдаан дээр ийм асуудал яригддаг. Дэвтэртэй холбоотой асуудлыг шалгуулахаар Улсын Дээд шүүхээс шийдвэр гарч Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч ажиллагаа явуулсан. 2021 оны 1 дүгээр сард шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан. Улсын дээд шүүхийн тогтоолд заасан зөрчлүүд арилсан байгаа. Шүүгдэгч С.Сгийн ярьсан зүйл үндэслэлгүй байгаа. Дэвтэр алга болсон зүйл өмнө нь хэлэлцэгдээгүй. Дэвтэртэй холбоотой үйл баримтууд нэг мөр шийдвэрлэгдсэн тул дэвтэртэй холбоотой асуудлыг хүлээн авах боломжгүй. Харин шүүгдэгч С.Сд оногдуулсан хорих ялыг өөрчлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. “...Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан. Дээрээс нь шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл, санааг тогтоогоогүй гэж хэргийг буцаасан. Гэтэл ямар нэгэн ажиллагаа хийгээгүй...” гэж шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч Ж.Батбаярын хэлсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Мөрдөгч нар прокурорын даалгаврын дагуу хангалттай ажиллагаа хийгдсэн. Шүүгдэгч, гэрч, хохирогч нараас хангалттай тайлбар мэдүүлэг авсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 17 дугаар талд гэм буруугийн сэдэлт, гэм буруугийн субъектив талын нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хангалттай дүгнэсэн. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

            Хохирогч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.С гэх хүний асуудал 5-6 жил болж байна. Би одоо энэ хүний талаар сонсохоос залхдаг болж байна. Дандаа худал ярьдаг. Эхлээд олон дэвтрүүд байгаа талаараа хэлдэг. Мөрдөн байцаагч нарт дэвтрүүдээ өгдөггүй. Шүүгдэгч С.С шүүхийн шат болгонд худал тайлбар хэлдэг. Надад 80.000.000 төгрөг өгсөн гэж юу яриад байгаа юм бэ. Тэр чинь бүүр шүүхийн шатнаас өмнөх асуудал байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш надад нэг төгрөг өгөөгүй. Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд шүүгдэгч С.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.С нь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.Аээс дансаар болон бэлнээр 165,958,020 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр, мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө гэх нэрийдлээр 2016 оны 3 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд, 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 82.956 юанийн буюу 25.841.371.88 төгрөгийн барааг Ш.Аээр авахуулж, тус тус урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, нийт 191,799,391,88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан,

мөн хохирогч О.Чээс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим 5.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлэх нэрийдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж авсан, дээрх нэр бүхий хохирогч нарт нийт 199,799,391,88 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Аийн “...Би 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 сая төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9 сая 800 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 200 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8 сая төгрөгийг эхнэр Згийн 5020816946 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд шилжүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хаан банканд хүүхдүүдийн хадгаламжийн 5020900557 тоот дансыг барьцаалаад 2 сая 700 мянган төгрөг, 5020900568 тоот дансыг барьцаалаад 4 сая 500 мянган төгрөг, нийт 10 сая 500 төгрөг авсан бөгөөд 4 сая 500 мянган төгрөгийг нэмээд нийт 15 сая төгрөгийг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва рестораны урд талд бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үед баримт үйлдээгүй бөгөөд баримт байхгүй. Гэхдээ 4 сая 500 мянган төгрөгийг хаанаас яаж нэмсэн талаараа санахгүй байна. С нь энэ мөнгөн дүнд маргадаггүй. Мөн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөгийг эхнэр Згийн 5020816946 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас, мөн тухайн өдрөө 5 сая төгрөгийг эхнэр Згийн 5020816946 тоот данснаас Сд шилжүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 1 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 2 сая 540 мянган төгрөгийг эхнэр Згийн шинээр нээсэн 5027607225 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 9 сая төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас бэлнээр Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 19 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 500 мянган төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас бэлнээр Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг би өөрөө Хаан банкнаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 сая 500 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 760 мянган төгрөгийг эхнэр З нь Хаан банкнаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3 сая төгрөгийг 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 сая төгрөгийг эхнэр Згийн 5020816946 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 9 сая төгрөгийг би өөрийн 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9 сая төгрөгийг 5753120676 тоот данснаас, Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөгийг 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 4 сая төгрөгийг өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2 сая 400 мянган төгрөгийг 5753120676 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 сая 400 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039020928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600 мянган төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 9 сая 800 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө 500 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд Шилжүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 5 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 8 сая төгрөгийг би өөрийн 5020959284 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 сая төгрөгийг эхнэр Згийн 5020816946 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11 сая төгрөгийг би өөрийн 5175008811 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 3 сая төгрөгийг би өөрийн 5175008811 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 7 сая төгрөгийг би өөрийн 5175008811 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 2 сая төгрөгийг би өөрийн 5175008811 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 6 сая төгрөгийг би өөрийн 5175008811 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016.03.29-ний өдөр 3 сая төгрөгийг компанийн ажилтан буюу нягтлан Мөнхбаатарын 5043028952 тоот данснаас Сгийн 5135652185 тоот дансанд, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2 сая төгрөгийг эхнэр Згийн 5027607225 тоот данснаас, 1 сая 500 мянган төгрөгийг эхнэр Згийн 5039029928 тоот данснаас тус тус Сгийн 5135652185 тоот дансанд нийт 204 сая 160 мянган төгрөг шилжүүлсэн бөгөөд бэлнээр өгсөн 15 сая төгрөгийг нэмээд нийт 219 сая 160 мянган төгрөг болж байна. Үүн дээр С, Б нартай 2016 онд Эрээн хот явахдаа 100 мянган юаньтай явсан бөгөөд энэ мөнгө нь манай “Бидний зам” ХХК-иас гарсан мөнгө юм. Энэ талаар нягтлан Мөнхбаатар мэдэж байгаа бөгөөд энэ мөнгөнд Б, С нар нь оймс, тирко, дотуур өмд зэргийг худалдан авсан. Авсан бараагаа Эрээнээс 69 машинд ачуулаад гаалийн бичиг гаргуулаагүй Монгол улсад оруулж ирсэн. Б, С нар нь бараа авахдаа өөрсдөө бараа авсан баримтаа авч байсан. Надад тэр 2 барааны баримтыг өгөөгүй. Энэ мөнгө нь тухайн үедээ 35 сая төгрөг болж байсан. Дараа нь С дахин барааны мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би түүнтэй хамт 100 мянган юаньтай Бээжин хот ниссэн. Тэндээсээ нутгийн нэг хүнтэй хамт Щижазу гэдэг нэртэй аймагт очиж 100 мянган юаньтай тэнцэх хэмжээний оймс, тирко болон бусад төрлийн хувцас аваад Эрээн хот руу машинаар оруулсан. Гаалийн бичиг баримт үйлдээгүй. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаараа 35 сая төгрөг болж байсан. Дээрх мөнгө нэмээд нийт 70 сая төгрөг болж байгаа бөгөөд замын зардал, олох ёстой байсан ашгийг нэмээд 105 сая төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ би баримтад тулгуурлаад 70 сая төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд Сд нийт 289 сая 160 мянган төгрөгийг өгсөн байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3 сая төгрөгийг Хаан банкаар С миний 5175008811 тоот дансанд, 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр 3 сая төгрөгийг Хаан банкаар Сгийн нөхөр Б тус тус шилжүүлсэн. Дээрхээс гадна 14 сая 700 мянган төгрөгийг С нь дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд С нийт 20 сая 700 мянган төгрөгийг надад өгсөн. Энэ 20 сая 700 төгрөгийг 289 сая 160 мянган төгрөгөөс хасахад 268 сая 460 мянган төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ мөнгийг С надад өгөөгүй байгаа. Би Сгаас бараа авахгүй бөгөөд анхнаасаа бараа авахаар тохиролцоогүй. Иймд Сгаас мөнгөө авмаар байна. ...Уг нь энэ мөнгийг С бараа материал авах зорилгоор Хятад явахдаа зарцуулсан 200 мянган юаньд орж байгаа боловч хоол хүнс, буудлын төлбөр, хэлмэрчийн хөлс зэрэгт нотлох баримт байхгүй учир нэхэмжлэлээсээ хасаж байна. Би бараа материал оруулж ирэх үед хамт байгаагүй. Би бараагаа худалдаж авч, мөнгийг нь төлчихөөд Монгол руу буцаж, харин С, Б нар үлдээд бараагаа Монголд оруулж ирсэн. Монголд оруулж ирсэн хойно нь Сгийн агуулахад очиж үзэхэд баахан шуудайтай, хайрцагт хийсэн бараа байсан. Миний барааг Монголд оруулж ирэхдээ ямар машинд ачаад яаж оруулж ирсэн талаар би мэдэхгүй байна. ...Хүүхдүүдийн хадгаламж барьцаалаад Хаан банкнаас 10 сая 500 мянган төгрөгийг зээл авч Сд өгсөн тухайд С өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэмээд би 4 сая 500 төгрөгийг зээлсэн. Гэхдээ 4 сая 500 мянган төгрөгийн тухайд надад баримт байхгүй би бэлнээр өгсөн. Тиймээс үндсэн 10 сая 500 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Сгаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 165.958.020 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн нэмээд ... 65 сая 775 мянган төгрөгийг нэхэмжилж байгаа. Зарим барааны тооцооны баримт шаардлага хангаагүй учир гаргаж өгөөгүй. Гэхдээ Б, С нар нь тухайн үнийн дүнгийн бараа материалыг авснаа хүлээн зөвшөөрдөг. Иймд 165.958.020 төгрөг дээр нэмээд 65 сая 775 мянган төгрөг, нийт 242.233.020 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилж байна. ...Сд өгсөн мөнгөний эх үүсвэрийн хувьд тухайн үед ажиллаж байсан манай “Бидний зам” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой орж ирсэн мөнгө байгаа юм. Мөн хоёр хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж банктай байгуулсан зээлийн гэрээ байгаа. Үүнтэй холбоотой өөрийн дансны хуулга, эхнэр Згийн дансны хуулга, зээлийн гэрээг нотлох баримтаар хавсарган өгсөн. ...Сүүлийн байдлаар хохирлоо дүгнэхэд юанийн үнийн зөрүүнээс шалтгаалж надад нийт учирсан хохирол 263 сая 640 мянган төгрөг болж байна. ...2014 онд манай компани 2.218.937.000 төгрөгийн ашигтай ажилласан. Татварын тайлан байгаа. Энэ мөнгөнөөс Сд 2015, 2016 онуудад өгсөн. ...2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд зааснаар 196.199.373 төгрөгийг Сгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгөнөөс 39.276.000 төгрөгийг хасаад 156.923.373 төгрөгийг Сгаас нэхэмжилж байна. ...” /2хх 162-164, 189-190, 3хх 165, 4хх 16, 224-226 тал/,

гэрч О.Чийн “...Би Сг таньдаг болоод 10 гаран жил болж байна. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С надтай уулзаад “Найз нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бараа оруулж ирээд наадмаас өмнө зараад мөнгийг чинь өгнө, хүүтэй мөнгө зээлээч” гэж гуйгаад байхаар нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны экспресс банкнаас 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5005079854 данснаас бэлнээр авч Сд өгсөн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С нь миний эзэмшлийн 99252297 дугаартай гар утас руу 8999-8276 дугаартай утаснаас залгаж “дахиад надад 3.000.000 төгрөг зээлээч” гэсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор би өөрийн төрсөн ах Очирпүрэвийн Ганбаатартай яриад түүний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь Стай хамт очиж Сг гэрийнх нь гадаа хүлээлгээд өөрөө ахынхаа гэрт орж бэлнээр 3.000.000 төгрөг аваад Сд өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхэж залгахад удахгүй өгнө, маргааш өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгээд өдий хүртэл өгөхгүй удсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Би Сд 8.000.000 төгрөг өгөхдөө зээлийн гэрээ болон мөнгө өгсөн, авсан баримт үйлдээгүй. Харин 2018 оны 7 дугаар сард С нь өөрийн гараар бичиж өгсөн бичиг, өөрийнх нь мөнгө авсан гэж хэлж байгаа утасны бичлэг байгаа. С одоо Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны урд талд байрлах ил хувцас зардаг лангуу дээр хувцас зарж байгаа. Гэрийн хаягийг нь мэдэхгүй. Би зээлсэн 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /3хх 17-18/,

гэрч Д.Згийн “...С нь надад анх 2014 онд “манай тэрүүгээр лангуу дээр бараа зардаг хүмүүст 10 хувийн хүүтэй мөнгө зээлээд 2 сарын дараа аваад өгье, өдөр өдөрт нь хурааж авна” гэсэн би “бид нар өөрсдөө хурааж авах юм уу” гэхэд “үгүй ээ, Б бид 2 мөнгөө оройд нь хураагаад авъя, их ашигтай, мөнгө зээлчих” гэсэн. Тэгээд би хүүхдүүдийнхээ хадгаламжийг барьцаалаад 15 сая төгрөг зээлж өгсөн. Мөнгөө өгөхдөө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва рестораны урд талын задгай талбай дээр би өөрийн нөхөр Аийн хамт очиж мөнгөө бэлэн өгсөн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл бага багаар мөнгө зээлээд байсан. Эргүүлж мөнгө өгөөгүй. Сд зээлсэн мөнгөнөөс буцааж хэдэн төгрөг авсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тодорхой хэмжээний мөнгө буцааж өгдөг байсан. Нөхөр бид 2 ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй. Харин С эгчид 2, 3 ширхэг тэмдэглэлийн дэвтэр байдаг бөгөөд тэрэн дээрээ хүмүүст өгсөн мөнгөний талаараа бичсэн байдаг. ...С нь надаас дансаар мөнгө авч байсан ч миний нөхөр А бид хоёрын санхүү нэг юм. Хадгаламж барьцаалаад зээлээр авсан мөнгөө Сд өгсөн талаар баримт байхгүй. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сараагаас гэж 2 сая төгрөг Хаан банкны дансанд орж ирсэн бөгөөд энэ мөнгөн дүнг хасаж тооцсон байгаа. ...Сд А бид хоёр мөнгө өгөхдөө дансаар шилжүүлж өгдөг байсан. Энэ талаар “Гэрэлтэх бүртгэл” ХХК-ийн дүгнэлт дээр тодорхой дурдагдсан. Сгийн дэвтэр дээр бичсэн мөнгөн дүн нь А бид хоёрт эргүүлэн өгсөн мөнгөн дүнгээс өөрчлөгдөхгүй. С нь А бид хоёрт мөнгө өгөхдөө дансаар болон бэлнээр өгч дэвтэртээ тэмдэглэдэг байсан. Тэр дэвтэр дээр нь Аудитын дүгнэлтээр дансаар эргүүлэн өгсөн мөнгөн дүн ч байгаа, бэлнээр өгсөн мөнгө ч байгаа. Тухайн дэвтэр дээр 39.420.000 төгрөгийг А бид хоёрт бэлнээр өгсөн тэмдэглэгээ байсан. Энэ мөнгөн дүн нь Аудитын дүгнэлт болон дансны хуулга дээр байхгүй. Б нь С мөнгө авсан, тухайн мөнгөний зарцуулалтын талаар ямар нэгэн оролцоо байхгүй. С 2-3 удаа Бийн дансаар мөнгө шилжүүлэн авдаг байсан. Б одоо хаана байгаа талаар мэдэхгүй. 2020 оны 11 дүгээр сарын үед самарт явна гээд явсан. Түүнээс хойш холбогдоогүй. Гэртээ ирээгүй байгаа. ...” /1хх 39-40, 4хх 17, 230-231/,

гэрч Ц.Бийн “...Одоогоос 2 жилийн өмнө 2016 оны 3 дугаар сарын үед С нь Атэй тохиролцож Хятад улсын Гуанжоу руу явж 30 гаран сая төгрөгийн бараа авч ирж тухайн барааг С зарж борлуулаад тэндээс гарсан ашгаас Ад мөнгө өгөх ёстой байсан. Гуанжоу явах үед А, С бид 2 хамт явсан. ...2016 оны 3 дугаар сард Гуанжоу руу явахдаа авсан барааны жагсаалтыг би тэмдэглэлийн дэвтэрт жагсааж бичсэн бөгөөд сүүлд бичсэн барааны жагсаалтыг би бичээгүй. Хэн бичсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд С нь Аээс авсан бараагаа зарж борлуулсан бөгөөд тэгж байхдаа хамт бараа зардаг хүмүүстээ хэдэн төгрөгийн барааг нь өгөөд мөнгийг нь авахаар тохирсон байсан. Миний мэдэж байгаагаар С нь Ад зараад гарсан ашгаас 10 гаран сая төгрөгийг өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь өгсөн эсэх талаар би мэдэхгүй. Үлдсэн мөнгөө хэрхэн юунд зарцуулсан талаар би мөн мэдэхгүй. Аээс авсан бараанаас тодорхой хэмжээний бараа зарагдаагүй үлдсэн байгаа. С нь Аээс авсан бараагаа Москва рестораны урд талд байрлах бараа зардаг газарт гар дээрээсээ зардаг байсан бөгөөд тэр хавиар бараа зардаг хүмүүстээ бараанаасаа өгсөн байсан. Тэр хүмүүсээс мөнгийг нь авсан байх. С нь Аээс барааг нь яг залилах зорилгоор аваагүй. Аээс авсан бараагаа зараад яг хэдэн төгрөгийн ашиг олсон талаар тооцоо гаргаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Зарсан барааны мөнгөнөөс тодорхой хэмжээгээр гэртээ зарцуулж байсан ч харин үлдсэн хувийг нь Ад өгч байсан. С нь Аээс авсан барааг одоо болтол зарж борлуулаагүй байгаа. Үлдсэн бараа нь 3 дугаар хорооллын арын грашид байгаа. Тэнд өөр бусад хүмүүсийн бараа ч байгаа. Одоо үлдсэн бараагаа зараад Ад үлдсэн мөнгөө өгөх боломжтой. ...Тухайн үед би эхний удаа А С нартай Гуанжоу явсан бөгөөд худалдан авсан барааг би хянадаг байсан. Тэр үед онгоцны билетийн зардал, худалдан авсан барааны зардлыг бүгдийг нь А гаргасан. Миний дансаар Аээс хэд хэдэн удаа мөнгө орж ирсэн бөгөөд энэ мөнгийг нь Сд өгдөг байсан. Яагаад миний дансаар тухайн үед шилжүүлэх болсныг нарийн сайн санахгүй байна. С миний дансаар А түүний эхнэр З нарт мөнгө өгдөг байсан. Аээс авсан барааг С гадаа гар дээрээс 2 жил зарсан бөгөөд өдөрт 100 мянган төгрөг хүртэл ашиг олдог байсан. С боломжоороо олсон ашгаа Ад өгдөг байсан бөгөөд миний санаж байгаагаар 10 гаран сая төгрөг өгсөн байх. Ямар ч байсан зарсан барааны ашиг 50 хувиар нугарсан бөгөөд яг хэдэн төгрөгийн ашиг олсон талаар би сайн санахгүй байна. Учир нь, тухайн бараа нь бөөндөө зарагдаагүй 2 жилийн хугацаанд гар дээрээс өдөрт 100 орчим мянган төгрөгөөр зарагддаг байсан. Хятад явж ирэхдээ миний санаж байгаагаар 30 гаран сая төгрөгийн бараа худалдан авсан санагдаж байна. Тооцооны баримт Сд л байгаа байх, бараа худалдан авсан баримтуудыг мөрдөн байцаалтын үед гарган өгсөн. ...Би 2 удаагийн бараа таталтын эхний удаагийнхад нь явсан бөгөөд А бараагаа худалдаж авч өгчихөөд түрүүлээд аваад өгсөн. С бид хоёр бараагаа каргонд ачуулаад Улаанбаатар явсан бөгөөд бараа араас ирсэн. Яг хэдэн машинаар хуваагдаж бараа орж ирсэн талаар би мэдэхгүй. А, З нарын данснаас миний данс руу мөнгө шилжүүлж байгаагүй. Би хэд хэдэн удаагийн үйлдлээр Аийн данс руу 10 гаран сая төгрөгийг бэлэн байдлаар орлогодож хийж байсан. Тухайн үед С энэ мөнгийг Аийн данс руу шилжүүлчих гэхэд нь би шилжүүлж байсан. Би Хаан банканд нэг л данс эзэмшдэг бөгөөд тэр дансаараа А, З нартай харилцан гүйлгээ хийж байгаагүй. С өөрөө хариуцан бараагаа борлуулдаг байсан бөгөөд би хааяа худалдаан дээр нь зогсдог байсан. С барааны мөнгийг бүрэн хариуцдаг байсан. ...Би Сгийн тэмдэглэлийн дэвтэрт тодорхой хэмжээний зарсан барааны тэмдэглэл үйлддэг байсан. Мөнгөн дүнгийн зарцуулалтыг С өөрөө хийдэг байсан бөгөөд би мөнгөний зарцуулалтад оролцож байгаагүй. Сд орлого, зарлага бүртгэдэг нийт 3 тэмдэглэлийн дэвтэр байсан. А бид хоёрт Сг өрөнд оруулж ашиг олох санаа зорилго байгаагүй, тийм санаа төрж байгаагүй. С бид 2 хоорондоо ярилцаж байгаад хамтран амьдарсан. С бид 2-ын нэр дээр эд хөрөнгө байхгүй. ...” /2хх 60-61, 3хх 224, 4хх 18, 228-229/,

гэрч С.Оийн “...Би 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн эгч Сгаас бэлнээр 7 сая төгрөг зээлээд зээлийн гэрээний дагуу буцаан өгсөн. Тэгээд дараа нь бага багаар мөнгө зээлж байгаад цаг тухайд нь буцааж өгөөд одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Сгийн танил А гэдэг хүний мөнгө байгаа юм. Түүнийг хүмүүст зээлүүлж, хүүгээр нь ашиг олдог байсан. Сд ашигтай байсан эсэхийг мэдэхгүй байна. Явцын дунд А надад ашиг өгнө, нөхөр бид хоёрыг харж үзнэ гэдэг байсан. С эгчээс хувцас зардаг болон наймаа хийдэг хүмүүс тэр хавийн аж ахуй нэгж, байгууллагууд буюу дэлгүүр, үсчний газрууд мөнгө зээлдэг байсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. ...” /1хх 57-59/,

гэрч А.Сийн “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр С.Сд холбогдох хэрэгт миний хийсэн аудитын дүгнэлтийн 5 дахь хуудасны 4 дэх асуултын 2 дахь хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд 300 боодол 2372 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлийг 59.656.00 юаниар худалдан авч гэдэг бичиглэл нь зөв бөгөөд харин хариултын 3 дахь хэсэгт 8718 ширхэг гадуур болон дотуур хувцас, эд зүйлийг 59.656.00 юаниар худалдан авсан гэдэг үнийн дүнгийн хувьд буруу бөгөөд дүгнэлт хэсгээ бичихдээ 4 дэх асуултын хариулт 2-т байгаа 59.656.00 юань гэснийг хариултын 3 дахь хэсэгт хуулж тавихдаа бичиглэлийн алдаа гаргасан байгаа боловч хавсралт 5.0-д байгаа хүснэгтэд тооцооллыг зөв тусгасан байна. Иймд аудитын дүгнэлтэд өөрчлөлт орохгүй эцсийн тооцоололд өөрчлөлт ороогүй дүн зөв гарсан байна. Хариулт хэсгээ бичихдээ ханшийн мэдээллийн он, сар, өдрийг сольж бичиглэлийн алдаа гаргасан. Харин хавсралт 5.0-д ханшийн лавлагааг бичихдээ он, сар, өдрөөр нь зөв оруулж бичсэн. Энэ алдаанаас болж дүгнэлтийн тооцоололд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Би дүгнэлт хэсгээ бичихдээ бичиглэлийн алдаа гаргаж 58.970.00 юань гэдгийг 59.656.00 юань гэж буруу бичсэн байна. Миний бичиглэлийн алдаа гаргаж буруу бичсэн маань дүгнэлтийн эцсийн тооцоололд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Учир нь, эцсийн тооцооллыг хавсралтад байх хүснэгтээсээ гаргасан байгаа. З, А нар нь хүүхдийнхээ хадгаламжийн дэвтрийг барьцаалан банкнаас зээл авсан боловч Сд тухайн мөнгөө өгсөн гэх баримт байхгүй учир тооцоололд оруулаагүй. ...” /4хх 19/,

С.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би анх 2013 оноос хойш Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны урд талд байрлах задгай талбай дээр бэлэн хувцас зарж борлуулдаг байсан. Тэгээд 2014 оноос манай тэр хавьд хувь хүмүүс хүүтэй мөнгө зээлүүлдэг болсон. Тэгээд би 2015 оны 3 дугаар сард манай нөхрийн эгчийнх нь хамаатны эмэгтэй З “Сараа эгчээ бага зэргийн мөнгө наймаа хийдэг хүмүүст гаргамаар байна” гэхээр нь би “мэдэхгүй байна, хүмүүсээс асууя” гээд нөхөртөө хэлэхэд “хүүтэй мөнгө хэцүү л дээ, заримдаа алдангитай байдаг” гэсэн. Ингээд хүмүүс мөнгө хэрэгтэй байна, аваад ир гээд байхаар нь Зтой уулзаад 10 сая төгрөг бэлнээр аваад түүнийгээ хүмүүст 10 хувийн хүүтэй зээлсэн. Дахиад Згийн нөхөр Аээс мөнгө зээлж аваад хүмүүст зээлүүлээд байсан. Тэгээд би хүмүүсээс авсан мөнгөө хүүтэй нь эргүүлээд А, З хоёрт тооцоо хийж, хасалт хийж өгөөд, заримдаа хүмүүс хүү төлөхгүй алданги үүсэхээр нь өөрийнхөө бэлэн мөнгөнөөс өгөөд явуулдаг байсан. Тэр үед манай бараа сайн зарагддаг байсан. Гэтэл А “дэлгүүр байна уу, хамт бараа оруулж ирж заръя” гээд 2015 оны 8 дугаар сард нөхөр Б, А бид гурав Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу явсан. Би өөрийн бараа авдаг газраасаа бараагаа авсан бөгөөд А мөнгийг нь өөрөөсөө гаргаж өгсөн. Монголд ирээд бараагаа зараад 1 сая гаран төгрөгийг Ад өгөөд үлдсэн мөнгийг нь бага багаар хүмүүст зээлүүлж, эргүүлж аваад Ад өгч байсан. Дараа нь 2016 оны 02 дугаар сард Б, А бид гурав дахин Бээжин явсан бөгөөд бүх зардлыг А гаргасан. Буцахдаа 23-25 сая төгрөгийн бараа авч Монголд ирээд зараад зарагдсан барааны мөнгийг Ад буцаан өгч, заримыг нь хүмүүст зээлүүлсэн. Одоо ч тухайн үеийн барааны үлдэгдэл надад байгаа. Тэр үед зарагдахгүй бараа их хэмжээгээр авсан байсан. Тэгээд надаас их хэмжээний мөнгө нэхээд байгаа. Хүмүүст зээлүүлэхээр авсан мөнгө нь 70-80 орчим сая төгрөг байгаа. Үүнээс би заримыг нь буцаан өгсөн. А, З хоёр надаас 200 орчим сая төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд би 100 гаран сая төгрөг өгөх ёстой. Барааны мөнгө хэдийг өгөх ёстойг би мэдэхгүй байна. Одоогоор 10 гаран хүнд мөнгө зээлсэн байгаа нийтдээ 30-40 сая төгрөг авах ёстой. Уг хүмүүс нь бараа зарж байгаад одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Би ямар нэгэн аргаар төлж барагдуулна. ...Бараа хүлээлцсэн баримт гэж огт байхгүй. Би Хятад улсад байхдаа хэдэн ширхэг бараа авна гээд худалдагчид нь хэлэхээр А миний өмнөөс мөнгийг нь өгчихдөг байсан. Тухайн үед 2 удаагийн явалтаар 60 сая төгрөгийн бараа авсан. Яг нарийн үнийн дүнг нь мэдэхгүй байна. Ойролцоогоор 110 сая төгрөгөөр барааг зарсан. Баримт байхгүй. Ад буцаан өгсөн мөнгө байхгүй. Түрээсийн мөнгө зэргээр мөнгө үрэгдэж байсан тул Аийн мөнгө гарахгүй байсан. Эхний явалтаар 25-26 сая төгрөгийн бараа, дараагийн явалтаар 30 орчим сая төгрөгийн бараа татсан. Хоёр удаагийн явалтаар авсан барааны баримтыг би Аийн эхнэр Зд өгсөн, надад баримт байгүй. Яг хэдэн төгрөгийн бараа авсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед А “бараа зарах амжилттай байна, таныг гадаа зогсоож байхаар дэлгүүр нээж түрээсэлж өгнө” гэж ярьж байсан. Тэрнээс биш дэлгүүр нээх зорилгоор Хятад явсан зүйл байхгүй. Авч ирсэн бараагаа би гадаа задгай талбайд зардаг байсан бөгөөд хажуугийн бараа зардаг хүмүүстээ өгч заруулж байсан. Одоо тэр бараа зарсан хүмүүсийн зүгээс надад өртэй хүн байхгүй, бүгд надад мөнгөө өгсөн. Нийт 10 гаран сая төгрөг болсон бөгөөд би бүх мөнгийг А, З нарт өгсөн. Мөнгө өгсөн авсан талаар миний дэвтэр болон Аийн өөрийнх нь дэвтэрт байгаа. Тэр үед бараа заруулсан хүмүүсийг Оюунчимэг, Бямбачимэг, Бааска гэдэг бөгөөд бусад хүмүүсийн нэрийг би мэдэхгүй байна. Одоо эдгээр хүмүүс гар дээрээс бараа зарахаа больсон. Тухайн үедээ бараа заруулсан баримт үйлдэж байгаагүй. Нийт 100 гаран сая төгрөг болсон бөгөөд би бүх мөнгийг А, З нарт өгсөн. Тэдгээр хүмүүсээс одоо надад өртэй хүн байхгүй. ...А анх 10 хувийн хүүтэй мөнгө өсгөж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би Аээс авсан мөнгөө хүмүүст хүүтэйгээр зээлдэг байсан. Тэгээд 10 хоног болоод А, З нар ирээд Бтой тооцоо нийлээд надтай тооцоо тулгаад явдаг байсан. Зээлсэн мөнгө бүрийг дэвтэр дээр бичээд түүнийгээ Б хөтлөөд явдаг байсан. Авч ирсэн бараагаа зараад зарсан мөнгөө Аээс асууж байгаад хүмүүст хүүтэй зээлсэн. Би Ад 100 гаран сая төгрөг өгсөн бөгөөд Дансаар бол 25 сая төгрөг өгсөн. Бусад мөнгөө бэлнээр өөрсдөө ирж авсан. Харин би Чээс авсан мөнгөөрөө Эрээнээс бараа авсан. Би шилжиж орж ирсэн мөнгийг бэлнээр аваад Бтой ярьж байгаад би хүнийг нь олоод Б дэвтэрт бүртгээд явдаг байсан. Б мөнгөө барьдаг байсан. ...Хэргийн материалд хавсарган өгсөн дэвтэрт би А, З нарт нийт 39 сая 276 төгрөгийг эргүүлэн өгсөн байгаа. Энэ төлбөр эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр ороогүй. Энэ төлбөрийг би хасуулах хүсэлтэй байгаа. Дахиад өөр жижиг дэвтэр байдаг бөгөөд тэр дэвтэр хаана байгааг би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд цагдаагаас дуудахад гэрт байсан бөгөөд алга болсон байсан. Уг дэвтэрт Б тэмдэглэл хийдэг байсан. ...Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр О.Чээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бараа татах гэсэн юм гэж хэлээд 5 сая төгрөгийг зээлээч гэж гуйгаад мөнгөө Чтэй хамт байж байгаад бичлийн Хаан банкны АТМ дээрээс бэлнээр авсан. Тэгээд тэр мөнгөөрөө Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж бараа аваад энд эргэж ирээд зарсан. Жаахан өндөр үнэтэй бараа авсан болохоор ашиг гаргаж чадаагүй. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч рүү утсаар яриад 3 сая төгрөг нэмж зээлээч гээд Чтэй хамт Баянхошуунд байдаг ахынх нь гэрт очиж мөнгө авсан бөгөөд тэр мөнгөөрөө Нарантуул, Хархорин, Шинэ зам захуудаас бараа авсан. Тэр бараагаа мөн сайн зарж чадаагүй. Ингээд Чт мөнгийг нь өгч чадаагүй. Ч миний багын найз юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” /2хх 41-44, 57-58, 3хх 64-65, 167-168, 4хх 232-233/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ““ 170 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 238-247/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бараа худалдан авсан талаарх баримтууд, тэдгээрийн Монгол хэл дээрх орчуулга /2хх 131-135, 3хх 130-163/, Ш.Аийн Е-0799713 дугаартай гадаад паспортын хуулбар /2хх 137/, С.Сгийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /2хх 123/, 4 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг С.Сд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 123/, “Гэрэлтэх бүртгэл аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /3хх 187-214/, Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнүүд /2хх 155-157/, 210.000 юань худалдан авсан баримтууд /2хх 159-160/, О.Чийн 5005079854 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /3хх 44/, Хаан банканд бүртгэлтэй Ц.Бийн 5029708005 дугаартай дансны хуулга, уг дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх 14-15/, Хаан банк дахь Ш.Аийн 5175008811, 5753120676, 5020959284 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 35, 191-217 тал/, Хаан банк дахь Д.Згийн 5027607225, 5039029928, 5020816949 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 138-151/, Хаан банк дахь С.Сгийн 5135652185 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 170-177, 218-250, 3хх 1-9/, хувь хүний орлогын албан татварын шинээр гаргасан тайлан /4хх 235-239/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 66, 2хх 65, 3хх 32/, оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 65, 3хх 33/, цагдаагийн асап сангийн лавлагаа /1хх 31-34, 3хх 34-37/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /3хх 53/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2хх 66, 121-123, 3хх 54/, С.Сгийн Төрийн банк дахь албан бичиг дансны хуулга /2хх 109-110/, Чингис хаан банкны албан бичиг /2хх 111/, Хас банкны албан бичиг /2хх 112/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2хх 113/, Ариг банкны албан бичиг, хавсралтын хамт /2хх 178-180/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, хавсралтын хамт /2хх 114-119/, Авто тээврийн газрын албан бичиг /1хх 73, 2хх 120/, Эд зүйл буюу баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтуудын хамт /2хх 130-137/, эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, баримтын хамт /2хх 158-160/, Зээлийн гэрээнүүд /1хх 23-30/, эд зүйл хураан авч хуулбарлан, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 77-242/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Сг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлтийг үндэслэн хохирогч Ш.Ад учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Сд 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч С.Сгийн “гүтгүүлсэндээ гомдолтой байгаа талаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, шүүгдэгч С.С нь найз нөхдийн харилцааг ашиглан хохирогч О.Чээс “мөнгө хүүтэй зээлэх нэрийдлээр” удаа дараа мөнгө авсан, мөн төрөл садны холбоог ашиглан хохирогч Ш.Аээс “мөнгө хүүтэй зээлэх нэрийдлээр мөн бараа зарж борлуулаад мөнгийг нь буцаан өгнө” гэх зэргээр удаа дараа мөнгө авсан, төлбөр тооцоог хийлгэж, бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь бусдын мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч С.С нь хохирогч нарын мөнгийг эргэн төлөх боломжгүй болсон атлаа дахин мөнгө зээлсэн, өөр хохирогчоос мөнгө зээлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч С.С нь бусдад хүүтэй мөнгө зээлж, өсгөж өгөхөөр хохирогч Ш.Аээс мөнгө шилжүүлэн авч, буцааж төлөөгүй, төлөх боломжгүйг мэдсээр байж дахин мөнгө зээлсэн, мөн бараа материал худалдан авахуулсан, уг зээлсэн болон бараа материалыг зарж борлуулсан мөнгийг хувьдаа ашигласан, буцаан төлж барагдуулаагүй, тухайн цаг хугацаанд хохирогч О.Чээс мөнгө зээлж авсан үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруу, урьд 2 удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон бөгөөд ялыг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/708 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь нийт 400 /дөрвөн зуу/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ