| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/0056/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/57 |
| Огноо | 2026-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2026/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч А.Х
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Б холбогдох эрүүгийн 262.0000.0000... дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, в үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Д аймгийн З сумын . дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт М Б /РД: ......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 53 минутын орчимд Т.М нь өөрийн эзэмшлийн Т банк дахь ....... тоот данснаас “байрны хөлс” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийг М.Б эзэмшлийн Х банк дахь ...... тоот данс руу андуурч алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2026.03.19-ний өдөр 600,000 төгрөгийг нь буцааж дансаар нь шилжүүлсэн одоо үлдэгдэл 1,400,000 төгрөгийг удахгүй 2-3 хуваагаад өгнө. Манай нөхөр хот хооронд явдаг. Би эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Би зарим үедээ хувийн талхан цехийн газарт очиж ажилладаг. Өрхийн орлого маань сарын 4,000,000-5,000,000 төгрөг олдог. Манай 2 настай Б М гэх хүүхдийн, "Хүүхдийн мөнгө ордог данс байгаа юм. Би энэ дасныг ашигладаг. Яг мөнгө орсон өдөр буюу 2026 оны 02 сарын 23-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу залгаад "Наад чинь хүний мөнгө" гэж хэлсэн түүнээс хойш удалгүй 88008105 дугаараас над руу залгасан байхаар нь би мөнгөний эзэн байна гэж бодоод 18 цаг 07 миунтын үед мессеж бичсэн. Тэр үед л мэдсэн. Манайх түрээсийн байранд амьдардаг тул түрээсийн 1,000,000 төгрөгийг 2026.02.23-ны өдрийн 09 цаг 53 минутад шилжүүлсэн, би тэр өдөр З хот руу явж байсан болохоор замын зардлын 80,000 төгрөгийг 15 цаг 48 миунтад шилжүүлсэн, мөн замдаа идэх юм гээд 85,450 төгрөгөөр хүнсний зүйл, 2026.02.25-ны өдөр Х аймгаас Д гэх хүнээс 200,000 төгрөгөөр өөртөө гоо сайхны хэрэгсэл, гэртээ саван, бок авсан. Зарим зүйлийг санахгүй байна. Иймэрхүү зүйл аваад дууссан гэжээ. /хх-ийн 85-87/
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөх юм алга гэв.
Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би З суманд ажиллаж амьдрахаар 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирсэн би Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст эмчээр ажилладаг. Энэ суманд ирээд Гэгээн хотхон гэдэг хороололд байр түрээслэн амьдарч байгаа юм. Тэгээд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 09 цаг 53 минутын орчимд байрны түрээсийн мөнгөө өгөх гээд Хас банкны ........ данс руу 2,000,000 төгрөгийн гүйлгээг андуураад шилжүүлчихсэн байна. Андуурч гүйлгээ хийсэн миний буруу гэдгээ ойлгож байна Андуурч шилжүүлсэн мөнгийг буцаан олж өгнө үү. Би 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил дээрээ өөрийнхөө Т банкны ...... данснаас Хас банкны 5002409537 данс руу 2,000,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад Х банкны ........ данс руу шилжүүлчихсэн байна. Би тухайн үед яарч байгаад андуураад хийчихсэн байна. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн оройныхоо ......., гэх дугаараар холбогдож андуурсан талаараа хэлсэн боловч өнөөдрийг хүртэл 8 хоног өнгөрч байхад миний мөнгийг өнөөдөр, маргааш гээд хойшлуулаад буцааж өгөхгүй байна гэжээ. /хх-ийн 07-08/
- Бүрэн өгөөгүй байна. 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой 23 цаг 21 минутад миний Т банкны ........ данс руу 600,000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 1,400,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Би Батцэцэг гэх хүнтэй 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 31 минутад өөрийн ..... дугаараас Батцэцэгийн .... дугаараар нь ярихад 03 дугаар сард бага, багаар төлөөд дуусгана гэж байсан боловч өнөөдрийн байдлаар 600,000 төгрөг л өгсөн өнөөдөр 04 дүгээр сарын 01 болоод байна. Санал хүсэлт байхгүй. Мөнгөө бүрэн хурдан авмаар байна. Тэр хүний дугаар руу залгахаар утсаа авахгүй байгаад байна. Би өчигдөр буюу 2026.03.31-ний 19 цаг 09 минут, өнөөдөр өглөө 09 цаг 09 цагт 95113623 руу нь залгасан утсаа авахгүй юм гэжээ. /хх-ийн 09-10/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тодорхой эрхэлсэн ажилгүй. З сум 5 дугаар баг Х гудамжны 1-07 тоот хашаанд “Нийтийн орон сууц” түрээслүүлдэг юм. 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон тэр цагаас хойш хүмүүст түрээслүүлж байна. Миний түрээслүүлдэг байрны 1 давхрын 01 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдраад байдаг. Ер нь их хүмүүс орж гардаг айл байдаг 2025 оны 11 сараас хойш манай түрээсийн байранд амьдарч байгаа юм. Сарын 1,000,000 төгрөгийн түрээс төлдөг Б хаана ямар ажил хийдэг талаар би мэдэхгүй нөхөр нь хот хооронд жолооч хийдэг байх, би нэрийг нь мэдэхгүй, бусдаар өөр зүйл мэдэхгүй. Тийм ээ энэ миний түрээсийн мөнгөө авдаг байна. Тэр өдөр манай байрны түрээслэгч Б нь 2026 оны 02 дугаар сарын түрээсийн мөнгө болох 1,000,000 төгрөгөө тушаасан байна. Түрээсийн мөнгөө сар, сард нь тушаагаад явдаг юм гэжээ. /хх-ийн 14-15/
Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 8 хүүхэдтэй Б миний 3 дахь охин байгаа юм би төрсөн ээж нь. Замын-Үүд сумын 5 дугаар багт түрээсийн байранд Б.Ү охин 10 дугаар анги, Б.Х охин 12 дугаар анги, Б.М 2 настай хүү, 10 жилийн өмнө гэр бүл болсон нөхөр О нарын хамт амьдардаг. Эгч нь настай хүн болохоор тэднийхээр гарч орж чадахгүй юм. Саяхан Б хүү М дансанд хүн мөнгө андуураад 2.000.000 төгрөг хийчихсэн байсныг нь үрчихсэн одоо яана аа гэж хотод байхдаа над руу утсаар ярьж байсан. Манай охин Б нөхрийгөө байрны түрээсийн мөнгөө хийж гэж бодоод үрчихсэн гэсэн. Тэр хүн нь бас мөнгө төгрөгөө харж шилжүүлэхгүй хариуцлагагүй юм аа эгч нь настай хүн болохоор нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Энэ хүүхдүүд юу болгож байдаг юм бүү мэд. Б 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр У хот руу яваад саяхан мартын 8-ны өмнөхөн З ирсэн. Гэнэт дансанд нь мөнгө ороод ирэхээр нь нөхрийгөө шилжүүлж гэж бодоод байрны түрээсээ шилжүүлээд үрчихсэн байхад нь орой 17 цагийн үед эзэн нь яриад андуур ч шилжүүлсэн талаараа хэлсэн гэсэн. Би өөр зүйл огт мэдэхгүй байна. Б надад ийм зүйл хэлсэн гэжээ. /хх-ийн 17-18/
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Хөвсгөл аймгийн Ц суманд СӨБ-н багш ажил хийдэг ам бул 3-лаа амьдардаг. Би өөрөө Турк улсын "Эрсаг" Компанид борлуулалтын зөвлөх хийдэг юмаа, Эрүүл мэнд гоо сайхний бүтээгдэхүүн борлуулдаг. Тухайн харилцагч нар мөнгө шилжүүлдэг учраас тэдний нэг нь л мөнгө шилжүүлсэн гэж бодсон. Тухайн үед "В" гэж шилжүүлсэн гүйлгээг харсан гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр байгаа юм 2015 оноос хойш гэр бүл болсон. Дундаасаа 9 настай охин О.Х, 2 ойтой хүү О.М гэх хоёр хүүхэдтэй болсон. Манай Б өмнөх нөхрөөсөө Б. Үлэмж одоо 12 дугаар ангид сурдаг хүүхэдтэй. Манай хүү Б.М хүүхдийн мөнгө авдаг данс байна. Энэ дансыг манай эхнэр М.Б ашигладаг. М 2 настай хүүхэд учир өөрөө ашиглаж мэдэхгүй. Энэ данс бол М хүүхдийн мөнгө ордог данс болохоор манай эхнэр Б ашигладаг. 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би У хотоос Х аймаг руу хүн тээвэрлээд замд явж байсан тэгтэл тухайн өдрийн орой 05 цагийн үед байх ....... дугаараас нэг эмэгтэй хүн миний ...... дугаар руу залгаад "Дансанд чинь мөнгө андуураад хийчихлээ" гээд ярьж байтал миний утасны сүлжээ унаад тасарсан тэгээд би тэр хүнд эхнэрийнхээ ...... дугаарыг өгөөд энэ хүнтэй яриад учраа ол гэсэн. Тэгээд орой 20 цагийн үед байх нөгөө ...... дугаар Дахиж над руу залгахаар нь ярьсан чинь "За одоо буцаагаад мөнгийг нь шилжүүлнэ гэчхээд утсаа авахаа больчихлоо гэхээр нь би за за маргааш өглөө учирыг нь олоод өгье гэж хэлээд утсаа салгасан. Хэлсэн тэр өдрийн 05 цагийн үед тэр хүн анх надтай утсаар ярих үед л би эхнэр рүү залгаж хэлсэн чинь “Чамайг мөнгө хийсэн гэж бодоод би үрчихсэн” гэж байсан. Би замд явж байсан болохоор тэр хүнд эхнэрийнхээ дугаарыг өгөөд энэ хүнтэй ярь гэж хэлсэн. Манай эхнэр 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 600,000 төгрөгийг нь буцааж дансаар нь шилжүүлсэн гэсэн. Өөр мөнгө өгөөгүй байх. Одоогийн байдлаар З сумын 5 дугаар баг гэр байранд байдаг хувийн талх нарийн боовны үйлдвэрт талх, нарийн боов хийдэг, сард 1,500,000-2,000,000 төгрөгийн орлого олдог. Би болохоор хот хооронд таксинд явдаг гэжээ. /хх-ийн 25-27/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогч Т.М цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /хх-ийн 03/
Банк хоорондын гүйлгээ, ..... дугаараас бичсэн мессэж, Т.М эзэмшлийн Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 36-38, 39/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 77-79/
Хохиролд 600,000 төгрөг төлсөн банкны дансны хуулга /хх-ийн 96/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97-99/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Б нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 53 минутын орчимд Т.М нь өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь ..... тоот данснаас “байрны хөлс” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийг М.Б эзэмшлийн Хас банк дахь 5005682722 тоот данс руу андуурч алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.М мэдүүлэг /хх-ийн 08-10/, гэрч Б.О мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Ч.Д мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч Г.О мэдүүлэг /хх-ийн 25-27/, Банк хоорондын гүйлгээ, ..... дугаараас бичсэн мессэж, Т.М эзэмшлийн Т банкны харилцах дансны хуулга /хх-ийн 36-38, 39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. “Алдаатай гүйлгээ” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.Батцэцэгийн гэм буруутай үйлдэл, хохирогч Т.Мөнхзулд учирсан эд хөрөнгийн хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Б нь хохирол 900,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогч, шүүдэгч нарын тайлбар, дансны хуулга /хх-ийн 96/ зэргээр тогтоогдсон. Үлдэх 1,100,000 төгрөгийг шүүгдэгч М.Б гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа байдал, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нь төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Б 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Б 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.М олгосугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Батцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА