Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2024/00087/И |
Дугаар | 145/ШШ2024/00219 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 145/ШШ2024/00219
2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 145/ШШ2024/00219 | Өвөрхангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 330 дугаар байр, 31 тоотод байрлах Богд бриллиант ХХК-д холбогдох,
“47088000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Богд бриллиант ХХК-ийн захирал Б.Ганбаярын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сугаржав шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: үндсэн 24000000 төгрөг, дээр Хариуцлагагүй байдлаас болж 3000000 төгрөгийн алданги тооцмооргүй байна. Ядахдаа машины үнэ нэмэгдсэн мөн нааш цааш явсан замын зардал зэргийг тооцохоор 3000000 төгрөгийн алданги авах нь бага байна. Тийм учраас 6000000 төгрөгийн алданги тооцох саналтай байна гэв. Гэхдээ эхний мөнгөө 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор 15000000 төгрөг, үлдэгдэл 15000000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Хариуцагч Богд бриллиант ХХК-ийн захирал Б.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 30000000 төгрөгийг 2 хувааж төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газар нь Богд бриллиант ХХК-д холбогдуулан “47088000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 47088000 төгрөгийн алданги 6000000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30000000 төгрөгийг 2 хувааж төлүүлэх тухай тайлбар гаргасныг хариуцагч Богд бриллиант ХХК-ийн захирал Б.Ганбаяр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 төгрөгийг хариуцагч Богд бриллиант ХХК-ийн захирал Б.Ганбаяр төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Богд бриллиант ХХК-иас 123975 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА