Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 127/ШШ2023/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2023/0024/3

 

Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Балжмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Н.Ж-ы нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ХАХСЗД-д холбогдох

            Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Д.Т нар цахимаар, нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

            1.1. Нэхэмжлэгч Н.Ж- нь хариуцагч ХАХСЗД-ын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/30 дугаар захирамж хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

            2.1. Нэхэмжлэгч Н.Ж- нь Газар эзэмших эрхийн 000053944 тоот гэрчилгээгээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар /Номгон/ багт Өвөр хөв гэх газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшиж байсан ба түүний энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч ХАХСЗД нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/30 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

2.2. Нэхэмжлэгч нь уг захиргааны актын талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/853 тоот албан бичгээр “захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариу авч, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд

3.1. Нэхэмжлэгч Н.Ж- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие ...ХАХСЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаар захирамжаар Хэрлэн сум 7 дугаар баг /Номгон/ Өвөр хөв хаягт 10000 мкв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшихээр болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг надад олгосон.

Үүнээс хойш ах дүү, найз нөхдийн малыг нийлүүлж, газартаа өвөлжөө барьж нутаглаж байгаа билээ. Гэтэл Хэрлэн сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/30 дугаар захирамж гаргасан...

Энэхүү хууль бус захирамжийг надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй. Газар эзэмшигчийн зүгээс газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг цаг хугацаанд төлсөөр өнөөг хүрсэн. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор малаа өвөлжүүлэх өвөлжөөгүй болсноор хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлэхэд, хариуцагчийн 2023 оны А/30 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Ж- нь тухайн газрыг 2019 оноос хууль ёсны дагуу эзэмшиж байна. Хариуцагч нь А/30 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, газар эзэмших эрхийг ямар шалтгаанаар цуцалсан нь тодорхойгүй байна.

Анх Н.Ж-д газар эзэмшүүлсэн шийдвэр болох Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны А/298 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Х.Ганчулуун, Наранцэцэг нар гаргасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 16 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 786 дугаар магадлал тус тус гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх Х.Ганчулуун нарын гомдлыг хангаагүй. Энэ хэрэгт хариуцагч ХАХСЗД- нь Н.Ж-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгч байсан. 

Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны А/298 дугаар захирамжаар 20 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс ганц Н.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор А/30 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. Сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт тул уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулж, оролцогчийг татан оролцуулах ёстой. Хариуцагч нь үүнийг хэрэгжүүлээгүй, хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй, 26, 27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ нь иргэний эрхийг хязгаарласан явдал юм. Хариуцагч нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй А/30 дугаар захирамж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч ХАХСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрлэн сумын газрын даамал Б.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ...Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Нүрзэд овогтой Жаргалсайханы нэхэмжлэлтэй танилцлаа. Хэнтий аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны 9/265 тоот албан тоотоор Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/298 дугаар захирамжийн хавсралтын 13 дугаар хэсэгт Хэрлэн сумын “Өвөр хөв” гэх газар иргэн Н.Ж-д хууль бусаар өвөлжөөний газар эзэмшүүлсэн талаар гаргасан гомдлын дагуу материалтай танилцахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 497 тоот тушаалаар баталсан “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын 7.1.4-т заасан багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж санал авах заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн Хэрлэн сумын номгон багийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар багийн иргэдийн Нийтийг Хурлын тогтоол дээр Нүрзэд овогтой Жаргалсайханд хадлангийн нөөц газарт олгосон газрыг цуцлуулах шийдвэр гаргаж сумын Засаг даргад уламжилсан байдаг. Тус заасан үндэслэлээр хүчингүй болгох шийдвэр гаргасан тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

Нэг.1.1. Хариуцагч ХАХСЗД- М.Шүрэнцэцэг нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/30 дугаар захирамж гаргаж, захирамжийн 1 дэх заалтаар, иргэн Н.Ж-д 7 дугаар багийн Өвөр хөв хэмээх газарт олгосон өвөлжөөний зориулалттай 1.0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 2 дахь заалтаар, Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 тоот захирамжийн 13 дахь заалт буюу иргэн Н.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг төрийн мэдэлд авах”-аар шийдвэрлэжээ.

1.2. Нэхэмжлэгч Н.Ж- нь хариуцагчийн гаргасан энэхүү захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн” гэжээ.

1.3. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар гаргасан ба шийдвэр гаргах ажиллагаанд газар эзэмшигч Н.Ж-ыг оролцуулсан эсэх, сонсох ажиллагааг хийсэн эсэх талаар тайлбар гаргаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

1.4. Энэ нь хариуцагч ХАХСЗД- иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй болохыг илтгэж байна.

1.5. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгч Н.Ж-ыг татан оролцуулаагүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй, уг хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа”-г хийгээгүйгээс тайлбар, саналаа гаргах боломж олгоогүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

1.6. Хариуцагч нь маргаан бүхий А/30 дугаар захирамжаараа нэхэмжлэгч Н.Ж-ы газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлсэн шийдвэр болох Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны А/298 дугаар захирамжийн холбогдох заалтыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ч захирамждаа Газрын тухай хуулийг огт баримтлаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ямар ч үндэслэл, шалтгааны талаар заагаагүй байна.

1.7. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5- заасан “...бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчмууд, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэх заалттай нийцээгүй, бичгээр гаргасан захиргааны актад “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” тухай Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4 дэх хэсгүүдэд тус тус зохицуулсныг хариуцагч хэрэгжүүлээгүй байна. 

Хоёр. 2.1. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, Хэнтий аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 9/265 тоот албан бичиг , Хэрлэн сумын Номгон багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 15 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч Н.Ж-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарласан. Хариуцагч нь хариу тайлбартаа дурдсан эдгээр үндэслэл шалтгааны талаар маргаан бүхий захиргааны актдаа тусгаагүй бөгөөд иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхэд тайлбарлаагүй болно.

2.2. Хариуцагч маргаан бүхий А/30 дугаар захирамждаа Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 497 дугаар тушаалаар баталсан “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын 7.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон нь тухайн маргааны хууль зүйн үндэслэл болохгүй. Үүнд:

а. Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулах гол хууль нь Газрын тухай хууль байхад хариуцагч уг хуулийг баримтлаагүй байна.

б. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 497 дугаар тушаалаар баталсан аргачлал нь “Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”[1] бөгөөд тухайн захиргааны маргаанд шууд хамааралтай эрх зүйн акт биш юм.

Уг аргачлалын 7 дугаар зүйлд, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах дараалал, түүнийг баталгаажуулахыг зохицуулж, сумын тухайн жилийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах, ажлын хэсэг ямар ямар ажлыг хэзээ, хэрхэн хийж гүйцэтгэх талаар заажээ. Үүнд, сумын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах удирдамжийг иргэд, малчид, малчдын нөхөрлөл, бүлгүүдэд хүргүүлэх, ойлгуулах, төлөвлөгөөнд оруулах санал авах, саналыг багийн түвшинд нэгтгэх, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авах, төлөвлөгөөний төслийг боловсруулан Засаг даргад танилцуулах г.м ажлуудыг хийж гүйцэтгэхээр заасан байна.

2.3. Хариуцагч “Аргачлал”-ын 7.1.4 дэх заалтыг баримталсныгаа, “иргэнд газар эзэмшүүлэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж санал авах заалт” гэх утгаар тайлбарлаж, үүнийг зөрчсөн гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

2.4. Хариуцагчийн маргаан бүхий захиргааны актдаа тусгасан нөгөө баримт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдааны 34 тоот тогтоол  бөгөөд энэ нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 34 дүгээр тогтоол[2] байна. Уг тогтоолоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг баталжээ. 

Энэ тогтоол нь тухайн маргаанд ямар хамааралтай болохыг хариуцагч тайлбарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.5. Ийнхүү хариуцагчийн гаргасан маргаан бүхий А/30 дугаар захирамж нь хууль бус бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч Н.Ж-ы газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул уг захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХАХСЗД-ын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох тухай” А/30 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАХСЗД-ас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Ж-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЛЖМАА

 

[1] 103 хуудас

[2] 45 хуудас