Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2023/0023/З |
Дугаар | 110/ШШ2023/0058 |
Огноо | 2023-10-12 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 110/ШШ2023/0058
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Т.А,түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Т.Аыг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох”-оор маргаж байна.
2. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.Аыг Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.
3.Уг Б/11 дүгээр захирамжийг аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсэг тухайн өдөр нэхэмжлэгч Т.Ад утсаар танилцуулж мэдэгдсэн байх ба нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Цэнгэл сумын Засаг даргаар томилогдсон.
Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай Б.Е нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авах тухай мэдэгдэл ирсэн.
Миний бие 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Б.Е Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халж, мөн өдрийн Б/04 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.С Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэсэн.
Гэвч Б.Е нь Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03, Б/04 дугаар захирамжуудын тус тус биелүүлэхээс татгалзаж, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ингэснээр миний бие дэмжлэг туслалцаа авах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/108 дугаар, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/114 дүгээр албан бичгүүдээр тус тус аймгийн Цагдаагийн газар болон Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Тэр хугацаанд аймгийн удирдлагын зүгээс “Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт сул орон тоо гарсан байгаа. Тухайн сул орон тооны захиалга өг” гэх агуулгатай бичиг өгсөн. Гэтэл М.Е нь ажлаа хүлээлгэж өгөөгүй тул захиалга өгөх боломжгүй байсан юм.
Хууль хяналтын байгууллагаас дэмжлэг туслалцаа үзүүлснээр 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцэх комисс Б.Е ажил хүлээж авсан байна. Энэ хооронд аймгийн Засаг даргын орлогчоос 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2-01/187 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдэл ирүүлсэн. Миний бие уг мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд очсон боловч Засаг даргын орлогч нь өөрөө байхгүй, томилолттой байсан тул сонсох ажиллагаа хийгдээгүй. Хэрэв сонсох ажиллагаа хийгдсэн бол энэхүү нөхцөл байдлыг хэлж танилцуулах байлаа.
Ажил хүлээлцэх комисс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлийг надад 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр танилцуулснаар миний бие 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/166 дугаар албан бичгээр Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхүүлэхээр захиалга өгсөн. Өөрөөр хэлбэл миний бие ямар нэгэн хууль зөрчөөгүй, М.Е ажлаа хүлээлгэж өгсний дараа хуулийн хугацаанд захиалгаа өгсөн.
Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Х.С нь сонгон шалгаруулалтад тэнцэж, одоо тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Мөн М.Е чөлөөлсөн захирамжид маань 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан тул тухайн хуулийн хугацааг хүлээсэн.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эрх бүхий албан тушаалтан нь Б.Е чөлөөлснөөр тухайн орон тоог нөхөхөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг харсан байгаа. Х.С түр орлон гүйцэтгэгчээр томилж, нөхөх гэж байхад аймгийн Засаг даргаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т зааснаар бичиг ирүүлсэн байна. Уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж заасан. Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэрийн хувьд төрийн төлөөлөгч хүн байгаа. Тухайн ажлаа хийж гүйцэтгэснийг бусдад тайлагнах эсхүл ажлын үр дүнг хариуцах ёстой гэх заалт байгаа. Тэрнээс биш 60.1.1-т зааснаар үүрэг даалгавар өгөх боломжгүй байсан.
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарч, захиалга өгөх эсхүл сонгон шалгаруулалт явуулахад ямар эрх бүхий этгээд хяналт тавьдгийг Төрийн албаны тухай хуулиар тодорхой заасан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд хамаарна. Засаг дарга нь Төрийн албаны зөвлөлд хандах ёстой байсан.
Маргаан бүхий актыг харвал гурван зөрчлийг дурдаж байгаа. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлээгүй, сул орон тоо гарсан талаарх захиалгаа 21 хонгийн дотор ирүүлээгүй. Мөн албан даалгавар өгч байхад хариу өгөөгүй гэх агуулгаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулж байна гэсэн.
Уг хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн” гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн эсэх нь эргэлзээтэй. Шүүхийн практикаас харвал “удаа дараа” гэж хэд хэдэн хуульд заасан зохицуулалтыг зөрчиж, давхар давхар зөрчил гарсан болохыг ойлгоно. Түүнээс биш Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан хэд хэдэн шинжийг нь удаа дараа гэх ойлголтод хамааруулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.
Маргаан бүхий актыг гаргахаас өмнө эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой байсан. Нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын бичиг гэх баримтыг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Л гэх хүнээс мэйлээр хүлээж авсан. Үүнээс харвал мэйлийг 10 цагийн үед авч, дараа нь 13 цагийн үед очихоор байдаг. Ийнхүү давчуу хугацаанд сонсох ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн асуудал болсон. Захиргааны ерөнхий хуульд заасан “боломжит хугацаанд тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах, өмгөөлөгч авах” зэрэг захиргааны хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн явдал болсон гэж дүгнэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар огцруулахдаа мөн зүйлд заасан сахилгын шийтгэл, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой холбогдох журмыг зөрчсөн асуудал байгаа. Хуулийн 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна“ гэж заасныг баримталсан байх ёстой. Хуулийн 65.3.1-т “сануулах”, 65.3.2-т “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах” гэж заасан. Тухайн зөрчилд авсан арга хэмжээ нь тухайн зөрчлийн шинж чанар, үр дагавар, хор уршигт тохирсон байх шаардлагатай.
Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тогтоож, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн байх ёстой. Үүнийг заавал хийсэн байх ёстой байхад алгасаж Засаг дарга нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэдгийг тогтоосон гэж мэдэгдэл өгч, тухайн мэдэгдлийг албан даалгавар гэж ойлгож, албан даалгаврыг зөрчсөн гэж дахин зөрчил болгож болгож байгаа хэдий ч энэ бүхэн нэг л асуудал билээ. Тиймээс дараалал зөрчсөн, зөрчлийг тогтоох ёстой байсан Нэгэнт Төрийн албаны төв байгууллага тогтоогоогүй тул Засаг даргын зүгээс хариуцлага хүлээлгэх боломжгүй. Засаг дарга Төрийн албаны тухай хуультай холбоотой асуудал, зөрчлийг шалган шийдвэрлэх байгууллага биш юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил хүлээж авснаас хойш 21 хоногийг хүлээсэн. Б.Е гэх хүний хувьд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан ч төрийн жинхэнэ албан тушаалтан, төрийн жинхэнэ албанаас халагдсантай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Улмаар тухайн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй байгаа. Уг 30 хоногийн хугацааг зайлшгүй хүлээх ёстой.
Мөн хариуцагчаас “Х.С гэх хүнд давуу байдал бий болгож, сургууль төгсөхийг нь хүлээсэн” гэж хэлж байгаа ч давуу байдал бий болгосон гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Яагаад гэвэл Б.Е хувьд ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан. Мөн Х.С тухайн албан тушаалд өөрийг нь дэвшүүлэн ажиллуулах боломжоор хангаж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд тухайн хүсэлтийг л санал болгож уламжилсан байдаг.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж заасанд хамаарахгүй. Хуулийг зөрчсөн, захиалга өгөөгүй нь тогтоогдсон гэж үзсэн ч энэ нь нэг л асуудал байгаа. Гэвч энэ асуудал тогтоогдоогүй байгаа. Тухайн асуудалтай холбоотой тус сумын Засаг даргын Тамгын газар, Хурал, ард иргэд, аливаа байгууллага, албан тушаалтанд ямар нэгэн хор уршиг, хохирол, үр дагавар бий болоогүй байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.С шалгалт өгч тэнцэж, жинхлэгдсэн асуудал харагдаж байгаа.
Ажил хүлээлцэх комиссын шийдвэрийг хууль ёсны нотлох баримт гэж үзэж байгаа,хүлээлцэх асуудал 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн шийдэгдсэн. Хугацаа өнгөрөөгүй, 21 хоногийн дотор захиалга хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:
“Т.А нь Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сумын Засаг даргын Тамгын газрын даргыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар албан тушаалаас нь чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.С сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан боловч 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төрийн жинхэнэ албанд гарсан сул орон тооны мэдээллийг олон нийтэд мэдээлээгүй, хуульд заасны дагуу сул орон тоо гарсан өдрөөс хойш сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэлгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн тул аймгийн Засаг даргын зүгээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2-01/155 дугаар бүхий албан бичгээр хууль зөрчигдсөн байдлын талаар дурдаж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу дээрх сул орон тоог тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд төрийн албанд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилж нөхөх, эсхүл 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангах ажиллахыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд даалган хуулийн хэрэгжилтийг хангуулахаар албан даалгаврыг Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад баталгаат шуудан болон Цэнгэл сумын Засаг даргын бичиг хэргийн ажилтанд цахим хаягаар нь дамжуулан хүргүүлсэн билээ.
Гэтэл Цэнгэл сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргаас хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүргүүлсэн албан даалгаврыг хугацаанд нь хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2-01/155 дугаар албан бичгээр Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаас татгалзсан утга бүхий албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн.
Х.С Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилж, хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан учир аймгийн Засаг даргын зүгээс Т.Аыг албан тушаалаас огцруулах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэлийг дурдан түүнд сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2-01/187 дугаар албан тоотоор Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтны цахим хаягаар болон баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч Т.А нь мэдэгдэлд заасан хугацаанд сонсох ажиллагаа хийх албан тасалгаанд хүрээлцэн ирээгүй учир Цэнгэл сумын Засаг дарга Т.Аыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаар хууль тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчсөн, мөн тус хуулийн 64.2.5, 65.1.3-т заасан дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сумын Засаг даргын албан тушаалаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар мөн өдрөөс эхлэн огцруулах шийдвэр гаргасан болно.
Иймд Цэнгэл сумын Засаг дарга асан Т.Аы албан тушаалаас нь огцруулсан асуудал Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагдсан ажиллагаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр захирамж гаргаж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболатыг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Б.Е ажлаа хүлээлгэж өгөөгүй тул сул орон тооны захиалга өгч чадаагүй гэж тайлбарлаж байна. Нэгэнт шийдвэр гарсан л бол ажлаас чөлөөлөгдсөнд тооцогдоно.
Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасан үүргийг хүлээх субъект ажил олгогч буюу нэхэмжлэгч байсан. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 21 хоногийн хугацаанд үүргээ биелүүлээгүй Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн тул аймгийн Засаг даргаас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу нэхэмжлэгчид хуулийн хэрэгжилтийг хангуулахаар албан даалгаврыг хүргүүлсэн. Дараа нь нэхэмжлэгчээс албан бичиг ирсэн. Нэхэмжлэгч сая тайлбартаа “М.Е ажлаа хүлээлгэж өгөөгүй тул сул орон тооны захиалга өгч чадаагүй” гэж байна. Гэвч уг тайлбараа аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн албан бичгээрээ өөрөө үгүйсгэж байгаа. Нэхэмжлэгчийн Тамгын газарт ирүүлсэн албан бичигт “Х.С гэх хүнийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга болгохын тулд сонгон шалгаруулалтын захиалга өгөхийг хойшлуулж байгаа,сургуулиа төгссөний дараа захиалгаа өгнө” гэсэн байгаа. Хуульд сонгон шалгаруулалтыг 21 хоногийн дотор зарлахаар тусгасан бол сонгон шалгаруулалтыг зарлах ёстой. Түүнээс биш хэн нэгэнд давуу байдал бий болгож, хүлээгээд байх боломж байхгүй юм.
Нэхэмжлэгч нь нэг дэх үйлдлээрээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн.Хоёр дахь үйлдлээрээ аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд өгсөн даалгаврыг хэрэгжүүлэх, биелүүлэхээс илт татгалзсан бичиг ирүүлсэн. Нэгдүгээрт Төрийн албаны тухай хууль, хоёрдугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн тул хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн болж байгаа.
Нэхэмжлэгч нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа. Учир нь аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу хугацаатай даалгавар өгсөн байхад үүнийг биелүүлэхгүй гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.3 дах заалтыг ноцтой зөрчиж байна. Мөн хуульд сонгон шалгаруулалтыг 21 хоногийн дотор зарлахаар тодорхой тусгаж өгсөн байхад “биелүүлэхгүй, хэн нэгэнд давуу байдал бий болгоно, тухайн хүнийг сургуулиа төгсөхийг хүлээнэ” гэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа. Яагаад бэ гэхээр 7 хоногийн дотор олон нийтэд зарласан бол төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар хүсэлт гаргах боломжтой байсныг хаасан. Дараа нь 21 хоногийн дотор бусад нэр дэвших эрхтэй иргэд, нөөцөд байгаа иргэд, мөн шатлан дэвших сонирхолтой төрийн албан хаагчдын ашиг сонирхлыг зөрчсөн байгаа. Нэхэмжлэгч нь дээрх хоёр үйлдлээрээ иргэд, төрийн албан хаагчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Иймд аймгийн Засаг даргаас “хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хоёр хуулийн заалтыг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэхээр шийдвэр гаргаж, сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдлийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр явуулсан.
Нэхэмжлэгчийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагаанд дуудаж, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж гарсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчид сонсох ажиллагаанд оролцох 1 сарын хугацаа байсан. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд дуудсан хугацаанд болон дараа нь 1 сарын хугацаанд мөн ирээгүй байдаг.
Уг шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 64.5 дахь хэсгийг үндэслэн гаргасан. Эхлээд 7 хоногийн дотор олон нийтэд зарлаагүй, 21 хоногийн дотор захиалга ирүүлээгүй, мөн аймгийн Засаг даргын өгсөн хууль ёсны даалгаврыг биелүүлээгүй зэргээр удаа дараа хууль зөрчиж байсан байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
”Хуульд “21 хоногт багтаан” гэж байгаа ба энэ нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуусаж байгаа. Аймгийн Засаг даргаас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл, үүрэг даалгавар хүргүүлсэн байгаа. Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотоор хууль бусаар Х.С гэх хүнд илт давуу байдал үүсгэж, аймгийн Засаг даргад хариу өгсөн. Энэ нь төрийн албаны чадахуйн зарчмын дагуу бусад хүмүүс адил тэгш эрхтэйгээр төрийн албанд оролцох зарчмыг ноцтой зөрчиж байгаа гэдгийг нэхэмжлэгч дээрх албан тоот өгснөөрөө харуулж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-ыг буюу хууль тогтоомжийг зөрчсөн. Дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд дээд шатны Засаг даргад огцруулах эрхийг олгосон. Хуулийн дээрх заалтын дагуу захирамж гарсан. Аймгийн Засаг даргын захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хугацаанд нь явуулах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтын захиалгыг 21 хоногийн хугацаанд багтааж өгөхгүй, хугацаа хожимдуулж өгч байгаа нь хууль зөрчсөн хэрэг юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч Т.Аы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Т.Аыг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2,64.2.2,64.2.5, 64.5 ,66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан талаар 7 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлээр Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, тухайн сул орон тооны захиалгыг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэх талаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлэлгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65.1.3 дах заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Аыг Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.
3. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн; 64.2.5.энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1-д ”Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж тус тус заасан.
4. Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Б.Е Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халж, ажил хүлээлцэх комисс байгуулан, Тамгын газрын даргын ажлыг хууль, журмын дагуу хүлээн авахыг ажил хүлээлцэх комисст үүрэг болгосон, мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.С томилсон.
Уг Б/03 дугаар захирамжаар Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халагдсан Б.Е нь ажил хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэж өгөхгүй байгаатай холбогдуулан сумын Засаг дарга Т.Ааас 2023 оны 3 дугаар сарын 06, 09-ний өдөр тус тус аймгийн Цагдаагийн хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтэст “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авах, Б.Е хариуцлага хүлээлгэх” талаар хандсан, улмаар Б.Е нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын заримыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, харин үлдсэнийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгснөөр мөн өдөр ажил хүлээлцэж дууссан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 6,7,8,9,10-12,81-82,85-100,129,186-187,189-190 дэх тал/ тогтоогдож байна.
5. Аймгийн Засаг даргаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2-01/155 дугаар албан бичгээр Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог шаардлага хангаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилж нөхөх, эсхүл 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор тухайн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлэхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд даалгаж байна” гэж албан даалгавар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 52,101-103 дах тал/ тогтоогдсон болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-ээс гадна мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэн хариуцагч аймгийн Засаг даргаас уг албан даалгаврыг хүргүүлсэн гэсэн тайлбар гаргасан.
6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Засаг дарга өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан харьяа нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг шалгаж болно” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах, энэ талаар үүрэг, даалгавар өгөх, биелэлтийг шалгах эрхтэй гэж заасан байх боловч энэ нь ерөнхий зохицуулалт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэхээр хуульчилсан.
Энэ тохиолдолд тухайн маргаантай харилцаа буюу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх асуудлын талаар Төрийн албаны тухай хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулсан байх тул ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэх үндэслэлгүй юм.
7.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.2-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 32.6-д “Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно”, 32.7-д “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 66.1.3.иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох,зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, хариуцлага тооцуулахаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарахаар тусгайлан зохицуулсан байна.
8. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Цэнгэл сумын Засаг дарга Т.А нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх асуудлаар Төрийн албаны зөвлөл болон тус аймаг дахь Салбар зөвлөлд хэн нэгнээс гомдол, мэдээлэл гаргаагүй, хяналт шалгалт хийгдээгүй болох нь тогтоогдсон ба хариуцагч талаас “аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан өөрийн чиг үүргийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсгийн хэрэгжилтийг хангуулахаар Цэнгэл сумын Засаг дарга Т.Ад албан даалгавар хүргүүлсэн” гэж тайлбарласан болно.
Мөн хариуцагч талаас шүүх хуралдаанд “аймгийн Засаг даргад тухайн сумаас гомдол, мэдээлэл ирсэн тул өөрийн чиг үүргийн хүрээнд тухайн албан даалгаврыг хүргүүлсэн” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Зүй нь аймгийн Засаг даргад тухайн асуудлаар хэн нэгнээс гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд, уг гомдол, мэдээллийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх бүхий этгээдэд хүргүүлснээр уг эрх бүхий этгээд нь хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулан зөрчлийг тогтоон, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгөх, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй тохиолдолд энэ нь хариуцлага тооцох үндэслэл болохоор Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
9. Иймд Цэнгэл сумын Засаг дарга Т.А нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсгийг зөрчсөн гэх асуудалд Төрийн албаны зөвлөлөөс хяналт, шалгалт хийх, зөрчлийг тогтоох, зөрчлийг арилгах үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй этгээдэд хариуцлага тооцуулах зэрэг үйл ажиллагаа явагдаагүй нь тогтоогдсон.
Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах тул хариуцагч аймгийн Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудалд хяналт шалгалт хийж, албан даалгавар хүргүүлэн, улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсгийн биелэлтийг хангуулахаар өгсөн үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй, мөн уг заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2,64.2.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Т.Аыг огцруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 30, 32 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасантай тус тус нийцээгүй байна гэж дүгнэлээ.
10. Нэхэмжлэгч Т.Аыг Цэнгэл сумын Засаг даргаас огцруулсан хариуцагч аймгийн Засаг даргын шийдвэр нь дээрх байдлаар хуульд нийцээгүйгээс гадна тухайн огцруулах болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2,64.2.5-д заасан үндэслэлүүд нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хариуцагч талаас шүүх хуралдаанд “Нэхэмжлэгч Т.А нь Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоо гарсан талаар 7 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн, түүнчлэн сул орон тоо гарсан талаар 7 хоногт багтаан олон нийтэд мэдээлээгүй, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан хүргүүлээгүй, сул орон тооны захиалгыг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэх талаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлэхгүйгээр хууль тогтоомж удаа дараа зөрчсөн тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан үндэслэлээр, мөн аймгийн Засаг даргаас өгсөн дээрх үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй тул 64.2.5-д заасан үндэслэлээр сумын Засаг Т.Аыг огцруулсан” гэсэн тайлбар гаргасан.
11. Аймгийн Засаг даргаас өгсөн “сул орон тооны захиалгыг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэх” үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй гэх асуудлын хувьд дээр дурдсанаар хариуцагч аймгийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг биелүүлэх талаар үүрэг, даалгавар өгсөн нь хуульд нийцээгүй, чиг үүрэгт нь хамаарахгүй тул тухайн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
12.Цэнгэл сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Б.Е сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан, Б.Е нь ажил хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэж өгөөгүй ба Тамгын газрын даргын ажлыг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцэж дууссан, нэхэмжлэгч Т.А нь 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/166 дугаар албан бичгээр тухайн сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлснээр сонгон шалгаруулалт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдаж, салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар тогтоолоор өндөр оноо авсан Х.С томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 122-125 дах тал/ тус тус тогтоогдсон.
Нэхэмжлэгч Т.А нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан хугацааг дээр дурдсан шалтгаануудын улмаас хэтрүүлсэн нь тогтоогдож байгаагаас гадна 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх үүргээ огт биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, Т.Аыг сумын Засаг даргаас огцруулсан маргаан бүхий захирамж гарахаас өмнө захиалгыг хүргүүлсэн байсан, мөн захиалга хүргүүлэх хугацааг хэтрүүлсний улмаас хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хууль тогтоомжийг буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан холбогдох байгууллагад хүргүүлэх талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөнийг хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Тодруулбал, “удаа дараа” гэдгийг хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдол байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Т.Аы хувьд нэг сул орон тооны талаарх мэдээлэл, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хуульд заасан хугацаанд холбогдох этгээдэд хүргүүлэхгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн нэг удаагийн зөрчлийн асуудал байна.
Иймээс аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй нь тогтоогдсон, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг зөрчсөн нэг л зөрчлийн асуудал байгаа тул хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
14. Дээрх байдлаар хариуцагч аймгийн Засаг даргаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудалд хяналт шалгалт хийж, Цэнгэл сумын Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 30, 32 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус зөрчсөнөөс гадна нэхэмжлэгч Т.Аыг “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн, мөн дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байхад албан тушаалаас огцруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2,64.2.5 –д заасантай нийцээгүй, хууль бус байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30, 32 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 64 дүгээр зүйлийн 64.2.2,64.2.5, 66 дугаар зүйлийн 66.1–д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Т.Аыг сумын Засаг даргаас огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.Аыг Цэнгэл сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ